Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 1813

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр

нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч Ч.Батбаяр,

хохирогчиийн өмгөөлөгч А.Нацагдорж,

шүүгдэгч И.Н, түүний өмгөөлөгч Т.Баярдалай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Н-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03128 2042 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн И.Н, 1990 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аялал жуулчлалын мэргэжлийн хөтөч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 49-73 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч И.Н нь 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 23 цагийн орчим Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, “Натур” захын замын хойно байрлах “Black bean” нэртэй кофе шопоор үйлчлүүлэх үедээ хохирогч Э.Цэрэндолгорын “Tseren Enebish” /Цэрэн Энэбиш/ нэртэй, 3800 орчим найз, 113000 дагагчтай цахим мэдээллийн сүлжээ болох Фэйсбүүк хаягт нь хууль бусаар халдаж, мэдээллийг нь өөрчилж, нууц үгийг нь сольж, сүлжээг ашиглах боломжгүй болгож, бусдад зарсны улмаас “Цэрэн Турс” ХХК-ийн сурталчилгааны пэйж хуудас, Кафе Амстердам гэх 10000 орчим лайк дагагчтай хуудаснууд ашиглах боломжгүй болж, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч И.Н нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би хууль бус үйлдэл хийснээ ойлгож мэдэж байгаа. Хийсэн шалтгаан нь бол миний ээж намайг болон миний эхнэрийн талаар сошиал ертөнцийг ашиглан муугаар хэлж, дарамталж, нэр төр гутаасан асуудал байдаг. Үнэхээр хохироогч хакердуулсан нь үнэн юм бол яагаад нууц үгээ солиогүй юм бэ? Миний бодож байгаагаар би жаахан тэвчээртэй байсан бол хохирогч энд байгаад, би хохирогчийн суудал дээр сууж байх байсан болов уу гэж бодож байна. Мөн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр өөрийнх нь gmail хаягийг хакердсан гэж дурдсан байдаг. Энэ үед манай эхнэр 10 хоног уушигны эмнэлэгт хэвтэж байсан. Иймэрхүү байдлаар бид нарыг дарамтлаад байдаг болоохоор ийм хууль бус үйлдлийг үйлдсэн” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч А.Нацагдорж хохирогчийн зүгээс шүүхэд хэлэх саналдаа: Хохирогч нь 2010 оноос эхлэн энэ фэйсбук хаягаа нээж, өөрийн үзэл бодлыг нийгэмд илэрхийлж явсан. Энэ үйл ажиллагаатай холбоотойгоор үзэл бодлыг нь дэмжсэн 14.641 дагагчтай өргөн хүрээтэй сүлжээг бий болгосон. Энэ хугацаанд янз бүрийн халдлагатай таарч байсан юм билээ. Гэхдээ явж явж өөрийн төрсөн хүүгээс шалтгаалан ийм асуудалд орно гэж ерөөсөө санаагүй. Үүний улмаас сэтгэл санааны хүнд байдалд орсон. Хавтаст хэргээс үзвэл яг хувийн байдлаасаа болооод Э.Цэрэндолгор гэдэг хүний үйлдлийг таслан зогсоох байдлаар халдсан юм уу гээд харахаар тийм юм байхгүй, шунахай сэдлээр, мөнгө олох зорилгоор халдсан асуудал харагддаг. Өөрийн эхнэр, нэр төрөө хамгаалах гэхээсээ илүүтэйгээр хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн мөнгө олох зорилгоор халдсан болов уу гэж үзэж байна. Тэгэхээр хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн үү гэвэл хөндөгдсөн, Үндсэн хуулийн заалт зөрчигдсөн үү гэвэл зөрчигдсөн. Миний үйлчлүүлэгчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй гэдгээ надаар дамжуулж уламжилж байна” гэв.

Хохирогч Э.Цэрэндолгор мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэхдээ: "...2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 23 цагийн орчим би өөрийн хувийн фэйсбүүк хаягаа ашиглаад байж байтал гэнэт “таны цахим хуудсыг түр хаалаа” гэсэн утгатай сануулга орж ирээд, дараа нь “дахин энэ хаягаар нэвтрэн орж байна, тан мөн үү” гэсэн сануулга ирээд хэдэн секундын дотор миний нууц үгийг нууцалсан ж-майл хаяг руу явууллаа гэсэн санамж гарч ирээд алга болсон. Түүнээс хойш би өөрийн Цэрэн Энэбиш гэх фэйсбүүк хаяг руугаа орж чадахаа болсон. Миний фэйсбүүкийн нууц үгийг сольсон IP хаяг нь 199.249, 230.83 гэсэн IP хаяг гарч ирсэн. Миний хаягийг авсан этгээд “би фэйсбүүкээ алдаад эргүүлээд авлаа” гээд хүмүүсийг төөрөгдүүлсэн шинжтэй зүйл бичиж эхэлсэн. Би өөрийн фэйсбүүк хаягаа анх 2010 онд “Tseren Enebish” /Цэрэн Энэбиш/ гэх хаягаар нээж байсан. 3800 орчим найз, 113000 дагагчтай. Мөн миний хаяганд “Цэрэн Турс” ХХК-ийн /аялал жуулчлалын чиглэлийн/ сурталчилгааны пэйж хуудас, нэг нь 8000 лайк дагагчтай, нөгөө нь 12000 лайк дагагчтай пэйж хуудсууд  байсан. Мөн Кафе Амстердам гэх 10000 орчим лайк, дагагчтай хуудсууд ашиглах боломжгүй болсон. Миний хаягаас ороод надтай харьцдаг, миний хаягаа алдсан талаар мэдэгдсэн хүн болгон руу хандаж ёс бусаар доромжилсон байсан, миний цахим хаягт хууль бусаар алдагдсан хугацаанд хувийн мэдээлэл, хувийн захидал харилцааг задалж бусдад тараасан. Миний нэр хүндэд халдаж гутаан доромжилсон. И.Н миний цахим хаягт миний зөвшөөрөлгүй нэвтрэх эрх байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй ..." гэх мэдүүлэг /хх-ийн 100-103, 105-106/,

Гэрч Х.Ариунтунгалаг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...90082348 дугаарыг би ашиглаж байгаа. Би энэ дугаарыг ашиглаад 4-5 жил болж байна. 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Фэйсбүүк компаниас мессеж ирсэн, утсан дээр устгагдаагүй хадгалагдаж үлдсэн байна...”  гэх мэдүүлэг /хх-ийн 108/,

Гэрч С.Амгалан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2 жилийн өмнө Байгалмаа гэх хүнтэй танилцаж, улмаар түүний нөхөр И.Нтой уулзаж танилцаж байсан. 2019 оны 5 дугаар сард уулзаж байсан. Фэйсбүүкээр 7 сард харьцаж надаас мөнгө нэхээд байсан. Надад олон дагагчтай хаяг байна гэж хэлж байсан. Тэгээд хаягийг авахаар болоод шилжүүлэн авахдаа Э.Цэрэндолгор гэх хүний хаяг гэдгийг мэдсэн. И.Н нь “Tseren Enebish” гэх фэйсбүүк хаягийг 2.000.000 төгрөгөөр зарахаар болж би урьдчилгаа 500.000 төгрөгийг И.Нид өгч хаягийг өөр дээрээ шилжүүлж авсан. Үлдсэн 1.500.000 төгрөгийг өгөөгүй байсан. Би тухайн хаягийг огт ашиглаагүй ...”  гэх мэдүүлэг /хх-ийн 109-110/,

“...2 жилийн өмнө Байгальмаа гэх хүнтэй танилцаж улмаар түүний нөхөр И.Нтой уулзаж танилцаж байсан. Одоогоор И.Нтой ямарч холбоогүй байгаа, хамгийн сүүлд 2019 оны 5 дугаар сард уулзаж байсан. Фэйсбүүкээр 7 сард харьцаж надаас мөнгө нэхээд байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Нанжидсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний нэр дээр байгаа 80664660 дугаар миний өөрийн дугаар, би барьж байсан юм. Энэ дугаарыг худалдаж аваад 2 жил болж байна. Одоо уг дугаарыг би барихгүй байгаа. Учир нь манай ач охин тоглож байгаад блоколсон. Сим карт нь одоо миний хэтэвчинд байна ...”  гэх мэдүүлэг /1хх-ийн 120/,

Гэрч И.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би анх 2010 онд ээж Э.Цэрэндолгорын “Tseren Enebish” нэртэй фэйсбүүк хаягийг нээж өгч байсан. 2010 оноос хойш 10 орчим төрлийн нууц үг ашиглаж байсан, бүгдийг нь мэддэг байсан. Бидний харилцаа 2014 оноос хойш бид таарамжгүй харилцаатай болж эхнэр Байгалмаа бид хоёрыг сошиал ертөнцөд хэл амаар доромжилж дарамтлах болсон. Үүнээс болоод сүүлийн 5 жил харилцаа холбоогүй байсан. 2019 оны 5 дугаар сард би ээж Э.Цэрэндолгорын фэйсбүүк хаягийн хуучин нэвтрэх нэр, нууц үгүүдийг хийж үзэж байгаад нэвтэрч орсон. Тэгээд уг “Tseren Enebish” гэх хаягны нэвтрэх нэрийг хадам аав Нанжидсүрэнгийн 80664660 дугаараар бүртгүүлж нууц үгийг сольж өөрийн мэдэлд уг хаягийг авсан. Тэгээд хуурай ах Амгалан гэх хүнд хандаж 112.000 орчим дагагчтай фэйсбүүк хаяг байна, зарах боломж байна уу гэж асуухад болох байхаа эхлээд 500.000 төгрөгийн урьдчилгаа өгье нэвтрэх нэр нууц үгийг нь өгчих, хэсэг хугацааны дараа зараад 1.500.000 төгрөгийг өгөхөөр тохирсны дагуу 500.000 төгрөг авч фэйсбүүк хаягийг Амгаланд өгсөн...” /1хх-ийн 115-116/,

Яллагдагч И.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...цахим хаягт нэвтэрч ороод код болон гар утасны дугаарыг нь өөрчилж, чатуудыг нь хуулбарлан авсан. Би тухайн үед тус хаягийг худалдан борлуулах зорилгогүй байсан бөгөөд түүнээс хойш хүний дам ярианаас сонсоход олон дагагчтай цахим хаяг үнэ хүрдэг гэж сонссон тул Амгалан гэх хүнтэй уулзаж, тус цахим хаягийг 2.000.000 төгрөгөөр худалдахаар болсон. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын сүүлээр Амгалангаас урьдчилгаа 500.000 төгрөгийг авсан. Үлдэгдэл мөнгийг нь одоо болтол аваагүй. Нанжидсүрэн гэх хүн манай эхнэр Байгалмаагийн аав юм. 80664660 дугаарын утас нь манай аав Нанжидсүрэнгийн нэр дээр бүртгэлтэй боловч хүн ашигладаггүй дугаар байсан учир би тус дугаар фэйсбүүкт бүртгэлгүй байсан болохоор өөрийн төрсөн ээж Э.Цэрэндолгорын цахим хаягийн нэвтрэх кодыг нь сольж, 80664660 дугаарт бүртгүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 134-135/,

Хаан банкны 5026376376 данс /хх-ийн 232/, фэйсбүүк хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 87-90/, фэйсбүүк хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 97/, “UNITEL” ХХК-ний албан тоот /хх-ийн 194/, гэрлэлтийн баталгааны хуулбар болон төрсний гэрчилгээний хуулбар /1хх-ийн 225-226/, Иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-ийн 27/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1хх-ийн 224/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-ийн 228/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч И.Н нь 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 23 цагийн орчим Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, “Натур” захын замын хойно байрлах “Black bean” нэртэй кофе шопоор үйлчлүүлэх үедээ хохирогч Э.Цэрэндолгорын “Tseren Enebish” /Цэрэн Энэбиш/ нэртэй, 3800 орчим найз, 113000 дагагчтай цахим мэдээллийн сүлжээ болох Фэйсбүүк хаягт нь хууль бусаар халдаж, мэдээллийг нь өөрчилж, нууц үгийг нь сольж, сүлжээг ашиглах боломжгүй болгож, бусдад зарсны улмаас “Цэрэн Турс” ХХК-ийн сурталчилгааны пэйж хуудас, Кафе Амстердам гэх 10000 орчим лайк дагагчтай хуудаснууд ашиглах боломжгүй болж, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулсан болох нь

Хохирогч Э.Цэрэндолгорын: "...2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 23 цагийн орчим би өөрийн хувийн фэйсбүүк хаягаа ашиглаад байж байтал гэнэт “таны цахим хуудсыг түр хаалаа” гэсэн утгатай сануулга орж ирээд, дараа нь “дахин энэ хаягаар нэвтрэн орж байна, тан мөн үү” гэсэн сануулга ирээд хэдэн секундын дотор миний нууц үгийг нууцалсан ж-майл хаяг руу явууллаа гэсэн санамж гарч ирээд алга болсон. Түүнээс хойш би өөрийн Цэрэн Энэбиш гэх фэйсбүүк хаяг руугаа орж чадахаа болсон. Миний фэйсбүүкийн нууц үгийг сольсон IP хаяг нь 199.249, 230.83 гэсэн IP хаяг гарч ирсэн. Миний хаягийг авсан этгээд “би фэйсбүүкээ алдаад эргүүлээд авлаа” гээд хүмүүсийг төөрөгдүүлсэн шинжтэй зүйл бичиж эхэлсэн. Би өөрийн фэйсбүүк хаягаа анх 2010 онд “Tseren Enebish” /Цэрэн Энэбиш/ гэх хаягаар нээж байсан. 3800 орчим найз, 113000 дагагчтай. Мөн миний хаяганд “Цэрэн Турс” ХХК-ийн /аялал жуулчлалын чиглэлийн/ сурталчилгааны пэйж хуудас, нэг нь 8000 лайк дагагчтай, нөгөө нь 12000 лайк дагагчтай пэйж хуудсууд  байсан. Мөн Кафе Амстердам гэх 10000 орчим лайк, дагагчтай хуудсууд ашиглах боломжгүй болсон. Миний хаягаас ороод надтай харьцдаг, миний хаягаа алдсан талаар мэдэгдсэн хүн болгон руу хандаж ёс бусаар доромжилсон байсан, миний цахим хаягт хууль бусаар алдагдсан хугацаанд хувийн мэдээлэл, хувийн захидал харилцааг задалж бусдад тараасан. Миний нэр хүндэд халдаж гутаан доромжилсон. И.Н миний цахим хаягт миний зөвшөөрөлгүй нэвтрэх эрх байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй ..." гэсэн мэдүүлэг,

Гэрч С.Амгалангийн: “...2 жилийн өмнө Байгалмаа гэх хүнтэй танилцаж, улмаар түүний нөхөр И.Нтой уулзаж танилцаж байсан. 2019 оны 5 дугаар сард уулзаж байсан. Фэйсбүүкээр 7 сард харьцаж надаас мөнгө нэхээд байсан. Надад олон дагагчтай хаяг байна гэж хэлж байсан. Тэгээд хаягийг авахаар болоод шилжүүлэн авахдаа Э.Цэрэндолгор гэх хүний хаяг гэдгийг мэдсэн. И.Н нь “Tseren Enebish” гэх фэйсбүүк хаягийг 2.000.000 төгрөгөөр зарахаар болж би урьдчилгаа 500.000 төгрөгийг И.Нид өгч хаягийг өөр дээрээ шилжүүлж авсан. Үлдсэн 1.500.000 төгрөгийг өгөөгүй байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Прокуророос шүүгдэгч И.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч И.Н-ийг цахим мэдээлэлд хууль бусаар халдаж, сүлжээг ашиглах боломжгүй болгож хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Э.Цэрэндолгор нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт түүний өмгөөлөгч нь мэдүүлсэн тул шүүгдэгч И.Ныг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч И.Н-д эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан ял хүндрүүлэх болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн шүүгдэгч И.Н нь дээрх гэмт хэргийн улмаас иргэн С.Амгалангаас 500.000 төгрөгийг авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан банкны гүйлгээний талаарх нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу түүнээс албадан гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсан гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. И.Н-ийг цахим мэдээлэлд хууль бусаар халдаж, сүлжээг ашиглах боломжгүй болгож хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар И.Н-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар И.Н-оос 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, И.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл И.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.ШИНЭБАЯР