Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 320

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: 1970 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн  Алтанширээ суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, Хилийн Цэргийн 0108 дугаар ангид жолооч ажилтай, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг, Хилийн гудамж 1-5 тоотод оршин суух, Тост боржигон овогт Бууралын Мөнхбат /РД: ЕБ70061711/-ын нэхэмжлэлтэй,

Бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгож, улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, хүсэлт гаргагч Б.Мөнхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Мөнхбат шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Замын-Үүд сумын Хилийн 0108-р ангид 2016 оны 04 сараас жолоочоор ажиллаж байгаа бөгөөд тус ангид 1991 оны  10 сарын 14-ний өдрөөс 2001 оны 04 сарын 26 хүртэл хилчин шалгагч байсан. Дээрх хугацаанд тухайн үеийн ШНБ-ын бичиг хэрэг бүртгэгч нь миний бичиг баримтыг хойд эцэг Базарсадаар овоглож ажилдаа хариуцлагагүй ханджээ. Цаанаа ямар овогтой явдгаа мэдээгүй миний буруу бас байгаа болов уу. Төрсний гэрчилгээ , хуучны улаан иргэний үнэмлэх цахим үнэмлэх зэрэг дээр ээж Бууралаар овоглодог. Иймд  1991 оны 10 сарын 14-нөөс 2001 оны 04 сарын 26-ныг хүртэл ажилласан жилийг тогтоож мөн бичиг баримтын жинхэнэ эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. 

Хүсэлт гаргагч Б.Мөнхбат нь Хилийн Цэргийн удирдах газрын даргын 2001 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 248 дугаар цэргийн албанаас халах тухай тушаал, 1991 оноос 2000 он хүртэлх Цалингийн лавлагаа, Хилийн Цэргийн 0108 дугаар ангийн  захирагчийн  1991 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн б/47 тоот тушаал, 504 тоот ажлын үнэмлэх зэрэг бичиг баримтын жинхэнэ эзэмшигч нь Бууралын Мөнхбат мөн болохыг тогтоолгож, 1991 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2001 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Хилийн Цэргийн 0108 дугаар ангид хилчин шалгагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан Хилийн Цэргийн удирдах газрын даргын 2001 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 248 дугаар цэргийн албанаас халах тухай тушаал, 1991 оноос 2000 он хүртэлх Цалингийн лавлагаа, Хилийн Цэргийн 0108 дугаар ангийн  захирагчийн  1991 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн б/47 тоот тушаал, 504 тоот ажлын үнэмлэх зэрэг бичиг баримтууд дээр эзэмшигчийн овог зөрүүтэй бичигдсэн болох нь нэхэмжлэгч Б.Мөнхбатын тайлбар, гэрч Х.Оюунчимэгийн “...Сайн мэдэхгүй байна. Бид нар нь Бууралын Мөнхбат гэдгээр нь мэднэ. Базарсад гэдэг нь хойд эцэг нь гэж байсан” гэх мэдүүлэг, гэрч Я.Батмөнхийн “...ээж Бууралаараа л овоглож байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Сэдэдийн “...Б.Мөнхбат нь 1988 оноос 1990 он хүртэл Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 0108-р ангийн тусгай салбарт хугацаат цэргийн албыг хаасан. Бууралын Мөнхбат гэсэн овогтой байсан. Сүүлд ямар учиртай Базарсадын Мөнхбат болсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр зэрэг нотлох баримтуудаар дээрх бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигч нь Бууралын Мөнхбат мөн болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна. 

Хүсэлт гаргагч нь Хил хамгаалгах Ерөнхий газрын харьяа Хилийн Цэргийн 0108 дугаар ангид 2001 оны 04 сарын 26-ныг хүртэл ажилласан болохыг тогтоож өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь цэргийн албанаас халах тухай 2001 оны 04 сарын 26-ны өдрийн 248 тоот Хилийн цэргийн удирдах газрын даргын тушаалаар 2001 оны 04 сарын 17-ны өдрөөс Б.Мөнхбатыг ажлаас нь чөлөөлж цэргийн албанаас халсан тушаал гаргасан нь Хилийн цэргийн удирдах газрын даргын 2001 оны 04 сарын 26-ны өдрийн 248 тоот тушаал /хх-ийн 13/, 2012 оны а/164 тоот Хил хамгаалах Ерөнхий газрын төв архивын лавлагаа /хх-ийн 18/ зэргээр тогтоогдож байна. Иймд түүнийг 2001 оны 04 дүгээр сарын 17-ныг хүртэл ажилласан гэж дүгнэлээ.   

Нэхэмжлэгч Б.Мөнхбат нь Хил хамгаалгах Ерөнхий газрын харьяа Хилийн Цэргийн 0108 дугаар ангид 1991 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2001 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хилчин шалгагчаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагч Б.Мөнхбатын тайлбар, гэрч Х.Оюунчимэгийн “Б.Мөнхбат нь 1991 онд Хилийн цэргийн 0108-р ангид анх хилчин шалгагчаар ажиллаж байсан. Бид хоёр цуг 10 жил тасралтгүй ажилласан. Б.Мөнхбат нь албан ажилдаа хариуцлагатай, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт нь биелүүлж байсан” гэх мэдүүлэг, гэрч Я.Батмөнхийн “Б.Мөнхбат нь 1988 онд анх Замын-Үүд сумын Байцаан өнгөрүүлэхэд хилчин байлдагчаар ирээд 1991 онд тухайн ангидаа улирач 2001 он хүртэл бичиг баримтын шалгагчаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Сэдэдийн “1991 оноос 2001 он хүртэл тус ангид ахлагчийн бүрэлдэхүүнд орж бичиг баримтын шалгагчаар авто зам болон төмөр замын боомтод ажиллаж байсан. Энэ үед мөн л Бууралын Мөнхбат гэсэн овогтой байсан” гэх мэдүүлгүүд, Б.Мөнхбатын хөдөлмөрийн дэвтэр дээрх ажилд орсон болон чөлөөлөгдсөн тушаал, цалингийн цэсийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд  Б.Мөнхбатыг Хил хамгаалгах Ерөнхий газрын харьяа Хилийн Цэргийн 0108 дугаар ангид 1991 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2001 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хүртэл хилчин шалгагчаар ажиллаж байсныг тогтоох нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан Хилийн Цэргийн удирдах газрын даргын 2001 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 248 дугаар цэргийн албанаас халах тухай тушаал, 1991 оноос 2000 он хүртэлх Цалингийн лавлагаа, Хилийн Цэргийн 0108 дугаар ангийн  захирагчийн  1991 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн б/47 тоот тушаал, 504 тоот ажлын үнэмлэх зэрэг бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигч нь Тост боржигон овогт Бууралын Мөнхбат  мөн болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Тост боржигон овогт Бууралын Мөнхбатыг  Хил хамгаалгах Ерөнхий газрын харьяа Хилийн Цэргийн 0108 дугаар ангид 1991 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2001 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хилчин шалгагчаар ажиллаж байсныг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Мөнхбат нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг татварийн тасгийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  Э.БОЛОРМАА