Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 1185

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 102/ШШ2016/02870 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХ, ХХХ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 27 249 134 төгрөг гаргуулах тухай иргэний        хэргийг

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч          ХХХХХ

                                                                               ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга            Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ, ХХХХ нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ХХХХ, хамтран үүрэг гүйцэтгэгч ХХХХ нар 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 14/128 тоот барьцаат зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 28 305 000 төгрөгийг, жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авсан.Зээлдэгч нь үндсэн зээлээс 5 655 651 төгрөг, зээлийн хүүнээс 4 006 966 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 4 438 төгрөг нийт 9 667 057 төгрөг төлсөн. Зээлдэгч ХХХХ, хамтран үүрэг гүйцэтгэгч ХХХХ нар зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан тул зээлийн гэрээнд заасны дагуу нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хүсэлтэй байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлдэгч нар нь үндсэн зээлийн 22 649 348 төгрөг, үндсэн хүүгийн 4 463 751 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний 136 032 төгрөг нийт 27 249 134 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлийн төлбөрийн 27 249 134 төгрөгийг ХХХХ, ХХХХ нараас гаргуулж өгнө үү, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо ХХХХХХ тоотод байршилтай, 64 м.кв талбай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 700 метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 96-77 УНИ улсын дугаартай, Toyota hilux маркийн автомашиныг дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах, ХХХХ, ХХХХ нартай байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 14/128 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж өгнө үү. Зээлийн барьцааны хөрөнгө болох автомашин манайд хадгалагдаж байгаа, хариуцагч нар 4 463 751 төгрөгийг яаж бодсон нь тодорхойгүй байна. Зээлдэгч нар 680 000 төгрөгийн төлөлт л хийсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны тухай хуульд зээлийн гэрээний хугацаа дуусан ч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэгүй зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байна. Автомашиныг ХХХХоос аваагүй, ХХХХ-т өөрийнхөө өрөнд өгчихсөн байсныг банк хурааж авсан. Иймд зээлийн төлбөрийн 27 249 134 төгрөгийг ХХХХ, ХХХХ нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХ, ХХХХ нар шүүхэд гаргасан тайлбартаа: ХХХ-ны нэхэмжилсэн 27 249 134 төгрөгөөс автомашин хураалгаснаас хойшх 4 463 751 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн 136 634 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй. Учир нь 2014 оны 11 дүгээр сарын сүүлээр эзгүйд машиныг хураан авч захиран зарцуулах боломж өгөөгүй. Бид одоогоор эрхэлсэн ажилгүй, ажил зогссон байгаа тул гэрээний үндсэн хүү жилийн 21,6 хувийн хүүг миний санхүүгийн байдалд хохирол багатайгаар багасгаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.4, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт  заасныг баримтлан ХХХХ ХХХХ, ХХХХ нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хийгдсэн барьцаат зээлийн гэрээг цуцалж, ХХХХ, ХХХХ нараас 27 249 134 төгрөгийг гаргуулан ХХХХ инд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХХ, ХХХХ нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл зээлийн барьцаа хөрөнгийг хуульд нийцүүлэн дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294 196 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 294 196  төгрөгийг гаргуулан ХХХХ инд олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой судлалгүй, нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ХХХХы “...Зээлийн барьцааны хөрөнгө болох автомашин манайд хадгалагдаж байгаа, хариуцагч нар 4 463 751 төгрөгийг яаж бодсон нь тодорхойгүй байна. Автомашиныг ХХХХаас аваагүй, ХХХХ-т өөрийнхөө өрөнд өгчихсөн байсныг банк хурааж авсан гэсэн тайлбар гаргасан байдаг. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХыг нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй эсэхийг тогтоогоогүй байж, уг этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, уг этгээдээс гаргаж өгсөн нотлох баримт, тайлбар зэргийг иэлж хэрэг хянан шийдвэрлэсэн нь процессийн том алдаа болно. Талуудын хооронд 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 14/128 тоот барьцаат зээлийн гэрээ, мөн өдрийн талуудын хооронд хийгдсэн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх буюу /Фидуцийн/ гэрээ тус тус шийдэгдсэн болно. Уг гэрээний дагуу хариуцагч нар ХХХХ наас 33 305 000 төгрөгний үнэтэй “Кайлукс” маркийн автомашиныг 5 000 000 төгрөгийг төлж, 28 305 000 төгрөгийг лизингээр жилийн хүү 21.6 хувийн хүүтэй 36 сараар барьцаат зээлийн гэрээ байгуулж, мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх /фидуцийн/ гэрээ тус тус байгуулсан билээ. Харин хариуцагчийн зүгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 9 667 057 төгрөгийг автомашиныг хэрэглэж байх үед нь төлж байсан юм. Ингээд 2014 оны 11 сард ХХХХ инаас /гэрээ байгуулсанаас 4 сарын дараа/ Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хугацаа хэтруулж төлсөн гэдэг үндэслэлээр автомашиныг хурааж авсан юм. Өөрөөр хэлбэл ХХХХ инаас автомашиныг хурааж авснаас хойш 4 463 751 төгрөгний хүү тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын дагуу нэхэмжлэгч тал хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах, эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан мөн уг эд хөрөнгө нь үүргийн гүйцэтгэлийг хангахад хангалттай хүрч байгаа /автомашин нь 33 305 000 төгрөгний үнэтэй болно.../ тул хариуцагчаас нэмж мөнгө шаардаж байгаа шаардлага нь ямар ч хууль эрх зүйн үндэсгүй байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн мөн автомашиныг банк хурааж авсанаар зээлдэгч нарын зээлийн төлбөрийн дүнгээс хасч тооцох боломжгүй гэж дүгнээд байгаа боловч хууль зүйн үндэслэлээ тайлбарлаагүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий байх зарчмыг ноцтой зөрчиж байна. Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний эрх зүйн харилцаанд бий болсон үйл явдлыг нэг мөр ойлголгүй, бодит байдалд дүн шинжилгээг зөв хийгээгүйг нь тодорхой харагдаж байна. Шүүх талуудын хооронд байгуулсан хэргийн ач холбогдол бүхий баримт болох фидуцийн гэрээг яаж үнэлсэн нь тодорхойгүй байна. Нөгөө талаар хариуцагчийн төлөөлөгч миний бие шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүсч хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй, талуудын мэтгэлцэх боломжоор хангаагүй процессийн том алдаа гаргасан болно. Иймд 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн Банягол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний Хэргийн Анхан шатны шүүхийн 102/ШШ2016/02870 тоот шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                     ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргаантай хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан байна. 

 

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ, ХХХХ нараас үндсэн зээл 22 649 348 төгрөг, үндсэн хүү 4 463 751 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 136 032 төгрөг нийт  27 249 134 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Зохигчид 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч ХХХХ наас зээлдэгч ХХХХ, ХХХХ нар нь 28 305 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй зээлжээ. / хэргийн 8-9 дүгээр тал/ Мөн талууд 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 14/128 тоот Фидуцийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж, хувийн сууц, газар, автомашин зэргийг барьцаалсан байна. / хэргийн 10-15 дугаар тал/

 

Хариуцагч нар нэмэгдүүлсэн хүү, автомашин хураалгаснаас хойшхи 4 463 751 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.3-т “Зээлдэгч авсан зээл, хүүгийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарьт хугацаанд эгүүлэн төлөөгүй тохиолдолд үндсэн хүү дээр нэмж нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон” байх тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар ХХХХ нь хариуцагч ХХХХ, ХХХХ нараас нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй. 

 

 Хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, нэхэмжлэгчийн зүгээс зээл төлөхийг удаа дараа шаардаж байсан болох нь зээлдэгч нарт хүргүүлж байсан мэдэгдлийн хуулга болон зохигчдын тайлбараар нотлогдож байна. /хэргийн 48-49 дүгээр тал/

 

Анхан шатны шүүх зээлдэгч ХХХХ, ХХХХ нар нь үндсэн зээлийн төлбөрт 22 649 348 төгрөг, зээлийн үндсэн хүүд 4 463 751 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 136 034 төгрөг нийт 27 249 134 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 450 дүгээр зүйлийн 45.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалттай нийцсэн байна гэж үзлээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэгч байгууллагын фидуцийн гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг буцаан авсан, энэ үеэс хойшхи 4 436 751 төгрөгийг төлөхгүй гэсэн тайлбар гаргаж байгаа боловч автомашиныг ямар үнийн дүнд тооцож зээлийн төлбөрт авч байгаа талаар зохигчид тохиролцсон эсэх нь тодорхойгүй, дээрхи мөнгийг төлөхгүй гэх хууль зүйн үндэслэл тодорхой бус байна.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заасан байх бөгөөд тухайн гэрээг дуусгавар болсон гэж үзнэ.

 

Харин фидуцийн гэрээгээр өөрийнх нь өмчлөлд байсан эд хөрөнгийг түр хугацаагаар банкинд шилжүүлсэн байхад үүрэгтээ тооцохгүй байх зэрэгтэй холбоотойгоор хохирол учирсан гэж үзвэл хариуцагчид шаардлага гаргах эрх нь нээлттэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс уг асуудалтай холбоотойгоор сөрөг шаардлага гаргаагүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.   

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 102/ШШ2016/02870 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа ХХХ-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

              ШҮҮГЧИД                                С.ЭНХТӨР

 

                                                                                           Ц.ИЧИНХОРЛОО