Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 307

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Цэрэнханд би нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Төрийн банкны Замын-Үүд салбарт холбогдох худалдан авах гэрээний үүрэг 1,096,451 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 сарын 17-ны өдөр хүлээн авч , 2016 оны 10 сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Төрийн банкны Замын-Үүд салбар нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 30138160 тоот гэрээ байгуулан 94002614 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт iPhone багцын үйлчилгээг мөн Гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан iPhone 6 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 1,096,451 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжинд 30,865 төгрөг төлсөн болно гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түмэндэлгэр шүүхэд гаргасан тайлбартаа: ...тус хэрэглэгч нь 1,096,451 төгрөгнөөс 2016 оны  10 сарын 27-ны өдөр 550,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл төлбөр болох 546,451 төгрөгийг 2016 оны 12 сарын 31-ний дотор төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Төрийн банкны Замын-Үүд салбар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус салбарт теллерээр ажиллаж байсан Э.Энхзолбоогийн зээлээр худалдан авсан Iphone 6 утсыг зээлээр худалдан авч гэрээт хугацаанд нь төлөөлөөгүйгээс шүүхэд нэхэмжилсэн үлдэгдэл төлбөр болох 1,096,451 төгрөгнөөс 2016 оны  10 сарын 27-ны өдөр 550,000 төгрөг төлж үлдэгдэл 546,451 төгрөгийг 2016 оны 12 сарын 31-ний дотор төлж барагдуулахаар Мобиком корпорацийн Замын-Үүд салбартай тохиролцсон болно   гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Төрийн банкны Замын-Үүд салбарт холбогдох худалдан авах гэрээний үүрэг 1,096,451 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь Мобиком корпораци ХХК-тай 30138160 тоот гэрээ байгуулан 94002614 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт iPhone багцын үйлчилгээг мөн гар утас худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан iPhone 6 утсыг зээлээр худалдан авсан ба хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ба зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 1,096,451 төгрөг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Төрийн банкны Замын-Үүд салбар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 1,096,451 төгрөгийг 2016 оны 12 сарын 31-ний дотор бүрэн төлж барагдуулах талаарх тайлбар ирүүлснийг, нэхэмжлэгч зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Төрийн банкны Замын-Үүд салбарт холбогдох худалдан авах гэрээний үүрэг 1,096,451 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Төрийн банк нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,096,451 төгрөгийг 2016 оны 12 сарын 31-ний дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 30,865 төгрөгийн 50 хувь болох 15,433 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 15,433  төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Төрийн банкны Замын-Үүд салбараас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 15,433 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ   А.ЦЭРЭНХАНД