Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/00448

 

Х.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 545 дугаар шийдвэр,

      Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 34 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Х.Э

          Хариуцагч: Соёл урлагын их сургуулийн салбар Зид холбогдох

          Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Х.Эын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Б.А, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

      Нэхэмжлэгч хэмжлэлдээ: 2014-12-09-ний өдөр СУИС-ийн салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежид нярваар ажилд орсон. 2015 онд миний өмнө нярваар ажиллаж байсан хүн шүүхийн шийдвэрээр ажилдаа буцаж томилогдсоноор би чөлөөлөгдсөн.  Үүнээс нэг сарын дараа намайг дахин тус байгууллагын нярваар томилсон. Гэтэл Хөгжим бүжгийн коллежийн захирлын 2017-08- 25-ны өдрийн Б/78 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 36.1.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017-07-05-ны өдрийн албан бичиг, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн намайг нярвын ажлаас чөлөөлж, Б.Баярмааг нярваар томилсон. Энэхүү тушаалыг надад 2017-08-26-ны өдөр гардуулсан. Хөдөлмөрийн тухай хуульд өмнө нь ажиллаж байсан ажилтан шүүхийн шийдвэрээр буцаан томилогдсон тохиолдолд шинээр орсон ажилтныг бололцооны дагуу ажлын байраар хангахаар заасан байдаг. Гэтэл тус байгууллага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх нэрийдлээр намайг шууд ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Учир нь СУИС-ийн захирлын 2017 оны А/76 тоот тушаалаар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн бүтэц орон тоог 85 ажилтны орон тоотойгоор батлан ирүүлсэн нь өмнөх орон тооноос 3 ажилтнаар орон тоо нэмэгдэж ирсэн юм. Иймд Хөгжим бүжгийн коллеж нь намайг ажлаас чөлөөлөхгүйгээр өөр ажлын байраар хангах бүрэн боломжтой.  Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

       Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус сургуулийн нярваар ажиллаж байсан Х.Э нь 2017-08-25-ны өдрийн Б/78 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасныг эс зөвшөөрөн дараах тайлбарыг гаргаж байна. Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-05-24 -ний өдрийн 260 дугаар шийдвэр, Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017-07-05-ны 01/387 тоот ажилд томилох тухай албан бичгээр Б.Баярмааг 2017-07-20 -ны өдрийн дотор нярвын ажилд эгүүлэн томил гэсний дагуу 2017-09-25-ны өдрийн Б/78 тоот тушаалаар Х.Эыг ажлаас чөлөөлж, Б.Баярмааг нярвын ажилд эгүүлэн томилон ажиллуулж байна. Тус сургууль нь СУИС-ийн захирлын 2014-11-10- өдрийн 268 тоот тушаалаар 82 орон тоотойгоор ажиллаж байсан ба Соёл урлагийн Их сургуулийн захирлын 2017-03-02 дрийн А/76 тоот орон тоог шинэчлэн батлах тухай тушаалаар 85 орон тоотойгоор баталж орон тоо хасагдах биш нэмэгдэн батлагдсан гэдэг нь Захиргаа аж ахуйн орон тоог цөөрүүлэн мэргэжлийн хичээлийн багшаа нэмэгдүүлэн Их хуур, Найрал хөгжим удирдах ур зүйн багш, Эвэр бүрээ баялаг бишгүүр гэх мэт ангиудыг шинээр нээн сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Хөгжим бүжгийн коллеж нь СУИС-ийн салбар сургууль бөгөөд бүрэлдэхүүн сургуулиудын нэгэн адил СУИС-аас баталж өгсөн бүтэц, орон тоонд захирагдан ажилладаг тул Х.Эыг ажиллуулах сул орон тоо байхгүй учир ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан юм. Учир нь Засгийн газрын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 47 дугаар тогтоол чиглэлийн дагуу улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан төсвийг хэмнэлтийн зарчмаар удирдах зайлшгүй шаардлагын улмаас бүтэц орон тооноос илүү хүн ажиллуулах боломжгүй болно. Иймд Х.Эыг ажлаас чөлөөлсөн нь зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээ мөний дээр түүний хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар хөндсөн асуудал биш хэмээн үзэж байна. Нэхэмжлэгч шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ сахилгын арга хэмжээ авахуулж байгаагүй гэж бичсэн байна. Гэхдээ 1 удаа сануулах арга хэмжээ авагдаж байсан, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

        Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 545 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2 хэсэгт заасныг баримтлан Х.Эын, СУИС-ийн салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежид холбогдуулж гаргасан өмнө эрхэлж байсан нярвын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч энэхүү нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

        Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 34 дүгээр магадлалаар Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 545 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

  Нэхэмжлэгч Х.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн зүгээс “намайг өөр үйлчилгээний албан тушаалд томилох боломжтой байсан боловч хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй” гэж, харин хариуцагч байгууллагын төлөөлөгч нь “жижүүр, мужаан хоёрыг Х.Эыг халагдах үед болон одоо 1 хүн хавсран гүйцэтгэж байгаа” гэж тайлбарлаж байсан юм. Үүнээс үзвэл хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг Нярвын ажлаас чөлөөлөөд жижүүрийн албан тушаалд томилох боломжтой байсан нь харагдна. Давж заалдах шатны шүүх шийдвэртээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2-г хөдөлмөрийн гэрээг цуцлах үед ямар нэгэн ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих ойлголт юм хэмээн дүгнэсэн нь зөв хэдий ч нэхэмжлэгчийг чөлөөлөгдөх үед хариуцагч байгууллага нь түүнийг жижүүрийн орон тоон дээр томилох боломжтой байсныг харгалзан үзээгүй нь буруу юм. Мөн магадлалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2-г ач холбогдолгүй заалт мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр ажиллаж байсан төрийн үйлчилгээний албан хаагч нь өөрөөс шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөж байхад ажил олгогч байгууллага ажилтны эрх ашгийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлээгүй.  Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Х.Э 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Соёл урлагын их сургуулийн салбар Зид холбогдуулан нэхэмжлэл гаргаж,  нярвын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх  хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг шаарджээ.  

   Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “...хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж ажлаас үндэслэлгүй халагдсан Б.Баярмааг нярвын ажилд авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй...” гэсэн дүгнэлт хийсэн, давж  заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан Х.Эын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

      Завхан аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 260 дугаар  шийдвэр, мөн  аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 07-р сарын 05-ны өдрийн 01/387 тоот албан бичгийг үндэслэн хариуцагч 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Б/78 дугаар тушаал гаргаж, Б.Баярмааг нярвын ажилд эгүүлэн авч, энэ үндэслэлээр  Х.Эыг ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ. 

        Ажил олгогч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж Б.Баярмааг Соёл урлагын их сургуулийн салбар Зийн нярвын ажилд авсан учир уг ажлыг гүйцэтгэж байсан Х.Эын хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно. Шүүх ажил олгогчийн 2017 оны Б/78 дугаар тушаалын талаар дүгнэлт хийхдээ  Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.

        Нэхэмжлэгч нь Зийн нярвын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан тул “...ажил олгогч өөр ажлын байраар хангаагүй...” гэх нөхцөл байдал хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.    

        Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 545 дугаар шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 34 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ