| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2019/0128/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/129 |
| Огноо | 2019-05-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2019/ШЦТ/129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч: Б.Ө
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Байчууд овогт Бын Өт холбогдох эрүүгийн .. тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Бын Ө/РД:.......... /
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Ө нь Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн Ногоон дов хороолол гэх газар 2019 оны 04 дүгээр сарын 18-ны шөнө иргэн Э.Э-г хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нуруун тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 1912002380145 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Э.Э-гийн өгсөн:
“...2019 оны 04-р сарын 18-ны шөнө 23 цаг өнгөрч байхад манай хадам эгч М манайд байж байгаад гэр рүүгээ орох гээд гарснаа буцаж орж ирээд Ц гадаа машинтай хүн ирчихсэн чамайг дуудаад байна гэхээр нь би гэрээсээ гарсан чинь ХААН банканд теллер хийдэг Г.Б, Ж хоёр ирчихсэн байсан Ж тэр үед Г.Б-ын хүүхэдтэй машинд нь сууж байсан Г.Б надтай уулзаад манай нөхөр Б.Ө намайг танай нөхөр Б.М-той хардаад байна гэхээр нь юу яриад байгаа юм бэ гээд манай гэр рүү оръё гээд манай гэрт ороод Г.Б Б.М-оо манай нөхөр Б.Ө намайг чамтай хардаад байна бага хүүхдээ чиний хүүхэд гээд байна чи очоод учрыг нь олоодох гэсэн чинь манай нөхөр Б.М юу яриад байгаа юм бэ би очиж чадахгүй гэсэн чинь Г.Б чи тэгвэл ядаж утсаар ярь гэж хэлэхээр нь манай нөхөр Б.М утсаар Б.Ө руу залгаад спикер дээр нь тавьж байгаад чи юу яриад байгаа юм гэсэн чинь наад Г.Б чинь өөрөө тэгж ярьсан юм гэж хэлсэн манай нөхөр явахгүй гэхээр нь би тэгвэл цуг явъя гээд Б.Өын гэрт очтол Б.Ө байшингаа дотроос нь цоожлоод унтаж байсан хаалгыг нь нүдээд онгойлгож өгөхгүй болохоор нь Г.Б цонхоор ороод хаалгаа дотроос онгойлгосон тэдний цонх том юм байна лээ тэгээд би ороод Б.Ө-ыг татаад чи юу яриад байгаа юм бэ гэсэн чинь та нар бага шиг элэг бариарай гээд эхнэр Г.Б руугаа өөрийнхөө өмсдөг пүүзийг шидсэн. Тэгснээ Б.Ө босч ирээд Б.М хаана байна очиж ална хутгална гэсэн чинь Г.Б гараад зугтсан Б.Ө тогооны авдараа ухаад гурилын ганжин гаргаж ирээд миний гуя руу зөөлхөн цохьсон би санаанд ороогүй арай ч цохихгүй байх гэж бодоод байж байтал ганжингаа далайж байгаад зүүн талын далны доод хэсэг рүү цохьчихоод гараад явчихсан. Тэр хойгуур нь Г.Б гэртээ орж ирээд байшингынхаа хаалгыг цоожилсон чинь Б.Ө цонхоороо ороод ирэхээр нь Г.Б бид хоёр хаалгаар гараад зугтсан би холуур тойроод гэртээ ирсэн Б.Ө-ыг манайд очоод янз бүрийн юм болчих байх гэж айсан. Г.Б манайд ирчихээд намайг манай нөхөр Б.Ө танай нөхөр Б.М-той хардаад байдаг юм гэж хэлсэн. Би яагаад манай нөхөртэй хардаад байдаг юм бэ гэсэн чинь Г.Б өвөл нөхөртэйгээ маргалдаад хүүхдээ аваад явах гэсэн чинь өгөхгүй болохоор нь наад хүүхэд чинь Б.М-ын хүүхэд гэж хэлээд хүүхдээ авсан гэж ярьсан би нөхрөөсөө салах гэж байгаа салахдаа нэрээ цэвэрлээд салмаар байна гэж Г.Б хэлээд Б.М-ыг очьё гэхээр нь Б.М би юу гэж очих юм бэ гэсэн чинь чи тэгвэл утсаар ч гэсэн ярь гээд утсаар Б.Ө-тай яриулсан. Надад мэдэгдээгүй эхнэр Г.Б нь У багш, Д ах хоёртой архи уусан гэж өөрөө надад хэлсэн гэж ярьсан. Зүүн талын далны доод хэсэг рүү ганжингаар цохьсоноос өөр гэмтэл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Ө муухай юм боллоо гээд манай нөхөр Б.М бид хоёроос уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-12 дугаар тал/
*Гэрч Д.Жын өгсөн:
“...2019 оны 04-р сарын 18-ны орой өөрийн барьж байгаа байшиндаа юм хийгээд байж байтал манай найз Г.Б ирээд гараад ир гэхээр нь би гарсан чинь Б.Ө бид хоёр маргалдаад намайг Б.М-той хардаад байна тэгээд Б.М-ынд хамт очъё гээд Б.Мынд очоод би машинд нь хүүхэдтэй нь цуг үлдээд Г.Б ганцаараа Б.М-ынд ороод бараг 30 гаруй минутын дараа Б.М-ын эхнэр Э.Этай хамт гарч ирээд машиндаа суугаад өөрийнхөө гэр рүү очсон. Г.Б түрүүлээд гэр рүүгээ орсноо эргэж нохойгоо хорьж өгөөд Э.Э бид хоёр гэрт нь ороход Б.Ө гэртээ ганцаараа унтаж байсан Э.Э Б.Өыг татаж босгоод чи яахаараа айлын нөхөртэй эхнэрээ харддаг юм бэ гэсэн чинь Б.Ө урдаас нь юу яриад байгаа юм бэ наадах чинь өөрөө л тэгж ярьсан ш дээ гэж хэлсэн чинь Э.Э тэгээд та нарын хэрүүл маргаан манай гэр бүлд ямар хамаатай юм бэ гээд нэлээд маргалдсан тэгсэн Б.Ө босоод хувцасаа өмсөөд гал тогооны өрөөндөө орсон нэг харсан чинь Б.Ө гурилын ганжин барьчихсан явж байсан тэгээд байж байтал цагдаа ирээд Б.Ө-ыг аваад явсан Э.Э тэндээс харьсан юм шиг байна лээ. Би яг цохихыг нь хараагүй. Жижиг өрөөнд нь байж байсан Б.Ө гурилын ганжин барьчихсан явж байхыг нь харсан. Би наадхаараа яах гэж байгаа юм бэ наадхаа тавиач Ө гэж хэлж байсан. Тэр асуудлаас хойш Э.Э бид хоёр угаасаа тааралдаагүй. Утсаар ч яриагүй. Юунаас болж маргалдснаа надад хэлээгүй. Манайд ирээд хоёулаа цуг Б.М-ынд очоод ирье гэхээр нь би машинд нь суугаад Б.М-ын гадаа ирээд би буулгүй машинд нь хүүхдийг нь хараад байж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-18 дугаар тал/
*Гэрч Б.М-ын өгсөн:
“...2019 оны 04-р сарын 18-ны орой 23 цаг болж байсан санаж байна манай гэрийнхэн унтах гээд байж байхад Хаан банканд ажиладаг Г.Б гэдэг эмэгтэй манайд орж ирээд манай нөхөр Б.Ө намайг чамтай хардаад байна чи манайд очиж Б.Ө-тай нүүрэлд Б.Ө архи уусан согтуу байгаа очиж үнэн мөнийг нь ол явъя гэхээр нь би согтуу хүнтэй уулзахгүй эрүүл болохоор нь уулъя гэсэн чинь тэгвэл чи утсаар ярь гэхээр нь би Б.Ө руу залгаад Б.Ө утсаа авахаар нь чи юу яриад байгаа юм бэ гэсэн чинь наад Г.Б чинь өөрөө надад тэгж хэлсэн гэхээр нь за тэгвэл эрүүлдээ уурлаж учраа олъё гээд орхисон тэгсэн чинь Г.Б би очхоосоо айж байна гэхээр нь манайд хонох гэж байсан ЗДТГ-ын Төрийн сангийн төлөөлөгч Б.О, манай эхнэр Э.Э нар хүргэж өгөхөөр явсан. Б.Ө-ынд очоод юу болсныг мэдэхгүй хоорондоо хэрэлдэж маргалдсан юм шиг байна лээ шөнө 01 цаг өнгөрч байхад Б.О манайд ирсэн би Э.Э яасан гэсэн чинь мэдэхгүй гэсэн. Тэгсэн хэн нь дуудлага өгснийг мэдэхгүй цагдаа очсон гэсэн манай эхнэр цагдаа дээр очсон Б.Ө намайг гурилын ганжингаар нуруу руу цохьсон гээд гомдол гаргаад очсон гэсэн. Г.Б манайд орж ирээд Б.Ө чамайг надтай хардаад байна гэж хэлсэн Г.Б бид хоёрын хооронд ямар нэг харьцаа байхгүй. Манай эхнэр надад ярихдаа ямар ч шалтгаангүйгээр миний нуруу руу гурилын ганжингаар цохьсон гэж хэлсэн. Манай эхнэрийн зүүн далны доод хэсэгт хөндлөн цус хураад, жаахан хавдсан байсан, өөр янз бүрийн бэртэл гэмтэл байхгүй байсан. Б.Ө гурилын ганжингаар цохьсон гэж хэлсэн. Б.Ө манай ирээд эхнэр бид хоёроос уучлалт гуйсан бид нар хоорондоо эвлэрсэн манай эхнэр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/
*Гэрч Б.Оын өгсөн:
“...Би 2019 оны 04-р сарын 18-ны орой Б.М-ынд хонох гээд зурагт үзээд байж байтал хаан банкинд ажилладаг Г.Б Б.М-ынд орж ирээд Б.М-той уулзах хэрэг байна гаръя гэсэн чинь Б.М яасан юу болсон бэ гэсэн чинь Г.Б Б.Ө чи бид хоёрыг хардаад байна цуг манайд очиж учрыг нь ол гэсэн тэгж хэлэхдээ Б.Ө согтуу байгаа гэж хэлсэн Б.М би согтуу хүнтэй юу ярих вэ эрүүлдээ уулзана биз гэж хэлсэн чинь тэгвэл чи утсаар ярь гээд утсаар яриулсан. Б.М утсаар ярихдаа дууг нь чангалж байгаад яриад байсан юу гэж ярьсныг нь би сонсоогүй тэгснээ Б.Ө зүгээр эрүүл байгаа юм биш үү гэж ярьсан. Э.Э, Г.Б хоёр явах гэхээр нь би ч гэсэн явъя гээд хамт явсан явахдаа замаараа Д.Ж гэдэг хүнийг аваад очсон хамгийн гол нь би Б.Ө-тай төрөл садангийн холбоотой болохоор нь хамт явъя гээд явсан Г.Б-ын гэрт нь очсон би машинд нь Г.Бын хүүхдийг хараад машинд үлдсэн. Тэгээд байж байгаад Г.Б, Э.Э хоёр зугтаад гараад ирсэн араас нь Б.Ө гурилын ганжин бариад гарч ирсэн Г.Б машин руу ирээд би урд сууж байхад миний хажуугаар ороод ирсэн Б.Ө араас хүрээд ирэхээр нь чи чинь юу болоод яагаад байгаа юм бэ гээд юм ярьж байх хооронд Г.Б зугтаасан, тэгсэн Б.Ө араас нь хөөгөөд хашаан дотроо ороод хаана байна ална та нарыг гээд орилж байснаа машин руу орж ирээд арын суудал дээр суухаар нь яагаад байгаа юм бэ боль тайвшир гээд юм ярьж байгаад тайвшруулсан. Тэгээд байж байтал цагдаа ирээд Б.Ө-ыг аваад явсан би замд нь Б.М-ын гадаа буугаад гэрт нь ортол Э.Э гэртээ ирээгүй Б.М унтах гээд хэвтэж байсан. Тэгээд нэлээн удаж байтал Э.Э гэртээ ирээд Б.Ө гурилын ганжингаар миний нуруу руу цохьсон гэж ярьсан. Одоо өвдөөд байна би гомдолтой цагдаа дээр очиж мэдүүлэг өгчихөөд ирлээ гэж ярьсан. Г.Б Б.М-ынд орж ирээд ярихдаа Б.Ө чи бид хоёрыг хардаад байна гэж Г.Б-ыг ярихад нь хардалтаас болсон байна гэдгийг нь мэдсэн. Э.Э намайг ирснээс хойш нэлээн удаж байгаад гэртээ ирсэн орж ирээд цагдаад мэдүүлэг өгчихөөд ирлээ намайг цохьсонд нь би гомдол гаргасан миний нуруу руу гурилын ганжингаар цохьсон гэж ярьсан. Б.М бид хоёрыг байж байхад үзүүлээгүй нөхөртөө үзүүлсэн байх...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-24 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 182 дугаартай“...Э.Э-гийн биед гэмтэл учирчээ. Э.Э-гийн биед, зүүн далны доод хэсэгт зөөлөн эдийн няцралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, 1 удаагийн үйлчлэлээр үүснэ. Зүүн далны доод хэсгийн зөөлөн эдийн няцралт гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 30 дугаар тал/
*Яллагдагч Б.Ө-ын өгсөн:
“...2019 оны 04-р сарын 18-ны өдөр У багш манайд ирээд дээрээс нь архи уучихсан архитай ирсэн би тэрнээс нь 2-3 удаа жижиг рункээр уусан тэр үед манай эхнэр гэртээ байсан эхнэр Г.Б ажлаасаа ирэхдээ нэг хүнтэй хамт ирээд тэр хүнээ хүргэж өгнө гээд машинаар нөгөө хүний гэр рүү яваад хүргэж өгөөд ирсэн. Ирэхэд нь би У багшийн ирсэн машин дотор хүүхэдтэйгээ сууж байсан эхнэр ирээд би хүүхдээ аваад гэртээ орсон хоол идэх гээд байж байтал намайг архи дарс уулаа гэхээр нь өмнө нь өвөл эхнэр бид хоёр нэг удаа маргалдаж байсан тэр маргалдсан шалтгаан нь шөнө хүүхдээ аваад аавынх руугаа явах гээд байхаар нь явуулахгүй гэсэн чинь манай эхнэр наад хүүхэд чинь чиний хүүхэд биш өөр хүний хүүхэд гээд тэрнээс болоод дахин маргалдсан. Тэгээд манай эхнэр гараад машин дотор суучихаад гэртээ орохгүй байсан тэгэхээр нь би гэртээ ороод унтаад өгсөн тэгсэн хэр удсаныг нь мэдэхгүй унтаж байсан чинь утас дугараад байхаар нь авсан чинь байгаль хамгаалагч хийдэг Б.М чи юу яриад байгаа юм бэ гэхээр нь наад Г.Б чинь өөрөө тэгж ярьсан тэрнээс би яриагүй шүү гээд утсаа салгаад унтаад өгсөн. Унтаж байтал хаалга, цонх нүдээд байсан би сэрчихээд онгойлгож өгөөгүй. Тэгж байтал гал тогооны өрөөний цонхоор манай эхнэр Г.Б орж ирээд хаалга дотроос нь онгойлгоод өгтөл байгаль хамгаалагч Б.М-ын эхнэр Э.Э орж ирээд миний хөнжлийг хуу татаад мөр рүү 2 удаа цохихоор нь би Э.Э, Г.Б хоёрыг гаргаад хаалгаа түгжье гэсэн чинь гарахгүй болохоор нь айлгах санаатай тогооны шүүгээнээс гурилын ганжин аваад далайгаад хана руу цохиод гаргах гэсэн чинь гараагүй. Тэгсэн Э.Э над руу дайраад чи миний нөхрийг өөрийнхөө эхнэртэй хардлаа манай нөхөр тийм биш гээд дайраад байхаар нь би уг нь айлгах санаатай нэг их хүчтэй биш нуруу руу нь цохьсон чинь чи намайг цохьчихлоо гэж Э.Э хэлсэн чинь манай эхнэр Г.Б цагдаа дуудаад цагдаа ирж намайг авч явсан. Тэнд Э.Э, манай эхнэр Г.Б хоёр байсан өөр хүн байсан үгүйг мэдэхгүй байна. Э.Этай маргалдсан зүйл байхгүй намайг унтаж байхад орж ирээд хөнжил хуулаад янз бүрийн юм яриад над руу дайраад 1-2 удаа цохиж авсан. Би эхнэртэйгээ өвөл маргалдсан хүүхдээ аваад харанхуй шөнө явах гээд байхаар нь явуулахгүй гэсэн чинь наад хүүхэд чинь чиний хүүхэд биш Б.М-ын хүүхэд гэж надад хэлсэн тэр үед нь юм бодоогүй тэгээд өнгөрөөсөн тэгсэн манай эхнэр надтай маргалдчихаад Б.М-ынд очоод Б.М-ыг чи очоод хэлээд өгөөч гэсэн чинь Б.М би очихгүй гээд утсаар над руу ярихаар нь наадах Г.Б чинь өөрөө тэгж хэлсэн гээд утсаа салгасан. Э.Э нөхөрөө өмөөрч ирээд ийм асуудал болсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 36-39 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар тал/
*Яллагдагч, хохирогч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 53, 54 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн Ногоон дов хороолол гэх газар 2019 оны 04 дүгээр сарын 18-ны шөнө иргэн Э.Э нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Ө үйлдсэн болох нь хохирогч Э.Эгийн”...Тэгснээ Б.Ө босч ирээд Б.М хаана байна очиж ална хутгална гэсэн чинь Г.Б гараад зугтсан Б.Ө тогооны авдараа ухаад гурилын ганжин гаргаж ирээд миний гуя руу цохьсон би санаанд ороогүй арай ч цохихгүй байх гэж бодоод байж байтал ганжингаа далайж байгаад зүүн талын далны доод хэсэг рүү цохьчихоод гараад явчихсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Ж-ын”... Б.Ө босоод хувцасаа өмсөөд гал тогооны өрөөндөө орсон нэг харсан чинь Б.Ө гурилын ганжин барьчихсан явж байсан тэгээд байж байтал цагдаа ирээд Б.Ө-ыг аваад явсан Э.Э тэндээс харьсан юм шиг байна лээ. Би яг цохихыг нь хараагүй. Жижиг өрөөнд нь байж байсан Б.Ө гурилын ганжин барьчихсан явж байхыг нь харсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.М-ын”... Г.Б манайд орж ирээд Б.Ө чамайг надтай хардаад байна гэж хэлсэн Г.Б бид хоёрын хооронд ямар нэг харьцаа байхгүй. Манай эхнэр надад ярихдаа ямар ч шалтгаангүйгээр миний нуруу руу гурилын ганжингаар цохьсон гэж хэлсэн. Манай эхнэрийн зүүн далны доод хэсэгт хөндлөн цус хураад, жаахан хавдсан байсан, өөр янз бүрийн бэртэл гэмтэл байхгүй байсан. Б.Ө гурилын ганжингаар цохьсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Оын”... Тэгээд байж байгаад Г.Б, Э.Э хоёр зугтаад гараад ирсэн араас нь Б.Ө гурилын ганжин бариад гарч ирсэн Г.Б машин руу ирээд би урд сууж байхад миний хажуугаар ороод ирсэн Б.Ө араас хүрээд ирэхээр нь чи чинь юу болоод яагаад байгаа юм бэ гээд юм ярьж байх хооронд Г.Б зугтаасан, тэгсэн Б.Ө араас нь хөөгөөд хашаан дотроо ороод хаана байна ална та нарыг гээд орилж байснаа машин руу орж ирээд арын суудал дээр суухаар нь яагаад байгаа юм бэ боль тайвшир гээд юм ярьж байгаад тайвшруулсан. Э.Э гэртээ ирээд Б.Ө гурилын ганжингаар миний нуруу руу цохьсон гэж ярьсан. Э.Э намайг ирснээс хойш нэлээн удаж байгаад гэртээ ирсэн орж ирээд цагдаад мэдүүлэг өгчихөөд ирлээ намайг цохьсонд нь би гомдол гаргасан миний нуруу руу гурилын ганжингаар цохьсон гэж ярьсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 182 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Өын бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ө-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч Б.Ө нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч Э.Э нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Б.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ө нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гурилын ганжин 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ын Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ыг 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь шүүхээс оногдуулсан 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйшйн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гурилын ганжин1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шүүгдэгч Б.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Ө-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР