Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/00445

 

Э.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/03326 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2017/02471 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Э.Э

          Хариуцагч: “Р” ХХК-д холбогдох

          Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4.200.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Э.Эийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Г.Н, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Э 2015-04-20-ны өдрөөс эхлэн хариуцагч байгууллагад ажиллаж байсан боловч түүнийг 2016 оны 8 дугаар сард ээлжийн амралттай байх хугацаанд буюу 2016-09-20-ны өдөр  ажлаас чөлөөлсөн. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн 2016-12-06-ны өдрийн 6895 дугаар шийдвэрээр түүнийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2,1 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ч биелэгдээгүй. Ажилгүй байсан цалин хөлс нэхэмжилснийг шүүхээс хангасан боловч томилогдоогүй байна. Шүүхийн шийдвэр гарсны дараа хариуцагчтай уулзаж, ажилдаа эргэн орох талаар шаардлага гаргахад ажил олгогчийн зүгээс шүүхийн шийдвэрээр олгосон цалин хөлсийг хэсэгчлэн олгох, цаашид ажиллахад хүлээн авах боломжгүй санал тавьж, шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж, ажилдаа орох гэхэд өөр нөхцөл тулгаж, ажиллуулахаас татгалзсан. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт өгөхөд түүнд урамшуулал болон үйл ажиллагааны зардал төлөх боломжгүй байсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулаагүй. Иймд хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 200 000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

       Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: Манай компани Баянзүрх дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн 2016-12- 06-ны өдрийн 6895 дугаар шийдвэрийг биелүүлж, 2017-01- 02-ны өдөр Б/01 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Э.Эийг өмнөх албан тушаалд эгүүлэн томилсон боловч ажилдаа ирээгүй, ажиллахаас татгалзсан. Тус дүүргийн шүүхийн шийдвэр гарсны дараа тэрээр өөрийн өмгөөлөгчтэй ирж, бидэнтэй уулзсан боловч ажилд эгүүлэн тогтоох тушаал, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсан боловч 2017-04- 28-ны өдрийн шүүх хуралдаан дээр Б/01 дүгээр тушаалыг танилцуулсан. Энэ хугацаанд нэхэмжлэгчтэй удаа дараа утсаар холбогдож, ажилдаа орох талаар сануулж байсан. Хэрэгт үүнийг нотолсон баримтууд авагдсан, нэхэмжлэгчийн гэрийн хаягаар “Монгол шуудан” ТӨХК-иар дамжуулан тушаал, мэдэгдлийг хүргүүлдэг байсан, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнд ажилдаа эргэн орох талаар сануулж, ярилцаж байсан боловч ороогүй тул нэхэмжлэгчийг 2017-07- 01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/03326 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Эийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсн тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2017/02471 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/03326 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгч Э.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...орчуулагч их эмчээр 2015 оны 4 сарын 20-ны өдрөөс ажиллаж байсан юм. 2016-08-20-ны өдрөөс ээлжийн амралтаа биеэр эдэлж эхэлсэн бөгөөд ээлжийн амралтын хугацаа 2016-09-12-нд дуусах байсан боловч 2016-09-02-нд над руу менежер Эрдэнэцэцэг утасдаж чамайг сахилгын зөрчил удаа дараа гаргаж, засраагүй учраас ажлаас чинь халсан байна. Завтай өдрөө ирж тойрохоо зуруулж, тушаалаа аваарай” гэж хэлсэн. Ингээд би шүүхэд нэхэмжлэл гарган Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-12- 06-ны өдрийн 6895 дугаар шийдвэрээр намайг ажлаас буруу халсныг тогтоож, хариуцагчид намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахыг даалгаж шийдсэн. Гэвч 2016-12-06-наас хойш би ажилдаа орох гэж удаа дараа эмнэлэг дээрээ очсон ч надтай уулзаагүй буцаасан. Ингээд би дахиад ажилгүй байсан хугацааны цалингаа шүүхээр нэхэмжилсэн бөгөөд шүүх хангаж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч талаас өнөөдрийг хүртэл миний ажилгүй байсан хугацааны цалинг олгоогүй бөгөөд уулзах гэхээр надтай захирал нь огт уулзахгүй итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх хүн уулзаад намайг элдвээр загнаж ажилдаа орохгүй гэсэн утга бүхий зүйл дээр гарын үсэг зурахыг шаардаад байгаа. Намайг бодитоор ажлын байраар огт хангаагүй. Мөн би Эрдэнэцэцэгийн дуудах бүрт ажилдаа орох гэж очдог ч намайг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрээ үлдээчих ажилд бол авахгүй гээд буцаасан. Ингээд миний даатгалын дэвтрүүдийг бүгдийг нь аваад үлдсэн ч намайг ажлын байраар хангахгүй байна. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу намайг ажиллах нөхцөл боломжоор хангахгүй байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

     Э.Э 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Рендэжиүтэй Очирваань” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4.200.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг шаарджээ. 

      Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

  Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 101/ШШ2016/06895 дугаартай шийдвэр гаргаж, “...ажил олгогч ажилтныг  үндэслэлгүй халсан байна...” гэж дүгнэн Э.Эийг орчуулагч, их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт хариуцагчаас 2.100.000 төгрөг /хх 6-7/ гаргуулахаар болжээ. Түүнчлэн, шүүх 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/01494 дүгээр шийдвэрээр “Р эмнэлэг” ХХК-с “...шүүхийн 2016 оны 101/ШШ2016/06895 дугаар шийдвэр биелэгдээгүй байна...” гэсэн үндэслэлээр 2.800.000 төгрөг гаргуулсан /хх 8-9/ байх бөгөөд  энэ талаар зохигч маргаангүй байв.

        Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  101/ШШ2017/01494 дугаар шийдвэр гарснаас хойш  Э.Э 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2017 оны 5-10 дугаар сарын хооронд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4.200.000 төгрөгийг хариуцагчаас шаардсан бөгөөд нэхэмжлэлийн энэ шаардлагыг шүүх хангаагүй нь үндэслэлтэй болжээ. 

        Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Р эмнэлгийн захирал 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б01 дугаартай тушаал гаргаж, Э.Эийг ажилд нь томилсон /хх 31,33/, уг тушаалын  дагуу үүрэгт ажлаа гүйцэтгэхийг нэхэмжлэгчид 2017-04-27-ны өдрийн 61, 2017-05-04-ны өдрийн 66, 2017-05-05-ны 69, 2017-05-26-ны өдрийн 82 дугаар албан бичгүүдээр /хх 30, 32, 34, 38/ болон утсаар, цахим шуудан /мессеж/-р /хх 40, 41, 99-101, 106-109/ мэдэгдсэн байх бөгөөд үүнийг Э.Э баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

        Э.Эийг орчуулагч, их эмчийн ажилд эгүүлэн тогтоох тухай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШШ2016/06895 дугаар шийдвэрийг ажил олгогч биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчаас 4.200.000 төгрөг гаргуулах нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй юм. 

       Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/03326 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2017/02471 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 82.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ