Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2019/ШЦТ/144

 

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Э.Билгүүн

Шүүгдэгч: Б.Б, Ц.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирулсэн Хошгот овогт Бийн Б, Боржигин овогт Цийн Б нарт  холбогдох ... тоот хэргийг хэлэлцэв. 

 

               Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 2, ахын хамт Архангай аймгийн ............... газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Бийн Б/РД:АО/

 

                Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын .. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дах хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн тус шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар нийт 8 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,  Б овогт Цийн Б/РД:АА/ 

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

Шүүгдэгч Б.Б, Ц.Б нар нь бүлэглэж 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бортолгой хорооллын 31-19 тоот хашааны гаднаас иргэн Ц.Агийн эзэмшлийн цэнхэр өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлсан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

*Эрүүгийн 1812002670144 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

 

*Хохирогч Ц.Агийн өгсөн: 

 “...Би 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутагт байрлах Хасу худалдааны төв дээр байж байтал манай найз Г.Ц 80570317 дугаараас залгаж толгойны эм авчираад өгөөч гэхээр нь би өөрийн эзэмшлийн мустанг-5 маркийн цэнхэр өнгийн мотоциклиор Мөнгөт-Оюу эмийн сангаас эм аваад.. тоотод оршин суух Г.Цгийн гэрийн хашааны гадаа мотоциклийнхоо рулийг нь түгжиж орхиод орж эм өгчихөөд Г.Цгийнд 20 орчим минут болчихоод гараад иртэл хашааны үүдэнд тавьсан байсан миний мотоцикль хулгайд алдагдаж алга болсон байсан. Тэгээд тэр орчим хайсан боловч олдоогүй. Тэгээд цагдаад мэдэгдэж шалгуулсан. Гэтэл орой 21 цагийн  үед цагдаагаас над руу залгаж Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Цагаан хаалганы энд хүрээд ир гэж дуудсан тэгээд би өөрийн эзэмшлийн Портер маркийн 15-54 АРХ улсын дугаартай автомашинаар очтол нэг цагдаа намайг энэ мотоцикль чиний алдсан мотоцикль мөн үү гэж цэнхэр өнгийн мустанг-5 маркийн мотоцикль үзүүлсэн. Уг үзүүлсэн мотоцикль миний мотоцикль мөн байсан учир нь би мотоциклио зөв талын кропны тэнд хагарсан байсныг абро цавуугаар наасан байсан, мөн 1 дөрөө байхгүй байсан. Би уг онцлог, содон шинж тэмдэгээр нь мотоциклио таньсан. Тухайн үед миний мотоциклийн хажууд танихгүй 2 хүн зогсож байсан. Банкны тагийг эвдсэн, рулийн түгжээг нь эвдсэн, мөн хойд болон урд карлануудын гялбааг нь ховхолж авсан, 2 ширхэг толь нь байхгүй, суудлын цоохор ширмэл бүрээсийг нь аваад хаячихсан, кундакторын утсыг нь салгаад хаячихсан байсан. Тухайн үед ил харагдах байдлаар мотоцикльд уг эвдрэл учирсан байсан. Би тэр хоёр хүнийг танихгүй, өмнө нь зүс харж байгаагүй. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Гаалын бичиг нь миний мотоциклийг худалдаж авсан хүнд байгаа гэсэн. Би мотоциклио 800.000 төгрөгөөр үнэлнэ. Миний хувьд алдагдсан мотоциклио олсон болохоор гомдол, санал байхгүй. Гэхдээ миний мотоциклийг авсан хүмүүсээс мотоциклийнхоо эвдэрлийг засварлуулах мөнгө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/

*Хохирогч Ц.Агийн дахин өгсөн: 

“...Би хохирол төлбөрөө гүйцэд авсан. Хохирол төлбөрөө авсан баримт байхгүй. Тухайн үед мотоциклио авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/,

 

*Гэрч Г.Цгийн өгсөн:

“...2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 31-19 тоот хашаанд байх гэртээ байж байгаад миний бие өвдөөд байхаар нь өдөр 14 цаг 30 минутын үед найз Ц.А рүү утсаар ярьж өвчин намдаах эм аваад ирээч гэж дуудсан. Тэгээд удалгүй Ц.А мотоциклиор ирээд мотоциклоо хашааны гадаа орхичихоод манай гэрт орж ирээд надад эм өгчихөөд манайд 20 орчим минут болчихоод Ц.А гэр рүүгээ явлаа гээд гараад явсан гэтэл удалгүй миний мотоцикль алга болчихсон байна гээд над руу утсаар ярьсан. Тэгээд би гэрээсээ гарч Ц.Агийн мотоциклийг тэр хавиараа хайсан боловч сураг гараагүй, тэр үед Ц.А мотоциклийнхоо мөрийг дагаад явсан боловч хайгаад олоогүй. Тэгээд Ц.А цагдаад мэдэгдсэн. Удалгүй цагдаа нар ирж хэргийн газарт үзлэг хийсэн. Орой 21 цаг өнгөрч байхад Ц.А өөрийн 80021554 дугаарын утаснаас залгаж Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутагт байрлах Цагаан хаалганы тэндээс мотоциклио олоод аваад явж байна гэж хэлсэн. Би мотоциклыг нь холоос харж байсан цэнхэр өнгөтэй мотоцикль байсан. Онцлог, содон шинж тэмдэг маркийг нь сайн мэдэхгүй байна. Ц.А манай хашааны хойд талын хаалганы баруун талд байрлах шийдний хажууд орхисон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/

*Гэрч Д.Гын өгсөн:

“...2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би Архангай аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албаны жолоочоор томилогдон ажиллаж байх хугацаанд өдөр 15 цагийн үед Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 31-19 тоот хашааны үүднээс мотоцикль алдлаа гэх дуудлаганд жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний хамт хэргийн газарт очиж ажилласан. Гэтэл орой 18 цагийн үед мотоцикльтой 2 хүн машин шүргээд зугтаалаа гэх дуудлагын дагуу Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Цагаан хаалганы зүг мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Тгийн хамтаар очиход Ц.Б гэх залуу, танихгүй 1 залуугийн хамт цэнхэр өнгийн мустанг-5 маркийн мотоциклийн хажууд зогсож байсан. Тухайн үед өдөр мотоцикль алдсан Ц.А гэх залууг мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Т дуудаж Ц.Б болон танихгүй залуу хоёрын унаж явсан цэнхэр өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг үзүүлэхэд миний хулгайд алдагдсан мотоцикль мөн байна гэж Ц.А хэлсэн. Би Ц.Б гэх хүнийг танина. Өмнө цагдаагаар байнга баривчлагдаж байсан хүн, Ц.Бтэй ямар нэгэн төрөл, садангийн холбоо байхгүй. Ц.Бтэй хамт явж байсан залууг танихгүй, ямар нэгэн төрөл, садангийн холбоо байхгүй. Цэнхэр өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг 2 хөлтэй данхараад дээр нь данхараадсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 29 дүгээр тал/

*Яллагдагч Б.Бийн өгсөн:

“...2018 оны 05 дугаар сард өдрийг нь санахгүй байна Ц.Б ахтай хамт Дгийнд орчихоод гараад иртэл гудамжинд цэнхэр өнгийн мустанг-5 маркийн, улсын дугааргүй мотоцикль байхаар нь Ц.Б ах толгойны утсыг салгаж асаагаад би ард нь сууж сундлаад Ц.Б ах унаад хулгайлж явсан. Тухайн үед зах орчихоод буцаад Дгийнд очихоор явж байсан чинь захын урд машинтай шүргэлцээд тэр машинаас зугтаж засмал замаар цагаан хаалга хүртэл яваад баригдсан. Тэгээд цагдаа нар ирж мотоциклийн эзэнг дуудаж үзүүлээд мотоцикль хураалгасан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Ц.Б ах бид хоёр л явсан, өөр хүн байгаагүй, мэдэх хүн байхгүй. Мотоциклийн эд зүйлсийг Ц.Б бид хоёр өөрчилсөн. Унаж явчихаад буцаагаад авчирах байсан. Би ажил байхгүй, миний малыг ах Батбаатар малладаг. Би албан ёсоор Цэнхэр сумын Цэцэрлэг баг, Бүрд гэх газар оршин сууж байгаа. Дуудсан цагт нь 2 хоног очиж чадаагүй. Тэгээд дуудсан цагт нь очиж чадаагүй болохоор айгаад зугтаачихсан. Зугтаасан үедээ Улаанбаатар хотод барилгын ажил хийж байсан. Хулгай хийгээгүй, буцааж авчирч өгөх гэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 55-58 дугаар тал/ 

*Яллагдагч Ц.Бийн өгсөн: 

“...2018 оны 05 дугаар сард /өдрийг нь санахгүй байна/ Б.Бтой хамт Дгийнд орчихоод гараад иртэл гудамжинд цэнхэр өнгийн мустанг-5 маркийн, улсын дугааргүй мотоцикль байхаар нь би толгойны утсыг салгаж асаагаад Б.Б миний ард нь сууж сундлаад унаад хулгайлж явсан. Тухайн үед зах орчихоод буцаад Дгийнд очихоор явж байсан чинь захын урд машинтай шүргэлцээд тэр машинаас зугтаж засмал замаар цагаан хаалга хүртэл яваад баригдсан. Тэгээд цагдаа нар ирж мотоциклийн эзэнг дуудаж үзүүлээд мотоцикль хураалгасан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Б.Б бид хоёр л явсан, өөр хүн байгаагүй, мэдэх хүн байхгүй. Мотоциклийн эд зүйлийг Б.Б бид 2 өөрчилсөн. Тухайн мотоциклийг унаж явчихаад буцаагаад авчирах гэж байсан. Хулгай хийх санаа байгаагүй. Би албан ёсоор Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, Барилгын 16-р байрны 1-4 тоотод оршин сууж байгаа. Би дуудсан цагт ирдэг. Би тухайн үед согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-65 дугаар тал/ 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 136 дугаартай: “...Мустанг-5 маркийн мотоциклийн үнэлгээг 2018 оны 05 дугаар сарын байдлаар 1.200.000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 32 дугаар тал/ 

*Монголын хөрөнгийн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2019 оны 05 сарын 15-ны өдрийн 62 дугаартай: “...Мотоциклийн банкны тагны үнэ 5.000, рулийн түгжээний үнэ 5.000, хойд урд гялбааны үнэ 12.000, толь 10.000, суудлын бүрээсний үнэ 10.000 төгрөг, нийт үнэ 42.000 төгрөг...” гэх дүгнэлт/хх-ийн 39 дүгээр тал/ 

*Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 14-15 дугаар тал/ 

*Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 16-21 дүгээр тал/ 

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 66, 72 дугаар тал тал/ зэргийг шинжлэн судалсан болно. 

 

    Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бортолгой хорооллын 31-19 тоот хашааны гаднаас иргэн Ц.Агийн эзэмшлийн цэнхэр өнгийн мустанг-5 маркийн мотоцикль алдагдсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Б, Ц.Б нар бүлэглэн үйлдсэн болох нь хохирогч Ц.Агийн“...Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 31-19 тоотод оршин суух Г.Цгийн гэрийн хашааны гадаа мотоциклийнхоо рулийг нь түгжиж орхиод орж эм өгчихөөд Г.Цгийнд 20 орчим минут болчихоод гараад иртэл хашааны үүдэнд тавьсан байсан миний мотоцикль хулгайд алдагдаж алга болсон байсан. Тэгээд тэр орчим хайсан боловч олдоогүй. Тэгээд цагдаад мэдэгдэж шалгуулсан. Гэтэл орой 21 цагийн  үед цагдаагаас над руу залгаж Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Цагаан хаалганы энд хүрээд ир гэж дуудсан. Тэгээд очтол нэг цагдаа намайг энэ мотоцикль чиний алдсан мотоцикль мөн үү гэж цэнхэр өнгийн мустанг-5 маркийн мотоцикль үзүүлсэн. Уг үзүүлсэн мотоцикль миний мотоцикль мөн байсан учир нь би мотоциклио зөв талын кропны тэнд хагарсан байсныг абро цавуугаар наасан байсан, мөн 1 дөрөө байхгүй байсан. Би уг онцлог, содон шинж тэмдэгээр нь мотоциклио таньсан. Тухайн үед миний мотоциклын хажууд танихгүй 2 хүн зогсож байсан. Банкны тагыг эвдсэн, рулийн түгжээг нь эвдсэн, мөн хойд болон урд карлануудын гялбааг нь ховхолж авсан, 2 ширхэг толь нь байхгүй, суудлын цоохор ширмэл бүрээсийг нь аваад хаячихсан, кундакторын утсыг нь салгаад хаячихсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Цгийн “...Тэгээд удалгүй Ц.А мотоциклиор ирээд мотоциклио хашааны гадаа орхичихоод манай гэрт орж ирээд надад эм өгчихөөд манайд 20 орчим минут болчихоод Ц.А гэр рүүгээ явлаа гээд гараад явсан гэтэл удалгүй миний мотоцикль алга болчихсон байна гээд над руу утсаар ярьсан. Тэгээд би гэрээсээ гарч Ц.Агийн мотоциклийг тэр хавиараа хайсан боловч сураг гараагүй...” гэх мэдүүлэг, гэрч Д.Гын “...2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би Архангай аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албаны жолоочоор томилогдон ажиллаж байх хугацаанд өдөр 15 цагийн үед Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 31-19 тоот хашааны үүднээс мотоцикль алдлаа гэх дуудлаганд жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний хамт хэргийн газарт очиж ажилласан. Гэтэл орой 18 цагийн үед мотоцикльтой 2 хүн машин шүргээд зугтаалаа гэх дуудлагын дагуу Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Цагаан хаалганы зүг мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Тгийн хамтаар очиход Ц.Б гэх залуу, танихгүй 1 залуугийн хамт цэнхэр өнгийн мустанг-5 маркийн мотоциклийн хажууд зогсож байсан...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 136 дугаартай дүгнэлт, мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 62 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, шүүгдэгч Б.Б, Ц.Б нарын бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.  

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Ц.Б нарын бүлэглэн бусдын хөрөнгийг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүгдэгч Б.Б, Ц.Б нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрэн, улсын яллагчтай хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн боловч шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйн улмаас шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд хуульд заасан 72 цагийн дотор хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй болсон тул хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.Б, Ц.Б нарт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, шүүгдэгч Б.Бийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Б, Ц.Б нарт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 05 сарын 28-ны өдрөөс 05 сарын 29-ний өдөр хүртэл 1/нэг/ хоног, шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 05 сарын 27-ны өдрөөс 2019 оны 05 сарын 29-ний өдөр хүртэл 2/хоёр/ хоног цагдан хоригдсон тул тэдний цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцож  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5,  36.8 дугаар зүйлийн 3, 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

 

1. Шүүгдэгч Х овогт Бийн Б, Б овогт Цийн Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг 300/гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.Бийг 300/гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ц.Б нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

4. Шүүгдэгч Б.Б, Ц.Б нарт оногдуулсан 300/гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт хийлгэхээр тогтоосугай. 

 

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн цагдан хоригдсон 1/нэг/ хоног, шүүгдэгч Ц.Бийн цагдан хоригдсон 2/хоёр/  хоногийн нэг хоногийг тус тус нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хассугай. 

 

6. Шүүгдэгч Б.Б, Ц.Б нар  нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Б, Ц.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       П.ГАНДОЛГОР