| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2016/0317/И |
| Дугаар | 322 |
| Огноо | 2016-11-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 322
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Цэрэнханд би нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Батцоожид холбогдох 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 09 сарын 08-ны өдөр Замын-Үүд сумын гэр гандан хийдийн хамба лам Батцоожид 1,000,000 төгрөгийг 09 сарын 18-ны өдөр эргүүлж төлөх хүсэлтээр нь тус хугацаагаар хүүгүйгээр зээлдүүлсэн юм. Уг мөнгийг би 09 сарын 20-нд тариалан эрхлэгчдийг дэмжих санд төлөх ёстой бөгөөд зээлээ төлөх зорилгоор 9 сард Хаан банкнаас авсан зээлийн мөнгө байсан. Наана нь амжих юм байна гэсэн тооцоогоор тус болохоор зээлдүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл өгдөггүй 09 сарын 18, 10 сарын 21-нд ирж нэхсэн боловч удаа дараа худал ярьж хуурч байгаа юм. Батцоожтой утсаар ярьсан бичлэг, харилцсан месежүүд байгаа. Дээрх сангаас гэрээний дагуу мөнгөө нэхэж утасдаад 10 сарын 20-ноос хүү тооцохыг сануулаад хэцүү байна. Батцоожоос 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Батцоож нь шүүхэд нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгийн нэхэмжилсэн 1,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан талаарх төлбөр тушаасан баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг нь хариуцагч, Г.Батцоожид холбогдуулан 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Г.Батцоож нь нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгээс 2016 оны 09 сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөгийг зээлж авсан байх ба шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 1,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн төлбөр төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Батцоож нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,000,000 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Батцоожид холбогдох 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Батцоож нь нь нэхэмжлэлийн шаардлага1,000,000 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 28,550 төгрөгийн 50 хувь болох 14,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 14,275 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.Батцоожоос 14,275 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 14,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД