| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2019/0089/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/130 |
| Огноо | 2019-05-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2019/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Хохирогч: М.О
Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр
Шүүгдэгч: Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Б-ийн Мд холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ...суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .... ажилтай, ам бүл 2, эмээгийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг,....... тоотод оршин суух хаягтай, урьд 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Ц овогт Б-ийн М/РД:........../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Арвис бааранд хохирогч М.О-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Шүүгдэгч Б.М-ий шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ажил дээрээ байж байхад 22 цаг өнгөрч байхад хохирогч М.О нэг залуутай орж ирээд 10 номерын ширээнд суугаад архи захиалсан. М.О манай зөөгч болон зохион байгуулагч ажлаа хийж байхад нь орилоод доромжлоод дайраад байсан, мөн үйлчлүүлж байсан хүмүүс рүү дайраад байсан, хамгаалагч бид хоёр очоод 2-3 удаа шаардлага тавьсан, М.О бүжгийн талбайд 2-3 залууг хавирч унагаад цохиод байсан, тухайн үед хоёр охинтой орж ирээгүй, тухайн хоёр охиныг хавирч унагаагаад цохиод, үснээс нь зулгаагаад байсан. Тэгээд зөөгч ирээд хамгаалагч та хоёрын уулзаад байсан залуу болохоо байлаа ширээн дээгүүр даваад хүн амьтан зодоод агсам согтуу тавиад байна гэхээр нь би очоод М.О-д тайлбарлаж өгөөд хүмүүсээс нааш нь гаргаж ирээд хэлж байхад намайг нүүр рүү мангасдаад доромжлоод байхаар нь 2-3 удаа нүүр рүү нь цохьсон нь үнэн, үйлчүүлэгчээ цохих нь миний буруу, би хохирогчид гарсан хохирол төлбөрийг төлнө. Арвис бааранд М.О орж ирээд 2-3 цаг болсон, бичлэг дээр цагдаагийн ажилтан миний цохиж байгаа бичлэгийг аваад бусад бичлэг дээрх зүйлсийг хавтаст хэрэгт хавсаргаагүй байсан, бичлэг авсан ажилтан нь М.О-гийн төрсөн ах нь байгаа, М.О-гийн надад цохиулж байгаа бичлэгийг харуулснаас биш М.О-гийн ямар үйлдэл гаргасан бичлэгийг хэрэгт хавсаргаагүй байсан. Би М.Огаас уучлалт гуйх гээд уулзах гэхээр нь чи бичиг үсэг мэдэхгүй хүний толгойг эргүүлчихнэ, би М.О-гийн өмнөөс хэрэгт нь оролцоно гээд М.О-г надтай уулзуулахгүй гэсэн, надаас 4.000.000 төгрөг М.О-гийн ах нь нэхэмжилсэн, М.О хамар ясны хугаралтай гэж шинжээчийн дүгнэлтээр гарсан байсан. М.О Улаанбаатар хот яваад нүдний ухархайн ясны хугаралтай гээд шинэ гэмтэл гаргаад ирсэн байсныг би ойлгохгүй байгаа, ах нь байнга залгаад надаас мөнгө нэхээд байдаг, манай дүү Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байна гэдэг, би байцаагчаасаа асуухаар над дээр ирчихээд Архангай аймгийн Чулуут сум явсан гэж хэлдэг байсан. Би хохирогчийн цаашдаа гарсан хохирол төлбөрийг төлнө, надад мөнгөн торгууль оногдуулж өгнө үү, М.О юу ч мэдэхгүй байна нэг мэдэхэд цохиулсан байсан гэж мэдүүлэг өгсөн байсан. Тухайн үед М.О бага зэрэг халамцуу явж байсан, их согтуу байгаагүй...” гэх мэдүүлэг,
*Хохирогч М.О-гийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би бааранд орсон гэдгээ санаж байгаа, тэрнээс хойш юу ч санахгүй байна. Сэрээд өөрийгөө харсан чинь хүнд зодуулсан байсан...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 1912000840086 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч М.О-гийн өгсөн:
“...2019 оны 01 дүгээр сарын 25-ны орой 22-23 цагийн орчимд өөрийн найз О-ын хамтаар Арвис бааранд орсон. Бааранд орохоосоо өмнө Цагаан даваанд айлд гурвуулаа 2 том пиво уусан байсан. Тэгээд бааранд ороод нэг шил архи авч найзтайгаа уусан. Тэгээд би тэр үед их согтсон байсан. Ширээн дээр сууж байхад нэг зүс таних эмэгтэй ирээд миний гар утсыг гуйж утсаар чинь яръяа гээд аваад явсан тэгээд буцаж ирэхгүй болохоор нь би тэр эмэгтэйн араас гар утсаа авах гэж явж байснаа санаж байгаа юм түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Гэнэт ухаан орох үед би Арвис бааранд хүнд зодуулчихсан хамарнаас их хэмжээний цус гараад байж байсан тэгээд ах руугаа утсаар ярьж мэдэгдсэн. Миний хамар хугарсан баруун нүд хөхөрч хавдсан, баруун нүдний мөгөөрс хугарсан. Би тухайн үед архи уугаад согтсон, тасарсан байсан болохоор юу болсон талаар мэдээгүй. Тухайн үед хэнд зодуулсан талаараа мэдээгүй цагдаад мэдэгдээд хяналтын камерыг шүүж үзэхэд Арвис баарны ажилтан Б.М гэх хүн намайг зодсон байсан. Тухайн үед тасарчихсан байсан юу ч санахгүй байна. Миний биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг Б.М гэх залуу зодож учруулсан. Өөр хүн намайг цохиж зодоогүй. Ямар ч байсан нэг залуу гар болон хөлөрөө миний нүүр толгой орчим руу цохиж зодоод байх шиг байсан. Би одоогоор гомдолтой байна. Би эмчилгээний зардал мөнгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 13-14 дүгээр тал/
“Хохирогч М.О-гийн дахин өгсөн:
“...Би Б.М гэх хүнд зодуулсан. Би тухайн үед хэнд зодуулсан талаараа мэдэхгүй байсан. Би тэр үед архи уусан их согтсон хэнд зодуулсан талаараа мэдэхгүй байсан. Тэгээд андуурч Гонгор гэх тухайн үед бааранд танилцсан хүндээ зодуулсан гэж андуурсан байсан. Маргааш өглөө нь би Б М гэх хүнд зодуулсан талаараа мэдсэн. Намайг Б.М гэх залуу ганцаараа зодсон. Би гомдолтой байна. Эмчилгээний зардалаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/
*Гэрч Б.О-ын өгсөн:
“...2019 оны 01 дүгээр сарын 25-ны оройн 23:00 цаг өнгөрч байхад найз М.О бид хоёр 2 эмэгтэйн хамт Арвис бааранд орсон. Тэр 2 эмэгтэйгийн нэгийг М.О таньдаг гээд дуудсан. Тэр эмэгтэй нь ирэхдээ найзынхаа хамт ирсэн. Тэгээд бид 4 Арвис баарнаас 1 шил 0.75 литртэй Соёрхол нэртэй архи авч уугаад сууж байсан. Тэр 2 эмэгтэйн нэг нь М.О-гийн утсыг аваад босоод явсан. Тэгээд О нөгөө эмэгтэйгээс утсаа авах гээд араас нь дагаж очоод маргалдаад байгаа харагдсан. Тэр залуу бааранд аль нэг ширээн дээр сууж байсан байх. Тэгээд М.О нөгөө эмэгтэйтэй баарны үүдэнд маргалдаж байхад очоод нөгөө эмэгтэйг өмөөрөөд М.О-тай маргалдаад байгаа харагдсан. Тэгээд М.О-г Б.М цохиод авсан юм шиг байна лээ. Би нөгөө охины хамт ширээн дээр сууж байсан. Тэгэхэд М.О баарны үүдэнд утсыг нь авч явдаг охинтой хэрэлдээд байгаа харагдаж байсан. Тэгсэн О намайг Арвис баарны үүдний тэндээс дуудаад байсан. Би яваад очтол хамраас нь цус гойжчихсон, нүд рүүгээ цохиулсан байсан. Тэгээд хажуудаа зогсож байсан залуу руу заагаад энэ залуу намайг цохьчихлоо гэсэн. Тэр залуу 27, 28 орчим насны залуу байсан. Би өмсөж явсан хувцсыг нь сайн мэдэхгүй байна. Тэр үед баарны хамгаалагч байсан. Би яг цохиж байхыг нь хараагүй. М.О дуудаад энэ залуу намайг цохьчихлоо гэж хэлсэн. М.О өөр хүнтэй хэрэлдэж маргалдаж, зодолдоогүй. Нэг эмэгтэй нь зах дээр үсчин ажилтай гэсэн. М.О нэг эмэгтэйг нь сайн таньдаг юм байна лээ, би нэр утсыг нь тогтоогоогүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-22 дугаар тал/
*Гэрч С.Э-ийн өгсөн:
“...2019 оны 01 дүгээр сарын 25-ны орой 22 цагийн орчимд М.О гэх залуу өөрийн нэг найзтайгаа хоёуулаа манай бааранд орж ирж үйлчлүүлсэн. Тухайн үед М.О гэх залуу их согтуу орж ирсэн. Тэр үед манайх хэт согтсон хүнд манайх үйлчлэхгүй гэсэн чинь манай зөөгч нартай маргалдаад байсан. Тэгээд заал руу орж ирээд нэг ширээн дээр суусан. Тэгээд хэсэг хугацааны дараа тэр М.О гэх залуу 2 эмэгтэйн сууж байсан ширээн дээр очоод тэр 2 эмэгтэйтэй маргалдаад байхаар нь Б.М-ийг дуудсан. Тэгээд Б.М ирээд тэр М.О гэх залууд боль гэж шаардлага тавьсан чинь Б.М-ий тавьсан шаардлагыг биелүүлэхгүй урдаас нь хэрүүл хийгээд байсан. Б.М тэр М.О гэх залууг заалнаас дагуулж үүдний текний хажууд авч ирээд тэр 2 тэнд маргалдаад байх шиг байсан, би тэр үед ажлаа хийгээд захиалгатай явж байсан. Тэгтэл гэнэт Б.М тэр М.О гэх залууг гараараа нүүр рүү нь цохиж, зодсон тэгээд тэр залууг текний хажууд Б.М-д зодуулаад газар унасан. Тэр М.О гэх залуугийн хамарнааас тухайн үед их цус гараад байсан. Тэгээд М.О гэх залуу текний цаана цусаа гойжуулаад хэсэг сууж байгаад босоод ирсэн. Б.М-ийг тухайн үед найз нь гэх залуу салгаад бүжгийн заал руу аваад орсон. Тэгээд би үйлчлэгчээ дуудаж шалан дээр болсон цусыг цэвэрлүүлсэн. М.О гэх залуу тухайн үед их согтсон байсан тэгээд хүмүүстэй маргалдаад байхаар нь Б.М болон манай зөөгч нар бүгд л шаардлага тавьсан боловч биелүүлээгүй тэгээд Б.М заалнаас тэр залууг үүдний текэн дээр дагуулж ирээд хоорондоо маргалдаад байсан үүнээс л бодж тэр залууг Б.М зодсон. Миний харсанаар бол Б.М тэр М.О гэх залууг гараараа нүүр рүү нь 3 удаа цохиж байсан өөр яаж цохиж зодсон талаар би хараагүй. Нэг мэдсэн тэр залуу текний хажууд газар унасан хамарнаас нь цус гараад сууж байсан. Б.М ажилтай байсан учраас архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн үед хэн хэн хамт байсан талаар би мэдэхгүй байна манайхаар олон хүн үйлчлүүлдэг учраас би сайн мэдэхгүй байна. М.О-г Б.М-өөс өөр хүн зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/
*Гэрч Б.Б-гийн өгсөн:
“...2019 оны 01 дүгээр сарын 25-ны орой 22 цагийн үед санагдаж байна М.О О ба нэг залуугийн хамтаар бид 4 Арвис бааранд орсон. Тэгээд бааранд бид 4 нэг шил архи уусан бас пиво уусан. Тэгсэн М.О хэсэг сууж байгаад уурлаад бид гурав руу дайраад байсан тэгээд орж гараад л яваад байсан. Тухайн үед М.О их согтсон байсан тэгээд гарч орж ирээд намайг хөөгөөд намайг барьж авах гээд зуураад байсан тэр үед баарны дижи залуу ирээд М.О-г дагуулаад бүжгийн талбайгаас аваад гарсан. Түүнээс хойш хэсэг хугацаа өнгөрч би ариун цэврийн өрөө орчихоод буцаад бүжгийн талбай руу алхаж явтал М.О Арвис баарны текэн дээр хамраас нь цус гарчихсан доошоо тонгойгоод зогсож байсан хамраас нь цус их гарсан байсан. М.Огийн хажууд хамт явсан залуу нь зогсож байсан би тэр залуугийн нэрийг мэдэхгүй. Би М.О-тай уулзаагүй. М.О-г дижи залуу Б.М зодсон гэсэн би тухайн үедээ М.О хэнд зодуулсан талаар мэдээгүй сүүлд нь Б.М гэх залуу манай ажил дээр орж ирээд надтай уулзахдаа М.О-г зодсон гэж ярьж байсан. М.О-гийн хамарнаас их хэмжээний цус гараад байсан өөр гэмтэл байсан эсэхийг би очиж хараагүй болохоор мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг/хх-н 28-29 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 123 дугаартай дүгнэлтэнд:
“...М.О-гийн биед дараах гэмтэл учирчээ. М.О-гийн биед хамар ясны хугарал, баруун ухархайн доод ханын хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 38-39 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
2019 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Арвис бааранд иргэн М.О нь бусдад зодуулж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.М үйлдсэн болох нь хохирогч М.О-гийн”... Гэнэт ухаан орох үед би Арвис бааранд хүнд зодуулчихсан хамарнаас их хэмжээний цус гараад байж байсан тэгээд ах руугаа утсаар ярьж мэдэгдсэн. Миний хамар хугарсан баруун нүд хөхөрч хавдсан, баруун нүдний мөгөөрс хугарсан. Би тухайн үед архи уугаад согтсон, тасарсан байсан болохоор юу болсон талаар мэдээгүй. Тухайн үед хэнд зодуулсан талаараа мэдээгүй цагдаад мэдэгдээд хяналтын камерыг шүүж үзэхэд Арвис баарны ажилтан Б.М гэх хүн намайг зодсон байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.О-ын ”...Тэгээд М.Ог Б.М цохиод авсан юм шиг байна лээ. Би яваад очтол хамраас нь цус гарсан, нүд рүүгээ цохиулсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Эийн ”...Тэгтэл гэнэт Б.М тэр М.О гэх залууг гараараа нүүр рүү нь цохиж, зодсон тэгээд тэр залууг текний хажууд Б.Мд зодуулаад газар унасан. Тэр М.О гэх залуугийн хамарнааас тухайн үед их цус гараад байсан....” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-гийн ”...М.О-г дижи залуу Б.М зодсон гэсэн би тухайн үедээ М.О хэнд зодуулсан талаар мэдээгүй сүүлд нь Б.М гэх залуу манай ажил дээр орж ирээд надтай уулзахдаа М.О-г зодсон гэж ярьж байсан. М.Огийн хамарнаас их хэмжээний цус гараад байсан өөр гэмтэл байсан эсэхийг би очиж хараагүй болохоор мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 66, 123 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М-ий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Б.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлттэй байна.
Хохирогч М.О нь эмнэлэгт үзүүлсэн эмчилгээ хийлгэсэн 200.000 төгрөг, цаашид хагалгаа хийлгэхээр 4.245.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн бөгөөд түүний ирүүлсэн баримтын хүрээнд /хх-52хуу/ 200.000 төгрөгийг шүүгдэгч Б.Мөөс гаргуулахаар, харин цаашид хийлгэх эмчилгээний зардал болох 4.245.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди-1 ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахаар тус тус шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Б-ийн М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-өөс 200.000/хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн .. багт оршин суух хаягтай М.О/РД................ /-д олгож түүний нэхэмжлэлээс 4.245.000/дөрвөн сая хоёр зуун дөчин таван мянга/ төгрөгийг хэрэлцэхгүй орхин, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэргийн хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.
7. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР