| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 137/2016/0305/И |
| Дугаар | 308 |
| Огноо | 2016-11-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 308
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Батжаргал би
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 2 дугаар баг Сургуулийн 1-13 тоотод оршин суух, Боржигон овогт Содномын Оюунгэрэл РД:/ЕС67081706/-д холбогдох,
Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үлдэгдэл, хугацаа хэтэрсэн торгууль, нийт 12603986 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Тус сумын “Сум хөгжүүлэх сан”-гаас Энх уян талх нарийн боов үйлдвэрлэх зорилгоор зээл авсан С.Оюунгэрэлийн нийт зээлийн үлдэгдэл, хугацаа хэтэрсэн торгууль нийт 12,603,986 /Арван хоёр сая зургаан зуун гурван мянга есөн зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулах тухай.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сан”-г бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдан зарцуулах, зээл олгох, эргэн төлүүлэх журмын дагуу Cyм хөгжүүлэх сангийн хөрөнгийг зохистой ашиглах зорилгоор төсөл сонгон шалгаруулалт зарласаны үндсэн дээр 2011 оноос эхлэн зээлийг олгож эхэлсэн.
Тус сумын иргэн С.Оюунгэрэл Энх уян талх нарийн боовны чиглэлээрх төслийг 3acar даргын Тамгын газарт ирүүлснээр сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор томилогдсон комисс уг төслийг хэлэлцэн дэмжиж, холбогдох дүгнэлтийг гаргасан. Үүний дагуу С.Оюунгэрэлийн “Энх уян талх нарийн боовны ” төсөлд Сумын засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 24 -ны өдрийн А/94 тоот захирамжаар сум хөгжүүлэх сангаас 15.000.000 /Арван таван сая/ төгрөгийн зээлийг олгохооор шийдвэрлэсэн. Сумын Засаг даргаас иргэн С.Оюунгэрэлтэй “Сум хөгжүүлэх сангийн 2013 оны 04 дүгээр сарын 25 -ны өдрийн 59 тоот гэрээг байгуулж, 15 сая төгрөгийг 3 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн боловч С.Оюунгэрэл нь энэхүү хугацаанд зээл эргэн төлөх хуваарьт заасны дагуу зээлээ төлж барагдуулаагүй тул иргэн С.Оюунгэрэлийн нийт зээлийн үлдэгдэл 9770532 төгрөг, зээлийн торгууль 2833454 буюу нийт 12603986 /Арван хоёр сая зургаан зуун гурван мянга есөн зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулж өгнө үү. /2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар тооцооллыг гаргав гэжээ.
Хариуцагч С.Оюунгэрэл нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Сум хөгжлийн сангаас авсан зээлийн үлдэгдэл 12603986 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурор Э.Болор шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... С.Оюунгэрэл нь нэхэмжлэлийн хариу тайлбарт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлд тусгагдсан 12603986 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч ямар нэг маргаан гаргаагүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч С.Оюунгэрэлд холбогдуулан Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үлдэгдэл, хугацаа хэтэрсэн торгууль, нийт 12603986 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Оюунгэрэл нь нэхэмжлэлийн шаардлага болох 12603986 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үлдэгдэл, хугацаа хэтэрсэн торгууль, нийт 12603986 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Оюунгэрэл нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар 216614 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 108307 төгрөгийг хариуцагч С.Оюунгэрэлээс гаргуулж улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч С.Оюунгэрэл нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ