Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1837

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,                            

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Б-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 06220 2484 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Б, 1971 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 25-03 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгоны автобусны эцсийн буудлын орчимд иргэн Р.Гэрэлт-Одыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хохирогч Р.Гэрэлт-Од мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгоны эцсийн буудал дээр зүс таних Б буюу хоч заазуур Хуягаатай таарсан чинь чи ганцаараа яагаад архи уугаад байгаа юм гээд над руу ойртохоор нь би өөрөөсөө холдуулах гээд би цааш нь түлхсэн чинь шууд зөрүүлээд миний зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа хүчтэй цохисон тэр үед би газар унахад миний нуруу хэсэгт дахиад нэг өшиглөсөн тэр үед миний амнаас цус гараад тогтохгүй байхаар нь би босоод гэртээ харьж унтсан тэр шөнө бол миний эрүү хэсэг хөндүүрлэж өвдөөд хоносон харин маргааш нь гэмтэл орж үзүүлэхэд миний зүүн талын эрүү зөрж хугарсан байсан. Тэгэхээр нь би цагдаад өргөдөл гаргасан чинь мөн Бт хэлэхэд тоохгүй байсан. Бид хоёрын дунд ямар нэгэн хувийн таарамжгүй харилцаа бол байхгүй тухайн үед Б согтуу байсан намайг ганцаараа архи уучихлаа гэж бодсон байх. Би гомдолтой байна эмчилгээний зардал гаргуулж авах хүсэлтэй байна...Хэрэг гардаг өдөр Б.Б гараа атгаж байгаад миний зүүн эрүү хэсэгт нэг удаа хүчтэй цохисон. Одоо миний биед эрүү хугарсан, одоо үдээс хийлгэж боолгосон байгаа. Харин эмчилгээний хувьд нийт 1.000.000 төгрөг нэхэмжилж байна түүнээс өөр гомдол санал бол алга” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 39/,

Яллагдагч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан энэ ялыг би хүлээн зөвшөөрч байна...Үнэн би хохирогч Р.Гэрэлт-Одын нүүрэн тус газар нь цохиж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан үнэн тэгэхдээ би хохирогч Р.Гэрэлт-Одыг ямар нэгэн өс хонзонгийн асуудлаас болж цохиж зодсон зүйл байхгүй...Би одоо тогтсон ажил хийхгүй байгаа болохоор ямар нэгэн эмчилгээний зардал мөнгө төлөх боломжгүй байна...Би өөрийн хийсэн хэргээ хүлээж байна миний буруу өөр надад нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 35/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №141 дугаартай дүгнэлт:

  1. Р.Гэрэлт-Одын биед доод эрүү ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж, ШЭГЗТЖ-ын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл болно.
  3. Цаашид дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдээлахгүй. гэх дүгнэлт /хх-ийн 10/,  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 15/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 13/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 14/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгоны автобусны эцсийн буудлын орчимд иргэн Р.Гэрэлт-Одыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Р.Гэрэлт-Одын: “...2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгоны эцсийн буудал дээр зүс таних Б буюу хоч заазуур Хуягаатай таарсан чинь чи ганцаараа яагаад архи уугаад байгаа юм гээд над руу ойртохоор нь би өөрөөсөө холдуулах гээд би цааш нь түлхсэн чинь шууд зөрүүлээд миний зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа хүчтэй цохисон тэр үед би газар унахад миний нуруу хэсэгт дахиад нэг өшиглөсөн тэр үед миний амнаас цус гараад тогтохгүй байхаар нь би босоод гэртээ харьж унтсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Р.Гэрэлт-Од нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нотлох баримт бүхий 776.167 төгрөгийг нэхэмжилсэн тул шүүгдэгч Б.Баас гаргуулахаар шийдвэрлэв.

Мөн хохирогч Р.Гэрэлт-Од нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүгдэгч Б.Б-т хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ийг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-ийн урьд цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагаар тооцон түүний эдлэх ялаас хасч /56 цаг/, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх цагийг 664 /зургаан зуун жаран дөрөв/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-аас нийт 776.167 /долоон зуун далан зургаан мянга нэг зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж хохирогч Р.Гэрэлт-Одод олгосугай.

8. Хохирогч Р.Гэрэлт-Од нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР