Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 312

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Цэрэнханд би нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч А.Ундрахад холбогдох  зээлийн гэрээний үүрэг 38,350,636  төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 11 сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад, 2016 оны 11 сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сан”-г бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдан зарцуулах, зээл олгох, эргэн төлүүлэх журмын дагуу Cyм хөгжүүлэх сангийн хөрөнгийг зохистой ашиглах зорилгоор төсөл сонгон шалгаруулалт зарласаны үндсэн дээр 2011 оноос эхлэн зээлийг олгож эхэлсэн. Тус сумын иргэн А.Ундрах махны хөргөлттэй агуулах мах бэлтгэх цехийн чиглэлээрх төслийг 3acaг даргын Тамгын газарт ирүүлснээр сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор томилогдсон комисс уг төслийг хэлэлцэн дэмжиж, холбогдох дүгнэлтийг гаргасан. Үүний дагуу А.Ундрах “Махны хөргөлттэй агуулах мах бэлтгэх цех” байгуулах төсөлд Сумын засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/214 тоот захирамжаар сум хөгжүүлэх сангаас 40.000.000 төгрөгийн зээлийг олгохооор шийдвэрлэсэн. Сумын Засаг даргаас иргэн А.Ундрахтай “Сум хөгжүүлэх сангийн 2013 оны 08 сарын 30-ны өдрийн 78 тоот” гэрээг байгуулж, төгрөгийг 3 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн боловч А.Ундрах нь энэхүү хугацаанд зээл эргэн төлөх хуваарьт заасны дагуу зээлээ төлж барагдуулаагүй тул иргэн А.Ундрахын нийт зээлийн үлдэгдэл 30,680,509 төгрөг, зээлийн торгууль 7,670,127 буюу нийт 38,350,636 /гучин найман сая гурван зуун тавин мянга зургаан зуун гучин зургаан/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болорчулуун шүүхэд гаргасан тайлбартаа:... Иргэн А.Ундрах нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд ямар нэгэн маргаан гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж багасгаагүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг, Мобикомын 2-1 тоотод оршин суух Цэдэндамба овогт Анагаагийн Ундрах нь РД:ЕК71102260/ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие сум хөгжүүлэх сангаас 2013 оны 08 сард 40,000,000 төгрөгийг хоёр хувааж авсан нь үнэн болно. Тухайн авсан мөнгөө махны хөргөлттэй агуулах мах бэлтгэх цех барина гэж аваад 6х12 харьцаатай мах бэлтгэх цех мөн 10 ширхэг хөлдөөгч аваад үлдсэн мөнгөө эргэлтийн хөрөнгөндөө зарцуулаад ажиллаж байтал цехийн ашиг орлого муудан явцын дунд зээлийн эргэн төлөлтөө хоцрогдуулсан болно. Иймд Засаг даргын тамгын газраас нэхэмжилсэн 38,350,636 төгрөгийг бүрэн төлж барагдуулна  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч А.Ундрахад холбогдуулан   зээлийн гэрээний үүрэг 38,350,636  төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч А.Ундрах нь  Замын-Үүд сумын Засаг даргатай 2013 оны 08 сарын 08 сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулан махны хөргөлттэй агуулах, мах бэлтгэх цех байгуулах зорилгоор 40,000,000 төгрөгний зээлийг 3 жилийн хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй Сум хөгжүүлэх сангаас зээлж авсан байх бөгөөд хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд зээлийн гэрээний дагуу зээлийг буцаан төлөөгүй, үүргээ гүйцэтгээгүй болох нь нэхэмжлэл, зохигчдын тайлбар, зээлийн гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Ундрах нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 38,350,636 төгрөгийг төлж барагдуулах талаарх тайлбарыг шүүхэд ирүүлжээ. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч А.Ундрахад холбогдох  зээлийн гэрээний үүрэг 38,350,636  төгрөг  гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.Ундрах нь нэхэмжлэлийн шаардлага болох 38,350,636 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж,  хариуцагчаас 38,350,636 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 болох 174,852 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ    А.ЦЭРЭНХАНД