Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2019/0727/З |
Дугаар | 221/МА2020/0499 |
Огноо | 2020-08-19 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2020/0499
Д.Э нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч Д.Э, “ЭС” ХХК, “БМ” ХХК, “ЭЛ” ХХК, “ЭА” ХХК, “ТН” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, нэхэмжлэгч “ЭЭЭЭ” ХХК-ийн өмгөөлөгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 403 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу Д.Э нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 403 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д”, Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч иргэн Д.Э, “ЭС” ХХК, “БМ” ХХК, “ЭЛ” ХХК, “ЭА” ХХК, “ТН” ХХК, “ЭЭЭЭ” ХХК-иудаас гаргасан, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаар /солбицол, газрын зааг хязгаарын зураг/-ийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
“ЖТ” ХХК, “ЖЗ” ХХК-иуд нь шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацаанд нэхэмжлэлээ дэмжиж ирүүлээгүйг, иргэн О.Б нь өөрийн газар ашиглах эрхээ “ТН” ХХК-д шилжүүлснээр тэрээр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болсон үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан тул шүүх уг татгалзлыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг тус тус дурдаж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.Э, “ЭС” ХХК, “БМ” ХХК, “ЭЛ” ХХК, “ЭА” ХХК, “ТН ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гэрэлтуяа давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 403 шийдвэрийг нэхэмжлэгч Д.Э, “Э А” ХХК, “Э С” ХХК, “Т Н”ХХК, “Б М” ХХК, “ЭЛ” ХХК, нарын зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Энэхүү гомдолыг гаргаж байна.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг зөв тодорхойлоогүй байх бөгөөд нэхэмжлэгч нар нь Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” тогтоолоор 6 дугаар бүсэд орсноор хэт өндөр татвар төлөх болсон тухай нэхэмжлэл болон хуралдааны явцад шүүхэд тодорхой тайлбарласан байдаг. Гэтэл шүүхээс төлбөртэй маргаагүй гэдэг шалтгаанаар энэ талаар дүгнэлт хийхээс татгалзсан шийдвэр гаргасан байна. Гомдол гаргах учир нь, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-д зааснаар “Аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа газрын төлбөрийг тухайн тойргийн хамгийн ойр орших хот, тосгон, бусад суурин газрын төлбөрийн хэмжээтэй адилтгаж тооцно” гэсэн заалтын дагуу нэхэмжлэгчид өөрийн төлбөр тооцох бүсчлэлийг 6 дугаар бүсээр бус Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхор тосгоны “худалдаа, бүх төрлийн үйлчилгээ” гэсэн ангиллаар тогтоосон 9 дүгээр бүсэд хамруулах ёстой гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтад оруулснаас хамааран 6 дугаар бүсэд хамаарах төлбөр тогтоогдож байгаа нь нэхэмжлэгчдийн хууль ёсны эрх ашгийг хөндөж байгаа юм. Нэхэмжлэгчдийн зүгээс 6 дугаар бүсийн хилийн заагийг өөрчлүүлэх бус аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг 6 дугаар бүсэд хамаатуулан тухайн бүсд оногдох төлбөр нэхэмжилж байгаад гомдол гарган нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан болно.
Мөн хариуцагчаас хэрэгт ирүүлээгүй нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргасан байна. Хариуцагчаас дээрх хэм хэмжээний актыг гаргахын өмнөх хэлэлцүүлгийн талаар мэдээллийг өөрийн албан ёсны цахим хуудсанд байрлуулсан талаар тайлбар ирүүлсэн боловч хэрхэн яаж ямар байдлаар ямар цахим хуудсанд байруулсан тухай нотлох баримт ирүүлээгүй байдаг. Гэтэл энэ талаар нотлох баримт хэрэгт авагдсан мэтээр шүүхээс тайлбарлан, түүнийгээ үндэслэн шийдвэр гаргажээ. Хариуцагчаас шүүх хуралдааны явцад хэлэлцүүлэг явуулахад тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд оролцсон гэх бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй тул гарын үсэг зураагүй гээд нэг компанийн нэр дурьдсан байдаг гэтэл шүүх баримтаар нотлогдоогүй тухайн нөхцөлийг шийдвэр гаргахдаа мөн үндэслэл болгожээ.
Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь 2020 оны 02 дуаар сарын 01-ний өдрийн 25 дугаар бүхий тогтоол батлахдаа захиргааны хэм хэмжээний акт батлан гаргахтай холбоотой Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтууд болох 61 дүгээр зүйлийн 61.4.Захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээг энэ хуулийн 61.6-д заасан аргачлалын дагуу хийж, түүнд дараах нөхцөл байдлыг тусгаж, танилцуулга бэлтгэнэ: 61.4.3 акт гарсны дараа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь аливаа байдлаар хөндөгдөх бүлгийг тодорхойлох; 61.4.4.хүний эрх, эрх чөлөө, өрсөлдөөнийг хязгаарласан, эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан, аливаа хүнд суртал, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн байж болзошгүй зохицуулалт агуулж байгаа эсэх; 61.6. Нөлөөллийн шинжилгээ хийх аргачлалыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Мөн Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны А/147 дугаар тушаалийн,
2.1. Нөлөөллийн шинжилгээнд Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт заасан дараахь нөхцөл байдлыг тусгаж, түүнд хариулт өгөх байдлаар хийнэ:
2.1.3. акт гарсны дараа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь аливаа байдлаар хөндөгдөх бүлгийг тодорхойлох, Тухайн захиргааны хэм хэмжээний актын улмаас нийгмийн ямар бүлэг, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгааг тодорхойлж, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасан журмын дагуу холбогдох ажиллагааг явуулна.
2.1.4. хүний эрх, эрх чөлөө, өрсөлдөөнийг хязгаарласан, эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан, аливаа хүнд суртал, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн байж болзошгүй зохицуулалт агуулж байгаа эсэх;
2.1.4.1. Ялгаварлан гадуурхсан эсхүл аль нэг бүлэгт давуу байдал үүсгэх эсэх;
2.1.4.5. Хязгаарлагдмал өрсөлдөөний улмаас үнийн хөөрөгдөл бий болох эсэх;
2.1.4.6. Аль нэг аж ахуйн нэгжид, ялангуяа зах зээлд шинээр орж ирж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд бэрхшээл, хүндрэл бий болох эсэх;
2.1.4.7. Төрийн байгууллага болон бусад иргэн, хуулийн этгээдэд захиргааны шинж чанартай нэмэлт ачаалал бий болох эсэх;
2.1.4.8. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсооход хүргэх эсэх;
2.1.4.9. Эдийн засаг , нийгмийн болон бусад үйл ажиллагаанд ямар нэгэн саад хориг тогтоох эсэх, хэрэв тийм бол тэр нь хуульд нийцсэн эсэх;
2.1.4.10. Хэрэглэгчдийн эрх ашигт нөлөөлөх эсэх гэсэн асуултуудад хариулан нөлөөллийн шинжилгээг хийх ёстой байтал зөвхөн нэг талын баримталсан дүр үзүүлсэн нөлөөллийн шинэжилгээ хийсэн байдаг.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ гэснийг огт хэрэгжүүлээгүй нэхэмжлэгч нарыг хэлэлцүүлэгт оролцох боломжоор хангаагүй гэж үзэж байна.
Хэрэгт ирүүлсэн нотлох баримтаас харахад нэхэмжлэгч нарын ашиглаж буй газар нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамаарах бөгөөд тус хорооноос зохион байгуулсан гэх хэлэлцүүлэгийн зарын цаг болон хурлын тэмдэглэлийн цаг илт зөрүүтэй, хариуцагчаас ирүүлсэн нөлөөллийн шинжилгээ нь илт нүд хуурсан алдаатай байхад шүүх уг баримтыг шаардлага хангасан гэж үзэж шийдвэр гаргасан нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь дүүргээс зохион байгуулсан гэх хэлэлцүүлгийн талаар мэдээлэл авах боломжоор хангаагүй, хэлэлцүүлэгт оролцох хугацааны боломж олгоогүй нь нотлох баримтаас харагдаж байхад шүүхээс үүнийг үл харгалзан шийдвэр гаргажээ.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 403 шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч “ЭЭЭЭ” ХХК-ийн төлөөлөгч Д.Г давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 403 шийдвэрийг нэхэмжлэгч ЭЭЭЭ” ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул энэхүү гомдлыг гаргаж байна.
“ЭЭЭЭ” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашигладаг бөгөөд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25 дугаар тогтоолын дагуу манай газрын төлбөр 7 дахин нэмэгдсэн.
Шүүхээс манай компани нэхэмжлэлийн шаардлагыг буруу ойлгож, хэргийг шийдвэрлэсэн гэдгийг шүүхийн шийдвэрийг бичгээр гарсаны дараа олж мэдлээ. Учир нь анх нэхэмжлэгч талаас нэхэмжлэлдээ тодорхойлохдоо хавсралт-1-д заасан хилийн зааг, бүсийг өөрчлөх гэж тодорхойлсон, гэхдээ нэхэмжлэгч талын зүгээс үүнээс хойш төлбөрийг тогтоосон 2 дугаар хавсралтыг мөн үндэслэлгүй гэж үзэж байгаа гэдгээ шүүх хуралд тодорхой хэлсэн байдаг. Гэтэл манай компаний нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн хилийн бүс, заагтай холбоотой асуудлаар хязгаарлан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Шүүхээс үндэслэлээ тайлбарлахдаа Газрын төлбөрийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэр, нутгийн удирдлагын тухай хуулийг зохицуулалтыг тайларлаж дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд газрын төлбөрийг тогтоох эрхтэй талаар тайлбарлажээ. Анхнаасаа манай нэхэмжлэгч талууд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газрын төлбөрийг тогтоох эрхгүй гэж огт маргаагүй, энэ тал дээр талууд огт маргаагүй билээ. Маргаан бол иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулийн олгосон эрх хэмжээ, бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хуульд заасан журам, бодитой судалгаа, тооцооллын үндсэн дээр шийдвэр гаргасан уу, эсхүл санаатайгаар тухайн Богд-Уулын бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг газрын төлбөрийг өндрөөр тогтоож бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болгох зорилготой байсан уу.
Захиргааны хэргийн шүүхээс хэргийн нотлох, тал бүрээс нь үндэслэлтэйгээр шийдвэрлэх тал дээр огт анхаараагүй гэдэг нь шүүх хурлын мэтгэлцээний шатанд тодорхой болсон. Тухайлбал, хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгч нарын асуултад огт хариулаагүй 1 дүгээрт нөлөөллийн шинжилгээг хэрхэн хийсэн, хийхдээ хуульд заасан шаардлагыг яагаад хангаагүй вэ, хэн боловсруулж, ямар судалгааны үндсэн дээр боловсруулав, хэзээ боловсруулав 2 дугаарт маргаан бүхий Богд-Уулын дархан цаазат газарт газар ашиглаж буй иргэдтэй яагаад сонсох ажиллагааг хийгээгүй вэ гэх асуултад хийсэн гэх боловч баримт огт байхгүй байдаг. Шүүхэд хариуцагчаас ирүүлэн нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэн тайлбар хийж байхад шүүгч нотлох баримтын шаардага хангасан баримт байгаа эсэхийг огт тодруулж судлаагүй, үзлэг хийх, өөр бусад байдлаар нотлох баримт цуглуулах ажиллагааг огт хийгээгүй хайнга хандсан, мөн шүүх хурал дээр худал тайлбар гаргаж байхад энэ талын үнэн зөв, бодит нотолгоог цуглуулах тал дээр огт ажиллаагүй, шүүх хуралд ямар ч бэлтгэлгүй оролцсон нь нэхэмжлэгч бидний хувьд туйлын гомдолтой, шүүх эрх мэдлийн хэрэгжүүлж буй албан тушаалтнууд хариуцлагатай хандаж байх шаардлагатайг харуулсан.
Захиргааны ерөнхий хуульд Захиргааны хэм хэмжээний акт гаргах, Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх, Захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал авах зэрэг хуулийн шаардлагыг хангаагүй.
Захиргааны ерөнхий хуулийн 61.4.3.акт гарсны дараа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь аливаа байдлаар хөндөгдөх бүлгийг тодорхойлох; /улсын хэмжээнд хамгийн өндөр татвар төлөх болоод байгаа.
Захиргааны ерөнхий хуулийн 61.4.4.хүний эрх, эрх чөлөө, өрсөлдөөнийг хязгаарласан, эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан, аливаа хүнд суртал, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн байж болзошгүй зохицуулалт агуулж байгаа эсэх гэсний дагуу эдийн засаг нийгмийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх талаар судалгаа хийгээгүй, тусгай хамгаалалтай газар нутагт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг цаашид үйл ажиллагаагаа тогтвортой эрхлэн явуулах боломжгүй эдийн засгийн хүнд нөхцөлд оруулж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйл 61.4. Захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээг энэ хуулийн 61.6-д заасан аргачлалын дагуу хийж, түүнд дараах нөхцөл байдлыг тусгаж, танилцуулга бэлтгэнэ.
Захиргааны ерөнхий хуулийн 61.6.Нөлөөллийн шинжилгээ хийх аргачлалыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Гэсний дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын гаргасан 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/147 дугаар тушаалар Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлалын баталсан байдаг. Гэтэл хариуцагчийн төлөөлөгч нөлөөллийн шинжилгээг боловсруулах аргачлал байдаг эсэхийг ч бараг мэдэхгүй, нэхэмжлэгч нараас асуусан асуултыг огт ойлгохгүй мэтгэлцээн явагдах ямар ч боломж байгаагүй. Учир нь хариуцагч нь мэдвэл зохих хууль тогтоомжийг огт ойлгож хэрэглэж чадахгүй байхад шүүгч үндэслэлтэй мэт хүлээн авч шийдвэрлэсэн тул.
Аргачлалын 1 дүгээр зүйл 1.4.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; 1.4.6. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх , оролцоог нь хангах.
2 дугаар зүйлийн 2.1.4.6. Аль нэг аж ахуйн нэгжид, ялангуяа зах зээлд шинээр орж ирж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд бэрхшээл, хүндрэл бий болох эсэх; 2.1.4.8. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсооход хүргэх эсэх, зэрэг асуултуудад огт хариулаагүй бөгөөд нөлөөлийн шинжилгээ хийхдээ өгсөн хариултууд нь зөвхөн нэг талыг баримталсан өөрсдийн эрх ашгийг хамгаалсан шинжтэй байна. Нөлөөллийн шинжилгээ хийж байгаа гол шалтгаан нь тухайн захиргааны хэм хэмжээний актыг баталснаар бусдын эрх ашиг хэрхэн хөндөгдөх, иргэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх үр дагаврыг урьдчилан судалж, тооцоолох цогц үйл ажиллагаа гэж үзэж байна.
Гэтэл Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь энэ үйл ажиллагааг хариуцлагагүй дутуу дулимаг хийсэн байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 болон Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлалын 2 дугаар зүйлийн 2.4-т заасны дагуу сонсох ажиллагааг хийгээгүй байна. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нийт 30 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан гэдэгч хангалттай хэмжээнд хэлэлцүүлгийн зараа мэдээлж чадаагүйгээс тус дүүргийн тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулдаг 25 дугаар тогтоолын дагуу хамгийн өндөр татвар төлөх иргэн аж ахуйн нэгжүүд оролцож чадаагүй.
Ерөнхийдөө шүүх хурал нөлөөллийн шинжилгээг хууль ёсны дагуу хийсэн үү, хэлбэрийн төдий хийсэн үү гэдэг тодруулахаар мэтгэлцсэн, гэтэл шүүгч шийдвэрийнхээ үндэслэлд огт нөлөөллийн шинжилгээг дурдаагүй байна. Учир нь Баянзүрх дүүргийн боловсруулсан нөлөөллийн шинжилгээ нь үнэндээ илт хэлбэрийн төлий, анхан шатны хуулийн мэдлэг ойлголтгүй, судалгаагүйгээр зохиосон ойлгомжгүй баримт шүүхэд ирүүлсэн тул. Гэтэл ийм зохиомол баримтыг шүүх үнэлдэг, Хууль зүй, дотоод хэргийн яам нь нөлөөллийн шинжилгээг хуулийн дагуу хийсэн гэж үзэж бүртгэж авсан. Үүнээс үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн үзэл баримтлал зохицуулалтыг орон нутгийн захиргааны байгууллагууд огт ойлгодгүй юм байна, тэр дундаа Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хууль зүй, дотоод хэргийн яам маань мөн ойлгож хэрэгжүүлж чадахгүй байгаа юм байна, анхан шатны шүүх мөн ойлгож хэрэглэж чадахгүй байна гэж үзэж нэхэмжлэгч бид давж заалдах шатны шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээс өөр аргагүй нөхцөл үүслээ. Анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийн үндэслэлийг нэхэмжлэгч бидэнд ойлгомжтой, хууль зүйн үндэслэлтэй гаргаж ирвэл бид ойлгоно. Гэтэл шүүхийн шийдвэрийг уншаад яг ямар үндэслэлээр манай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоод байгаа нь ойлгомжгүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 403 шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд хэргийг буцааж шаардлагатай бүх нотлох баримтыг цулуулсаны үндсэн дээр хэргийг дахин шийдвэрлүүлэх боломжийг олгож өгөхийг хүсч байна.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянав.
Нэхэмжлэгч нар нь Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаар /солбицол, газрын зааг хязгаарын зураг/-ийн Д.Э, “БМ ХХК, “ЭЛ” ХХК, “ЭЭЭЭ” ХХК нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “ЭС” ХХК, “ЭА” ХХК, “ТН” ХХК нарт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд нийцүүлэн үнэлж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Харин нэхэмжлэгч нараас шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буруу ойлгосон, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар олгосон эрх хэмжээ, бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хуульд заасан журам, бодитой судалгаа, тооцооллын үндсэн дээр шийдвэр гаргасан тухайд нотлох баримтыг буруу үнэлсэн гэх үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, (бүс) суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолоор Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээг шинэчлэн тогтоож баталсантай холбогдуулан Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д” заасныг тус тус үндэслэн маргаан бүхий Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” 25 дугаар тогтоолыг баталсан байна.
Ийнхүү уг хэм хэмжээний актыг боловсруулахад Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-д заасны дагуу “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолын нөлөөллийн шинжилгээ болон 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн нөлөөллийн шинжилгээний танилцуулга зэргийг гүйцэтгэжээ.
Гэвч нэхэмжлэгч нараас тус нөлөөллийн шинжилгээ нь Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/147 дугаар тушаалаар батлагдсан “Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал”-д заасныг хангаагүй хэмээн тайлбарлаж байх боловч Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ” гэж зааснаар маргаан бүхий акт нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 4238 дугаарт бүртгэгдсэн байгаагаас үзвэл хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан гэж үзэх тул анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэлт гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч нараас тус нөлөөллийн шинжилгээ, хэм хэмжээний актыг бүртгэсэн бүртгэлтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учир шүүх тус нөлөөллийн шинжилгээ үндэслэлтэй тухайд дүгнэлт өгөх шаардлагагүй.
Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасны дагуу хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг хийхээр “Хэлэлцүүлэгт хамрагдахыг урьсан” урилга бүхий зарыг тус дүүргийн иргэний танхимыг цахим хуудас, нийт 28 хорооны мэдээллийн самбаруудад байршуулан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан ба нэхэмжлэгч нарын давж заалдах гомдолдоо тайлбарлаж буй Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны тухайд газар зохион байгуулалтын төлөвлөгөөг танилцуулах хэлэлцүүлгийг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус хорооны иргэний танхимд зохион байгуулж, 68 иргэн оролцож, санал хүсэлтээ гаргасан нь тогтоогдож байхад нэхэмжлэгч нар тус хэлэлцүүлэгт оролцоогүй нь хариуцагч байгууллагыг буруутгах үндэслэл болохгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон байна.
Дээрхээс гадна хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч нар нь Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон атал давж заалдах гомдолдоо “...төлбөрийг тогтоосон 2 дугаар хавсралтыг мөн үндэслэлгүй гэж үзэж байгаа гэдгээ шүүх хуралд тодорхой хэлсэн...” хэмээн тайлбарласан нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохүй бөгөөд нөгөө талаас тус хавсралтаар батлагдсан “Газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга” нь мөн анхан шатны шүүхийн дүгнэснээр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд газрын төлбөрийг тооцох итгэлцүүрийг тооцоолон гаргасан хүснэгт болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 403 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д нэхэмжлэгчийн төлөөлөгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА