| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2019/0119/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/119 |
| Огноо | 2019-05-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2019/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Хохирогч: Ц.А
Шүүгдэгч: А.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт А-ийн О-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ........... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Д овогт Аийн О/РД:........../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.О нь 2019 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг “Математик” сургуулийн дотуур байранд иргэн Ц.А-ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар суран бүсээр толгой тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Хохирогч Ц.А-ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2019 оны 01 дүгээр сард тухайн хэрэг болсон. Манай нөхөр архи уусан үедээ өөрийн үйлдэл болон хаа байгаагаа мэддэггүй учраас би байнга нөхөртөө анхаарал тавьдаг. А.О-гийн ар гэрийнхэн нь манай нөхрийг аваад явсан. Миний хувьд гомдолтой байна, мөн эрүүл мэндийн байдалтай холбоотой төлбөр болох 320.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг
*Эрүүгийн 1912000490052 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Ц.А-ийн өгсөн:
“...2019 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө өөрийн ах дүү нарын хамт Тариат сум руу үсний найранд яваад орой манай нөхөр А.О гэртээ ирэхдээ архи уугаад ирсэн. Тэгээд эргээд гараад явсан тэгэхээр нь би өөрийн дүү Ц.Аийн хамтаар нөхрөө хайгаад хадам ахынхаа гэр буюу Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг Математик сургуулийн байранд очсон. Тэр үед манай хадам ах А.О архи уусан согтуу байсан. Тэгээд А.О шөнө орой ирж хүн унтуулсангүй гэж уурлаад суран бор өнгийн тэлээ авч гарч ирээд намайг барьж авч байгаад миний толгой руу 2-3 удаа ороолгосон. Тэгээд намайг заамдаж авчихаад хана руу нуруугаар цохиулаад байсан. Тэр үед би бачуураад ухаан алдсан хажуу айлынх нь хүмүүс намайг салгасан. Товчхондоо бол ийм л асуудал болсон. Намайг А.О ах шөнө орой болсон хойно гэрт ирж хөгшин настай хүн сэрээлээ, хүн унтуулж амраасангүй гээд уурлаад намайг суран тэлээгээр 2-3 удаа толгой руу ороолгосон. Тэгээд намайг заамдаж аваад хана руу түлхээд шахаад байсан. Тэр үед А.О их согтуу байсан. Би А.Ог цохиж зодоогүй. Миний биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг А.О учруулсан. Тухайн үед миний толгой маш их өвдөж байсан нэг гарын хуруун дээр шарх үүссэн байсан. Суран тэлээгээр миний толгой руу цохиж зодсон. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал мөнгөө нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-12 дугаар тал/
“Гэрч Б.Ж-гийн өгсөн:
“...2019 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө А.О ээж дүү нарынхаа хамтаар хөдөө хүүхдийн үсний найранд яваад ирсэн. Хөдөөнөөс ирээд манайхаар орж ирээд хөдөө яваад ирлээ гэж хэлж ярьж байсан. Тэгээд манайд хэсэг байж байгаад гэртээ орж унтаж амарлаа гээд А.О гэр рүүгээ орсон. Үүнээс хойш ойролцоогоор цагийн дараа намайг унтаж байх үед гадаа үүдэнд хүмүүс шуугиад байхаар нь гэрээс гараад хартал коридорт А.О гартаа бор өнгийн суран тэлээ барчихсан Ц.А гэх эмэгтэйтэй маргалдаад зогсож байсан. Тэгээд намайг гарч ирснээс хойш А.О гартаа барьсан тэлээгээр Ц.А гэх эмэгтэйг 2 удаа ороолгсон. Тэр үед би дундуур нь орж салгасан тэгээд А.О-г эхнэр нь аваад гэртээ орсон намайг гарч ирсэнээс хойш ийм л зүйл болсон өөр зүйл болоогүй. Намайг унтаж байх үед гадаа үүдэнд хэрүүл маргаан хийгээд байсан. Юунаас болж маргалдсан талаар би мэдэхгүй. А.О намайг гэрээсээ гарч ирсэнээс хойш гартаа бор өнгийн суран тэлээ барьсан байсан мөн Ц.А-ийн өмсөж явсан куртикний малгайны үстэй захыг бас барьчихсан байсан тэгээд тэлээгээр 2 удаа Ц.А-ийг ороолгосон Тэр үед нь би дундуур нь орж салгасан Ц.Аийн ар нуруу хэсэгт л ороолгосон байх. Намайг хамт байх үед ийм л зүйл болсон урьд өмнө юу болсон талаар мэдэхгүй байна. Тухайн үед Ц.А, түүний дүү гэх нэг эмэгтэй, А.О, түүний эхнэр Э.У, ээж, манай эхнэр бид нар хамт байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар тал/
*Гэрч Э.Угийн өгсөн:
“...2019 оны 01 дүгээр сарын 09-ний орой манай нөхөр А.О ээж дүү нарынхаа хамтаар Тариат сум руу үсний найранд яваад орой 22 цаг өнгөрөөгөөд гэртээ ирцгээсэн. Гэрт ирэх үедээ манай нөхөр А.О болон түүний дүү А.О нар архи уусан их согтуу ирсэн М болон хадам ээж архи уугаагүй эрүүл байсан. Тэгээд манай гэрт ирээд тэд нар хоол идчихээд М А.О-г гэрт нь хүргээд өгье гэсэн чинь үгүй ээ би харих болоогүй дахин архи ууна гээд байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа А.О манайхаас харина гээд ганцаараа яваад өгсөн. Би тэр үед нь А.О-г яагаад явуулчихсан юм бэ цаадах чинь гэртээ очоод эхнэртэйгээ хэрэлдэнэ Ц.А А.О-г гэртээ хонуулчихаарай гэж хэлсэн юм олж ирье гээд өөрийн нөхөр А.Огийн хамтаар А.О-г хайсан. Тэгээд хайж яваад А.О-гийн гэрийн гадаа очсон гэхдээ гэрийнх нь гадаа очоод гэрт нь орж үзээгүй Ц.А-ийн санаа нь зовох байх зүрх муутай юм гэж бодоод гэрт нь ороогүй А.О-г гадуур хайгаад олоогүй тэгээд нөхөр бид 2 гэртээ эргэж ирсэн. Тэгээд ойролцоогоор 00-01 цагийн орчимд бид нар унтах гээд орондоо орцгоосон унтаад 30-40 минут болж байх үед манай хаалгыг хүн хүчтэй нүдсэн тэхээр нь би нөхөртөө хандаж босож онгойлго хүүхэд сэрээлээ чанга нүдээд байна гэж хэлэхэд манай нөхөр унтаж байснаа сэрээд хаалга онгойлгож өгсөн. Тэр үед би хэвтэж байсан. Үүдний гадаа Ц.А өөрийн дүүтэйгээ ирсэн А.О-г хайгаад явж байна гэртээ орж ирээд эргээд гараад явсан хайгаад олохгүй байна гэж хэлж байсан. Тэр үед манай нөхөр согтуу байсан тэгээд за за би хамт хайя гэж хэлээд хаалгаа хаачихсан. Тэгээд манай нөхөр хувцасаа өмсөх гээд байж байтал Ц.А хаалганы цаанаас та нар угаасаа манай нөхрийг дагуулж яваад архи уулгадаг биздээ гээд орилоод байхаар нь манай нөхөр хөгшин настай хүн унтуулахгүй хүүхэд сэрээх гэлээ гээд хаалгаа эргээд онгойлгоод манай нөхөр гараад явсан. Тэгээд гадаа коридорт хүмүүс орилж чарлаад байсан би хэсэг байж байгаад удалгүй халаадаа өмсөөд гарах үед манай хажуу талын айлын залуу Ж гэх залуу манай нөхрийг бариад авчихсан зогсож байсан, цаана нь Ц.А орилоод байсан. Тэр үед манай нөхөр А.О гартаа өрийнхөө бор өнгийн суран тэлээг барьчихсан зогсож байсан .Тэгэхээр нь би очоод нөхрөө салгаад дагуулаад гэртээ ороод ирсэн. Би дахин гэрээсээ гараагүй. Намайг гарах үед манай нөхөр гартаа тэлээ барьсан зогсож байсан гэхдээ цохиж зодсон талаар нь хараагүй, мэдэхгүй байна. Тэр үед манай нөхөр нилээд халамцуу байсан. Тэр үед манай хажуу айлын эхнэр нөхөр 2 байсан мөн Ц.А түүний дүү Ц.А нар хамт байсан араас нь би гарсан. Ил харагдах гэмтэл харагдаагүй би харахаар ч тийм удаан байгаагүй. Би А.О Ц.А нарыг хэрүүл хийж байна л гэж бодож байсан. А.О-г тухайн үедээ хамар гар эрүү хэсгээ уруулсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-21 дүгээр тал/
*Гэрч Ц.А-ийн өгсөн:
“...2019 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө 01 цагийн үед манай хүргэн ах А.О гэртээ согтуу ганцаараа орж ирсэн. Тэгээд орж ирээд хэсэг байж байгаад уурлаад суугаад байсан тэгээд байж байгаад күртикээ тайлаад цамцтай гарч бие засаад ирье гээд гараад явсан тэгээд орж ирээгүй гадаа хашааны хаалга дугарсан. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа манай эгч Ц.А надад хандаж хоёулаа гарч А.О-г хайгаад ирье согтуу байхдаа өөрөө өөрийгөө хаана байгааг мэддэггүй юм олж оруулж ирэхгүй бол гадаа хөлдөөд үхчихнэ гээд би эгчтэйгээ хамт гэрээс нь гараад А.О-г хайхаар гарсан. Гараад 20-30 миунт дээд доод гудмаараа хайсан олдохгүй болохоор нь бид 2 А.О-гийн ах А.О-гийн гэрт буюу Математик сургуулийн дотуур байранд ирсэн. Тухайн үед ойролцоогоор 02 цаг өнгөрч байсан байх. Тэгээд А.О ахын гэрийн хаалгыг нүдэхэд А.О ах унтаж байсан бололтой дотуур хувцас майктайгаа хаалгаа онгойлгосон. Тэр үед нь Ц.А эгч А.О танайд ирсэн үү цаадах чинь гараад явчихлаа гэж хэлсэн чинь А.О ах А.О ирээгүй шүү дээ аль түрүүн гараад явсан гэж хэлсэн. Тэр үед нь Ц.А А.О гэртээ орж ирээд байж байгаад уурлаад куртикгүй гараад явчихлаа тэгэхээр нь танайд ирсэн байх гэж бодоод ирлээ хувцасаа өмсчих хамт гарч хаигаад ирье гэж хэлсэн чинь А.О би яаж мэддэг юм бэ тэгэж байгаад очих байлгүй гээд уурлаад хаалгаа хаачихсан. Тэгэхээр нь Ц.А эгч бид 2 гараад ирэх байх гэж бодоод хэсэг хүлээсэн гарч ирэхгүй болохоор нь дахин хаалгыг нь нүдэхэд А.О хаалгаа онгойлгосон. Тэр үед нь Ц.А хамт гарч хайхгүй юм уу хүргээд өгчихгүй яасан юм эсхүл энд нь унтуулахгүй яасан юм бэ хамт идэж уучихаад нэгнийгээ алга болчихсон гээд байхад тоохгүй юм гэж хэлсэн. Тэгсэн А.О уурлаад зайл гээд хаалгаа хаах гэхээр нь хаалганаас нь татаад хамт хайхгүй юм бол Мыг дуудаад хайлгаач машиныг нь унаад явчихсан гэсэн ш дээ гэхэд одоо эндээс зайл гээд намайг түлхээд унагаасан тэгсэн чинь Ц.А эгч чи яагаад хүүхэд түлхээд байгаа юм бэ хүн нөхөрөө хайгаад дүүгээ дагуулаад ирж байхад хүний ах байж ямар учиртай юм бэ гэж загнасан чинь А.О зайл пиздагууд минь гээд цаашаа яваад өсгөн. Тэгсэн А.О-гийн ээж С эгч босч ирээд юу болоод байгаа юм бэ чи л хүүхэд гэрт оруулаагүй хөөсөн байлгүй би хүүхдээ мэдэж байна гэж загнасан. Тэгээд байж байтал А.О цаанаас гарч ирээд ээжээ та хөл нүцгэн байна гутлаа өмс гэж гутал гаргаж ирсэн тэгснээ А.О гэнэт уурлаад Ц-ийн салдгар гичийнүүдийг алаад хаячихъя даварсан пиздагууд вэ гээд өмдний суран тэлээ авч гарч ирээд Ц.А эгчийг нэг гараараа заамдаж байгаад тэлээгээрээ толгой цээжгүй олон удаа ороолгосон салгах гээд хүчрээгүй. Тэгээд тэр үед Ц.А өөрийгөө хамгаалах гэж А.О-гийн урдаас сарвалзаж байгаад бачимдаад ухаан алдаж унасан. Тэгээд ухаан алдаад унчихсан байх үед нь А.О күртикнээс нь чирээд ороолгоод байсан. Тэр үед би орилсон тэгсэн хажуу талын айлаас эхнэр нөхөр 2 юу болоод байгаа юм бэ гээд гараад ирсэн араас нь А.Огийн эхнэр Э.У гарч ирээд А.О-гаас зуураад салгасан. Тэгээд тэр гарч ирсэн эхнэр нөхөр 2 гэрээсээ үнэртэй ус гаргаж ирээд үнэртүүлсэн тэгээд хэсэг байж байгаад Ц.А сэрсэн Тэгээд л энэ талаар ээж рүү залгаж болсон явдлын талаар хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирэхээс өмнө манай дүү А ээж Н нар ирсэн. Ц.А эгчийг үүд хаалга нүдэж хүн унтуулсангүй гэж уурлаад А.О согтуу байх үедээ өмдний суран бор өнгийн тэлээгээр толгой цээж хэсэгт нь олон удаа ороолгож зодсон. Тэр үед А.О ах архи уусан нилээд согтуу байсан гэхдээ хүний хэлж ярьж байгааг ойлгох чадвартай байсан. Тэр үед Ц.А эгчийн гарын ядам хуруу бага зэрэг халцарсан байсан. Өөр ил харагдах гэмтэл харагдаагүй. Уг гэмтлийг А.О ах өмдний суран тэлээгээр ороолгож учруулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-24 дүгээр тал/
*Яллагдагч А.О-гийн өгсөн:
“...2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр би өөрийн дүү нар болон ээжийн хамтаар Архангай аймгийн Тариат сум руу үсний найранд яваад орой 23 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд гэртээ ирээд унтаж амарч байтал манай бэр Ц.А дүү Ц.А-ийн хамтаар манайд ирээд үүд хаалга хүчтэй нүдээд байхаар нь би босож үүдээ онгойлгосон. Тэгтэл Ц.А надад хэлэхдээ А.О гэртээ орж ирээд буцаад гараад явчихсан танайд ирсэн үү гээд асуусан тэгээд манайд байхгүй учраас гадуур согтуу гараад явсан байна гэж бодоод хамт хайхаар болоод хувцасаа өмсөж байтал Ц.А танайхан ингэдэг тэгдэг гээд л орилоод эхэлсэн. Тэр үед манай гэрт манай настай ээж байсан тэгээд би чи одоо болилдоо гээд Ц.Аийг цааш нь түлхээд үүдээ хаах гэсэн чинь миний урдаас гар утсаа шидээд нүүр рүү самардахаар нь би уурлаад өөрийнхөө өмдний бор арьсан тэлээг аваад .Аийг ар нураа хэсэг рүү нь 2 удаа ороолгосон өөр байдлаар цохиж зодоогүй. Ц.А манай бэр, манай төрсөн дүү А.О-гийн эхнэр. Ц.А-ийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Би тэр үед архи их уучихсан согтуу байсан. Би .Ц.А-ийг нэг удаа гараараа хойш нь түлхсэн, тэгээд 2 удаа суран тэлээгээр ар нуруу орчимд нь 2 удаа ороолгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 45 дугаартай дүгнэлтэнд:
“...Иргэн Ц.А-ийн биед, тархи доргилт, толгойн хуйханд, зүүн гарын ядам хурууны 2-р үений орчим зөөлөн эдийн няцралт, жижиг зулгаралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. Тархи доргилт гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, толгойн хуйханд, зүүн гарын ядам хурууны 2-р үений орчим зөөлөн эдийн няцралт, зүүн гарын ядам хурууны жижиг зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, эмэгтэйчүүдийн эхо шинжилгээгээр жирэмсэн байсан гэдэг нь батлагдаагүй...” гэх дүгнэлт/хх-ийн 26-27 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
2019 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг “Математик” сургуулийн дотуур байранд иргэн Ц.А нь бусдад зодуулж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч А.О үйлдсэн болох нь хохирогч Ц.А-ийн”... Тэгээд А.О шөнө орой ирж хүн унтуулсангүй гэж уурлаад суран бор өнгийн тэлээ авч гарч ирээд намайг барьж авч байгаад миний толгой руу 2-3 удаа ороолгосон. Тэгээд намайг заамдаж авчихаад хана руу нуруугаар цохиулаад байсан. Тэр үед би бачуураад ухаан алдсан хажуу айлынх нь хүмүүс намайг салгасан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Жгийн ”... Тэгээд намайг гарч ирснээс хойш А.О гартаа барьсан тэлээгээр Ц.А гэх эмэгтэйг 2 удаа ороолгсон. Тэр үед би дундуур нь орж салгасан тэгээд А.О-г эхнэр нь аваад гэртээ орсон намайг гарч ирсэнээс хойш ийм л зүйл болсон өөр зүйл болоогүй. Намайг унтаж байх үед гадаа үүдэнд хэрүүл маргаан хийгээд байсан..” гэх мэдүүлэг, гэрч Э.Угийн ”...Үүдний гадаа Ц.А өөрийн дүүтэйгээ ирсэн А.О-г хайгаад явж байна гэртээ орж ирээд эргээд гараад явсан хайгаад олохгүй байна гэж хэлж байсан. Тэр үед манай нөхөр согтуу байсан тэгээд за за би хамт хайя гэж хэлээд хаалгаа хаачихсан. Манай хажуу талын айлын залуу Ж гэх залуу манай нөхрийг бариад авчихсан зогсож байсан, цаана нь Ц.А орилоод байсан. Тэр үед манай нөхөр А.О гартаа өрийнхөө бор өнгийн суран тэлээг барьчихсан зогсож байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.А-ийн”...Өмдний суран тэлээ авч гарч ирээд Ц.А эгчийг нэг гараараа заамдаж байгаад тэлээгээрээ толгой цээжгүй олон удаа ороолгосон салгах гээд хүчрээгүй. Тэгээд тэр үед Ц.А өөрийгөө хамгаалах гэж А.О-гийн урдаас сарвалзаж байгаад бачимдаад ухаан алдаж унасан. Тэгээд ухаан алдаад унчихсан байх үед нь А.О күртикнээс нь чирээд ороолгоод байсан. Тэр үед би орилсон тэгсэн хажуу талын айлаас эхнэр нөхөр 2 юу болоод байгаа юм бэ гээд гараад ирсэн араас нь А.Огийн эхнэр Э.У гарч ирээд А.О-гаас зуураад салгасан...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 45 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.О-гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч А.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлттэй байна.
Хохирогч Ц.А нь шүүгдэгч А.О-гаас эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой 320.000/гурван зуун хорин мянга/ төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.О-д Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, түүний хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр мөн хохирогчид төлөх 320.000 төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан суран тэлээ 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт А-ийн О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ог 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-гаас 320.000/гурван зуун хорин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 08-814 тоотод оршин суух Олохнууд овогт ЦэрэнсАийн А/РД:АЮ89070261/-т олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-гаас Ц.Ат учруулсан 320.000/гурван зуун хорин мянга/ төгрөгийн хохирол төлбөрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1/нэг/ сарын хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйшйн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан суран тэлээ 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Шүүгдэгч А.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР