Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1839

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,                            

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч И.Х, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан И.Х-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03257 2355 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол улсын иргэн И.Х, 1979 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Дэнжийн 5 дугаар гудамжны 7а тоотод оршин суух хаягтай боловч одоо Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 11-216 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,

Шүүгдэгч И.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр, 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр, мөн 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан-Өлгийн 11 дүгээр гудамжны 216 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ч.Уянгыг байнга агсам, согтуу тавьж, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч И.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Цагдан хоригдох хугацаанд их зүйлийг ойлгож ухамсарласан. Одоо дахиж архи ууж эхнэр хүүхдээ зовоохгүй. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Хохирогч Ч.Уянга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би ээж аавындаа 2 хонож байгаад 2019 оны 5 дугаар сарын 25-ны өглөө 09 цагт гэртээ ирэхэд манай гэрийн хаалга дотор талаасаа цоожтой нөхөр согтуу байсан хаалгаа тогшиход манай нөхөр болох И.Х нь онгойлгоход нь гэрт ороход хэдэн хоног архидсан шинжтэй байхаар нь чи архи уугаад гэр орон муухай үнэртэй болголоо гээд хэлсэн чинь намайг янхан гичий гэж харааж хаагуур яваад ирж байгаа юм хүүхдүүд дагуулаад гэхээр нь би ээж аавындаа хоночихоод ирлээ би цагдаа дуудлаа шүү гэхэд чи муу тэрийгээ л чадна гээд дахин гичий янханаар харааж байгаад плитка дээр байсан тогоо авч над руу шидэхэд нь би бултсан гэтэл манай бага хүүхэд орон дээр байхад онох шахахаар нь би хүүхэд гэмтээчих байх гэж айгаад хүүхдүүдээ аваад гэрээс гарсан гэтэл манай нөхөр миний араас гэрээс гарч хашааны гадна гараад над руу том том чулуу авч 3-4 удаа шидсэн...манай нөхөр намайг байнга харддаг гар утас шалгаад энэ хэн юм гээд хий хоосон харддаг эсвэл нүүр амаа будахаар ямар юмтайгаа уулзах гээд байгаа юм гээд хардалтаас болж маргалддаг...би өмнө нь гэр бүлийн хүчирхийллийн талаар хандаж байсан шүүхээр салах хүсэлт гаргаж байсан 2018 онд нэг сарын баривчилгаанд явж байсан тэрнээс хойш улам өс санаж агсам тавьдаг болсон...өмнө нь намайг 2 удаа зодож гэмтээж байсан. Хоёр удаа эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байсан. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст Үрэлмаа гэдэг байцаагч шалгаж байсан. Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хэлтэст нэг эмэгтэй байцаагч шалгаж байсан. Сонгинохайрхан дүүргийн хэрэг дээр би гомдол саналгүй гээд өргөдлөө буцааж байсан...би 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 22-23 цагийн хооронд манай нөхөр Х гаднаас 200 грамм архи авчихсан согтуу орж ирсэн. Тэгэхээр нь би яагаад архи дарс ууж байгаа юм гэсэн чинь над руу муухай хараад чамд ямар хамаатай юм чиний мөнгөөр ууж байгаа биш гээд над руу сандал шидсэн чинь оноогүй хана оносон...манай нөхөр цочмог ууртай, хүнийг зандарсан яриатай архи их уудаг ба эхнэр хүүхэддээ халамж муутай амарч байгаа үедээ гэртээ гэрийн ажил хийхгүй тамхи татаад л хэвтэж байдаг. Гэрт битгий тат гэхээр ямар хамаатай юм гэж салаавч өгдөг. Хоол унд хийж өгөхөд таалагдахгүй бол аваад хэн рүү ч хамаагүй шиддэг...” гэх мэдүүлэг. /хх-ийн 15, 19, 90-91 /,

Яллагдагч И.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Танилцлаа. Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй. Миний хэргийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлттэй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 115/,

2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 8/3065 дугаартай албан бичгийн хавсралт /хх-ийн 52-56/, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 949 дугаартай шийтгэвэр /хх-ийн 58-59/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 42/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 40-41/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 46/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч И.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр, 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр, мөн 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан-Өлгийн 11 дүгээр гудамжны 216 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ч.Уянгыг байнга агсам, согтуу тавьж, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь

Хохирогч Ч.Уянгын: “...би ээж аавындаа 2 хонож байгаад 2019 оны 5 дугаар сарын 25-ны өглөө 09 цагт гэртээ ирэхэд манай гэрийн хаалга дотор талаасаа цоожтой нөхөр согтуу байсан хаалгаа тогшиход манай нөхөр болох И.Х нь онгойлгоход нь гэрт ороход хэдэн хоног архидсан шинжтэй байхаар нь чи архи уугаад гэр орон муухай үнэртэй болголоо гээд хэлсэн чинь намайг янхан гичий гэж харааж хаагуур яваад ирж байгаа юм хүүхдүүд дагуулаад гэхээр нь би ээж аавындаа хоночихоод ирлээ би цагдаа дуудлаа шүү гэхэд чи муу тэрийгээ л чадна гээд дахин гичий янханаар харааж байгаад плитка дээр байсан тогоо авч над руу шидэхэд нь би бултсан гэтэл манай бага хүүхэд орон дээр байхад онох шахахаар нь би хүүхэд гэмтээчих байх гэж айгаад хүүхдүүдээ аваад гэрээс гарсан гэтэл манай нөхөр миний араас гэрээс гарч хашааны гадна гараад над руу том том чулуу авч 3-4 удаа шидсэн...манай нөхөр намайг байнга харддаг гар утас шалгаад энэ хэн юм гээд хий хоосон харддаг эсвэл нүүр амаа будахаар ямар юмтайгаа уулзах гээд байгаа юм гээд хардалтаас болж маргалддаг...би өмнө нь гэр бүлийн хүчирхийллийн талаар хандаж байсан шүүхээр салах хүсэлт гаргаж байсан 2018 онд нэг сарын баривчилгаанд явж байсан тэрнээс хойш улам өс санаж агсам тавьдаг болсон...өмнө нь намайг 2 удаа зодож гэмтээж байсан. Хоёр удаа эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байсан. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст Үрэлмаа гэдэг байцаагч шалгаж байсан. Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хэлтэст нэг эмэгтэй байцаагч шалгаж байсан. Сонгинохайрхан дүүргийн хэрэг дээр би гомдол саналгүй гээд өргөдлөө буцааж байсан...би 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 22-23 цагийн хооронд манай нөхөр Х гаднаас 200 грамм архи авчихсан согтуу орж ирсэн. Тэгэхээр нь би яагаад архи дарс ууж байгаа юм гэсэн чинь над руу муухай хараад чамд ямар хамаатай юм чиний мөнгөөр ууж байгаа биш гээд над руу сандал шидсэн чинь оноогүй хана оносон...манай нөхөр цочмог ууртай, хүнийг зандарсан яриатай архи их уудаг ба эхнэр хүүхэддээ халамж муутай амарч байгаа үедээ гэртээ гэрийн ажил хийхгүй тамхи татаад л хэвтэж байдаг. Гэрт битгий тат гэхээр ямар хамаатай юм гэж салаавч өгдөг. Хоол унд хийж өгөхөд таалагдахгүй бол аваад хэн рүү ч хамаагүй шиддэг...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч И.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл тохирсон байна.

Иймд шүүгдэгч И.Х-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч И.Х-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Ч.Уянга нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдав.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллгад даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар 1 жилийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. И.Х-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар И.Х-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллгад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, И.Х нь урьд нийт 42 /дөчин хоёр/ хоног цагдан хоригдсон, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл И.Х-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР