Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/156

 

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгч: Б.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бийн Тт холбогдох эрүүгийн  тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ...суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын ................ гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Бийн Т/РД:/ 

 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны орой Архангай аймгийн... гэх газарт өөрийн эхнэр А.Агийн толгойн тус газар нь модон сандлаар цохин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

       *Эрүүгийн 1912002590172 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч А.Агийн өгсөн:

“...2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нөхөр бид хоёр хотод ажил хийдэг хүүхдээ хот руу суулгаж өгөх гээд сумын төв орж ирсэн. Хүүгээ суулгах гээд байж байтал автобусны буудал дээр таньдаг хүмүүстэй тааралдсан, манай нөхөр тэр хүмүүсээс архи нэхээд нэг шил архи авахуулсан байсан. Тэрийг манай нөхөр тэнд байсан хүмүүстэй хувааж уугаад согтсон, машинаа барь явж чадахгүй болсон байсан. Би таньдаг хүнээрээ машинаа бариулаад манай нутгийн дүү нар Лувсандамба эхнэр Цэрмаагийн хамт, Уламсайхан, бид нар манайд очих гээд явж байхад замд мотоцикльтой нэг залуу таараад бид нар манайд ирсэн. Манай нөхөр унтсан байсан би манайд ирсэн хүмүүстэй 2 шил архи хувааж уугаад тэгээд ирсэн хүмүүс яваад өгсөн. Нөхөр сэрээд агсарах гээд байсан би гутлаа тайлах гээд тонгойгоод байж байтал сандлаар миний толгой руу цохьсон.  Тэгээд би дүү Бат-Эрдэнийг дуудаад сумын төвд А.Э гэх дүүгийн гэрт ирсэн. Манай дүү А.Э цагдаад мэдэгдсэн байсан. Сандлаар 2 удаа духанд цохьсон, миний дух хоёр хэсэг газар язарсан байна би эмнэлэгт үзүүлсэн. Чи их том гэсэн чи том гэлүү гээд агсам тавих гээд хэрүүл өдөөд байсан. Тэгж байснаа намайг цохиод авсан. Ямар шалтгааны улмаас цохьсоныг  мэдэхгүй байна. Бид хоёр л байсан цохьсоноос хойш манайхтай айл байдаг Төгсжаргал гэх залуу орж ирсэн. Бид хоёр архи уусан би согтоогүй байсан. Б.Т унтаж босож ирээд гайгүй л болсон байх шиг байсан. Зарим үед гэр бүлийн маргаан гардаг байсан зодож, цохиод гэмтээж бэртээж байсан зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 13-15 дугаар тал/ 

 

           *Гэрч А.Эын өгсөн: 

           “...2019 оны 04 дүгээр сарын 28-ны 21 цагийн үед манай ах Бат-Эрдэнэ манай эгч А.А хоёр манайд ирсэн. Эгч А.Агийн тархи толгой нь цус болсон байдалтай орж ирсэн би юу болсон талаар эгчээс асуусан чинь манайд хүмүүс ирж архи уугаад тэгээд ирсэн хүмүүс явсан чинь Б.Т унтаж байснаа хүмүүс явсан хойно босож ирээд надтай хэрэлдээд сууж байсан сандлаараа цохьсон гэж байсан. Би сумын цагдаад мэдэгдээд цагдаагийн хамт явж Б.Тын гэрээс нь аймаг хүргэж өгч эрүүлжүүлэхэд хийлгэсэн. Зодож цохиод байдгийг  мэдэхгүй байна манай эгч А.А Б.Тыг согтоод хөөж туугаад байна гээд хүрээд ирдэг байсан. Би нарийн учрыг нь мэдэхгүй байна. А.А эгч архи уусан байсан, согтолтын байдал  гайгүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 28-29 дүгээр тал/ 

 

*Гэрч С.Бын өгсөн: 

“...2019 оны 04 сарын 28-ны 19 цагийн үед санагдаж байна, Б.Т ах А.А эгч хоёр сумын төв яваад ирж байгаа бололтой гэртээ ирж байсан. Тэр хоёртой машинтай хүмүүс ирсэн байсан. Би ирсэн машиныг нь сумын төв орох юм болов уу гэж бодоод асуух гээд очиход Б.Т ахынд Улаанбух эхнэр Цэрмаагийн хамт, Уламсайхан, Буржгар банди гэх залуу, А.А эгч нар байсан. Би ороод байж байтал манай нөхөр Төгсжаргал араас ирээд бид хоёр тэдний хонь ямааг нь хамжиж хашиж өгсөн. Тэднийд байсан хүмүүс архи уусан халамцуу байсан. Би хүүхдээ сумын төв явуулах гээд буцаад нөхрийн хамт гэртээ ирсэн. Би нөхөр хүүхэд хоёроо Бургас гэх газар руу явуулсан. Манай нөхөр хүүхдээ хүргэж өгчихөөд ирсэн. Ирээд бид хоёр хонь ямаагаа хашчихаад Б.Т ахын хонь ямааг хашчихаад гэрт нь оролгүй өөрийнхөө гэрт ирсэн. Бид хоёрыг Б.Т ахын хурга, ишгийг нь тавьж өгч байх үед А.А эгч гарч ирээд манай хонь дутуу байна гээд байсан болохоор нь манай нөхөр дутуу хонинд нь явсан. Намайг хонь хашчихаад гэртээ ирж байхад Б.Т ахынд байсан хүмүүс явах гэж байгаа бололтой гадаа нь байсан. Б.Т ах машины дэргэж харагдаж байсан. Манай нөхөр 21-22 цагийн үед байх гэртээ ирээд цус боох даавуу байна уу Б.Т ах, А.А эгч хоёр зодоон хийсэн юм шиг байна А.А эгчийн толгойноос цус гараад байна боох даавуу маарал аваад суу гээд ирсэн. Би Би нөхрийн хамт очиж толгойг нь боож өгсөн. Орон дээрээ хэвтэж байсан, дух орчмоо язарсан цус гараад байсан. Тэр үед Б.Т зодсон гэж л байсан, би юу болсон талаар асуухад юм ярихгүй байсан. Сандлаар цохьсон гэж байсан. Бид нар айл саахалт болоод 2 жил болж байна энэ хугацаанд эхнэрээ зодож, цохих нь гайгүй л байдаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-32 дугаар тал/ 

 

*Яллагдагч Б.Тын өгсөн: 

“...Би 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо баг, Хонгор гэх газраас өөрийн хүүхдээ Улаанбаатар хот руу машинд суулгаж өгөх гээд сумын төв орж  автобусны буудал дээр таньдаг хүнтэйгээ уулзаад тэр хүнээр би нэг шил архи авахуулж уугаад нутгийн дүү Лувсандамба, Цэрмаа нараар дахин нэг шил архи авахуулж уугаад машинаа барьж чадахгүй Лувсандамба эхнэр Цэрмаатай нь гуйгаад хөдөө гэртээ хүргүүлсэн. Бид нар манай гэрт 2 шил архи хувааж уугаад би их согтсон байсан манайд байсан хүмүүс бүгд явсаны дараа эхнэр А.А руу агсраад шар өнгийн модон сандлаар эхнэрийн толгой хэсэг рүү нь нэг удаа цохьсон нь миний буруу, би өөр цохиж зодоогүй, эхнэрийн толгойноос цус гараад даавуугаар боогоод байж байхад хэсэг хугацааны дараа манай эхнэрийн дүү Бат-эрдэнэ ирээд цагдаа дуудаад намайг аймгийн эрүүлжүүлэх, саатуулах байранд авчирч саатуулсан. Би хүүхдээ машинд суулгаж өгөөд сумын төв дээр таараагүй байсан хүмүүстэй тааралдаж архи авахуулж уусан, согтуу байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрээ сандлаар нэг удаа цохьсон, өөр цохиж зодоогүй бид хоёрт маргалдаад байх асуудал байхгүй. Би сууж байсан шар өнгийн хар модон сандлаар нэг удаа толгой дух хэсэг рүү нэг удаа цохьсон, авсан өөр гар хүрээгүй. Хэрэлдэж маргалдахгүй байна гэж юу байх вэ хэрэлдэж маргалдаж байсан гэхдээ тийм сүртэй хэрэлдэж маргалддаг асуудал байхгүй, ер нь бол архи ууснаас болж хэрүүл маргаан гардаг. Би архи уусан үедээ урдаас нь янз бүрийн зүйл ярьдаг, тэгээд л хэрүүл маргаан гардаг. Эхнэр А.А толгой дух хэсэг рүү нэг удаа модон сандлаар цохьсон, толгой дух хэсэг хөхөрч хавдсан цус гарсан хоёр оёо эмнэлэгт ирж тавиулсан. Өөр гэмтэл шарх харагдаагүй...” гэх мэдүүлэг/54-57 дугаар тал/ 

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 199 дугаартай“...А.Агийн биед баруун хөмсөгний дээд хэсэг, духанд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. Хэрэг болох үеийн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 47 дугаар тал/ 

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр тал/ 

*Яллагдагч, хохирогч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 84, 85 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

2019 оны 04 дүгээр сарын 28-ны орой Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо баг, Хонхор гэх газарт иргэн А.А нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Т үйлдсэн болох нь хохирогч А.Агийн”... Манай нөхөр унтсан байсан би манайд ирсэн хүмүүстэй 2 шил архи хувааж уугаад тэгээд ирсэн хүмүүс яваад өгсөн. Нөхөр сэрээд агсарах гээд байсан би гутлаа тайлах гээд тонгойгоод байж байтал сандлаар миний толгой руу цохьсон...” гэх мэдүүлэг, гэрч А.Эын “...Эгч А.Агийн тархи толгой нь цус болсон байдалтай орж ирсэн би юу болсон талаар эгчээс асуусан чинь манайд хүмүүс ирж архи уугаад тэгээд ирсэн хүмүүс явсан чинь Б.Т унтаж байснаа хүмүүс явсан хойно босож ирээд надтай хэрэлдээд сууж байсан сандлаараа цохьсон гэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Бын “...Манай нөхөр 21-22 цагийн үед байх гэртээ ирээд цус боох даавуу байна уу Б.Т ах, А.А эгч хоёр зодоон хийсэн юм шиг байна А.А эгчийн толгойноос цус гараад байна боох даавуу маарал аваад суу гээд ирсэн. Би Би нөхрийн хамт очиж толгойг нь боож өгсөн. Орон дээрээ хэвтэж байсан, дух орчмоо язарсан цус гараад байсан. Тэр үед Б.Т зодсон гэж л байсан, би юу болсон талаар асуухад юм ярихгүй байсан. Сандлаар цохьсон гэж байсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 199 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Тын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Агийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. 

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Тын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч Б.Т нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч А.А нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Б.Тыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Б.Тт эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

             1.  Шүүгдэгч Б овогт Бийн Тыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

             5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйшйн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сандал 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

             6. Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

             7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР