Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2019/ШЦТ/197

 

  

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Э.Билгүүн 

Шүүгдэгч: Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Гын Бт холбогдох эрүүгийн .. тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, ...суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын Э.................тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Гын Б/РД:/ 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг дэвсгэрт Тайхар чулууны ойролцоо Б.Мтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний эрүүл мэндэд нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж, хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

        

            *Шүүгдэгч Г.Бийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би Архангай аймгийн Ихтамир суманд гэр буудал ажиллуулдаг. Тухайн өдөр манай Тайхар чулуун дээрээс автобустай хүмүүс ирээд 4 ортой өрөөг 20.000 төгрөгөөр авъя гэхээр нь бид нар тохиролцоод байж байтал Б.М хүүхдүүтэйгээ согтуу машинтай давхиж ирээд тэр хүмүүстэй уулзаад манайх та хэдийг 5 ортой өрөөнд 20.000 төгрөгөөр оруулъя гээд миний яриад тохирчихсон байсан хүмүүсийг авч явах гээд улайраад байхаар нь би тэсэж чадахгүй 1 удаа цохьчихсон...” гэх мэдүүлэг,  

 

           *Эрүүгийн 1912003940220 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Б.Мийн өгсөн: 

“...Би Архангай аймгийн Ихтамир сумын нутаг Тайхар чулуунаас дээшээ амралтын гэр буудал хувиараа ажиллуулж байгаа. 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн орчим Тайхар чулуун дээр амрагч авах гэж очсон тэгэхэд Хуваа /Б/ бас ирчихсэн байсан, удаагүй автобустай амрагч нар Тайхар чулуун дээр ирээд 5 гэр авна гэсэн, манайх 5 гэртэй гэхэд Хуваа /Б/ би түрүүлээд ярьчихсан байхад чи үнэ ханш унагаагаад яагаад байгаа юм гэж ирсэнээ миний нүүр рүү гараараа нэг удаа цохьсон, тэгэхэд миний хамар руу цохиж таараад хамарнаас цус их гараад тогтохгүй байсан, автобустай амрагч нар нь Хуваа болон манай гэрт амраагүй өөр газарт амарна гээд явсан.  Тэгээд 2 хоногийн дараа аймгийн эмнэлэгт очиж үзүүлж рентгенд харуулахад хамарын яс хугарсан байна гэж хэлсэн. Хуваа нь надтай адил Тайхар чулууны ойролцоо гэр буудал ажиллуулдаг нутгийн хүн байгаа юм. Надтай төрөл садангийн харилцаа байхгүй. Гараараа нэг удаа хамар руу цохьсон юм. Хамарны яс хугарч, хамар хөхөрч хавдаад цохьсон газарт нь бага зэрэг шалбарсан шархтай байна. Тайхар чулууны ойролцоо гэр нь байдаг дугуйтай 2 хүүхэд байсан. Мөн миний 2 хүүхэд байсан. 11 настай М.Мишээл, 8 настай М.Амирлан нар байсан. Дугуйтай 2 хүүхдийн нэрийг мэдэхгүй болохоос Сүх-Адъяа ахын хүүхэд, Магнай ахын хүүхэд нар байсан. Хамар хугарч далийсан байгааг янзлуулах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 7-9 дүгээр тал/ 

 

*Хохирогч Б.Мийн дахин өгсөн:

“...Би Г.Бтай учраа олж хоорондоо тохиролцож эмчилгээний зардалд 650.000 төгрөг авсан тул надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн гомдол байхгүй тул уг асуудлыг шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-11 дүгээр тал/ 

 

*Насанд хүрээгүй гэрч Н.Мгийн өгсөн: 

“...Би 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр аав Б.Мтэй хамт Тайхар чулууны ойролцоо гэр буудалдаа хүн авахаар зогсож байтал том автобустай хүмүүс ирсэн. 25.000 төгрөгөөр 5 монгол гэр авч буудална гэж манай аавтай ярьсан байсан чинь Хуваа /Б/ ах хажуу талаас 4 монгол гэр байгаа нэгийн 20.000 төгрөгөөр аваад буудалчих гэхээр нь аав би ярьчихсан байхад танайд угаасаа багтахгүй юм байна ш дээ 5 монгол гэр авна гэж байна гэхэд Хуваа /Б/ ах аавыг хүний хүн булаахгүй шүү гэж хэлсэнээ аавыг гараараа цохьчихоод яваад өгсөн, аавын хамарнаас цус гараад байсан. Гараараа нэг удаа хамар руу нь цохьсон. Хуваа ах согтуу байсан. Манай аав архи уугаагүй эрүүл байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/ 

 

          *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 301 дугаартай“...Б.Мийн биед хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болох үеийн цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлүүд нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 22 дугаар тал/ 

 

           *Яллагдагч Г.Бийн өгсөн: 

“...Би Ихтамир сумын Тайхар чулууны ойролцоо хувиараа гэр буудал ажиллуулдаг. 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн орчим Тайхар чулууны ойролцоо гэр буудалдаа хүн авахаар зогсож байхад автобустай хүмүүс ирэхээр нь тосож очиж уулзаад дөрвөн гэртээ хонуулахаар ярьчихаад авч явах гэж байхад Б.М ирээд тэр автобустай хүмүүстэй уулзаж 5 ортой, 5 гэр байгаа манай гэрт 20.000 төгрөгөөр хоно гэж хэлээд миний ярьчихсан байсан хүмүүсийг аваад явчихсан. Тэрнээс болж бид хоёр маргалдаж чи бид хоёр адилхан мөнгө олох гэж ядаж байж нэгнийхээ ярьчихсан хүмүүсийг булаах шаардлага байсан юм уу гээд гараараа нүүр рүү нь нэг удаа цохьчихсон. Б.Мийг уурандаа цохьсон миний буруу. Би Б.Мэс уучлалт гуйж хоорондоо тохиролцон түүнд эмчилгээний зардал болох 650.000 төгрөг өгөхөөр болсон. Би мөнгөө өгчихөөд баримтыг нь авчирч өгнө. Уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 32-35 дугаар тал/ 

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар тал/ 

*Яллагдагч, хохирогч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 48, 49 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг дэвсгэрт Тайхар чулууны ойролцоо иргэн Б.М нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Г.Б үйлдсэн болох нь хохирогч Б.Мийн”... 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн орчим Тайхар чулуун дээр амрагч авах гэж очсон тэгэхэд Хуваа /Б/ бас ирчихсэн байсан, удаагүй автобустай амрагч нар Тайхар чулуун дээр ирээд 5 гэр авна гэсэн, манайх 5 гэртэй гэхэд Хуваа /Б/ би түрүүлээд ярьчихсан байхад чи үнэ ханш унагаагаад яагаад байгаа юм гэж ирсэнээ миний нүүр рүү гараараа нэг удаа цохьсон, тэгэхэд миний хамар руу цохиж таараад хамарнаас цус их гараад тогтохгүй байсан, автобустай амрагч нар нь Хуваа болон манай гэрт амраагүй өөр газарт амарна гээд явсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Н.Мгийн”... 25.000 төгрөгөөр 5 монгол гэр авч буудална гэж манай аавтай ярьсан байсан чинь Хуваа /Б/ ах хажуу талаас 4 монгол гэр байгаа нэгийн 20.000 төгрөгөөр аваад буудалчих гэхээр нь аав би ярьчихсан байхад танайд угаасаа багтахгүй юм байна ш дээ 5 монгол гэр авна гэж байна гэхэд Хуваа /Б/ ах аавыг хүний хүн булаахгүй шүү гэж хэлсэнээ аавыг гараараа цохьчихоод яваад өгсөн, аавын хамарнаас цус гараад байсан. Гараараа нэг удаа хамар руу нь цохьсон..” гэх мэдүүлэг, яллагдагч Г.Бийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 301 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Г.Бийн бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Бийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч Г.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч Б.М нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Г.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Г.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Б овогт Гын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

             2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

             5. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

             6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             П.ГАНДОЛГОР