Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 151/ШШ2016/01136

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Ариунаа би Төв аймаг, Баян сум, 3 дугаар баг, Хоолт 1-6 тоотод оршин суух Боржигон овогт Цэнджавын Болормаад холбогдох,

300 000 төгрөг гаргуулах тухай,

Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 7 дугаар хороо, Өвөршанд 11-10 тоотод оршин суух Баатар овогт Жаргалсайханы Эрхбилгүүнийн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 07 өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 13 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Эрхбилгүүн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

Хариуцагч Ц.Болормаа нь миний ээж болох А.Биндэръяагийн арван жилийн найз бөгөөд БНХАУ-аас гэр ахуйн тавилга оруулж ирдэг. 2015 оны 3 сард ор захиалахаар болсно бөгөөд орны үнэ болох 300 000 төгрөгийг миний бие 2015 оны 03 сарын 13 өдөр Төрийн банкны Налайх дүүрэг салбараас бэлнээр Ц.Болормаагийн Хаан банк дахь 5728054919 тоот дансанд орны мөнгө Биндэръяагаас гэж шилжүүлсэн. Орны мөнгө шилжүүлсэнээс хойш захиалсан ороо авч чадалгүй БНХАУ-аас тавилга ирээгүй байна гэсэн шалтгаанаар ор ирээгүй удсан учир шилжүүлсэн орны мөнгөө буцааж авахаар болсон болсон ч олон удаагийн шалтан шалтгаанаар мөнгө өгөхөөс зайлсхийж, утас нь холбогдохгүй, гэрт нь 2 удаа очсон боловч өөрөө байхгүй байсан. Сүүлд 2016 оны 9 сарын 15 өдөр амралтын мөнгө авахаар өгнө гэсэн ч одоо болтол өгөөгүй байна. Иймд Ц.Болормаагаас нэхэмжилсэн 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Болормаа нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

 

Ц.Болормаа би уг 300 000 төгрөгийг авсан нь үнэн болно. Энгийн найз Биндэръяа унтлагын ор авч ирж өгөхийг санал болгож уг орыг 2 удаа авч ирсэн ч өөрт нь таалагдахгүй байгаа гэсэн. Гэтэл өөрийн аав Цэнджав нь хүнд өвчин тул урт хугацааны эмчилгээнд авч явах шаардлага гарсан тул олон сар эмнэлэгээр явж зардал чирэгдэлтэй байсан учир удаасан тул уг мөнгийг чирэгдэл учруулж өгсөнд уучлалт хүсье. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг ойлгосон болно. гэжээ.

                                                                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Эрхбилгүүн нь хариуцагч Ц.Болормаад холбогдуулж, 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ц.Болормаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Төрийн банк дахь Ж.Эрхбилгүүнийн 312500513657 дугаартай дансанд 300 000 000 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн 2016 оны 11 сарын 11 өдрийн баримт болон хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж Ж.Эрхбилгүүнийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Болормаад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжд төлсөн 9 650 төгрөгийн 50 хувь 4 825 төгрөгийг улсын төсвөөс, 4 825 төгрөгийг хариуцагч Ц.Болормаагаас гаргуулж нэхэмжлэгч Ц.Болормаад олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Ж.Эрхбилгүүнийн нэхэмжлэлийн шаардлага 300 000 төгрөгийг хариуцагч Ц.Болормаа биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9 650 төгрөгийн 50 хувь болох 4 825 төгрөгийг улсын төсвөөс, 4 825 төгрөгийг хариуцагч Ц.Болормаагаас гаргуулж нэхэмжлэгч Ж.Эрхбилгүүнд олгосугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.