Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 309

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Батжаргал би

Нэхэмжлэгч: Замын-Үүд сум, 5 дугаар баг Борхойн 9-29 тоотод оршин суух Боржигон овогт Жаргалын Сугир /РД:ЗЮ73101281/

Хариуцагч:  Замын-Үүд сум, 2 дугаар баг Үүдийн 2-4 тоотод оршин суух, Дүдэл овогт Машбатын Оюун-Эрдэнэ /РД:ЕК92121821/-д холбогдох

Зээл, зээлийн хүү 1980000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны  10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Сугир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Замын-Үүд суманд амьдардаг М.Оюун-Эрдэнэд 300000 төгрөгийг 1 сарын 20 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Одоо болтол энэ мөнгөө өгөөгүй. Зээлийн хүүнд 1680000 төгрөг, нийт 1980000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...300000 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Энэ мөнгийг сарын хугацаатай авсан бөгөөд нэг сарын хүүтэй нь 360000 төгрөг болгож төлөхөд татгалзах зүйлгүй... гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Сугир миний бие нь тус шүүхэд Оюун-Эрдэнэд зээлдүүлсэн 300000 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэйгээр нэхэмжилсэн бөгөөд нийт нэхэмжлэлийн шаардлага 1980000 төгрөг байсан. Миний бие Оюун-Эрдэнэд зээлдүүлсэн 300000 төгрөг болон нэг сарын хүү 60000 төгрөг, нийт 360000 төгрөгийг Оюун-Эрдэнээс авахад татгалзах зүйл алга. Үндсэн нэхэмжлэлээсээ 1620000 төгрөгөөс татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Сугир нь хариуцагч М.Оюун-Эрдэнэд холбогдуулан зээл зээлийн хүү 1980000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийг шүүхэд хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч Ж.Сугир нь нэхэмжлэлийн шаардлага болох 1980000 төгрөгний 1620000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч М.Оюун-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлага болох 360000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай баталгаагаар тогтоогдож байна.

Хариуцагч ийнхүү нээхмжлэгчтэй эвлэрсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Сугир нь нэхэмжлэлийн шаардлага болох 1980000 төгрөгний 1620000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч М.Оюун-Эрдэнэ нь зээл, зээлийн хүү 360000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Сугирт төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх, 46630 төгрөгийн 50 хувь 23315 төгрөгийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Татварийн тасгийн 0614000941 тоот данснаас буюу улсын орлогоос, хариуцагч М.Оюун-Эрдэнээс 360000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 11450 төгрөгийн 50 хувь болох 5752 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.Сугирт олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч М.Оюун-Эрдэнэ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ    Л.БАТЖАРГАЛ