| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 137/2016/0326/И |
| Дугаар | 315 |
| Огноо | 2016-11-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 315
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж,
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг, 107 дугаар байрны 07 тоотод оршин суух, Харчин овогт Дашзэвэгийн Оюунгэрэл /ЕС72082507/-ийн нэхэмжлэлтэй,
Хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч Д.Оюунгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Б.Батсуурьтай 2007 онд гэр бүл болоод 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр охин Маргадыг төрүүлсэн. Миний нөхөр Батсуурь нь 2008 оны 03 дугаар сараас 2014 оны 09 дүгээр сар Чойр хорих ангид хүмүүжиж байсан тул гэр бүлээ батлуулж амьжаагүй байсаар 2016 оны 11 дүгээр сарын 01-нд өвчний улмаас нас барсан. Иймд бидний хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл нь Б.Батсуурьтай хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл нь Б.Батсуурьтай 2007 оноос эхлэн хамтын амьдрал зохиож тодорхой шалтгааны улмаас хууль ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч хамтран амьдарч, энэ хугацаандаа 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр охин Б.Маргадыг төрүүлж өсгөсөн ба хамтдаа ажиллаж амьдарч байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон гэрч Б.Минжгарав, Д.Батбаяр нарын шүүхэд өгсөн мэдүүлэг, Бандийн Батсуурийн нас барсаны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.Маргадын төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Д.Оюунгэрэл нь Б.Батсуурьтай 2007 оноос 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийг Б.Батсуурьтай 2007 оноос 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ