| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2019/0158/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/162 |
| Огноо | 2019-06-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2019/ШЦТ/162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж,
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Хохирогч: Д.Д
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Г.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал
Шүүгдэгч: Г.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Гын Дэд холбогдох ... тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, аав, ээжийн хамт Архангай аймгийн .. гах газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадваргүй, А овогт Гын Д/РД:/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Д нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Урантолгой баг, Малтай лагер гэх газар байх худаг дээр хохирогч Д.Дыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Хохирогч Д.Дын шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Манай охин дүүгийн хүүхэд, ер нь бага зэрэг догшин зантай, би мал услах гээд ирэхэд нь хэл ам бололгүй услуулдаг. Би уг худгийг 20 жил ажиллуулж байна. Төвшрүүлэх сумынхан амьдарлын шаардлагаар тухайн худгийг засч янзалсан. Г.Д манайхаар архи уух санаатай ирэхээр нь чихэр өгч аргалаад гэрт нь хүргэж өгдөг, иймэрхүү байдлаар л явж байсан. Энэ хэргийн гол шалтгаан нь Хоогоос болсон. Хоо л Г.Дээр намайг зодуулсан. Би Хоог яагаад ингэж байгаа юм бэ гэсэн чинь чам шиг муу цагаачин нохойн гөлөг галзуураад байх юм байхгүй хэдэн мөчөөр чинь салгана шүү гэсэн. Тэгээд Г.Д хонио авчираад манай хашаа руу шахчихна, тэгээд би бүр арга бардаг. Тэгээд цаана нь аав ээж нь хараад л сууж байдаг, юу ч ярихгүй. Намайг үхэр туугаад явахаар л дундуур нь ороод хоёр тийш нь салгаад хөөчихнө. Би 20 жил худаг ажиллуулж байхдаа Хоогоос усны төлбөр гэж аваагүй. Хүмүүс өөрсдийн сэтгэлээрээ мөнгө төгрөг өгч л байдаг. Тэгээд би Хоогоос чи надад юм өгөхгүй юу гэхэд за нэг хонь аваарай гэсэн. Тэгэхээр нь би Хоод хониор яах вэ би ямар орлого олох гэж байгаа биш надад хурга өгчих намар нь төлгө болохоор нь авчихъя гэж хэлсэн. Тэгээд бүтэн жил болсоны дараа надад хандаж чамд юм өгөхгүй гээд Г.Д амар мэндийн зөрөөгүй намайг цохиж унагаагаад л дээрээс нүдээд, өшиглөж, чарлаад янз бүр болсон. Тухайн үед Нацаг, Хоо хоёр байсан, надаас салгаагүй. Г.Д намайг зодсон нь үнэн, одоо хүсэх зүйл Г.Дэд эмчилгээ хийлгэж өгнө үү. Г.Д олон хүнийг зодсон, эмчилгээнд явуулахгүй бол болохгүй...” гэх мэдүүлэг
*Эрүүгийн ... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Д.Дын өгсөн:
“...2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би 10 цагийн үед өглөө худаг ажиллуулаад байж байсан. Малчид малаа услаад, хүмүүс амны усаа аваад байж байтал манай нутгийн Дээмээ гэх залуу ирээд малаа усалж байсан. Дараа нь Хоо ирээд би Хоотой ойр зуурын зүйл ярилцаад зогсож байхдаа өмнө жил мал усалсан төлбөрөө өг гэж хэлсэн. Хоо өгөхгүй гэхээр нь би худгийн усны шланкаа салгаад явтал араас Д чамайг ална аа гэж орилоод морьтойгоо давхиж ирээд миний урдуур хаагаад мориноосоо буугаад миний шанаа руу баруун гараараа цохьсон. Намайг нэг удаа цохиход нь би газарт унаад толгойгоо хоёр гараараа хааж газарт хэвтсэн. Д намайг газарт унахад хөлөөрөө хэд хэдэн удаа миний нуруу болон цээж рүү өшиглөөд дараа нь миний дээр гарч суугаад баруун гараараа миний толгой руу цохиж зодсон хэд цохьсоныг нь би санахгүй байна их олон цохьсон. Намайг Д цохиж байхад Ц.У гэдэг манай дүү ус аваад гэртээ харихаар явж байгаад намайг зодуулж байхыг хараад холоос гүйж ирээд болчиоч ээ хүн аллаа шүүдээ Хоо чи наад дүүгээ аваад яваач ээ гэж орилоод ирсэн. Тэгээд намайг цохиж зодсоныхоо дараа Дээмээ босоод явсан Дээмээ намайг зодож цохиж дууссаны дараа Хоо ирсэн. Тухайн үед Д байсан, түүний ах Х, Б буюу Б, Н гэж залуу, Д, Ц.У гэх манай дүү байсан. Д намайг гараараа цохиж унагаан газарт унасан хойно хөлөөрөө нуруу болон цээж рүү өшиглөж зодсон. Дээр гарч суугаад гараараа нүүр толгой руу цохиж зодсон. Д-гээс өөр хүн намайг цохиж зодоогүй. Намайг мал услуулахгүй усны шланк аваад явлаа гэж зодсон би Хоогоос өмнө жилийн усны төлбөрөө өг гэхэд өгөхгүй гэхээр нь би усаа хаагаад явсан. Д-г эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/
*Гэрч Ц.Уийн өгсөн:
“...Би өглөө худгаас усаа авчихаад тэргэн дээрээ саваа тавьчихаад Д.Д ахын ажиллуулдаг худаг дээр очоод усаа хийж авчихаад гэртээ харихаар түрээд явж байсан. Худгаас 50 орчим метр явж байгаад эргээд худаг руу харахад Д гэх залуу худгийн Д.Д ахыг газарт унагаагаад дээр нь гараад суучихсан баруун гараараа цохиод байсан. Би Хоог мэдрэл шахуу дүүгээ аваач ээ гээд орилоод Д.Д руу гүйгээд очсон. Намайг очиход Дээмээ босоод явсан байсан. Би Д.Д ахыг аваад гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Тухайн үед Хоо байсан, гэхдээ очиж салгаагүй би эхэлж очиж салгасан. Хоо худгийн хажууд Дээмээ, Д ах хоёртой ойрхон байсан. Би бүр хол, усаа түрээд явж байсан болохоор холдсон байсан. Хэрвээ Хоо гүйж очоод салгасан бол надаас түрүүлээд очих байсан гэвч Хоо очиж салгаагүй. Хоо намайг очоод Дээмээ, Д.Д хоёрыг салгасны дараа араас алхаад ирж байсан. Намайг эргээд харах үед Д, Д.Д ахыг газарт унагаагаад дээр нь гарч суугаад буруун гараараа цохиод байсан. Намайг очоод салгахад нүд нь хөхрөөд хавдсан байсан, амьсгаадаад байсан. Н, Т, Ба буюу Б, Хоо нар байсан. Намайг ус авч байхад маргалдаагүй байсан, би усаа түрээд явж байсан болохоор яриаг нь сонсоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-20 дугаар тал/
*Гэрч Г.Хгаравын өгсөн:
“...Би тухайн өдөр Малтай лагерийн худаг дээр 10 цагийн үед очиход манай дүү Г.Д худаг эргүүлээд малаа усалж байсан. Би машинаас буугаад тэр худгийг ажиллуулдаг Д.Д хөгшин дээр очоод сайн байна уу? та гээд мэндлэхэд Д.Д хөгшин мэндлэхгүй уурлаад зогсоод байсан. Д.Д гуай уурласан шалтгаан нь 2018 оны 06 дугаар сарын сард тухайн худаг руу татсан цахилгааны шугам нь байгалийн салхи, борооноос болж газарт унаад манай 8 хонь, ямаа үхсэн. Манай 8 хонь, ямаа үхэх үед сумын удирдлага болон эрчим хүчний хүмүүс очиж үзээд энэ унасан 3 шон хувиараа хүн татсан шугам байна. Ийм учраас эрчим хүч хариуцахгүй энэ шон татуулсан хүн хариуцна гэсэн. Би Д.Д гуайтай утсаар яриад болсон явдлын талаар хэлэхэд очиж уулзаж байгаад больё гэж хэлсэн. Дараа нь би гэрт очоод уулзахад энэ цахилгааны шонг миний хувийн шон гэсэн бичиг хийлгэж өг гэж хэлсэн. Тэгээд миний 8 хонийг төлөхгүй гэсэн. Үүнээс болж бид 2 утсаар яриад удаа дараа маргалдаж байсан. Д.Д гуай үүнээс болоод намайг худаг дээр очиход уурласан, тэгээд усаа өгөхгүй гэсэн. 2018 оны 07 дугаар сараас хойш малаа услах гэхээр усны мөнгө төгрөг өг гээд учлуулахгүй байсан. Би усны мөнөг өгнө малаа усламаар байна гэтэл Д.Д гуай худгийн цоргоны шланкийг сугалаад явсан. Би худаг дээр байсан хүмүүстэй ойр зуурын зүйл ярилцаад хуучлаад зогсож байсан. Гэтэл Г.Д морьтойгоо Д.Д гуай дээр очоод газар унагаагаад дээр нь дараад байж байхад би очиж Г.Дийг авсан. Д.Д гуай босож ирээд гэртээ харихаар явсан. Морьтойгоо давхиж очоод мориноосоо буугаад Д.Д гуайг газар унагаагаад дараад авсан байсан, яг яаж унагасныг хараагүй. Би худаг дээр мал усалж байсан хүмүүстэй юм яриад худгийн зүүн талд байсан. Г.Д Д.Д ах хоёр худгийн баруун талд байсан. Хоорондоо 100 метр орчим зайтай байсан. Тухайн үед худаг дээр эмнэлгийн галч Б ах, Ж ах, Малтай лагерт байдаг Н , манай үеийн залуу Д, Д.Д гуайн хашаанд байдаг нэг хүүхэн нар байсан. Би зодоон хийж байхад нь очиж салгасан. Тухайн үед нүүр ам нь зүгээр байсан, би Г.Дийг аваад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-30 дугаар тал/
*Яллагдагч Г.Дийн өгсөн:
“...2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би малаа услахаар Малтай Лагерын худаг дээр очсон. Би худаг дээр очоод үхрээ услах гэтэл худгийн өвгөн би танай үхрийг услуулахгүй гэж хэлсэн. Манай үхрийг услуулахгүй гэхээр нь би уурлаад худаг ажиллуулдаг хүнийг гараараа шанаа руу нь цохьсон. Манай ах Хоо гүйж ирээд намайг салгасан. Манай ах хамаагүй хүн цохиж болдоггүй юм битгий цохь гэж хэлсэн. Би дараа нь сумын төвөөс худгийн хоолой авчирч үхрээ усалсан. Нутгийн хүмүүс намайг Дээмээ гэж дууддаг, миний бүрэн нэрийг Г Д гэдэг. Худаг ажиллуулдаг хүнийг Д гэдэг өмнө нь малаа усалдаг байсан учраас танина. Тухайн үед худаг дээр манай ах Хоо, Баба гэдэг ах, бас өөр хүмүүс байсан. Би нэг удаа шанаа руу нь цохьсон бас Д.Дыг түлхэхэд газарт унасан...” гэх мэдүүлэг/хх-ийн 150-152 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 27 дугаартай:
“...Д.Дын биед тархи доргилт, баруун талын хоншоорын хөндийн доод ханын хугарал, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/ хх-ийн 34 дүгээр тал/
*Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн:
“...Г.Д нь оюуны хүндэвтэр хомсдол өвчтэй. Г.Д өөрийн үйлдлийг ухамсарлаж хэрэг хариуцах чадваргүй. Г.Д хэрэг үйлдэх үедээ буюу 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хэрэг хариуцах чадваргүй байсан. Г.Дэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй...” гэх шүүх, сэтгэц гэм судлалын магадлагаа/хх-ийн 52 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 55 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Дэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Урантолгой баг, Малтай лагер гэх газар байх худаг дээр иргэн Д.Д нь бусдад зодуулж, түүний бие эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Г.Д нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байхдаа үйлдсэн болох нь хохирогч Д.Дын“...Дараа нь Хоо ирээд би Хоотой ойр зуурын зүйл ярилцаад зогсож байхдаа өмнө жил мал усалсан төлбөрөө өг гэж хэлсэн. Хоо өгөхгүй гэхээр нь би худгийн усны шланкаа салгаад явтал араас Д чамайг ална аа гэж орилоод морьтойгоо давхиж ирээд миний урдуур хаагаад мориноосоо буугаад миний шанаа руу баруун гараараа цохьсон. Намайг нэг удаа цохиход нь би газарт унаад толгойгоо хоёр гараараа хааж газарт хэвтсэн. Дээмээ намайг газарт унахад хөлөөрөө хэд хэдэн удаа миний нуруу болон цээж рүү өшиглөөд дараа нь миний дээр гарч суугаад баруун гараараа миний толгой руу цохиж зодсон хэд цохьсоныг нь би санахгүй байна их олон цохьсон...” гэх мэдүүлэг, гэрч Г.Хгаравын”... Би усны мөнөг өгнө малаа усламаар байна гэтэл Д.Д гуай худгийн цоргоны шланкийг сугалаад явсан. Би худаг дээр байсан хүмүүстэй ойр зуурын зүйл ярилцаад хуучлаад зогсож байсан. Гэтэл Г.Д морьтойгоо Д.Д гуай дээр очоод газар унагаагаад дээр нь дараад байж байхад би очиж Г.Дийг авсан. Д.Д гуай босож ирээд гэртээ харихаар явсан. Морьтойгоо давхиж очоод мориноосоо буугаад Д.Д гуайг газар унагаагаад дараад авсан байсан, яг яаж унагасныг хараагүй...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Уийн”... Худгаас 50 орчим метр явж байгаад эргээд худаг руу харахад Д гэх залуу худгийн Д.Д ахыг газарт унагаагаад дээр нь гараад суучихсан баруун гараараа цохиод байсан. Би Хоог мэдрэл шахуу дүүгээ аваач ээ гээд орилоод Д.Д руу гүйгээд очсон. Намайг очиход Д босоод явсан байсан...” гэх мэдүүлэг, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 27 дугаартай дүгнэлт, Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шүүх, сэтгэц гэм судлалын магадалгаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, шүүгдэгч Г.Дийн сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байхдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Дийг сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байхдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, түүний сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байдлыг харгалзан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах саналтай ирүүлсэн нь үндэслэлтэй, түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүний хувийн байдлын талаар мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх сэтгэц судлалын магадлагаа, эмнэлгийн тодорхойлолт зэргээр өөртөө эсхүл бусдад аюул учруулах нөхцөл байдал тогтоогдож байх тул түүний түүний өмгөөлөгч Н.Энхжаргалын гаргасан шүүгдэгч Г.Дийг Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн тасгийн их эмчийн хяналтанд зохих эмчилгээ хийлгүүлэх саналыг хүлээн авах боломжгүй юм. Шинжээчийн дүгнэлт болон улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч Г.Дэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч, түүнийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын энгийн клиникт 6 сарын хугацаагаар албадан эмчилгээ хийлгэх нь зүйтэй байна.
Хохирогч Д.Д нь шүүгдэгчээс эмчилгээ хийлгэсэн төлбөр нэхэмжилсэн бөгөөд хохирогч нь хохирол төлбөр нэхэмжилсэнтэй холбогдуулан баримт ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй юм. Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.3 дахь хэсэгт Сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг түүний асран хамгаалагч буюу түүнд байнгын хяналт тавих үүрэг бүхий этгээд хариуцан арилгахаар заасан байна. Иймд хохирогч нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар түүнийг асран хамгаалагчаас нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч Г.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Гын Д нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Сэтгэц Эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын энгийн клиникт 6 сарын хугацаагаар албадан эмчлүүлсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлд зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7-т зааснаар шүүгдэгч Г.Дэд авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавихыг Нийслэлийн Прокурорын газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Г.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Д нь өөрт учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Дэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР