Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 316

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн  зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Цэрэнханд би нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Даваасүрэнд холбогдох  зээлийн гэрээний үүрэг 7,967,214  төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 11 сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад, 2016 оны 11 сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сан”-г бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдан зарцуулах, зээл олгох, эргэн төлүүлэх журмын дагуу Cyм хөгжүүлэх сангийн хөрөнгийг зохистой ашиглах зорилгоор төсөл сонгон шалгаруулалт зарласаны үндсэн дээр 2011 оноос эхлэн зээлийг олгож эхэлсэн. Тус сумын иргэн С.Даваасүрэн Жавхлан үсчин, гоо сайханы салон өргөтгөх чиглэлээрх төслийг Засаг даргын Тамгын газарт ирүүлснээр сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор томилогдсон комисс уг төслийг хэлэлцэн дэмжиж холбогдох дүгнэлтийг гаргасан. Үүний дагуу С.Даваасүрэн “ Жавхлан үсчин гоо сайханы салон өргөтгөх ” төсөлд Сумын засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/94 тоот захирамжаар сум хөгжүүлэх сангаас 10.000.000 /Арван сая/ төгрөгийн зээлийг олгохооор шийдвэрлэсэн. Сумын Засаг даргаас иргэн С.Даваасүрэнтэй “Cyм хөгжүүлэх сангийн 2013 оны 04 сарын 30-ны өдрийн 60 тоот” гэрээг байгуулж, 10 сая төгрөгийг 3 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн боловч С.Даваасүрэн нь энэхүү хугацаанд зээл эргэн төлөх хуваарьт заасны дагуу зээлээ төлж барагдуулаагүй тул иргэн С.Даваасүрэнгийн нийт зээлийн үлдэгдэл 6,323,186 төгрөг, зээлийн торгууль 1,644,028 буюу нийт 7,967,214 /Долоон сая есөн зуун жаран долоон мянга хоёр зуун арван дөрвөн/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Амаржаргал шүүхэд гаргасан тайлбартаа:... Хариуцагч С.Даваасүрэн нь Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын сум хөгжүүлэх сангаас 2013 оны 04 сарын 24-ний өдөр 10,000,000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай авсан бөгөөд өнөөдрийг хүртэл төлөөгүй ба нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад зээлийн үлдэгдэл 6,323,186 төгрөг, зээлийн торгууль 1,644,028 төгрөг нийт 7,967,214 төгрөгийг бүрэн төлөхөө хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байна. Иймд Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч С.Даваасүрэнд холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, 8-р хэсэг, 5-р байранд оршин суух Боржигон  овогт Содномын Даваасүрэн нь РД:ТК 63040282/ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын сум хөгжүүлэх сангаас 2013 оны 04 сарын 24-нд 10,000,000 төгрөгний зээл авсан нь үнэн. Уг нэхэмжилсэн мөнгө болох зээлийн үлдэгдэл 6,323,186 төгрөг зээлийн торгууль  1,644,028 төгрөг нийт 7,967,214 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч С.Даваасүрэнд холбогдуулан  зээлийн гэрээний үүрэг 7,967,214  төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч С.Даваасүрэн нь  Замын-Үүд сумын Засаг даргатай 2013 оны 04 дүгээр сарын  24-ний өдөр зээлийн гэрээ байгуулан Жавхлан үсчин гоо сайхны салоныг өргөтгөх зорилгоор 10,000,000 төгрөгний зээлийг 3 жилийн хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй Сум хөгжүүлэх сангаас зээлж авсан байх бөгөөд хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд зээлийн гэрээний дагуу зээлийг буцаан төлөөгүй, үүргээ гүйцэтгээгүй болох нь нэхэмжлэл, зохигчдын тайлбар, зээлийн гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Даваасүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 7,967,214 төгрөгийг төлж барагдуулах талаарх тайлбарыг шүүхэд ирүүлжээ. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч С.Даваасүрэнд холбогдох  зээлийн гэрээний үүрэг 7,967,214  төгрөг  гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.Даваасүрэн нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,967,214 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж,  хариуцагчаас 142,425 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 болох 71,213 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ     А.ЦЭРЭНХАНД