Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 319

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Э.Болормаа би, Замын-Үүд сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Батмөнхөд холбогдох зээлийн гэрээний үүрэг 5.698.122 төгрөг, алданги 1.310.568 төгрөг бүгд 7.008.690 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ”Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сан”-г бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдан зарцуулах, зээл олгох, эргэн төлүүлэх журмын дагуу Cyм хөгжүүлэх сангийн хөрөнгийг зохистой ашиглах зорилгоор төсөл сонгон шалгаруулалт зарласаны үндсэн дээр 2011 оноос эхлэн зээлийг олгож эхэлсэн. Tyc cyмын иргэн Д.Батмөнх талх нарийн боовны чиглэлээр төслийг Засаг даргын тамгын газарт ирүүлснээр сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор томилогдсон комисс уг төслийг хэлэлцэн дэмжиж, холбогдох дүгнэлтийг гаргасан. Үүний дагуу Д.Батмөнхийн “Талх нарийн боовны чиглэлээр” төсөлд Сумын засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн А/94 тоот захирамжаар сум хөгжүүлэх сангаас 10.000.000 /Арван сая/ төгрөгийн зээлийг олгохооор шийдвэрлэсэн. Сумын Засаг даргаас иргэн Д.Батмөнхтэй “Сум хөгжүүлэх сангийн 2013 оны 04 сарын 25 -ны өдрийн 65 тоот” гэрээг байгуулж, 10 сая төгрөгийг 3 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн боловч Д.Батмөнх нь энэхүү хугацаанд зээл эргэн төлөх хуваарьт заасны дагуу зээлээ төлж барагдуулаагүй тул иргэн Д.Батмөнхийн нийт зээлийн үлдэгдэл 5.698.122 төгрөг, зээлийн торгууль 1.310.568 буюу нийт 7.008.690 /Долоон сая найман мянга зургаан зуун ер/ төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Дээрх иргэний хэрэгт хариуцагч Д.Батмөнхөөс гаргасан хариу тайлбартай танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын, 3-р баг, усны гудамж 1-49  тоотод оршин суух Авга хариад овогт Дашренчингийн Батмөнх /РД: РД85111014/ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Д.Батмөнх би 2013 оны 04 сарын 25-ны өдөр Замын-Үүд сумын Засаг даргатай зээлийн гэрээг байгуулж, сум хөгжүүлэх сангаас 10.000.000 төгрөгийг, жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, нарийн боовны цехийн үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар зээлж авсан. Зээлээ графикийн дагуу төлж байсан боловч гэр бүлийн асуудлын улмаас зээлээ төлж чадахгүй, ажиллуулж байсан нарийн боовны цехээ хаасан. Мөн Хас банкинд зээлийн өртэй байсан бөгөөд эхнэр салж яваад, би уг ажиллуулж байсан цехээ банкны зээлд хураалгасан.Одоо миний бие нь эрхэлсэн тодорхой ажилгүй ганцаараа амьдарч байна. Энэ бүхнийг харгалзан үзнэ үү. Миний бие Замын-Үүд сумын Засаг даргын нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага 7.008.690 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 12 сарын 10-ны өдрөөс эхлэн  сар бүр 80.000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Өөр боломж байхгүй байгааг харгалзан үзнэ үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Замын-Үүд сумын Засаг дарга нь хариуцагч Д.Батмөнхөөс зээлийн гэрээний үүрэг 5.698.122 төгрөг, алданги 1.310.568 төгрөг бүгд 7.008.690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д.Батмөнх нь нэхэмжлэгч Замын-Үүд сумын Засаг даргатай 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 65 дугаар зээлийн гэрээг байгуулж, Сум хөгжүүлэх сангаас 10.000.000 төгрөгийн зээлийг, 36 сарынхугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, талх, нарийн боовны цех өргөтгөх зориулалтаар зээлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, эргэн төлөх хуваарь, Замын-Үүд сумын Засаг даргын захирамж зэргээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь  нэхэмжлэлийн шаардлага7.008.690 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулах талаарх тайлбарыг ирүүлсэн, нэхэмжлэгчбайгууллагын төлөөлөгч нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Замын-Үүд сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Батмөнхөд холбогдох зээлийн гэрээний үүрэг  5.698.122 төгрөг, алданги 1.310.568 төгрөг бүгд 7.008.690 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Д.Батмөнх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж 127.089 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчД.Батмөнхөөс  улсын тэмдэгтийн хураамж 127.089 төгрөгийн 50 хувь буюу 63.544,5 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Э.БОЛОРМАА