| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1803/Э |
| Дугаар | 1844 |
| Огноо | 2019-12-09 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 1844
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Тулга,
улсын яллагч И.Ариунсанаа,
шүүгдэгч Б.И /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.И-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 05637 2477 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн Б.И, 1997 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Увс аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын механикч мэргэжилтэй, Энканто Оргил худалдааны төвд хамгаалагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Мандалын 9-117 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй,
Шүүгдэгч Б.И нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвд хохирогч Э.Тавинтайтай маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж, хохирогчийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.И шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Э.Тавинтай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Оргил худалдааны төв сүү, тараг хүргэж өгөхөөр очсон ба арын хаалгаар ороод бараагаа буулгасан. Ингээд гарахдаа буцаалтын бараагаа авах гээд урд талын хаалгаар гарахдаа хамгаалагчтай муудалцсан. Ингээд би Оргилоос урд талын хаалгаар гараад ард талын хаалган дээр машин дээрээ очтол хамгаалагч ар талын хаалган дээр наагаад бид хоёр муудалцаж эхэлсэн. Тэгэхээр нь би хаяад машиндаа суугаад явах гэтэл намайг араас буугаад ир гэж орилсон. Тэгэхээр нь би машинаасаа буугаад нэг алхтал нөгөө залуу гэнэт гараараа миний нүүр рүү цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 12/,
Гэрч С.Аманбол мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ингээд Тавинтай машинаас буусан бөгөөд араас нь би буугаад очтол Тавинтай газар уначихсан байсан. Хамгаалагч залуу нь цохисон бололтой хажууд нь зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,
Яллагдагч Б.И мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Тавинтайгийн биед гэмтэл учруулсан бөгаад нэг удаа баруун гараараа баруун нүдний доод хэсэгт цохисон. Тэрнээс болж Тавинтай хагалгаанд орсон. Би Тавинтайгаас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн. Мөн нэхэмжилсэн хохирол болох 4.500.000 төгрөг бэлнээр 1.800.000 төгрөгний үнэ бүхий Баяд эмээл Э.Тавинтай ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11168 тоот дүгнэлтэд:
1. Э.Тавинтайгийн биед баруун ухархайн гадна хана, доод хана, суурь ясны бага далавч, баруун гайморын хөндийн урд хана, гадна хана, баруун хацрын нум хамарсан хугарал, тархи доргилт, баруун зүүн тал бөмбөлгийн таславч хоорондын аалзан хальсны доорх цус харвалт, баруун зовхи хацар шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 19/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 23/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 24/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Б.И нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвд хохирогч Э.Тавинтайтай маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж,хохирогчийн биед хүндэвтэр хохирол учруулсан болох нь
Хохирогч Э.Тавинтайгийн: “...2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Оргил худалдааны төв сүү, тараг хүргэж өгөхөөр очсон ба арын хаалгаар ороод бараагаа буулгасан. Ингээд гарахдаа буцаалтын бараагаа авах гээд урд талын хаалгаар гарахдаа хамгаалагчтай муудалцсан. Ингээд би Оргилоос урд талын хаалгаар гараад ард талын хаалган дээр машин дээрээ очтол хамгаалагч ар талын хаалган дээр наагаад бид хоёр муудалцаж эхэлсэн. Тэгэхээр нь би хаяад машиндаа суугаад явах гэтэл намайг араас буугаад ир гэж орилсон. Тэгэхээр нь би машинаасаа буугаад нэг алхтал нөгөө залуу гэнэт гараараа миний нүүр рүү цохисон..." гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.И-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Э.Тавинтай нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч Б.И-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Б.И-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.И-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Б.И-ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.И нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.И нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.И-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР