Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/225

 

                                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Буяндалай

Шүүгдэгч: Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Энххүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүнтэн овогт Буяндэлгэрийн Эд холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй баг, Хайрханы үүд гэх газар оршин суух хаягтай, Бүнтэн овогт Бийн Э/РД:АД/ 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Төмөрт гэх газар хохирогч Б.Баярсүхтэй маргалдаж, улмаар баруун өгзөг тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

        

           *Эрүүгийн 1912004920260 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Б.Бийн өгсөн: 

“...Өндөр-Улаан сумын Хануй багийн Төмөрт гэх газар 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Манай бургасны эхэнд байдаг найз Ж.М, Ө.Г нарын хамт Хануй голын эрэг дээр нэг шил 0.5 граммын Улаанбаатар гэх архи согтууруулах ундаа уугаад сууж байтал ард талд байсан Б.Э хүрч ирсэн. Тэгээд бид дөрөв хамт архи ууж сууж байгаад 20:00 цагийн орчимд Б.Эгийнд бид 4 хамт очиж 2 шил Сэрүүн гэх 2 литрийн пиво уусан тэгээд Б.Э согтож эхлээд эвгүй араншин гаргаж эхэлсэн. Тэгээд би гэрийнх нь баруун талын орон дээр хэвтэж байсан. Тэгтэл Б.Э ямарч шалтгаангүйгээр зуухний таг авч ууцан дээр 2 удаа цохьсон толгой руу хэд хэд өшиглөсөн дараа нь жижиг лантуугаар зүүн хөлийн өсгий рүү хальт цохьсон тэр үед Ө.Г нь Б.Эг болиулж гэрээс нь авч гарсан. Тэр үед нь би амжиж гэрээс нь гараад Ө.Гийнд очиж гэрт нь ороод Ө.Гийн эхнэр М.Мгаар гэрийнх нь баруун талын орон дээр ор засуулаад унтаж байхад гэнэт нуруу руу хүйт оригоод би сэртэл орны хажууд Б.Э зүүн гар талдаа модон бариултай гар хийцийн хэрэглээний хутга барьчихсан зогсож байсан. Тэгээд Ө.Гийн эхнэр М.М нь агаа таны нуруунаас цус гарчихсан байна гэж хэлэхээр нь би хартал ууцнаас цус гарч байсан. Би хутгатай гарыг нь барьж аваад хутгийг нь булааж авах гэж оролдоход Б.Э эсэргүүцэж ноцолдож байх хугацаанд Ө.Г хутгыг булаан авч гаргаж хаясан. Би гэр рүүгээ ороод эмч дуудах гэтэл гэртээ байгаагүй тэгээд би алчуураар биеээ ороогоод байж байтал 2019 оны 08 дугаар сарын 18-ны өглөө Хануй багын эмч Анхтуяа ирж үзээд аймгийн төв яв гэж хэлээд аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж мэс засалд ороод цагдаагийн байгууллагад хандсан. Б.Э бид хоёрын дунд өмнө нь өс санасан зүйл болон өр ширний асуудал байхгүй. Б.Этэй намайг ноцолдож байх хугацаанд Ө.Г эхнэр М.Мгийн хамт байсан. Би болон гэрт байсан Б.Эрдэнхүү, Ө.Г бид гурав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан харин Ө.Гийн эхнэр М.М нь эрүүл байсан. Б.Э Ө.Гийн гэрт байхдаа бүгдэнд нь хандаад эхнэр олж ир ойртсоныг нь би шууд шаачихна шүү гээд орилоод байсан, өөр зүйл хэлж ярьсаныг нь би сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-7 дугаар тал/ 

 

*Гэрч Ө.Гийн өгсөн:

“...2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Б.Б, Ж.М бид гурав Өндөр-Улаан сумын Хануй багийн Төмөртын аманд Б.Эгийн гэрийн урд байрлах жалганд суугаад 3, 4 шил 0.5 граммтай Ерөөл гэх архи хэрэглэсэн. Тэр үед бид гурав Б.Эг дуудаад жаахан ууж сууя гэж хэлэхэд Б.Э би ажилтай байна ажлаа дуусгаад яваад очьё гэж хэлээд 05:00 цагийн орчимд Б.Э хүрч ирээд 4 шил архи ууж дуусаж байтал Б.Эрдэнхүүгийн эхнэр Б.Ч хүрч ирээд нөхөр Б.Эг хониндоо яв гэж уурлаад Б.Э хониндоо явсан. Тэр хойгуур Ж.М, Б.Б бид 3 явж Хануй багийн төвөөс очиж 0.33 граммын шилтэй Ерөөл архи, 2 литрийн савтай Сэнгүр пиво авч ирээд үргэлжлүүлж Б Эгийн гэрийн урд  жалганд суугаад архи ууж хоорондоо юм яриад сууж байхад Б.Э ороод ирээ хоол ид гэж бид 3-г дуудсан. Тэгээд бид гурав гэрт нь ороод хоол идчихээд үлдсэн архиа ууж дуусах үед Б.Э, Б.Б нар нь хоорондоо маргалдаад байх шиг байсан тэр хооронд Б.Эгийн эхнэр Б.Ч нь 2 хүүхдээ дагуулаад гараад явчихсан байсан. Тэгээд Б.Э, Б.Б нар хоорондоо маргалдаж байгаад барилцаад авсан тэгэхээр нь би дундуур нь ороод салгаад Б.Бийг гэр рүүгээ авч явсан. Тэгээд манай гэрт очоод Б.Б нь унтаад өгсөн би ч гэсэн орондоо ороод хэвтэж байсан гэтэл хаалга дугарах шиг болоод эргээд хартал Б.Бтэй Б.Э барьцалдаад зогсож байхаар нь би орноосоо босоод Б.Э, Б.Б нарыг салгасан. Тэр үед гэрт харанхуй байсан болохоор юу болсоныг нь сайн мэдээгүй тэгээд Б.Эгийн гарт нь нэг зүйл гялс хийхээр нь хартал хутга байхаар нь би Б.Эг наад гартаа байгаа зүйлээ хая гэж хэлэхэд Б.Э хаалгаар гаргаад шидчихсэн. Тэгээд Б.Б рүү хартал нүүрнээс нь цус гарчихсан байсан тэгээд би Б.Бийг гэрт нь хүргэж өгөөд би гэр рүүгээ орсон.  Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд би их согтсон байсан их хэмжээгээр хэрэглэсэн байсан зарим зүйлийг сайн санахгүй байна. Б.Э, Б.Б нар миний мэдэхийн өмнө нь хоорондоо маргаантай асуудал болон өр ширний асуудал маргаан байгаагүй. Би Б.Эг сайн мэдэхгүй нутгийн найзууд зан байдлын талаар гэвэл элдэв муу зан байхгүй бас надад өөр элдэв авир гаргаж байгаагүй харин хүмүүс ууртай гээд байдаг надад ажиглагдсан зүйл байхгүй. Тухайн үед манай гэрт Б.Э, Б.Б, манай эхнэр М.М болон манай бага охин байсан, харин тухайн үед ноцолдож байхыг нь би ганцаараа харсан, манай эхнэр охин хоёр унтаж байсан. Би тухайн үед маргалдаж байсныг санахгүй байна, нэг мэдэхэд барьцалдаад авчихсан байхаар нь би салгасан. Жижиг хутга шиг зүйл барьчихсан байсан, яг юу барьсан байсан талаар санахгүй мэдэхгүй байна, харанхуй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-13 дугаар тал/ 

 

*Гэрч Б.Чийн өгсөн: 

“...2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 16:30 цагийн орчимд манай нөхөр тугалын хашаа янзлаад сууж байсан чинь нэг Портер маркийн ачааны машинтай хүмүүс ирээд манай нөхөртэй уулзаад манай гэрийн урд талын жалганд ороод суусан тэр хүмүүс гартаа архи ундаа зэрэг зүйлс барьчихсан байсан. Тэгээд манай нөхөр Б.Эг дуудсан юм байлгүй манай нөхөр яваад очсон байсан. Тэгээд би гэртээ байж байгаад 17:30 цагийн орчимд би яваад очсон тэгсэн чинь Б.Б, Ө.Г, Ж.М болон манай нөхрийн хамт архи ууж байсан. Тэгээд би Б.Эг үнээгээ хураа гээд Б.Эг үнээндээ явуулсан тэгээд би нөхрийгөө үнээндээ явчихаад ирэхээр нь би үнээгээ саах гээд гэрээс гарсан тэр хооронд тэр гурав багийн төв рүү яваад жижигхэн шилтэй архи 3, 4-ийг аваад ирчихсэн байсан. Тэгээд би үнээгээ сааж дуусаад гэртээ орж иртэл тэр 3 манай нөхрийн хамт архи уугаад сууж байсан. Тэгээд би та нар одоо яваа та нарын архи чинь одоо хэтэрчихлээ гэж хэлсэн чинь миний үгэнд ороогүй. Тэгээд  орой болтол уусан би хэд болж байсныг анзаараагүй, би 2 хүүхдээ аваад орондоо орчихсон байсан. Тэр 4 архи уугаад суугаад байсан тэр хугацаанд Б.Б нь нөгөө хэд рүүгээ үсчээд хэрүүл хийх гээд маргалдаад байсан. Тэгээд арай гайгүй болж байгаад буцаад л хүн болгон руу үсчээд манай нөхөртэй хэрүүл хийгээд манай нөхрийн эцгийг доромжлоод байсан. Манай нөхрийн аавыг архичин, аавийгаа мэдэх үү?, гээд байсан тэгээд хэрүүл маргаан болж эхэлсэн. Тэгээд би айгаад 2 хүүгээ аваад гэрээс гараад айл руу яваад өгсөн тэгээд юу болсоныг мэдээгүй сүүлд нь мэдсэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан би ер нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Манай нөхөр ер нь гайгүй тогтвортой элдэв ааш авир багатай хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ч гэсэн өмнө нь ийм ааш авир гаргаж байгаагүй. Тухайн үед Б.Б, Ж.М, Ө.Г болон манай нөхөр 4 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Манай нөхөр болон тэнд байсан 3 хүн их архи уусан байсан хэр согтолттой байсныг сайн мэдэхгүй байна ямар ч байсан их хэмжээгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Манай нөхөр болон Б.Б нарын хооронд өмнө нь ямар нэг асуудал болон өс хонзон санасан зүйл өр авлагын зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-16 дугаар тал/  

 

          *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 388 дугаартай“...Б.Бийн биед баруун өгзөгөнд шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хатгах, хатгагдах үйлчлэлээр үүснэ. Шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлүүд нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгибайдлаар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 18 дугаар тал/ 

 

           *Яллагдагч Б.Эгийн өгсөн: 

“...2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн үед би малынхаа хашааг бариад байж байх үед Ж.М, Б.Б, Ө.Г нар над дээр Б.Б надад хандан “ганц нэг шил архи хамт ууя” гэж хэлэхээр нь би “хашаа хүрээгээ барьж байна, зав гарвал очьё” гэж хэлсэн. Тэгээд тэр 3 манай хашааны урд талд байдаг жалганд уугаад суусан. Би хашаагаа барьж дуусгаад тэр 3 дээр яваад очоод хамт үлдсэн архийг нь уусан. Удалгүй манай эхнэр болох Б.Ч нь ирээд мал явчихлаа малаа эргүүлээд ир гээд надруу уурлаад байхаар нь би малдаа явсан. Намайг малдаа явах гэж байхад Г надаа “дахиад ганц 1 шил архи сумын багийн төв ороод аваад ирье” гэж хэлсэн. Би малдаа яваад эргээд ирэхэд нөгөө 3 багийн төв явчихсан байсан. Тэгээд би гэртээ удаагүй байхад нөгөө 3 багийн төвөөс 2 шил архи авч ирээд өмнө ууж байсан газраа очиж уусан. Би тэгэхэд нь очоогүй гэртээ хоол хийгээд байж байсан. Тэгээд би хоолоо хийж дуусгачихаад тэр 3-г манайд орж ирээд хоол ид гэж дуудсан. Тэр 3 манайд орж ирээд хоолоо идчихээд үлдсэн архиа ууж дуусгасан. Үлдсэн архиа ууж байхад л Б.Б намайг чи хойд эцэгтэйгээ их адилхан болж байна гээд хэл амаар доромжлоод байсан болохоор бид хоёр барилцаж аваад бие биенийгээ хэд хэдэн удаа цохьсон. Бид 2 зодолдож байхад Ө.Г бид хоёрыг салгаад Б.Бийг машиндаа суулгаад аваад явсан. Тэр хооронд миний эхнэр Б.Ч нь 2 хүүхдээ аваад ахынд очсон байсан. Би тухайн үед уур хүрээд байсан болохоор Б.Бийн араас очиж уулзах гээд Ө.Гийн гэрт очсон. Намайг Ө.Гийн гэрт орох үед Б.Б Ө.Г нар нь унтах гээд гэрийнхээ 2 талын орон дээр сууж байсан. Тэгээд би Б.Бтэй муудалцаад ноцолдоод нэг мэдэхэд Б.Бийн хонго руу нь хутгалчихсан байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Өөрийгөө хянах чадваргүй байсан. Юу болсныг сайн мэдэхгүй байна. Бид нар 0.5 литртэй 4 шил архи уусан. Баруун хонгоны дээд хэсэгт хутгалсан. Бор өнгийн модон иштэй эвхдэг тонгоргоор хутгалсан. Тэгээд Ө.Г наад хутгаа хая гэхээр нь гэрээс нь гаргаж хаясан өглөө нь Ө.Гийн гэрийн гаднаас хутгаа олж аваад угаагаад кармаандаа хийсэн байсан. Кармаа цоороод хаягдсан байна лээ. Миний хутга байгаа юм би хэрэг болно гээд дандаа авч явдаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 39-42 дугаар тал/ 

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар тал/ 

*Яллагдагч, хохирогч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 53, 54 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Төмөрт гэх газар иргэн Б.Баярсүх нь бусдад хутгалуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Э үйлдсэн болох нь хохирогч Б.Бийн”... Ө.Гийнд очиж гэрт нь ороод Ө.Гийн эхнэр М.Мгаар гэрийнх нь баруун талын орон дээр ор засуулаад унтаж байхад гэнэт нуруу руу хүйт оригоод би сэртэл орны хажууд Б.Э зүүн гар талдаа модон бариултай гар хийцийн хэрэглээний хутга барьчихсан зогсож байсан. Тэгээд Ө.Гийн эхнэр М.М нь агаа таны нуруунаас цус гарчихсан байна гэж хэлэхээр нь би хартал ууцнаас цус гарч байсан. Би хутгатай гарыг нь барьж аваад хутгыг нь булааж авах гэж оролдоход Б.Э эсэргүүцэж ноцолдож байх хугацаанд Ө.Г хутгыг булаан авч гаргаж хаясан...” гэх мэдүүлэг, гэрч Ө.Гийн”...Б.Бтэй Б.Э барьцалдаад зогсож байхаар нь би орноосоо босоод Б.Э, Б.Б нарыг салгасан. Тэр үед гэрт харанхуй байсан болохоор юу болсоныг нь сайн мэдээгүй тэгээд Б.Эгийн гарт нь нэг зүйл гялс хийхээр нь хартал хутга байхаар нь би Б.Эг наад гартаа байгаа зүйлээ хая гэж хэлэхэд Б.Э хаалгаар гаргаад шидчихсэн. Тэгээд Б.Б рүү хартал нүүрнээс нь цус гарчихсан байсан тэгээд би Б.Бийг гэрт нь хүргэж өгөөд би гэр рүүгээ орсон...” гэх мэдүүлэг, яллагдагч Б.Эгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 388 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Эгийн бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Эгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч Б.Эрдэнхүү нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч Б.Б нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Б.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Б.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

             2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

             5. Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

             6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             П.ГАНДОЛГОР