Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2019/ШЦТ/143

 

            

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Э.Билгүүн

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Алтанчимэг

Шүүгдэгч: Г.M

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Орхон овогт Галбадрахын Mт  холбогдох ,,,,тоот хэргийг хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1,,, суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн ,,,оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, О овогт Г-хын M/РД:…....... / 

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

Шүүгдэгч Г.M нь 2018 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг Намжилын ам гэх газраас иргэн Б.Э-ын эзэмшлийн хоёр чих цуулбар имтэй, зөв талын гуян дээр бүдэг А үсгэн тамгатай, улаан хээр зүсмийн 1 тооны үрээг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

*Эрүүгийн ,,, тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

 

*Хохирогч П.Э-ын өгсөн: 

 “...2018 оны 11 сарын 11-ний шөнө би Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг Намжилын ам гэх газар гэрийнхээ хаяанд өөрийн улаан хээр зүсмийн соёолон үрээгээ аргамжсан. Тэгээд маргааш өглөө нь босоод морио авах гэтэл морь маань алга болсон байсан, аргамжаа нь гадсаараа сугараад алга болсон байсан. Би морио гэрийнхээ ойр орчим хайгаад олоогүй. Би 2018 оны 11 сарын 18-ны өдөр Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгчтэй утсаар ярьж алдсан адуугаа тэмдэглүүлэн, манай багаас хулгай хэрэгт шалгагдаж байгаа хүн байна уу гэж асуухад Цэнхэр багийн нутгаас Т.Э, Г.M гэх хүмүүс адуу хулгай хийж тээврийн хэрэгсэлд ачиж яваад баригдсан байгаа, хулгай хийсэн адууны толгой, шир нь байна гэж хэлэхээр нь би сумын төв орж тэр адууны шир, толгойг нь үзсэн чинь миний хулгайд алдсан морины шир, толгой мөн байсан. Улаан хээр зүсмийн ахар дэлтэй, хоёр чих нь цуулбар, зөв гуяан дээрээ бүдэгхэн мэдэгдэхгүй шахуу А үсгэн тамгатай соёолон насны морь байсан.  Би алдсан адуугаа 800.000 төгрөгөөр үнэлж байна. Би гомдолтой байна, хохиролоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар тал/

*Хохирогч П.Э-ын өгсөн:

“...Надад үзүүлсэн адууны шир, толгой манай хулгайд алдсан адууны шир, толгой мөн байна. Би энэ толгой ширийг зүс, им, тамгаар нь таньж байна, миний хулгайд алдсан хээр соёолон үрээний толгой, шир мөн байсан. Би адууныхаа хохирлыг барагдуулж авсан. Г.M гэх хүн надад хохирлын мөнгө 800.000 төгрөг хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар тал/,

 

*Гэрч Т.Э-гийн өгсөн:

“...2018 оны 11 дугаар сарын 12-ны өдөр би Г.M-ын хамт модонд явсан бид хоёр модоо ачаад буцах гэсээр байтал шөнө болсон тэгээд бид хоёр буцаад явж байсан чинь Г.M би замаасаа айлаас идэшний адуу авна гээд Цоохор намжил гэх газар замтай ойролцоо байсан айлын гадаа бууж үлдээд намайг түрлүүлээд сумын төв орж бай би араас чинь адуугаа аваад орно гэсэн би машинтайгаа түрүүлээд сумын төв орсон. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 13-ны орой 17 цагийн үед Г.M өөрийнхөө жижиг машинтай  адууны мах ачаад манай гэрт ирсэн. Г.M миний машин халаад явахгүй байна хоёулаа аймгийн төв оруулаад энэ махыг заръя гэсэн. Тэгээд тэр махнуудыг нь миний машинд зөөж ачаад аймгийн төв явж байгаад цагдаа зогсоогоод шалгаад саатуулсан. Би тэр орчмын айлуудыг сайн танихгүй ямар ч байсан Цэнхэрийн гол уруудаад Цоохор намжил гэх газар зам дагуу замынхаа хойд талд буусан байсан айлын харалдаа зам дээр буугаад үлдсэн, хэн гэдэг айлаас адуу авах гэж байгаа талаараа надад юм хэлээгүй, таньдаг хүнээсээ адуу авна гэж хэлээд буугаад үлдсэн. Г.M ямар ч уяа, олсны зүйл авч яваагүй, хоосон буусан, адуугаа сумын төв рүү яаж авч явах талаараа яриагүй. Нөгөө идэшний адуугаа аймгийн төвд хүнд хүргэж өгнө гэж надад ярьсан. Хаана нядалсаныг нь мэдэхгүй байна. Би Г.Mыг хулгай хийснийг мэдээгүй, цагдаад шалгагдсаны дараа хулгай хийсэн талаар нь мэдсэн. Г.M надтай хамт явж байгаад буугаад үлдэхдээ айлын аргамжаан дээрээс морь хулгай хийсэн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/

 

*Гэрч Т.Э-гийн дахин өгсөн:

“...Надтай түлээнд явахдаа айлаас идэш авна гээд Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр баг Намжилын ам гэх газарт бууж үлдсэн. Түүний маргааш нь нөгөөх адуугаа янзлаад Архангай аймгийн Эрдэнэбулган сум руу явлаа гэж хэлсэн. Тэгээд надад хүнд өгөх гэсэн. Миний машин явахгүй байна гэж хэлээд намайг гуйгаад миний машинд ачсан. Би хулгайн мах болохыг мэдээгүйгээр өөрийн --- АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн. Би хулгайнх болохыг нь мэдээгүй тээвэрлэсэн. Би Г.M-ыг 2014 оноос таньдаг болсон. Г.M миний найз байгаа. Г.M эхнэр 3 хүүхэдтэй хамгийн бага хүүхэд нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн 1 нас хүрээгүй байгаа. Амьдрал ахуй сайтай. Г.M ойролцоогоор бод, бог нийлсэн 100 гаран тооны малтай. Эхнэр Б.Ж-г нь Архангай аймгийн Цэнхэр сумын Жаст-Ойл колонкийн эрхлэгч ажилтай...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-12 дугаар тал/

*Гэрч Ц.О-ийн өгсөн:

“...2018 оны 10 сарын 11-ний өдөр санагдаж байна, Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг Намжил гэх газар намаржиж байсан. Орой унтахдаа морио аргамжаад маргааш өглөө нь морь алга болсон байсан. Манай нөхөр П.Э морио хайгаад 2, 3 өдөр ойр орчимоор явсан боловч олдоогүй. Тэгээд сумын төв рүү цагдаад тэмдэглүүлэх гээд залгасан чинь манай аргамжаатай морийг хүмүүс хулгай хийгээд баригдсан байна ирж уулз гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр П.Э сумын төв орж адууныхаа ширийг үзсэн чинь манай хулгайд алдсан морь мөн байсан. Улаан хээр зүсмийн, соёолон насны морь, хоёр чих нь гол цуулбар имтэй байсан. Тухайн үед намаржаан дээр байсан, манай гэрийн хажуугаар машин замтай, тэгээд замын хажууд аргамжсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 13-14 дүгээр тал/ 

*Гэрч Ц.Ө-ын өгсөн: 

“...2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 17 цаг өнгөрч байх үед манай гэрт Г.M машинтайгаа ирээд манай нөхөр Т.Э-тай уулзаад Архангай аймгийн төв рүү яваад өгөөч миний машин халаад явахгүй байна гэсэн тэгээд манай нөхөр Т.Э машинаараа Г.M-тай хамт аймгийн төв рүү явсан. Т.Э, Г.M хоёр хурдан явчихаад ирнэ гэсэн чинь ирэхгүй удаад байхаар нь би Г.M руу утсаар яриад хаана байгаа юм бэ яагаад удаад байгаа юм бэ гэж асуусан чинь цагдаад саатуулагдсан байна гэсэн ямар учраас яагаад саатуулагдсан талаараа надад хэлээгүй. Тэгээд маргааш нь юу болсон талаар нь асуусан чинь Г.M хулгайн адууны мах аймгийн төв оруулах гээд Т.Э-г гуйж машинд ачаад явж байгаад саатуулагдсан байсан. Би адууны мах ачиж явсан талаар нь мэдээгүй, Г.M ямар ажлаар яах гэж явж байгаа талаараа надад хэлээгүй юм тэгсэн чинь адууны мах ачиж явсан юм байна лээ. Энэ үйл явдал болохоос нэг хоногийн өмнө Т.Энх-Амгалан, Г.M хоёр модонд явсан хаашаа явсаныг нь мэдээгүй. Өглөө эрт яваад шөнө нь 12 цаг өнгөрч байхад манай нөхөр Т.Э ачиж ирсэн модоо хашааны гадна чиргүүлтэй нь үлдээчихээд гэртээ орж ирээд унтсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/ 

 

*Гэрч Б.Ж-гийн өгсөн: 

“...2018 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр манай төрсөн дүү Улаанбаатар хотод хагалгаанд ороод би хотод байсан үеэр манай нөхөр Г.M айлын адуу хулгай хийсэн асуудлаар цагдаад шалгагдсан байсан, юу болсон талаар сайн мэдээгүй. Би Улаанбаатар хотоос ирээд асуусан чинь модонд явж байгаад айлын аргамжаан дээр байсан морь авсан гэж байсан өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/ 

 

*Гэрч Б.Х-гийн өгсөн: 

“...2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 17 цагийн үед би Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг Тамирын голын гүүрний хойд талд засмал зам дээр хяналт шалгалт хийж байгаад-----АРХ улсын дугаартай “Ниссан Р.несса” маркийн тээврийн хэрэгсэлийг зогсоогоод шалгасан чинь Тэрбиш овогтой Э гэх хүн тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан. Тус тээврийн хэрэгсэлд шалгалт хийхэд машиныхаа хойд талын багааж хэсэгт адууны мах ачсан, мал махны гарал үүслийн гэрчилгээгүй явж байсан учраас саатуулан шалгахад хулгайн адууны мах болох нь тогтоогдсон. Нэг адууны мах байсан, адууны толгой, шир нь байгаагүй. Дараа нь Г.M толгой, ширийг нь өөрийнхөө амбаар дотроос гаргаж ирсэн, толгой, ширийг нь хохирогч П.Э-ад хүлээлгэж өгсөн. Г.M нь Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн нутгаас адуу хулгай хийж сумын төвд авч ирж нядлаад аймгийн төв оруулж зарахдаа Т.Энх-Амгаланг гуйж машинаар нь зөөж явсан гэж ярьсан. Тус адууг хулгайн адуу байсныг жолооч болох Т.Э нь мэдээгүй гэж ярьсан. Мах нь машин дотор муудах гээд байсан учраас хохирогчийн хохирлыг барагдуулах үндэслэлээр Г.M, Т.Э хоёроор заруулж мөнгийг нь хохирогч П.Э-ад хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 33-34 дүгээр тал/ 

 

*Яллагдагч Г.M-ын өгсөн: 

“...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн адууг аргамжаан дээрээс нь ногт, аргамжаатай нь хулгай хийсэн. Ногт нь 2 метр цулбууртай, аргамжаа нь 4 метр урттай байсан. Би хулгай хийсэн нь үнэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 48-51 дүгээр тал/ 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаартай: “...Соёолон насны адууны үнэлгээг 2018 оны 11 сарын байдлаар 700.000/доллоон зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 24 дүгээр тал/ 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2019 оны 04 сарын 04-ний өдрийн 107 дугаартай: “...4 м-ийн урттай мяндсан аргамжаа, 2 м урт цулбууртай мяндсан ногтны үнэлгээг 2018 оны 11 сарын байдлаар зах зээлийн ханшаар 20/хорин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 24 дүгээр тал/ 

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 48 дугаар тал тал/ зэргийг шинжлэн судалсан болно. 

 

    Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг Намжилын ам гэх газраас иргэн Б.Э-ын эзэмшлийн хоёр чих цуулбар имтэй, зөв талын гуян дээр бүдэг А үсгэн тамгатай, улаан хээр зүсмийн 1 тооны адуу алдагдсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Г.M үйлдсэн болох нь хохирогч П.Э-ын“...Би морио гэрийнхээ ойр орчим хайгаад олоогүй. Би 2018 оны 11 сарын 18-ны өдөр Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгчтэй утсаар ярьж алдсан адуугаа тэмдэглүүлэн, манай багаас хулгай хэрэгт шалгагдаж байгаа хүн байна уу гэж асуухад Цэнхэр багийн нутгаас Т.Э, Г.M гэх хүмүүс адуу хулгай хийж тээврийн хэрэгсэлд ачиж яваад баригдсан байгаа, хулгай хийсан адууны толгой, шир нь байна гэж хэлэхээр нь би сумын төв орж тэр адууны шир, толгойг нь үзсэн чинь миний хулгайд алдсан морины шир, толгой мөн байсан. Би адууныхаа хохирлыг барагдуулж авсан. Г.M гэх хүн надад хохирлын мөнгө 800.000 төгрөг хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Т.Эгийн “...Тэгээд маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 13-ны орой 17 цагийн үед Г.M өөрийнхөө жижиг машинтай адууны мах ачаад манай гэрт ирсэн. Г.M миний машин халаад явахгүй байна хоёулаа аймгийн төв оруулаад энэ махыг заръя гэсэн. Тэгээд тэр махнуудыг нь миний машинд зөөж ачаад аймгийн төв явж байгаад цагдаа зогсоогоод шалгаад саатуулсан. Би Г.M-ыг хулгай хийснийг мэдээгүй, цагдаад шалгагдсаны дараа хулгай хийсэн талаар нь мэдсэн. Г.M надтай хамт явж байгаад буугаад үлдэхдээ айлын аргамжаан дээрээс морь хулгай хийсэн гэсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.О-ийн “...Орой унтахдаа морио аргамжаад маргааш өглөө нь морь алга болсон байсан. Манай нөхөр П.Э морио хайгаад 2, 3 өдөр ойр орчимоор явсан боловч олдоогүй. Тэгээд сумын төв рүү цагдаад тэмдэглүүлэх гээд залгасан чинь манай аргамжаатай морийг хүмүүс хулгай хийгээд баригдсан байна ирж уулз гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Хгийн”... 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 17 цагийн үед би Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг Тамирын голын гүүрний хойд талд засмал зам дээр хяналт шалгалт хийж байгаад .......... АРХ улсын дугаартай “Ниссан Р.несса” маркийн тээврийн хэрэгсэлийг зогсоогоод шалгасан чинь Тэрбиш овогтой Э гэх хүн тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан. Тус тээврийн хэрэгсэлд шалгалт хийхэд машиныхаа хойд талын багааж хэсэгт адууны мах ачсан, мал махны гарал үүслийн гэрчилгээгүй явж байсан учраас саатуулан шалгахад хулгайн адууны мах болох нь тогтоогдсон. Нэг адууны мах байсан, адууны толгой, шир нь байгаагүй. Дараа нь Г.M толгой, ширийг нь өөрийнхөө амбаар дотроос гаргаж ирсэн, толгой, ширийг нь хохирогч П.Э-ад хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 16, 107 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, шүүгдэгч Г.M-ын бусдын малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.  

Архангай аймгийн Прокурорын газраас Г.M-ын бусдын малыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүгдэгч Г.M-т Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Г.M-т хорих ял оногдуулахгүй тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.  

 

Шүүгдэгч Г.M нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5,  36.8 дугаар зүйлийн 3, 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч О овогт Г-ын M-ыг бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.M-т хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.M-т оршин суугаа газраа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх алдбадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.M нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуульд заасны дагуу ял оногдуулахыг  мэдэгдсүгэй. 

 

5. Шүүгдэгч Г.M-т хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

6. Шүүгдэгч Г.M нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.M-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   П.ГАНДОЛГОР