Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 509

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Н” ХХК /РД: *******/

Хариуцагч: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Гуравдагч этгээд: “Г” ХХК / РД: **********/

Гуравдагч этгээд: “П” ХХК /РД: *********/

Нэхэмжлэлийн шаардлага: 

“Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ******* дүгээр шийдвэрийг хууль зөрчсөн гэж тооцон хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн захирал А.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээд “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.О нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Н” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“П” ХХК-ийн эзэмшилд Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дахь УУ нэртэй 47876.57 гектар талбай бүхий ашигт малтмал, хайгуулын ************* тоот тусгай зөвшөөрөл байдаг. "П" ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь иргэн М.Ө, "Н ХХК болно. Иргэн М.Ө "П" ХХК-ийн нийт хувьцааны 50%, "Н ХХК-ийн 50%-ийг тус тус эзэмшдэг. "П" ХХК-ийн удирдлага буюу гүйцэтгэх захирал нь тус компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчидтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулах ёстой.

"Н" ХХК нь "П" ХХК-ийн нийт хувьцааны 50%-ийн эзэмшигчидтэй хувьд тус компанийн удирдлага буюу гүйцэтгэх захиралтай үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулаагүй байхад эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль бусаар дээр дурьдсан ************* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг ********** регистрийн дугаартай “Г” ХХК-д худалдахаар 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэрээ байгуулж, улмаар уг тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлэх, хууль бус бичиг баримт, хүсэлтийг Ашигт малтмалын газарт өгсөн.

"П" ХХК-ийн 50, 50 хувьтай 2 хувьцаа эзэмшигчтэй, дүрмээр төлөөлөн удирдах зөвлөл байхгүй тул хуульд зааснаар заавал "Н" ХХК-ийн зөвшөөрлөөр дээрх тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэх хэлцэл хийгдэнэ.

Иймд их хэмжээний хэлцэл нь нийт хувьцаа эзэмшигчдийн 100%-ийн саналаар дэмжигдсэн шийдвэрээр хийгдэнэ. Энэ нөхцөл шаардлага хангасан шийдвэр гараагүй байхад 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр их хэмжээний хэлцэлд тооцогдох Ашигт малтмалын газарт дуудлага худалдаагаар 300 сая төгрөг төлж авсан зүйлийг "П" ХХК-ийг төлөөлж О.М гэгч нь дур мэдэн бусдад аравхан сая төгрөгөөр худалдах гэрээ хийж, компанийн гишүүн А.Б надаас зөвшөөрөл аваагүй гэрээнд оролцоогүй байхад дээрх гэрээ хийсэн, нотариатаар батлуулсан нь хууль бус үйлдэл, уг гэрээ нь хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус гэрээ болно.

Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар Ашигт малтмал, Газрын тосны газрын даргад гомдол гаргасан боловч 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн 1/102 тоот хариу өгсөн болно.

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ******* дүгээр шийдвэрээр “П” ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн **-****** дугаартай өргөдлийг хянан үзээд Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дахь УУ нэртэй 47876.57 геклар талбай бүхий ************* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тус компаниас “Г” ХХК-д шилжүүлсэнийг бүртгэхээр шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж тооцон хүчингүй болгуулах...” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“... Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст ирүүлсэн Ашигт малтмалын 

хайгуулын ********* дугаартай тусгай зөвшөөрлийг “П” ХХК-аас “Г” ХХК-д шилжүүлэх өргөдөл, түүнд хавсаргасан баримт нь хуулийн шаардлага хангаж байсан.

Иймд төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ******* дүгээр шийдвэрээр “П” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ********* дугаартай тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-д шилжүүлсэн байна.

Ашигт малтмалын хайгуулын ********* дугаартай тусгай зөвшөөрлийг “П” ХХК-аас “Г” ХХК-д шилжүүлэх өргөдөл гаргасан асуудлаар танай компаниас 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дугаартай албан бичгээр тус газрын Кадастрын хэлтэст хандаж хүсэлт ирүүлсэн, мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн ****** дугаартай “...тусгай зөвшөөрөл эзэмших эрхийн шилжилт хийх...ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг даалгасан” албан бичгийг тус тус үндэслэн дээрх тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг түр түдгэлзүүлсэн.

Ашигт малтмалын хайгуулын ********* дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэхтэй холбоотойгоор “П” ХХК болон “Г”  ХХК-ийн хооронд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Геологи хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох танай компанийн нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэн хэлэлцээд, тус шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 182/Ш32016/******* дугаартай захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байна.

Шүүгчийн захирамжийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай “тус албаны 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ****** дугаар албан бичгээр түдгэлзүүлсэн эрхийг сэргээнэ үү” гэсэн албан бичгийг ирүүлсэн.

Дээр дурдсан шүүгчийн захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас тусгай зөвшөөрөл шилжүүлэх үйл ажиллагааг түдгэлзүүлснийг хүчингүй болгож, сэргээсэн албан бичиг ирүүлснийг тус тус үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга маргаан бүхий тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу шилжүүлсэн шийдвэр гаргасан байна.

Иймд Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ******* дүгээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй тул “Н” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

“...“П" ХХК-иас ************* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг манай компанид шилжүүлэхээр “Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ”-г 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулж албан ёсоор бүртгүүлэхээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандсан юм.

Гэтэл “Н" ХХК-ийн захирал гэж өөрийгөө нэрлээд байгаа А.Б уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж гэрээний биелэлтийг түдгэлзүүлсэн тухай тус шүүхийн ******* дугаар захирамж гаргуулсан юм.

Энэ нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар авч хэлэлцэхэд “Н” ХХК-ний захирал А.Б нь хурлын товыг мэдсэн мөртлөө мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурахаас татгалзаж, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг нь өөрт нь буцааж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан тухай өмнөх ******* дугаар захирамжийг хүчингүй болгосон шүүхийн 182/Ш32016/******* дугаар захирамж 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гарч уг асуудал шийдвэрлэгдсэн.

А.Б нь энэ шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан боловч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШТ2016/******* дугаар тогтоолоор түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож энэ талаар дахин гомдол гаргах эрхгүй болсон.

Ийм учраас шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын шийдвэр болон хуульд харшлах шалтгаан байхгүй байгааг харгалзан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ******* дүгээр шийдвэрээр “П" ХХК-иас ************* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн. Ийм учраас тусгай зөвшөөрөл шилжүүлэх ажиллагаа бүхэлдээ хуулийн дагуу явагдсан тул А.Бийн нэхэмжлэл үндэслэлгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт...Нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан байна.

Гэтэл тус шүүхийн шүүгч А.Н урьд нь тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай шийдвэрийг хүчингүйд тооцуулах тухай А.Б-ийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж байсан болон шүүхээс нэхэмжлэлийг нь өөрт нь буцаасан тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол гарч энэ шийдвэрүүд одоог хүртэл хүчин төгөлдөр байсаар байхад түүнийг анхааран үзэлгүй хууль зөрчин захиргааны хэрэг үүсгэн чирэгдэл учруулж байгаа ажиллагаа нь бүхэлдээ хууль бус гэж үзэж байна.

 Нөгөө талаар А.Б нь “Н” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл “Н" ХХК-ий хувьцааг 3 хүн эзэмшиж байгаа гэх бөгөөд үүсгэн байгуулагч Ш.Н, А.Э нар нийт хувьцааны 65 хувийг эзэмшдэг бөгөөд Компанийн тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр зарлан хуралдуулж, А.Бийг гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, шинээр У.Быг гүйцэтгэх захирлаар томилсон тогтоол гаргасан бөгөөд энэ нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болно.

Харин А.Б нь захирлын үүргээ зохих ёсоор биелүүлдэггүй, хуралдаа ирсэн ч хурал хаяж явдаг, тамга тэмдэг, гэрчилгээ, дүрэм болон бусад бичиг баримтаа өгдөггүй бараг бүтэн жил зугтааж яваа хүн.

Тийм болохоор хувьцаа эзэмшигч А.Э, Ш.Н нар хувьцаа эзэмшигчдийн хурлын 16/07, 16/09 тоот тогтоолуудыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, А.Б-өөс компаний дүрэм, гэрчилгээ, тамга тэмдгийг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гаргасан, одоо хянагдаж байгаа боловч А.Б нь элдэв арга саам хийж нэхэмжлэлийг гардаж авахгүй шүүхээс зугтаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад хийсээр байна. Тэр ч байтугай тамга тэмдэг хууль бусаар ашиглаж нэхэмжлэл гарган компанийг төлөөлж дураараа авирлаж байгаа хэрэгтээ болон иргэн Ц.Б-оос ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаар авч өгнө гэж 10 сая төгрөгийг нь залилан авсан хэрэгтээ Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн ахлах мөрдөн байцаагч ахмад н.Н дээр давхар шалгагдаж байгаа ч мөн зугтаан олдохгүй байгаа гэсэн. 

Эдгээр байдлуудаас үзвэл А.Б нь “Н” ХХК-ийг төлөөлөх эрхгүй гэж үзэж болох байна. Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт...Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэсэн үндэслэлээр түүний нэхэмжлэлийг өөрт нь буцаах буюу хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрэн байна.

А.Бс танай шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсаргасан материал, нэхэмжлэлийн бүрдүүлбэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлага хангаагүй байна.

Тухайлбал нэхэмжлэлээ “Н" ХХК-ний нэрийн өмнөөс гаргасан боловч уг нэхэмжлэлд ямар нэгэн тамга тэмдэг дарагдаагүй байхын зэрэгцээ нэхэмжлэлд хавсаргаж өгсөн “П" ХХК, “Г” ХХК-иудын дүрэм, гэрчилгээ зэргийг нотариатаар хууль бусаар батлуулсан хууль бус нотлох баримт гэж үзэж байна.

Учир нь уг гэрчилгээ, дүрэм зэргийн эх хувь бидэнд байхад А.Б хэрхэн яаж нотариатын баталгаа хийлгэсэн нь гайхал төрүүлж байгаа болно.

Ер нь “Н” ХХК хэрхэн, яаж ямар зорилгоор байгуулагдсан, цаашдаа ямар зорилго агуулж, ямар ажиллагаа явуулж байгааг товч боловч баримтанд тулгуурлан тодруулах нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна.

Анх 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дахь Улаан цохио нэртэй 47876,57 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлагдсан юм. Энэ сонгон шалгаруулалтад “П” ХХК-нийг оролцуулах, гарах зардал хураамж үнийн 300 гаруй сая төгрөгийг “Г” ХХК хариуцан гаргах, “П” ХХК хайгуулын тусгай зөвшөөрлөө “П” ХХК авсан тохиолдолд геологи хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг “Г” ХХК-д худалдахаар хоёр компаний удирдлагууд харилцан тохиролцсон юм.

Энэ үед манай компанитай хамтран ажиллаж байсан А.Б “П” ХХК тусгай зөвшөөрлийг шилжүүлэхгүй, мөнгийг тань буцааж төлөхгүй байж болзошгүй учраас биелэлтэнд нь хяналт тавих компани байгуулах нь зүйтэй гэж олон дахин ятгаж байсны эцэст хоёр тал харилцан тохиролцоод “Н” ХХК-ийг үүсгэн шинээр байгуулж улмаар “П” ХХК-ийн энгийн хувьцааны 50 хувийг “Н" ХХК-д шилжүүлж энэ үндсэн дээр “П" ХХК нь дүрмэндээ өөрчлөлт оруулсан юм.

“П" ХХК, “Н” ХХК-ний хооронд хувьцааг шилжүүлэх, шилжүүлэн авах гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан бөгөөд гэрээний 1.1, 3.2.4 дэх хэсэгт уг гэрээний зорилго, үүрэг хариуцлагыг тодорхойлоод шилжүүлэн авсан хувьцаагаа сонгон шалгаруулалтын дүн гарсан үед буюу 2015 оны 12 дугаар сарын 25-ны дотор үл маргалдах журмаар буцаан шилжүүлэхийг “Н” ХХК-д үүрэг болгосон байдаг.

“П” ХХК, “Г" ХХК-тай тохирсон ёсоороо сонгон шалгаруулалтад оролцож “П” ХХК ************* дугаартай тусгай зөвшөөрлийг 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр авч, “Г” ХХК 300 гаруй сая төгрөгийг төлсөн нь баримтаар харагдаж байгаа болно.

Тэгээд “П” ХХК нь “Геологи хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ”-г “Г” ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 09-нд байгуулж тусгай зөвшөөрлөө шилжүүлэх гэтэл А.Б нь элдэв саад бэрхшээл учруулсаар өдий хүрч байна.

Дээр дурдсан ажиллагаанд А.Бс нэг ч төгрөгийн зардал гараагүй бөгөөд түүний үүрэг бол зөвхөн “П” ХХК, “Г” ХХК-иудын хооронд хийгдсэн гэрээ, хэлцлүүдийн биелэлтэнд л хяналт тавих явдал байсан юм. Түүнээс өөрөөр ямар ч эрх эдлэж, үүрэг хүлээх асуудал байгаагүй болно.

Гэтэл А.Б нь бий болсон нөхцөл байдлыг овжноор ашиглаж шунахайн зорилгоор ************* тоот тусгай зөвшөөрлөөс хувь хүртэхээр улайран дайрч хууль бус үйл ажиллагаа явуулж байна.

Ийм учраас түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож бидэнд ажиллах бололцоо олгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нэмэлт тайлбартаа: 

“...Нэхэмжлэгч нь нэхэмжпэлдээ 300 сая төгрөг төлж авсан лицензийг 10 сая төгрөгөөр худалдсан гэжээ.

************* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын үнэ 300 сая төгрөг, тусгай зөвшөөрлийн үнэ 3 сая төгрөг, эхний жилийн төлбөр 6,9 сая төгрөг нийт 310 сая төгрөгийг бүгдийг “Г" ХХК төлсөн. “П" ХХК болон “Г” ХХК-ийн хооронд гэрээ байгуулахын тулд геологи хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээлэл зэргийг үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Геологи хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулсан. Түүнчлэн гэрээний оролцогч нар Иргэний хуулийн 189 дүгээр зүйл, мөн хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар гэрээний агуулга, нөхцлийг өөрсдөө чөлөөтэй тодорхойлох эрхтэй юм. Өөрөөр хэлбэл хөндлөнгөөр хэн нэгэн этгээд гэрээг тайлбарлах, гэрээний нөхцлүүдийн буруу зөвийг тогтоох эрхгүй.

“П” ХХК нь ************* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх шаардлага үүссэний дагуу өөрийн хувьцаа эзэмшигчдэдээ мэдэгдсэн байдаг. Тодруулбал “П” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Н” ХХК- д мэдэгдэхэд “Н” ХХК нь хувьцаа Эзэмшигчдийн ээлжит бус хурлыг удаа дараа хуралдуулахад хувьцаа эзэмшигч А.Б хурал болон хурлаас гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрдөггүй, ирсэн боловч саналаа хэлэлгүй хурлыг орхиж явсан зэрэг үйлдэл гаргасан байдаг. Ийнхүү Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу “Н" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 65 хувийн хувьцаа эзэмшигчид хуралд оролцсноор тухайн хурал хүчинтэйд тооцогдож шийдвэр гаргасан байдаг.

Иймээс А.Б надаас зөвшөөрөл аваагүй байхад гэрээ хийсэн гэдэг нь үндэслэлгүй юм.

Хоёр. ************* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хууль ёсны эзэмшигч нь “П” ХХК юм. “Н” ХХК нь “П” ХХК-ний хувьцаа эзэмшигч, А.Б нь зөвхөн “Н” ХХК-ийн хувьцаа эзэмшигч юм.

Гуравдагч этгээд нь Ашигт малтмалын тухай хуулийн хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх болзол шаардлагыг ханган шилжүүлж авсан. Тодруулбал “П” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.4 дэх хэсэгт зааснаар “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх эрхийнхээ” дагуу “Г” ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргасан байдаг.

Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч .., худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно” гэж заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын ******* дүгээр шийдвэрээр шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Гурав. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д “Хувьцаа Эзэмшигчдийн ээлжит хурлыг /төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол гүйцэтгэх захирал/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна ” мөн хуулийн 59.5-д “Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно” гэжээ.

Өөрөөр хэлбэл А.Б нь санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй, Компанийн тухай хуулийн 59.5 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх захирлын эрх хэмжээ дууссан байна. Гэтэл А.Б нь “Н” ХХК-ийг төлөөлөх эрхгүй, гүйцэтгэх захирлын эрх хэмжээ нь дууссан байхад нэхэмжлэл гаргасан нь хууль бус үндэслэлгүй байна.

“Н" ХХК дээрхи сонгон шалгаруулалтад ашигт малтмалын хайгуул, олборлолтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “П" ХХК-ий 50 хувийн хувьцааг түр эзэмших байдлаар хамтран оролцсон бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Хувьцааг шилжүүлэх, шилжүүлэн авах гэрээний 3.2.4-т зааснаар сонгон шалгаруулалт явагдаж дууссаны дараа 2015 оны 12 дугаар сарын 25-ны дотор энэ хувьцааг буцаан шилжүүлэхээр хүлээсэн үүргээ А.Б санаатай биелүүлээгүй ба компаний гэрчилгээ, тамга тэмдгийг хүлээлгэж өгөхгүй байгаагаас 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Н” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 16/07, 16/09 тоот тогтоолуудыг улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар компаний гэрчилгээ, баталгаажуулсан тамга тэмдгийн дардас байхгүй тул бүрдэл дутуу гэдэг үндэслэлээр өөрчлөлтийг бүртгэхээс болон гэрчилгээ, тамга тэмдгийг хүчингүй болгохоос татгалздаг байна.

А.Б улсын бүртгэлийн ажиллагааг саатуулснаар улсын бүртгэлийн .лавлагааг зөвхөн өөрийн нэр дээр гаргуулах, “П" ХХК-ний ажилд саад учруулах нөхцөлийг бүрдүүлж, гэрчилгээ, тэмдгийг ашиглан нэхэмжлэл гаргах зэргээр санаатай үйлдэл гаргаж байна. Өөрөөр хэлбэл шүүхийг ашиглан хугацаагаар хяссанаар “Г” ХХК-иас хувь эзэмших, энэ санаархал нь бүтэхгүй бол хөрөнгө оруулалтыг саатуулж, хайгуулын ажлыг эхлүүлэхгүй байлгах санаа агуулж энэ зорилгоор нэхэмжлэл гаргасан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

А.Бийн дураараа авирласан хэрэгт хариуцагчаар татсан “Н” ХХК-ний хувьцаа эзэмшигч Ш.Н /35 хувь/, А.Э /30 хувь/ нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/Ш32016/05621 тоот захирамжаар эрэн сурвалжлагдаж байгаа болно.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 16/07, -16/09 тоот тогтоолуудыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, А.Б-с компаний дүрэм, гэрчилгээ, тамга тэмдгийг албадан гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасныг, ******* дугаарын утсаар нь шүүхэд ирэхийг 2 удаа мэдэгдсэн боловч ирээгүй, нэхэмжлэлд дурьдсан СБД-ийн 1-р хороо. *******. Блю скай тауэрийн ******* тоотод байдаггүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг шүүгчийн захирамжаар буцааж байсан бөгөөд Ерөнхий шүүгчид гомдол гаргаснаар уг захирамжийг хүчингүй болгосон байна.

Энэхүү нэхэмжлэлтэй иргэний хэрэг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байсан хугацаанд буюу 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр А.Б танай шүүхэд дээр дурьдсан “Блю скай тауэр *******” гэсэн хаягаар нэхэмжлэл гаргасан байдаг. Ижил хаягаар өгсөн хоёр асуудалд тодруулбал нэхэмжлэлтэй хэрэгтээ дээрх хаягт байдаг тул шүүхэд ирдэг, хариуцагчаар татагдсан хэрэгтээ уг хаягт байдаггүй гэж шуудангийн тодорхойлолт ирүүлэн шүүхийн дуудсан цагт ирдэггүй байна. Энэ нэхэмжлэл нь товчхондоо А.Бийг “Н ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болохыг тогтоолгох, гэрчилгээ, тамга тэмдгийг хууль бусаар ашиглаж байгааг таслан зогсоох хүсэлт учир “Н ХХК-ийг төлөөлөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд түүний гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна.” гэжээ. 

Гуравдагч этгээд “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

“Нэхэмжлэгч Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх А.Б “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ******* дүгээр шийдвэрээр “П” ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн  **-********* дугаартай өргөдлийг хянан үзээд Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дахь Улаан цохио нэртэй 4787457 геклар талбай бүхий ************* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тус компаниас “Г” ХХК-д шилжүүлснийг бүртгэхээр шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж тооцон хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Дээрх тусгай зөвшөөрлийг шилжүүлэх үйл ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан. Харин тус нэхэмжлэлийг гаргаад байгаа “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх А.Бийг тус компанийн гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээ дуусгавар болж итгэмжлэлгүйгээр тухайн компанийг төлөөлөх эрх нь дуусгавар болсныг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан байх тул тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч “Н” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ******* дүгээр шийдвэрээр  “П” ХХК-ийн тусгай зөвшөөрөл шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдлийг хянан үзээд Дорноговь аймгийн Мандал сумын “УУ” нэртэй ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийг тус компаниас “Г” ХХК-д шилжүүлж бүртгэхээр шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж тооцуулж хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа гарсаныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ******* дүгээр шийдвэрийг хууль зөрчсөн гэж тооцон хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болно. 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын бичгээр болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарууд, тэдгээрийн хууль зүйн үндэслэлийг хянахаас гадна үйл баримтын бодит нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг:  Нэхэмжлэгч “Н” ХХК нь А.Б, А.Э, Ш.Н нарын 3 үүсгэн байгуулагчтай хязгаарлагдмал хариуцлагатай компани бөгөөд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулахаар гүйцэтгэх удирдлагаар А.Бийг томилжээ .

“Н” ХХК нь Дорноговь аймгийн Мандал сумын “УУ” нэртэй газарт байх 47876,57 га талбай бүхий ашигт малтмал хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн эзэмшигч “П” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болно .

Нэхэмжлэгчээс “...2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр их хэмжээний хэлцэлд тооцогдох Ашигт малтмалын газарт дуудлага худалдаагаар 300 сая төгрөг төлж авсан зүйлийг "П" ХХК-ийг төлөөлж О.М гэгч нь дур мэдэн бусдад аравхан сая төгрөгөөр худалдах гэрээ хийж, компанийн гишүүн А.Б надаас зөвшөөрөл аваагүй гэрээнд оролцоогүй байхад дээрх гэрээ хийсэн,  уг гэрээ нь хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус гэрээ байхад Ашигт малтмал, газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ******* дүгээр шийдвэрээр “П” ХХК-ийн Дорноговь аймгийн Мандал сумын “УУ” нэртэй ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийг тус компаниас “Г” ХХК-д шилжүүлж бүртгэхээр шийдвэрлэснийг хууль зөрчсөн...” гэж маргажээ.

Хариуцагчаас “...Ашигт малтмалын хайгуулын ********* дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэхтэй холбоотойгоор “П” ХХК болон “Г” “ХХК-ийн хооронд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Геологи хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэн хэлэлцээд, тус шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 182/Ш32016/******* дугаартай захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.  

Шүүгчийн захирамжийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай “тус албаны 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ****** дугаар албан бичгээр түдгэлзүүлсэн эрхийг сэргээнэ үү” гэсэн албан бичгийг ирүүлсэн . Дээр дурдсан шүүгчийн захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас тусгай зөвшөөрөл шилжүүлэх үйл ажиллагааг түдгэлзүүлснийг хүчингүй болгож, сэргээсэн албан бичиг ирүүлснийг тус тус үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга маргаан бүхий тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу шилжүүлсэн шийдвэр гаргасан байна...” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэжээ. 

Хоёр: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ******* дүгээр шийдвэрийг хууль зөрчсөн гэж тооцон хүчингүй болгуулах” шаардлагын тухайд: 

2.1.“П” ХХК-иас XV-******* дугаар тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдөл гаргасаныг /хуучнаар/ Ашигт малтмал газрын Кадастрын хэлтэс хүлээн авч 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр TR- дугаарт бүртгэжээ .

“...Ашигт малтмалын тухай хуулийн 49 дугаар зүйлийн 49.2-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын талаархи анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно”,  мөн хуулийн 49.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 49.1-49.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлэн өгч байгаа тал нь ийнхүү шилжүүлэх тухай өргөдлийг батлагдсан маягтын дагуу үйлдэж түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 49.6.1-д “хуульд харшлах шалтгаангүй бол тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэж уг тусгай зөвшөөрөлд зохих тэмдэглэгээ хийх” шийдвэрийг Төрийн захиргааны байгууллага гаргахаар хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “П” ХХК болон “Г” ХХК-ийн хооронд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Иргэний хуулийн 260 дугаар зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийг тус тус үндэслэсэн “Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ ”,  хийгдсэн байх бөгөөд уг гэрээ хэлцлийн зорилгыг нь “...2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Ашигт малтмалын Газрын Геологи уул уурхай, Кадастрын хэлтсээс олгосон XV-******* тоот, Дорноговь аймгийн Мандал сумын “УУ” нэртэй газарт байх 47876,57 га талбайн геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээлэл, тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг шилжүүлэн авагч талд шилжүүлэх, шилжүүлэн авагч тал нь харилцан тохирсон үнийг төлөхөд ...”оршино гэж тодорхойлжээ.

Харин энэхүү гэрээг эс зөвшөөрч “П” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Б-с Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан “П” ХХК болон “Г” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргасныг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШЗ2016/******* дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасныг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч “хүчингүй болгуулах”-аар гомдол гаргасныг мөн шүүх хүлээн авч хянан хэлэлцээд 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 182/ШТ2016/******* дугаар шүүхийн тогтоолоор  гомдол гаргагч “Н” ХХК-ийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Гэтэл хариуцагчаас дээрх шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг үндэслэл болгон 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ******* дүгээр шийдвэрээр  ашигт малтмал хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийг “П” ХХК–иас “Г” ХХК-д шилжүүлснийг бүртгэхээр шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дугаар зүйлийн 49.2-т заасантай нийцэхгүй байна.

Учир нь дээрх Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШЗ2016/******* дугаар шүүгчийн захирамж, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШТ2016/******* дугаар шүүхийн тогтоол нь маргалдаж буй талуудын маргааны үйл баримтыг эцэслэн дүгнэж шийдвэрлэсэн шийдвэр биш, өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлээгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасан “...Харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол ...нэхэмжлэлийг буцаана...” гэснийг баримталж шүүхэд дахин хандах эрхийг нээлттэй үлдээсэн байжээ.

Тодруулбал, хариуцагч анхнаасаа дээрх маргааны үйл баримтад дурьдсан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ” буюу XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гарган уг маргааныг шийдвэрлэж дуусаагүй байсан байна.

Тиймээс хариуцагч захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн  49 дүгээр зүйлийн 49.10-д заасан “Тусгай зөвшөөрөлтэй холбогдсон маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа бол шүүхийн шийдвэр гарах хүртэл тухайн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглоно” гэж заасны дагуу Ашигт малтмалын хайгуулын ********* дугаартай тусгай зөвшөөрлийг “П” ХХК-иас “Гови минералс групп” ХХК-д шилжүүлэх өргөдөл гаргасан асуудлаар 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дугаартай албан бичгээр тус газрын Кадастрын хэлтэст хандаж ирүүлсэн хүсэлт, мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн ****** дугаартай “...тусгай зөвшөөрөл эзэмших эрхийн шилжилт хийх...ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг даалгасан” албан бичиг зэргийг үндэслэн дээрх тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг түр түдгэлзүүлсэн атлаа уг маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэхээр шийдвэрлэсэн нь хуулийн хориглосон заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Дээрхээс үзвэл хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дугаар зүйлийн 49.2-т  заасан “...эрэл, хайгуулын талаархи анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж авсан эсэх...” нь бүрэн тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хуулиар тогтоосон нөхцөл шаардлагыг хангаагүй байхад шилжүүлэхээр бүртгэсэн шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдож байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

2.2.Түүнчлэн хэрэгт авагдсан баримт болон хэргийн оролцогч нарын тайлбар зэргээс үзэхэд “Н” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Н, А.Э нар 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж , 16/09 дугаар тогтоол гарган “П” ХХК-ийн 50 хувийн хувьцааг ямар нэг болзол, шаардлагагүйгээр “П” ХХК-д буцаан шилжүүлэхээр шийдвэрлэжээ .

Энэ хуралд тус компанийн хувьцааны 35 хувийг эзэмшигч А.Бийг оролцуулаагүй, хуралдаанаас гарсан тогтоолуудад түүний хүсэл зориг тусгагдаагүй байна. 

Энэ талаар буюу “Н” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 16/07, 16/09 дугаартай тогтоолыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, гүйцэтгэх захирал А.Бийн эрх дуусгавар болж шинэ гүйцэтгэх захирлаар У.Б томилогдсоныг тогтоолгох, А.Б-с “Н” ХХК-ийн гэрчилгээ, тамга, тэмдэгийг  албадан гаргуулах” тухай маргаан үүсч Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянагдан “...Н” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 16/07, 16/09 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох...” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  үйл баримтууд тогтоогдож байна.

Үүнээс үзвэл талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ”   хийгдсэнээс хойш “Н” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Н, А.Э нар 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж , 16/09 дугаар тогтоол гарган “П” ХХК-ийн 50 хувийн хувьцааг ямар нэг болзол, шаардлагагүйгээр “П” ХХК-д буцаан шилжүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрийг хүчин төгөлдөр бус болох нь шүүхээр нэгэнт тогтоогдсон байжээ.

Энэ тохиолдолд маргааны үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд хариуцагч захиргааны байгууллага нь шийдвэр гаргахдаа зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын талаархи анхдагч  мэдээ, мэдээлэл, тайлан зэргийг худалдсан, зохих албан татвараа төлсөн гэх баримтуудыг үндэслэхээс илүүтэй тэдгээр баримтын бүрдүүлбэрүүд нь хуулинд заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэх, гэрээ хэлцлүүд нь холбогдох хууль тогтоомжийн дагуу хийгдсэн эсэх, хуульд заасан харшлах шалтгаан байгаа эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийснээр тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэхээр байжээ.

Гурав: Гуравдагч этгээд “Г” ХХК болон “П” ХХК-иас “...“Н” ХХК-ийн төлөөлөл байхгүй нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргаад байна. Нэхэмжлэл  гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол хүлээн авахаас татгалзана...” гэх тайлбарын талаар: 

Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Б-с тус шүүхэд хандан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. 

Уг нэхэмжлэлийг гаргах үед тус компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Алгаа овогтой Б // болох талаар дэлгэрэнгүй лавлагааг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газраас ирүүлжээ .

Харин Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/00928 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д заасныг дагуу түүний хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсон..., А.Бийн компанийн төлөөлөх бүрэн эрх дээрх байдлаар дуусгавар болсон боловч дараагийн гүйцэтгэх удирдлага томилогдоогүй байх тул компанийн тамга, тэмдэг болон аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэг хувьцаа эзэмшигчээс нөгөөд нь олгох үндэслэлгүй байна... гэж  дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл А.Б нь тус шүүхэд нэхэмжлэл гаргах үедээ “Н” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхийг эдлэх болон компанийн тамга, тэмдэг болон аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг ашиглах хууль ёсны субьект мөн байна.

Тиймээс “Н” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Бийг өөрийн эд хөрөнгөд хууль зөрчиж халдсан захиргааны байгууллагын хууль бус шийдвэрээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах хуульд заасан эрх бүхий этгээд мөн тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн нарын “...нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4, 49.6.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, /хуучнаар/ Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай” ******* дүгээр шийдвэрийг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.БАТБААТАР