Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 317

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 1 дүгээр баг Сүүч гэх газар оршин суух, Мижиддорж овогт Циеиймаагийн Отгонбат /РД: ЕК92061514/,

Хариуцагч: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 1 дүгээр баг Хүнгэнэх гэх газарт оршин суух, Санзай овогт Ганбатын Мөнхбат /РД: ЕК88011272/,

Хариуцагч: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 1 дүгээр баг Үзүүр шинэ ус гэх газар оршин суух, Мэргэн овогт Эрдэнэчулууны Эрдэнэбүрэн /РД: EК93072418/ нарт холбогдох,

“Гэм хорын хохирол 38,800,000 төгрөг” гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний  өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Засаг дарга нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Улаанбадрах сумын харъяат Г.Мөнхбат, Ц.Отгонбат, Э.Эрдэнэбүрэн нар нь бүлэглэн 2014 оны 12 дугаар сард манай Улаанбадрах сумын 1 дүгээр багийн нутаг ”Холбоо хоолой” гэх газраас 4 тооны хулан адууг агнасан гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасан байдаг. Эрүүгийн 201610010038 дугаартай хэрэгт авагдсан доорхи нотлох баримтуудаар Тухайбал: - Т.Түвшинжаргалын “Би 2014 оны эхээр Дорноговь аймгийн төв яваад ирэхэд манай нөхөр Мөнхбат амбаар дотроос адуу алсан гээд адууны мах гаргаж ирж идшиндээ хэрэглэсэн. Тухайн үед би адууны мах гэж бодсон адуу хулангийн мах гэж ялгаж мэдэхгүй байсан” гэсэн. - Ц.Отгонбатын “Би 2014 оны 12 дугаар 10-ны өдөр тэмээгээ хайхаар Эрдэнэбүрэнгийн гэрт мотоцикльтойгоо очсон гэрээс харахад өөдөөс Мөнхбат ангийн буу үүрчихсэн хойгуур нэг тойроод чоно харья гэсэн тухайн газарт чоно харагдаагүй 10 тооны хулан явж байхаар нь Мөнхбат бид хоёр араас нь туугаад 4 тооны хулан адууг буудаж агнасан... Бид хоёрын араас Эрдэнэбүрэн мотоцикльтойгоо дагаж ирээд сүүлийн нэг шархадсан хулан адууг буудаж амийг нь тасалсан. Хулан адууны мах хийсэн 6-7 шуудай болон хутга зэргийг Мөнхбат бэлдэж ирсэн байсан ...өнөөдрийн байдлаар төлөх боломж байхгүй мөнгө төгрөгний боломжтой болохоор бид гурав ярилцаж байгаад төлнө.” гэсэн - Г.Мөнхбатын “2014 оны 12 дугаар сарын 10-ны орой хулан адууны махыг идшиндээ хэрэглэх зорилгоор өөрийн найз Ц.Отгонбат, Э.Эрдэнэбүрэн нартай хамтран 10 гаруй тооны хулан адуунаас 4 тооны хулан адууг өөрийн эзэмшлийн Иж 18 маркийн буугаар 7 буудаж агнасан газар дээр нь шууд янзлаад махыг нь авч өвлийнхөө амбаарт хийсэн ...хохирол төлбөрийг өнөөдрийн байдлаар төлж чадахгүй гэхдээ хэдэн мал хуйгаа зараад хохирлын мөнгийг бага багаар төлж барагдуулна. - Э.Эрдэнэбүрэнгийн “Би яг он сар өдрийг нь сайн санахгүй байна. 2014 оны 12 сарын эхээр байх гэртээ ганцаараа байж байхад Отгонбат тэмээ сураад ирсэн юм. Ингээд бид хоёр Отгонбатын тэмээг сурах гэж мотоцикльтой гарах гэж байхад Мөнхбат ирээд хэдүүлээ хойд овоон дээрээс чоно харья гэхээр нь хамт явсан юм. Тухайн үед би өөрийн мотоцикльгүй байсан... уг газарт чоно байгаагүй 10 тооны хулан адуу байсан гэтэл Мөнхбат, Отгонбат 2 хулан адууны хойноос хөөгөөд Мөнхбат өөрийнхөө авч явсан ИЖ-18 маркийн буугаар 3 тооны хуланг газар дээр нь буудаж алаад сүүлийн нэг адууг шархдуулсан тэгэхээр нь би Мөнхбатын бууг аваад амийг нь тасалсан” гэсэн мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтыг хураан авч хэрэгт хавсаргасан тогтоол зэргээр Г.Мөнхбат, Ц.Отгонбат, Э.Эрдэнэбүрэн нар нь бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 1 дүгээр багийн нутаг “Холбоогийн хоолой” гэх газарт ховор амьтан болох 4 тооны эр хулан адууг зохих зөвшөөрөлгүйгээр агнаж 38,800,000 /гучин найман сая найман зуун мянга/ төгрөгний буюу онц их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон юм. Гэвч Г.Мөнхбат, Ц.Отгонбат, Э.Эрдэнэбүрэн нарыг үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэсэн үндэслэлээр Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Батбаярын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5/35 тоот тогтоолоор “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой”-г тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасан үндэслэлээр уг этгээдүүдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, иргэний нэхэмжлэлийг шүүхэд хандан гаргуулахыг заасан байна. Иймд хариуцагч Г.Мөнхбат, Ц.Отгонбат, Э.Эрдэнэбүрэн нарын манай суманд учруулсан ховор ан амьтны жагсаалтад орсон 4 тооны хулан адууг хууль бусаар агнасан хэрэгт Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолыг үндэслэн нийт 38 800 000 /гучин найман сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулан өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурор Б.Батбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Засаг даргаас хариуцагч Ц.Отгонбат, Г.Мөнхбат, Э.Эрдэнэбүрэн нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр хяналтын прокурор Б.Батбаяр би томилогдон оролцож байгаа билээ. Дээрх иргэний хэрэгт хариуцагч Ц.Отгонбат, Г.Мөнхбат, Э.Эрдэнэбүрэн нараас гаргасан хариу тайлбартай танилцлаа хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэжээ.

Хариуцагч Э.Эрдэнэбүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Э.Эрдэнэбүрэн миний бие нь Улаанбадрах сумын Засаг даргын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өөрт оногдох 12,933,333 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөө өөрийн боломж бололцоогоороо бүрэн төлж барагдуулна” гэжээ.

Хариуцагч Г.Мөнхбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Г.Мөнхбат миний бие нь Улаанбадрах сумын Засаг даргын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Миний бие нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өөрт оногдох 12,933,333 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөө би сарын орлого цалин байхгүй учир боломж бололцоогоороо бүрэн төлж барагдуулна” гэжээ.

Хариуцагч Ц.Отгонбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ц.Отгонбат миний бие нь Улаанбадрах сумын Засаг даргын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Миний бие нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өөрт оногдох 12,933,333 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг боломжоороо төлнө” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Засаг дарга нь хариуцагч Г.Мөнхбат, Э.Эрдэнэбүрэн, Ц.Отгонбат нарт холбогдуулан гэм хорын хохирол 38,800,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбар ирүүлсэн ба тайлбартаа уг мөнгийг боломж бололцоогоороо төлж барагдуулна гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Засаг дарга улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар чөлөөлөгдсөн бөгөөд  хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг төлнө гэж зөвшөөрч байх тул тэмдэгтийн хураамжид 38,800,000 төгрөгөнд төлөх хувиас 50 хувь хөнгөлж 175,975 төгрөгийг хариуцагч нарт хуваан гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74   дүгээр зүйлийн 74.1,  74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага гэм хорын хохирол 38,800,000 төгрөгийг хариуцагч Г.Мөнхбат, Э.Эрдэнэбүрэн, Ц.Отгонбат нар нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар 351,950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 175,975 төгрөгийг хариуцагч Г.Мөнхбат, Ц.Отгонбат, Э.Эрдэнэбүрэн нарт хувааж тус бүр 58,659 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ