Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 1187

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ХХХ"-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дугаар сарын 7-ны өдрийн 101/ШШ2016/03041 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “ХХХ"-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ХХХ"-д холбогдох

 

Дундын өмчлөлийн эд зүйлийн засвар үйлчилгээний зардал 900 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч       ХХХ                                    

Хариуцагчийн төлөөлөгч                                     ХХХХ

Хариуцагчийн өмгөөлөгч                                     ХХХХ                      

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга          Ө.Маралмаа нар оролцов.

 

            Нэхэмжлэгч ХХХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус “ХХХ" нь 2011 онд бүх гишүүдийн хурлаар байгуулагдаж, оршин суугчдад хууль буюу гэрээнд заасан үйлчилгээг үзүүлж байна. Тус СӨХ-ны гишүүн “ХХХ” эмийн сангийн захирал ХХХХ нь 2014 оны 6 дугаар сараас хойшх хугацааны төлбөрийг төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анх бид оршин суугч нараас 5 180 төгрөг хураадаг байсан. Учир нь ихэвчлэн өндөр настай хүмүүс байсан учраас боломжийг нь бодолцдог байсан. Харин ХХХХ гуайн хувьд төлбөрөө төлөхгүй байгаа нь өөрийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой гэж бодож байна. Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт, 149 дүгээр зүйлийн 149.1.2, 149.2 дахь хэсэгт, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.2.3, 13.2.4-т заасныг үндэслэн 2014 оны 6 дугаар сараас 2016 оны 2 дугаар сар хүртэлх 20 сарын хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг нэг сарын 30 000 төгрөгөөр тооцож 600 000 төгрөг, алданги 300 000 төгрөг, нийт 900 000 төгрөг нэхэмжилж байна. Манай байр төв зам дагуу боловч хүн үйлчлүүлэхэд хэцүү учраас бид орлого муу байгаа зэрэг байдлыг харгалзаж 2014 оны 5 дугаар сараас хэсэг хугацаанд сарын 20 000 төгрөгийн төлбөр авч байсан. Гэвч өөрөө гэрээний дагуу үүргээ биелүүлэхгүй байсан учраас шүүхэд хандсан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

           

Хариуцагч “ХХХ” -ийн захирал ХХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би СӨХ гэдэг зүйлийг ойлгохгүй байна. СӨХ-д хичнээн айл байх ёстой талаар стандарт гэж байдаг эсэхийг мэдэхгүй юм. Манай байр 30 айлын орон сууц бөгөөд доод давхарт 10 айл үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнд өөрийн өмчлөлийн байр нэг ч байхгүй, бүгд түрээсэлдэг. Манай эмийн сан орлого багатай, ажилтныхаа цалинг 3 хуваагаад төлж чадахгүй байна. Дээрээс ус алдахаас болоод хөгшин настай хүмүүст хэрэгтэй эмийн уусмалуудаа найруулж чадахгүй болсон. Үүнээс болж би үйлчилгээ үзүүлж чадахгүй, орлого олж чадахгүй байна. Одоо ч ус гоожсон хэвээр байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бас өөрөө мэдэж байгаа байх гэж бодож байна. Шүүхэд өгсөн баримтуудыг харвал зарим нь гарын үсэггүй байгаа, 2009 онд төлбөр төлсөн ганцхан баримт өгсөн, 2013 онд миний гарын үсэгтэй 3 ширхэг баримт байгаа бөгөөд намайг байхгүйг эзгүйчлээд ажилладаг хүүхдүүдээс маань төлбөр авчихдаг байсан. Би 2011 онд СӨХ-ны дарга ХХХ-т 165 300 төгрөгийг бэлнээр тоолж өгснийг тооцоогүй байсан. СӨХ-ны төлбөр авчихаад 2012 онд бас 1 ширхэг баримт, 2013 онд 12 ширхэг баримт өгсөн байдаг. Өөрсдөө дутуу баримт өгчихөөд сүүлд нь ингээд нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурьдсанаас 2014 онд 10 сарын төлбөрийг төлөөд 2 сарыг төлөөгүй, 2015 онд бүтэн 12 сарын төлбөр төлөөгүй, 2016 оны 1,2 дугаар сарын төлбөрийг төлөөгүй. Ер нь бол манай байранд СӨХ байх хэрэггүй, татан буулгах хэрэгтэй. Бусад СӨХ-той харьцуулахад их хангалтгүй ажилладаг гэв.

 

            Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “ХХХ” ЗГБХН-ийн захирал ХХХХгаас 510 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 390 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15 950 төгрөгийг гаргуулж, “ХХХ" -д олгож шийдвэрлэжээ.

.

 

            Хариуцагч давж заалдах гомдолдоо: ... Талуудын хооронд 2011-оны 4 дүгээр сарын 1-нд байгуулагдсан "Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний 1.5 дахь хэсэгт  "Гэрээ нь талуудын гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж 1 жилийн хугацаатай байгуулна. Гэрээний хугацаа дуусч талуудын аль нэг нь гэрээг цуцлах санал гаргаагүй бол энэхүү гэрээ нь сунгагдсанд тооцно" гэх заалтын дагуу уг гэрээний хугацаа 2013 оны 4 дүгээр сарын 1-нд дууссан байна. Нэгэнт дуусгавар болсон гэрээг үндэслэн алдангинд 170 000 төгрөг гаргуулахаар шийдэж буй нь үндэслэлгүй талуудын хооронд 2014-2016-оны хооронд гэрээ бичгээр хийгдээгүй нь тогтоогдож байгаа тул алданги төлөхийг зөвшөөрөхгүй байна. Монгол улсын ирэгний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт "Анзын гэрээг бичгээр хийнэ" гэх заалтаар 2014-2016-оны хооронд гэрээ хийгдээгүй тул алданги тооцогдохгүй. Иймд Баянзүрх,Чингэлтэй ,Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 7-ны 101/ШШ2016/03041 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж алдангийн 170 000 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

                                               

     ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ХХХ нь хариуцагч “ХХХ” ЗГБХН-ийн захирал ХХХХгаас дундын өмчлөлийн эд зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргажээ.  

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд орон сууц өмчлөгчийн оролцох үүргийн талаар зохицуулсан.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд СӨХ-ны дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээ, цэвэрлэгээний төлбөрийг аж ахуйн нэгжээс 1 м.кв-аас 600 төгрөг авахаар тогтсон нь бүх гишүүдийн хурлын тэмдэглэлээр тогтоогдсон байна. /хх 12-13/

 

Талууд 2011 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний хуримтлалын гэрээ” гэсэн гэрээг бичгээр байгуулсан бөгөөд уг гэрээгээр хариуцагч байгууллага засвар үйлчилгээ, цэвэрлэгээний төлбөрийг төлөхөөр тохиролцжээ. /хх 10-11/

 

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч “ХХХ” ЗГБХН нь тухайн байранд үйл ажиллагаа явуулж байх тул дээрх гэрээг өмнөх нөхцлөөр хугацааг сунгагдсан гэж үзнэ.

Зохигчид хариуцагч байгууллагаас сарын 20 000 төгрөг төлүүлэхээр амаар тохиролцсон талаар маргаагүй бөгөөд хариуцагч “ХХХХ” 2011-2014 оны 5 дугаар сар хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөрийг төлж байсан үйл баримтууд тогтоогдсон байна. /хх 50-54/

 

Иймд хариуцагч байгууллага гэрээний үүргээ биелүүлж, “ХХХ" -нд сар бүрийн 20 000 төгрөг төлөх үүрэгтэй байна. Талууд гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч байгууллага зохих хэмжээнд зардал гарган засвар үйлчилгээний ажилд оролцож байсан, эдийн засгийн хямралаас үүдэн хариуцагч байгууллагын төлбөрийн чадвар муудсан гэсэн тайлбарыг нэхжэмлэгч үгүйсгээгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан алдангийн хэмжээг 100 000 төгрөгөөр багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 101/ШШ2016/03041 дугаар шийдвэрийн

 

1 дэх заалтад “…Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 гэсний дараа 232.8…” гэсэн заалт нэмж, “…510 000 төгрөг “ гэснийг “…410 000 төгрөг…” гэж,

 Шийдвэрийн 2 дахь заалтын “…15 950 төгрөг… гэснийг “… 12 950 төгрөг…” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлөөлөгч ХХХХгаас төлсөн 5 750 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ                 

 

                                             ШҮҮГЧИД                              С.ЭНХТӨР

 

                                                                                           Ц.ИЧИНХОРЛОО