Шүүх | Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пэрлээн Гандолгор |
Хэргийн индекс | 160/2019/0223/Э |
Дугаар | 2019/ШЦТ/223 |
Огноо | 2019-10-25 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2019/ШЦТ/223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч: Б.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатад овогт Бийн Ст холбогдох эрүүгийн .... тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус ба................ гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Баатад овогт Бийн С/РД:АП83091477/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.С нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн нутаг дэвсгэрт Хойд мөрөнгийн Хялалзах гэх газар иргэн П.Эын зүүн нүд орчим нь цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 1912005930274 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч П.Эын өгсөн:
“...Манайх Чулуут сумын Халуун-Ус багийн Хойд мөрөнгийн Хялалзах гэдэг газар намаржиж байгаа 2019 оны 10 дугаар сарын 01-ний өглөө 10 цагийн үед байх манай хотонд манай ах Бгийн хүүхэд С ирсэн. Манайд орж ирэхдээ архи уучихсан бололтой орж ирсэн. Манай эхнэр Ц.О монгол архи хийж өгсөн эхнэрийн хийж өгсөн архийг Б.С бид хоёр хувааж ууж байхдаа малын бэлчээрээс болж маргалдсан Хялалзах гэдэг газар нь урдаасаа хойшоо чиглэсэн том ам байдаг. Б.Сын өвөлжөө нь Хялалзахын эхэнд байдаг манайх дунд хавьд байдаг намаржаанд бууснаас хойш манай мал Б.Сын өвөлжөө хавиар бэлчдэг гэтэл Б.С танай мал манай өвөлжөөг идэж дууслаа гээд агсам тавиад бид хоёр маргалдаж эхэлсэн. Намайг зүүн нүдний дээд тал хөмсөг рүү цохьсон чинь би ухаан алдаад унасан нэг сэрээд харсан чинь манай эхнэр Ц.О, манай эгч Бямбасүрэн, Б.С нар байж байсан намайг ухаан алдаад унахаар манай эхнэр Халуун-Ус багийн сургуульд тогооч хийдэг охин Эрдэнэцэцэг болон эгч Бямбасүрэн нар руу утсаар хэлсэн юм шиг байна лээ. Мөн сумын төв рүү эмнэлэгт дуудлага өгсөн гэсэн тэгээд байж байтал эмнэлгийн машинтай эмч, цагдаа нар ирээд намайг болон Б.Сыг эмнэлгийн машинаар сумын төв рүү авч яваад сумын эмнэлэгт ирээд миний зүүн нүдний хөмсөгөнд 3 оёдол тавьсан. Бид хоёр малын бэлчээрээс болж маргалдаад миний зүүн талын хөмсөг руү цохихоор нь би ухаан алдаад унасан байсан эмч ирээд сумын төв рүү авч явна гээд сумын төвд ирээд зүүн хөмсөгндөө 3 оёдол тавиулсан. Малын бэлчээрээс болж маргалдсан. Надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй. Намайг зодсон Б.С миний төрсөн ах Бгийн хүүхэд байгаа юм. Энэ хэргийг хурдан хугацаанд шийдэж өгнө үү гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-7 дугаар тал/
*Гэрч Ц.Оийн өгсөн:
“...Манай хадам ах Бгийн хүү С 2019 оны 10 дугаар сарын 01-ний өглөө 10 цагийн үед манайд тугалтай үнээ хайж явна гээд ирэхээр нь би шанага монгол архи хийж өгөөд хийж өгсөн архийг Б.С, манай нөхөр П.Э хоёр хувааж уугаад хууч хөөрөөд суусан. Тэгснээ малын бэлчээр, өвөлжөө хаваржааны асуудлаас болоод маргалдаад эхэлсэн чинь Б.С манай нөхөр П.Эыг зүүн нүд рүү нь цохьсон чинь манай нөхөр П.Э ухаан алдаад унасан. Тэгэхээр нь би Б.Сыг чи яаж байгаа юм бэ ахыгаа гээд 2 алгадсан. Тэгээд манай нөхөр П.Э ухаан орохгүй болохоор нь Халуун-Ус багийн сургуульд тогооч хийдэг охин Эрдэнэцэцэг рүү утсаар яриад аавыг чинь Б.С цохиод ухаан алдуулчихлаа ухаан ордоггүй гэхэд манай охин сумын эмнэлэг рүү дуудлага өгөөд өөрөө машинаараа ирсэн. Манай охиныг ирэхэд манай нөхөр ухаан орчихсон байсан. Удаагүй байж байтал эмнэлгийн машинтай эмч, цагдаа нар ирсэн. Манай нөхөр П.Эыг Б.Стай хамт сумын төв рүү авч явсан. Эхлээд ах дүү хоёр шиг хууч хөөрч байснаа гэнэтхэн малын бэчлээрээс болоод маргалдаад эхэлсэн танай мал манай өвөлжөөг идээд дууслаа манай мал өвөл онд орохгүй, идэх юм байхгүй гэж байснаа манай нөхрийг цохиж унагаад ухаан алдуулсан. Мал өөрөө бэлчээд өвс хөөгөөд явж байгаа болохоос бид нар ямар зориуд малаа Б.Сын өвөлжөө рүү бэлчээгээд байгаа биш гэдгээ сүүлд нь Б.Ст хэлсэн. Бэлчээрээс болж маргалдаж байгаад зүүн нүд хавьцаа нь нэг удаа л цохьсон өөр цохиж зодсон зүйл байхгүй. Малын бэлчээр дээрээс болж хэрэлдэж маргалдаж байсан. Гэхдээ зодоон цохиондоо хүрч байсан асуудал байхгүй. Манай нөхөр өөрөө гомдолгүй гэсэн би ахынхаа хүүхдийг янз бүрийн асуудалд оруулмааргүй байна гээд байгаа миний хувьд ч гэсэн гомдол янз бүрийн юм байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-12 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 458 дугаартай“...П.Эын биед зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тус бүр шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлүүд нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 18 дугаар тал/
*Яллагдагч Б.Сын өгсөн:
“...Манай аавын дүү П.Э ахынх Хялалзах гэдэг газрын аманд намаржиж байгаа тэр хотонд 7 айл байдаг. Ер нь айлууд намаржаандаа Хялалзахын аманд буухаар мал нь манай өвөлжөө рүү бэлчээд байдаг юм. Манай өвөлжөө Хялалзахын эхэнд байдаг. Би Хялалзахын аманд намаржаандаа буусан айлуудад малаа битгий манай өвөлжөө рүү бэлчээгээд бай өөр газар руу бэлчээ гэж хэлж л байсан 2019 оны 10 дугаар сарын 01-ний өглөө тугалтай үхэр алга байхаар нь олохоор хайгаад явж байгаад бороо ороод хүйтэн байсан болохоор даараад дулаацах санаатай П.Э ахын хотонд буугаад тэднийд ороход П.Э ахын эхнэр Ц.О эгч монгол архи хийж өгөхөөр нь П.Э ахтай хууч хөөрөөд ууж байхдаа танай хотны айлуудын мал манай өвөлжөө рүү бэлчээд байх юм би нарт зөндөө хэлэх юм өөр газар руу тууж болдоггүй юм уу гэж хэлсэн биздээ гээд малын бэлчээрээс болж маргалдаад П.Э ахыг зүүн талын нүд орчим руу нь нэг удаа цохьсон чинь П.Э ах ухаан алдаад уначихсан. Тэгээд сэргэхгүй болохоор нь П.Э ахын эхнэр Ц.О эгч чи яаж байгаа юм бэ зүгээр байсан хүнийг цохьчихлоо гээд бид нар ямар малаа бэлчээгээд байгаа биш мал өөрөө явж байгаа юм чинь бид нар яах юм бэ гээд намайг загнаад Халуун-Ус багийн бага сургуульд тогооч хийдэг охин Эрдэнэцэцэг рүүгээ утсаар яриад Б.С аавыг чинь цохьсон чинь ухаан алдаад уначихлаа босч ирдэггүй гэсэн чинь П.Э ахын охин Эрдэнэцэцэг нь сумын эмнэлэг рүү дуудлага өгчихөөд удалгүй өөрөө аавындаа ирсэн. Араас нь нилээн удаж байгаад эмнэлгийн машинтай эмч цагдаа нар ирсэн Эрдэнэцэцэгийг ирэхэд Э ах ухаан орчихсон босоод ирсэн байсан. Эмч цагдаа нар П.Э ах бид хоёрыг хоёуланг нь аваад сумын төв рүү явсан. Эмнэлэг дээр очоод П.Э ахын зүүн хөмсөгөнд нь 3 оёдол тавиулсан. Өөр бэртэл гэмтэл байхгүй гэсэн П.Э ах бид хоёр сайн дураараа эвлэрсэн надад гомдол санал байхгүй гэсэн болохоор хэргийг хурдан хугацаанд шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Манай өвөлжөө рүү Хялалзахын аманд буусан айлуудын мал бэлчээд өвөлжөөний хажуугийн өвсийг идээд өвөл манай мал идэх юмгүй болчихдог болохоор нь тэрийг нь хэлээд маргалдсан. Би нүүр рүү нь нэг удаа л цохьсон өөр цохиж зодсон зүйл байхгүй. Өр авлага, өс хонзонгийн ямар нэг асуудал байхгүй. Би хохирлыг нь барагдуулсан надад гомдол санал байхгүй гэсэн бид хоёр сайн дураараа эвлэрсэн болохоор хэргийг хурдан хугацаанд шийдэж өгнө үү гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-27 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар тал/
*Яллагдагч, хохирогч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 43, 44 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн нутаг дэвсгэрт Хойд мөрөнгийн Хялалзах гэх газар иргэн П.Э нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.С үйлдсэн болох нь хохирогч П.Эын”... Манай эхнэр Ц.О жаахан монгол архи хийж өгсөн эхнэрийн хийж өгсөн архийг Б.С бид хоёр хувааж ууж байхдаа малын бэлчээрээс болж маргалдсан Хялалзах гэдэг газар нь урдаасаа хойшоо чиглэсэн том ам байдаг. Б.Сын өвөлжөө нь Хялалзахын эхэнд байдаг манайх дунд хавьд байдаг намаржаанд бууснаас хойш манай мал Б.Сын өвөлжөө хавиар бэлчдэг гэтэл Б.С танай мал манай өвөлжөөг идэж дууслаа гээд агсам тавиад бид хоёр маргалдаж эхэлсэн. Намайг зүүн нүдний дээд тал хөмсөг рүү цохьсон чинь би ухаан алдаад унасан нэг сэрээд харсан чинь манай эхнэр Ц.О, манай эгч Бямбасүрэн, Б.С нар байж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Оийн”... Тэгснээ малын бэлчээр, өвөлжөө хаваржааны асуудлаас болоод маргалдаад эхэлсэн чинь Б.С манай нөхөр П.Эыг зүүн нүд рүү нь цохьсон чинь манай нөхөр П.Э ухаан алдаад унасан. Тэгэхээр нь би Б.Сыг чи яаж байгаа юм бэ ахыгаа гээд 2 алгадсан. Тэгээд манай нөхөр П.Э ухаан орохгүй болохоор нь Халуун-Ус багийн сургуульд тогооч хийдэг охин Эрдэнэцэцэг рүү утсаар яриад аавыг чинь Б.С цохиод ухаан алдуулчихлаа ухаан ордоггүй гэхэд манай охин сумын эмнэлэг рүү дуудлага өгөөд өөрөө машинаараа ирсэн...” гэх мэдүүлэг, яллагдагч Б.Сын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 458 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Сын бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Сын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч Б.С нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч П.Э нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Б.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.С нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б-д овогт Бгийн Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь шүүхээс оногдуулсан 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР