Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/150

 

                    

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Шүүгдэгч: Г.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Гын Бөд холбогдох эрүүгийн... тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .... суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ...д гүүрний хоолойн туслах ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, .................. тоотод оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Ш овогт Гын Б/РД:ЙП/

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг,.... тоотод байх гэртээ өөрийн эхнэр Т.Оыг зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

       *Эрүүгийн... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

           *Хохирогч Т.Оын өгсөн:
“...2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр манай нөхрийн найз нар гэж хүмүүс ирээд манай гэрт архи уусан. Тэгсэн манай нөхөр намайг өөрийнхөө нэг найзтай хардаад надтай хэрүүл маргаан хийсэн. Тэгэхэд хамт байсан найз нар нь бүгд манайхаас явчихсан байсан. Тэгээд нөхөр бид 2 үлдсэн. Манай нөхөр найз нарыгаа явсаны дараа надад уурлаад намайг 2 удаа гараараа нүүр, шанаа орчим руу алгадсан. Миний гарыг барьж аваад надтай ноцолдоод байсан тухайн үед миний баруун нүд хөхөрч хавдсан, зүүн хацар бага зэрэг хавдсан, мөн миний 2 гар хөхөрсөн байсан. Тэр үед би гэрээс гарч зугтаагаад цагдаад мэдэгдсэн. Урьд өмнө нь намайг манай нөхөр зодож байгаагүй. Манай нөхөр Улаанбаатар хотод ажил хийдэг. Тэгээд 2019 оны 05 сарын 07-ны өдөр хүүхдийнхээ үсийг авах гэж ирсэн, тэгээд л ийм асуудал болчихсон. Миний баруун талын нүд улайж хөхөрсөн. Бас 2 гар хөхөрсөн, зүүн хацар бага зэрэг хавдсан байсан. Намайг өөрийн найзтайгаа хардаад зодох болсон. Намайг зодох үед бид хоёроос өөр хүн байгаагүй, манай нөхөр намайг найз нарыгаа гараад явсаны дараа зодсон. Архи уухаараа бага зэрэг давтиргүй зан гаргах гээд байдаг, түүнээс биш бусад зүйлээрээ зүгээр. Ер нь бол энд байгаад байдаггүй, Улаанбаатар хотод ажил хийдэг. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-7 дугаар тал/ 

           *Яллагдагч Г.Бийн өгсөн: 
           “...2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүүхдийнхээ үсийг авах болоод би Архангай аймагт ирсэн. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр өөрийн найз нарыг цай уулгаж жаахан архи уусан тэр үед согтсон байсан. Тэгээд өөрийн эхнэрийг нэг найзтайгаа хардаад найз нарыгаа явсаны дараа согтуудаа эхнэртэйгээ маргаж, уурандаа баруун зүүн шанаа хацар орчимд нь 2 удаа алгадаж 2 гарнаас нь барьж хэсэг ноцолдож байгаад газар түлхээд унагаачихсан. Өөр байдлаар нэг их зодсон юм байхгүй. Үүнээс болж манай эхнэр цагдаад дуудлага өгсөн байсан. Би тэр үед гэрээсээ гараад явчихсан байсан. Тэр үед манай эхнэр найз О танихгүй 2 залуугийн хамтаар манайд ирсэн. Тэр үед л согтуу байхдаа буруу зүрүү харж буруу бодож тэр нэг танихгүй залуутай эхнэр Т.Оыг хардаад тэгээд тэр хүмүүсийг явсаны дараа хэрүүл маргаан хийж байгаад уурандаа эхнэрээ зодчихсон. Баруун зүүн шанаа орчимд нэг нэг удаа алгадсан, 2 гарнаас нь барьж ноцолдож байгаад газар унагаачихсан өөр байдлаар зодож цохиогүй. Тэр үед эхнэр бид хоёроос өөр хүн байгаагүй. Эхнэр Т.Оын биед учирсан гэмтлийг би учруулсан. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-27 дугаар тал/ 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 211 дугаартай“...Түвдэннямын Оын биед, тархи доргилт, баруун нүд орчмын, зүүн хацарт зөөлөн эдийн няцралт, 2 гарын бугалга, тохой, сарвууны араар цус хуралтууд, хүзүү хоолойгоор, баруун дал, бүсэлхийн зүүн талд, баруун өгзөгөнд, баруун хөлийн өвдөгний гадна талд зулгаралт, үүдэн дээд, доод шүдний ирмэг сэтэрсэн, 26-р араа хорхойтсон байсан нь сэлтэрч унасан гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Тархи доргилт, баруун нүд орчмын, зүүн хацарт зөөлөн эдийн няцралт, 2 гарын бугалга, тохой, сарвууны араар цус хуралт гэмтлүүд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар тус бүрдээ биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт, хүзүү хоолойгоор, баруун дал, бүсэлхийн зүүн талд, баруун өгзөгөнд, баруун хөлийн өвдөгний гадна талд зулгаралт, үүдэн дээд, доод шүдний ирмэг сэлтэрсэн, 26-р араа хорхойтсон байсан нь сэлтэрч унасан гэмтлүүд нь тус бүрдээ *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь Т.Оын зодуулсан гэх цаг хугацаатай тохирч байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 14 дүгээр тал/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр тал/ 
*Яллагдагч, хохирогч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 41, 42 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арсланцохионы 10-22 тоотод иргэн Т.О нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

Шүүгдэгч Г.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн эхнэр Г.Оыг зодож хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Т.Оын”... Манай нөхөр найз нарыгаа явсаны дараа надад уурлаад намайг 2 удаа гараараа нүүр, шанаа орчим руу алгадсан. Миний гарыг барьж аваад надтай ноцолдоод байсан тухайн үед миний баруун нүд хөхөрч хавдсан, зүүн хацар бага зэрэг хавдсан, мөн миний 2 гар хөхөрсөн байсан. Тэр үед би гэрээс гарч зугтаагаад цагдаад мэдэгдсэн. Урьд өмнө нь намайг манай нөхөр зодож байгаагүй. Манай нөхөр Улаанбаатар хотод ажил хийдэг. Тэгээд 2019 оны 05 сарын 07-ны өдөр хүүхдийнхээ үсийг авах гэж ирсэн, тэгээд л ийм асуудал болчихсон. Миний баруун талын нүд улайж хөхөрсөн. Бас 2 гар хөхөрсөн, зүүн хацар бага зэрэг хавдсан байсан. Намайг өөрийн найзтайгаа хардаад зодох болсон...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Г.Бийн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 211 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Г.Бийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Оын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. 

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч тохиролцсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн боловч шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд түүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшилж хэргийг 72 цагийн дотор хянан шийдвэрлэх боломжгүй байсан тул хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно. 
Хохирогч Т.О нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч Г.Бөд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч Г.Бөд 2019 оны 05 сарын 31-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд түүнийг 2019 оны 06 сарын 01-ний өдөр цагдан хорих байранд хүргэж 2019 оны 06 сарын 06-ны өдөр хүртэл 5  хоног цагдан хоригдсон байх тул энэ хугацааг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болох битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

             1.  Шүүгдэгч Шарнууд овогт Гын Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
             2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/  төгрөгөөр торгох ялыг 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 
            
             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийн цагдан хоригдсон 5/тав/ хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 15.000*5=75.000/далан таван мянга/ төгрөгийг эдлэх ялаас хассугай.  

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

             5. Шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

             6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Бөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР