| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2016/0284/И |
| Дугаар | 323 |
| Огноо | 2016-11-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 323
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд баг 118-р байрны 26 тоотод оршин суух, Монгол овогт Баасанжавын Халиунаа /РД: ЕО91102206, утас: 99796050/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд баг 118-р байрны 03 тоотод оршин суух, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанд мэдээлэл технологийн мэргэжилтэн ажилтай, Норинпил овогт Баатарын Буянцогт /РД: ЕН90041714, утас: 96811888/-д хариуцагдах
“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Халиунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Халиунаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд: “Миний бие нь нөхөр Б.Буянцогттой 2009 онд танилцаж, үерхэж байгаад албан ёсоор 2012 онд гэр бүл болсон. Бидний хамтын амьдралд 2012 оны 12 дугаар сарын 06-нд охин Б.Энэрлэн, 2014 оны 02 дугаар сарын 28-нд охин Б.Амирлан нар төрсөн. Хамт амьдарч байх хугацаанд бусдын адил сайхан амьдарч байсан. Сүүлийн жилүүдэд архи ууж, гэртээ хонохгүй хэд хоногоор явдаг боловч миний бие нь энэ хүнийг засарч гэртээ ирнэ гэж итгэж, арагдаж 2-3 жил шахам харсан. Гэтэл 2016 оны 04 дүгээр сарын 17-ноос хойш гэрээсээ бүр мөсөн 2 охин бид 3-ыг орхиод явсан. Буянцогт нь өөр гэр бүлтэй болсон гэж надад өөрөө хэлсэн. Бид цаашид эвлэрч амьдрах боломжгүй. Эвлэрүүлэн зуулчлалаас 2 сарын хугацаа өгсөн боловч бид эвлэрээгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, 2 охиныг эх миний асрамжид үлдээж, тэтгэлгийг эцэг Б.Буянцогтоос гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Буянцогт шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б.Халиунаагийн гаргасан хүсэлтийн дагуу гэрлэлт цуцлуулах талаар Б.Буянцогт миний бие тайлбар гаргаж байна. Уг нэхэмжлэлийн дагуу 2 хүүхдийн тэтгэмжийг төлж, Халиунаагаас гэрлэлт цуцлуулах гомдлыг хүлээн зөвшөөрч байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.
Хариуцагч Б.Буянцогт шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Б.Буянцогт миний бие нь Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанд мэдээлэл технологийн ажилтнаар ажилладаг. Б.Халиунаагийн гаргасан нэхэмжлэлийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09 цагт болох гэрлэлт цуцлуулах шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Учир нь би Улаанбаатар хотод мэргэжил дээшлүүлэх сургалтанд сууж байгаа учир шүүх хуралдаанд миний бие оролцохгүйгээр зохион байгуулж өгнө үү” гэжээ.
Шүүх нотлох баримтаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Халиунаа нь хариуцагч Б.Буянцогтод холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч хариуцагч нарын хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 131 дүгээр зүйлийн 131.4-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Зохигчид 2009 онд танилцаж, 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж, 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдөр охин Б.Энэрлэн, 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр охин Б.Амирлан нар төрсөн ба зохигчид зан харилцааны таарамжгүй харилцаа, хэрүүл маргаанаас болж 2016 оны 04 сараас тус тусдаа амьдран хамтын амьдралаа үргэлжүүлэх боломжгүй болсон нь зохигчдын тайлбар, №0171032-78 тоот гэрлэлтийн баталгааны хуулбар, №0000827493-420, №441600988 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Зохигчид гэр бүлээ цуцлуулах асуудлаар маргаангүй, хариуцагч Б.Буянцогт нь архийг их хэмжээгээр хэрэглэснээс хоорондын таарамжгүй харьцаа бий болсон, мөн хариуцагч нь өөр бусадтай гэр бүлийн харьцаатай болсон, 2016 оны 04 сараас хойш тус тусдаа амьдарч байгаа, хэн алин нь цаашид эвлэрч амьдрах боломжгүй гэрлэлтээ цуцлуулна гэж байх тул шүүх тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Охин Б. Энэрлэн, Б.Амирлан нар нь эхийнхээ асрамжид өсөж торниж байгаа тул эхийнх нь асрамжинд үлдээж, хариуцагч Б.Буянцогтоос тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй.
Хүүхдийг шүүх хэдийгээр хуулийн дагуу нөхцөл байдлыг үнэлж эхийнх нь асрамжинд хууль ёсоор өгөхөөр шийдвэрлэж байгаа боловч, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар хүүхэд эцэг эхийн хамт байх, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах үедээ тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй тул эцэг Б.Буянцогт нь охин Б.Энэрлэн, Б.Амирлан нарт анхаарал халамж тавьж өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүрэгтэйг зааж, зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд тохирсон улсын тэмдэгтийн хураамж 28,210 төгрөг /1 жилд төлөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ 985,800 төгрөг/ гаргуулан төрийн санд оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Монгол овогт Баасанжавын Халиунаа /РД: ЕО91102206/, Норинпил овогт Баатарын Буянцогт /РД: ЕН90041714/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 12 дугаар сарын 06-нын өдөр төрсөн охин Б.Энэрлэн, 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Б.Амирлан нарыг эх Б.Халиунаагийн асрамжид үлдээсүгэй.
3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Б.Энэрлэн, 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Б.Амирлан нарыг 11 нас хүртэл тэдний оршин сууж байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 насанд/ хүртэл тэдний оршин сууж байгаатухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоон эцэгБ.Буянцогтоор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Халиунаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Буянцогтоос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Халиунаадолгож, хариуцагч Б.Буянцогтоос улсын тэмдэгтийн хураамжид 28,210 төгрөгийг гаргуулан улсын орлогодоруулсугай.
6. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.
7. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Н.Баярмаад даалгасугай.
8. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
9. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ