| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 137/2016/0299/И |
| Дугаар | 310 |
| Огноо | 2016-11-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 310
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч А.Цэрэнханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 3 дугаар баг, Жинчин 1-8 тоотод оршин суух, Зотол овогт Өлзийхутагийн Ганбаярын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, Задгайн 16 тоотод оршин суух, Бодонгууд овогт Цэвээндоржийн Нямаа /ЖО76090816/-д холбогдох
Гэм хорын хохиролд 2150200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: иргэдийн төлөөлөгч Л.Норовням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн, нэхэмжлэгч Ө.Ганбаяр, хариуцагч Ц.Нямаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Ганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Ганбаяр миний бие нь гэр бүлийн эзэмшлийн Приүс-20 маркийн 36-70 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2016 оны 09 дүгээр сарын 27-ны орой такси үйлчилгээнд явж байгаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон Ц.Нямаа гэгчид мөргүүлсэн болно. Иймд миний машины хохирлын үйлчилгээний дүн болох 1430200 /нэг сая дөрвөн зуун гучин мянга хоёр зуу/ төгрөг болон такси үйлчилгээний өдрийн орлого болох 30000 /гучин мянга/ төгрөг, 24 хоногийн 720000 төгрөг нийт 2150200 төгрөг нэхэмжилж байна. Миний хувьд эхнэр жирэмсэн, нялх балчир хоёр хүүхэдтэй. Энэ автомашиныг зээлээр авсан, амьжиргаагаа залгуулдаг билээ. Түрүүн 1430200 төгрөгөө авсан тул одоо 720000 төгрөгөө нэхэмжилж байна. Би такси үйлчилгээнд яваад хагас бүтэн жилээр татвараа төлдөг. Сар болгон 5000 төгрөг төлдөг. Өдөрт 20000, 30000, 50000 гээд янз бүрийн орлого олдог. Иймд энэ хохирлыг минь гаргуулж өгнө үү... гэв
Хариуцагч Ц.Нямаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 09 дүгээр сарын 27-ны Замын-Үүд сумын 1 дүгээр багт авто замын осол гаргаж Ө.Ганбаярын Приүс-20 маркийн суудлын авто машиныг мөргөж гэмтээсэн. 36-70 ДГО дугаартай суудлын авто машины жолооч Ө.Ганбаярт хохирол болох 1430200 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бэлнээр өгч бүрэн барагдуулсан. Гэтэл Ө.Ганбаяр нь өдрийн орлого болох 30000 төгрөг нийт 720000 төгрөг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Миний хувьд энэ мөнгийг төлж барагдуулах боломж байхгүй. Учир нь тухайн жолооч өдөрт 30000 төгрөгийн орлоготой гэсэн баримт такси үйлчилгээнд явдаг гэсэн баримт, татвар төлсөн баримт зэрэг нотлох баримт байхгүй байна, хэрэв эдгээр нь нотлогдвол хохирлыг төлөх болно... гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Ганбаяр нь хариуцагч Ц.Нямаад холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 1430200 төгрөг, өдөрт олох байсан орлого 720000 төгрөг нийт 2150200 төгрөг гаргуулахыг хүсч тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Нямаа нь нэхэмжлэгч Ө.Ганбаярт хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон эд хөрөнгийн хохирол болох 1430200 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Ө.Ганбаяр нь таски үйлчилгээний өдрийн орлого болох 30000 төгрөгийг 24 хоногоор тооцон нийт 720000 төгрөгийг хариуцагч Ц.Нямаагаас нэхэмжилсэн бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч Ө.Ганбаяр нь Замын-Үүд суманд 3670 ДГО улсын дугаартай PRIUS-20 маркийн суудлын автомашинаар такси үйлчилгээ эрхэлдэг болох нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 24 дугаар Замын-Үүд такси НҮТББ-ын тэргүүн Б.Мөнгөнтуулын тодорхойлолт, зохигчдын тайлбараар батлагдаж байгаа ба Ө.Ганбаярын такси үйлчилгээ эрхэлдэг 3670 ДГО улсын дугаартай PRIUS-20 маркийн суудлын автомашиныг 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Замын-Үүд сумын 1 дүгээр багт хариуцагч Ц.Нямаа нь “Субару импраза” маркийн 4576 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7/а, 9.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж мөргөсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар батлагдаж байна. Энэ талаар зохигчид маргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нь “...такси үйлчилгээ эрхлээд нэг өдрийн цэвэр орлого 30000 төгрөг болдог тул 24 хоногийн мөнгө 720000 төгрөг нэхэмжилнэ” гэж мэдүүлдэг ба хариуцагч нь “...такси үйлчилгээнд явж орлого олдог гэдэгтэй маргахгүй, гэхдээ өдөрт яг 30000 төгрөг олдог гэдэг нь нотлогдохгүй байна” гэж маргажээ.
Хариуцагч Ц.Нямаа нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд гэм хор учруулсан нь тогтоогдсон ба нэхэмжлэгч Ө.Ганбаяр нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөнд учирсан хохирол, гэм хорын шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Ө.Ганбаяр нь Замын-Үүд суманд такси үйлчилгээ эрхэлдэг болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх боловч такси үйлчилгээ эрхлээд өдөрт 30000 төгрөг олдог болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул түүний нэхэмжилсэн 720000 төгрөгийн 50 хувь болох 360000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49353 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 1430200 төгрөгийг төлж биелүүлсэн байх тул хариуцагчаас 1430200 төгрөгний тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 18917 төгрөг, 360000 төгрөгний тэмдэгтийн хураамж болох 11450 төгрөг нийт 30,367 төгрөг, улсын орлогоос 18917 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 360000 төгрөгийг хариуцагч Ц.Нямаагаас гаргуулж нэхэмжлэгч Ө.Ганбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 360000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Ц.Нямаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 1430200 төгрөгийг хариуцагч Ц.Нямаа биелүүлснийг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49353 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Нямаагаас улсын тэмдэгтийн хураамжинд 30367 төгрөг, улсын орлогоос 18917 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ө.Ганбаярт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ
ШҮҮГЧИД А.ЦЭРЭНХАНД
Б.НАРМАНДАХ