| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2019/0159/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/165 |
| Огноо | 2019-06-21 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2019/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг
Шүүгдэгч: Г.М, С.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Сийн Н, У овогт Гын М нарт холбогдох эрүүгийн ,,,,тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ,,,суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Архангай аймгийн ................... гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Т овгийн Сийн Н/РД: АП/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 2, ээжийн хамт Архангай аймгийн,, гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Уовгийн Гын М/РД: АА/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.Н нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Жаргалант сумын баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулах комиссын даргаар ажиллахдаа сумын Засаг даргын захирамж, шийдвэргүйгээр тус барилдааны 2-ын даваанд унасан иргэн Г.Мд “Сумын заан” цолны үнэмлэх буюу эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж олгосон,
Шүүгдэгч Г.М нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Жаргалант сумын баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулах комиссын дарга С.Нийн сумын Засаг даргын захирамж, шийдвэргүйгээр хуурамчаар үйлдсэн “Сумын заан” цолны үнэмлэх буюу эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Шүүгдэгч Г.Мын шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...2018 оны 07 дугаар сарын 18-нд гэрээсээ гарч Эрдэнэмандал суманд хоноод маргааш нь Жаргалант сумын Зуслан багт болсон шигшээ бөхийн барилдаанд нь барилдаж түрүүлсэн. Тэгээд 07 дугаар сарын 20-нд болсон сумын наадамд нь хоёрын даваанд унасан. Намайг цолны үнэмлэхийг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан гээд байгаа, миний хувьд ашигласан зүйл байхгүй. Би хуурамч гэдгийг нь мэдээгүй. Наадмаас ирээд аавын бие муу байсан. Тэгээд 8 сар гараад хичээл эхлээд, уг сумын зааны үнэмэлэхийг ашиглаж огт барилдаагүй...” гэх мэдүүлэг
*Эрүүгийн 1812005100122 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Гэрч Л.Бы өгсөн:
“...2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “Фейсбүүк”-ээр “Манай нутагт ирээрэй 500.000-р ийм үнэмлэх авч болно шүү. Бөхийн холбоо нь Засаг даргатайгаа нийлээд 2-н даваанд унасан залууд ингээд бичээд өгчихсөн байна. Өмнөөс нь ичиж үхлээ би” гэж бичээд Г.М гэдэг залууд Архангай аймгийн Жаргалант сумын Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 6 давж түрүүлсэн тул Сумын заан цол олгов гэсэн үнэмлэхийг тавьсан байсан. Энэ мэдээлэл аймаг сумын хэмжээнд хаа сайгүй тарчихсан байсан. Ингээд би энэ мэдээлэлийн дагуу Сумын баяр наадмын бөхийн үйл ажиллагааг даргалж зохион байгуулсан сумын бөхийн холбооны тэргүүн С.Нийг дуудаж уулзахад “тиймээ би наадмын орой сумын зааны үнэмлэх бичиж өгсөн нь үнэн ,тухайн үед Г.М гэдэг залуугийн ээж нь гуйгаад байхаар нь бичээд өгчихсөн юм аа, би энэ алдаагаа даруй залруулна, тухайн залуу хоёрын даваанд уначихсан юм” гэж хэлж байсан. Тухайн үед С.Нийг энэ алдаагаа албан ёсоор залруулаад миний нэр хүндийг сэргээж өгөх юм байх гэсэн чинь тэгээгүй, тэр чигтээ алга болж сарын хугацаа өнгөрөөд байна. Манай сумын бөхийн холбооны тэргүүн С.Н нь 4-5 жил сумынхаа бөхийн холбооны тэргүүнийг хийж байгаад, сумын захиргаанд санхүүгийн албаны даргаар түр тушаалаар ажиллаж байгаа хүн. Сумын начин цолны үнэмлэхийг С.Н бичиж өгөхдөө өөрөө санаанаасаа зохиож захирамжийн дугаар тавьж сумын заан цолны үнэмлэх дээр Г.Мын овог нэр, регистрийн дугаарыг нь бичиж, сумын засаг даргын тэмдгийг дарж баталгаажуулан өгсөнөө өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ингээд сумын заан цолны үнэмлэх гаргуулан авсан Г.М гэдэг залуу нь улсын наадмын урьд өдөр нь зохион байгуулсан морины наадам дээр болсон 32 бөхийн барилдаанд түрүүлсэн залуу байсан. Тэр ч утгаараа 7 дугаар сарын 19-ний өдөр гэсэн огноотой бичээд өгсөн байсан, манай сумын бөхийн барилдаан 7 дугаар сарын 20-ны өдөр болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/
*Гэрч Ш.Цын өгсөн:
“...2018 онд манай Батцэнгэл суманд малын шүлхий өвчин гараад улсын наадам тодорхой хугацаагүйгээр хойшилсон. Тэгээд хүү маань Жаргалант сумын улсын баяр наадмын бөхийн төрөлд барилдмаар байна гэхээр нь би хүү Г.М болон хадам ах С.Нямсүрэнгийн хүү Н.Булганбаатар нарыг дагуулаад 7 дугаар сарын 18-ны өдөр Эрдэнэмандал суманд очиж хээр хоносон. Маргааш нь буюу 7 дугаар сарын 19-ний өдөр шигшээ 32 бөхийн барилдаан сумаас зайдуухан болсон ба тус барилдаанд миний хүү Г.М өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулсан. Би ойлгохдоо түрүүлсэн бөхөд цол олгоно гэсэн ойлголттой очсон, мөн тэнд наадам үзэж байсан иргэд цол олгох талаар яриад байсан. Хүүгийн маань шагналд цолны үнэмлэх дагалдаж ирэхгүй болохоор нь би наадам үзэж байсан нэг хүнээс бөхийн холбооны дарга чинь аль юм бэ гэхэд бөхийн асарын хажууд байсан залууг зааж өгсөн. Тэгээд Жаргалант сумын бөхийн холбооны дарга гэх залуу дээр очоод хүүгийнхээ цолыг авмаар байна гэсэн чинь намайг юун хүн бэ гэсэн, би саяын бөхийн барилдаанд түрүүлсэн хүүгийн ээж байна, цолоо авмаар байна гэсэн чинь аан цол уу, цолны талаар ирсэн юм уу гэсэн. Тэгэхээр нь би танай сум шигшээ бөхийн барилдаанд түрүүлсэн хүнд цол олгоно гээ биздээ, манай хүү олон улсын тэмцээн уралдаанд ордог, ганцхан энэ тэмцээнд түрүүлж байгаа юм бишээ гэхэд за за танай хүү сайн барилдах юм аа, уг нь би өргөмжлөл медаль хоёртой нь цуг өгөх гээд цолны үнэмлэх бэлдсэн байсан юмаа тэгж байгаад үнэмлэхийг нь аваад үлдчихсэн гээд цаашаа яваад өгсөн. Одоогоос 6 жилийн өмнө Жаргалант сумын малчин Я.Б гэх залуу хувиараа монгол эмээл зардаг манайхаар орж гардаг байсан болохоор таньдаг болсон. Я.Б гэртээ хоол унд идүүлнэ гээд урьсан, замдаа болсон зүйлийн талаар яриад Я.Баас утасных нь дугаарыг олоод өг, эсвэл гэрийг нь заагаад өг гэсэн. Тэгсэн чинь Я.Б гэрийг нь заагаад өгье гэсэн. Ингээд Я.Баар С.Нийн гэрийг заалгаж очоод дуудаад хүүхдийнхээ цолыг авмаар байна гэсэн чинь уг нь би өргөмжлөл медаль хоёртой нь цуг өгөх гээд цолны үнэмлэх бэлдсэн байсан юмаа, үнэмлэхийг нь би өөр дээрээ хоосон хадгалаад яах вэ, өргөмжлөл медалиа дагаад эзэндээ очиг гээд Заан цолны үнэмлэх дээр нэрийг нь бичээд өгсөн. Тэр шөнөдөө Я.Бы гэрт очиж хоноод маргааш нь нутаг буцсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 16 дугаар тал/
*Гэрч Я.Бы өгсөн:
“...Би тухайн өдөр сумынхаа наадмыг очиж үзсэн өөрөө барилдаагүй тэр өдөр Г.М нь нэг даваад хоёрын даваанд сумын заан Пд унасан. Би Г.Мыг сайн танихгүй садан төрлийн холбоо байхгүй харин Батцэнгэл суманд наймаа хийж яваад ээжтэй нь танилцаж байсан. Тэгээд тухайн үед намайг сурж ирээд манайд хоноод явсан. С.Нийг сумын иргэн учраас танина өөр ямар нэг холбоо байхгүй. Би Г.М болон ээжтэй нь явж С.Нтой уулзаагүй. Г.Мын ээж нь танай бөхийн холбооны даргын гэр аль юм бэ гэхэд нь би урд колонкийн хажууд байдаг гэж хэлсэн тэрнээс биш би хамт очиж Заан цолны үнэмлэх олгуулах талаар гуйсан асуудал огт байхгүй. Манайд наадам дууссаны орой ирж хонохдоо Г.Мын ээж нь хүүгийнхээ заан цолны үнэмлэхийг авчихлаа гэж ярьсан, урд өдөр болсон барилдаан дээр нь түрүүлчихээд байхад залуу бөхөө дэмжээч гэж хэлээд цолыг нь өгөхгүй байхдаа яадгийн гээд үнэмлэхийг нь авчихлаа гэсэн яг нүдээрээ үнэмлэхийг нь хараагүй өгч авалцах үед нь хамт байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-21 дүгээр тал/
*Гэрч О.Мын өгсөн:
“...Би “твитер.ком” сайт дээр “ОМО” гэсэн нэр хаягтай, “Фейсбүүк.com” сайт дээр О.М гэсэн нэр хаягтай: ОМО гэдэг нь миний “twitter.com” сайтын нэр байна. 2018.08.10-ны өдрийн орчим шиг санаж байна, манай сумын татварын байцаагч Д.Гэндэнпил надтай таараад Гантулгын М гэх залууд сумын заан цол олгосон үнэмлэхийн зургийг гар утсан дээрээ харуулсан. Гантулгын М гэх залуу Жаргалант сумын наадмаар Батцэнгэл сумаас ирж барилдаад 2 даваанд Жаргалант сумын заан С.Пд унасан байдаг. Гэтэл Г.Мд сумын заан цол олгов гэсэн үнэмлэх өгсөн байсан. Би гайхаад Д.Гэндэнпилээс хэн ийм юм хийдэг юм бэ гэж асуусан чинь засаг дарга Л.Б, бөхийн холбооны тэргүүн С.Н нар ийм юм хийсэн юм шиг байна, үнэмлэх дээр засаг дарга Л.Бы тамга тэмдэг, гарын үсэг байна гэж хэлсэн. Түүнээс хойш би Баянцагаан багийн иргэн Я.Бы гэрт жимс авахаар очихдоо наадмаар танайд ирсэн залуу чинь сумын заан цолны үнэмлэх авчихсан байна, ямар учиртай юм бэ?, хүмүүс гадуур 500,000 төгрөгөөр бичүүлээд авсан гэсэн яриа яваад байна гэхэд Я.Б шууд бичүүлээд авсан юм чинь бодвол мөнгө төгрөг өгсөн юм байлгүй дээ гэж байсан. Тэгээд би “твитер.ком” сайтад байх өөрийнхөө ОМО нэртэй хаягаар дээрх нийтлэлийг бичсэн. Сумын цолыг сумын засаг дарга олгодог, мөн Л.Б даргын гарын үсэг, тамга байсан учраас С.Нийг Л.Б даргатай хамтарч ийм зүйл хийсэн юм байна гэж бодоод дээрх нийтлэлд Л.Б даргын нэрийг дурдаж оруулсан. Тэгэхээс би мөнгө төгрөг өгсөн, авсаныг нь хараагүй. Хүмүүсийн ам дамжсан ярианаас мөнгөөр заан цолны үнэмлэх авсан юм байна гэж ойлгоод нийтлэлд биччихсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 134 дүгээр тал/
* Гэрч Г.Мийн өгсөн:
“...Би Жаргалант сумын бөхийн холбоонд гишүүнээр 2004 оноос хойш ажиллаж байна. Сумын наадмын үеэр бөхийн комисст орж тайлбарлагч хийдэг. Г.М манай сумын наадамд барилдсан хоёрын даваанд сумын заан Пд унасан талаар мэдэж байна. Харин бөхйин холбооны дарга С.Нийг Г.Мд сумын заан цолны үнэмлэх бичиж өгсөн талаар бол мэдэхгүй дараа нь 8 сард Жаргалант сумын Фейсбүүк group хаяг дээр тухайн мэдээлэл орсон байсныг хараад мэдсэн. Би Г.Мыг өмнө нь харж байгаагүй ерөөсөө танихгүй. Шигшээ бөхийн барилдаан дээр цол олгох тухай огт яригдаагүй ямар нэгэн захирамж шийдвэр гараагүй барилдаан болж дуусаад л шагнал гардуулаад өнгөрсөн...”гэх мэдүүлэг/хх-ийн 22-23 дугаар тал/
*Гэрч Д.Сийн өгсөн:
“...2018 оны 07 сарын 21-ний өдөр Архангай аймгийн Жаргалант сумын баяр наадам болсон. Түүнээс нэг байна уу хоёр хоногийн өмнө Жаргалант сумын Зуслан багийн төв дээр багийн өдөрлөг болж үндэсний бөхийн цолгүй залуу бөхчүүдийн барилдаан болсон. Тухайн барилдаан дээр би өөрөө үндэсний бөхийн засуулаар ажилласан. Сумын заан болсон гэх Г.М гэж залуу тэр наадамд барилдаж түрүүлсэн. Би Г.Мын засуулаар ажилласан. Тухайн наадамд бөхийн цол олгоогүй. Үүнээс хойш нэг хоёр хоногийн дараа болсон сумын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдаж байсан Г.М нь хоёрын даваанд сумын заан Птай барилдаж унасан. Энэ наадамд сумын заан Мөнх-Эрдэнэ гэж бөх хоёр дахь удаагаа түрүүлсэн. Гэтэл 2018 оны 08 сарын 13-ны өдөр байна уу 14-ний өдөр О.М гэсэн твиттер хаягнаас “...манай суманд 500.000 төгрөгтэй ирээд сумын заан цол авч болно шүү...” гэсэн утгатай, Гантулга овогтой Мд сумын заан цол олгосон үнэмлэхний зургийг Архангай аймгийн Жаргалант сумын фейсбүүкийн группт оруулсан байсан. Тухайн үнэмлэх дээр засаг дарга Л.Бы гарын үсэг байхгүй, тамгатай байсан. Тэгэхээр нь би энэ юу болж байна гэж бодоод албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу тал бий болгосон уу?, хуурамч бичиг баримт үйлдсэн үү? энэ бол намчирхал бусдын мууг үзэх гэсэн үйлдэл огтоос биш. Сумын засаг дарга та энэ үйлдэлдээ албан ёсоор тайлбар хийнэ үү? гэсэн утгатай постыг Архангай аймгийн Жаргалант сумын фейсбүүкийн группт оруулсан. Би өөрөө тухайн группын админ учир миний оруулсан мэдээлэл хамгийн дээр нь байрлаж байсан. Сумын зааны үнэмлэх нь Г.Б даргын гарын үсэггүй, дан ганц тамга дарсан байхаар нь түүнийг л тодруулах гэж Г.Б даргад хандаж түүнийг оруулсан. Сумын заан Г.М болон гэр бүлийн гишүүд над руу утсаар яриад наад мэдээллээ устгаад өг гэхээр нь би 2 хоногийн дараа тухайн мэдээллийг устгасан. О.М гэсэн твиттер хаягаас “...манай суманд 500.000 төгрөгтэй ирээд сумын заан цол авч болно шүү...” гэсэн утгатай мэдээлэл оруулсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 137-138 дугаар тал/
*Яллагдагч С.Нийн өгсөн:
“...Манай сумын наадам 2018 оны 07 дугаар сарын 09,10-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гарсан боловч гоц халдварт шүлхий өвчний улмаас наадам хойшилж 2018 оны 07 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан. Наадмын эхний өдөр буюу 19-ний өдөр Зуслан багт морины уралдаан болж тухайн морины наадам дээр шигшээ 32 бөхийн барилдаан зохион байгуулж, уг бөхийн барилдаанд Г.М түрүүлсэн. Тэгээд маргааш нь буюу 20-ны өдөр сумын төвд баяр наадмын бөхийн барилдаан болж, 64 бөх барилдан сумын заан Мөнх-Эрдэнэ түрүүлж, харин Г.М 2-ын даваанд сумын заан Пд өвдөг шороодож хасагдсан. Сумын заан Мөнх-Эрдэнэд наадмын түрүү бөхийн заан цолны үнэмлэхийг гардуулж өгсөн. Яагаад гэвэл түрүүлсэн амжилтын баталгаа болдог юм байна лээ. Харин би засаг даргатай ярьж тохироод шигшээ бөхийн барилдааныг сумынхаа залуучуудын дунд зохион байгуулж, орон нутгаасаа түрүүлсэн залуу бөхөд сумын заан цол олгохоор 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн огноотой сумын заан цолны үнэмлэх бэлдэж очсон боловч гадны сумын буюу Батцэнгэл сумын залуу бөх түрүүлсэн учир тухайн бөхийн барилдаанд цол олгогдоогүй, орхисон учир үнэмлэх нь надад үлдсэн. Тэгээд наадам дуусч 2018 оны 07 дугаар сарын 20-ны орой гэртээ байж байтал гэрийн гадаа хүн дуудахаар нь гарсан чинь Г.М, ээжийнхээ хамт ирчихсэн, танайх шигшээ барилдаандаа цол олгоно гэсэн яагаад цолоо өгөхгүй байгаа юм бэ, манай хүүхэд чөлөөт бөхөөр сайн барилддаг, сумын заануудын барилдаанд оролцох гэхээр цол авч чадаагүй учир оролцож чадахгүй байна, цолыг нь өгчих гээд гуйгаад байхаар нь өгч болохгүй, засаг даргын захирамж шийдвэр гарч байж цол олгодог гэж хэлсэн боловч гуйгаад байхаар нь бичиж өгсөн. Мөнгө авсан, зарсан асуудал огт байхгүй. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Г.Мын ээж нь гэх эмэгтэй байсан, өөр хүн байгаагүй учир өөр мэдэх хүн байхгүй. Я.Б хамт ирээгүй учир байгаагүй. Манай сумын засаг даргын захирамжийн дугаар а/ ...., б/ гэж дугаарлагдаг учир би өөрөө дугаарыг нь зохиож бичээд а/69 гэсэн дугаар тавьсан. Үнэн хэрэгтээ 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр а/69 гэсэн дугаартай захирамж гараагүй. Өөрт нь танилцуулж үнэмлэхийг бэлдсэн байсан учир мэдэж байсан, ер нь үнэмлэхийг салбар комисс нь бэлдэж, засаг даргаар өөрөөр нь тамга даруулж, гарын үсэг зуруулдаг учир тухайн үед засаг дарга өөрөө тамгаа дарж бэлдсэн байсан, харин цолыг албан ёсоор гардуулсан бол засаг дарга гарын үсэг зураад гардуулж өгөх байсан. Шигшээ барилдаанд сумынхаа залуучуудыг барилдуулж тойргийн барилдааны буюу сумандаа хүчинтэй үйлчилдэг заан цол олгох гэсэн боловч гадны сумаас бөхчүүд ирж барилдсан учир больчихсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 170-173 дугаар тал/
*Яллагдагч Г.Мын өгсөн:
“...Заан цолны үнэмлэх авсан, гэхдээ огт ашиглаагүй. 2018 оны 10 дугаар сард хураалгасан...” гэх мэдүүлэг/хх-ийн 163-165 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 37, 187 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар С.Н нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Жаргалант сумын баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулах комиссын даргаар ажиллахдаа сумын Засаг даргын захирамж, шийдвэргүйгээр тус барилдааны 2-ын даваанд унасан иргэн Г.Мд “Сумын заан” цолны үнэмлэх буюу эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж олгосон, Г.М нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Жаргалант сумын баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулах комиссын дарга С.Нийн сумын Засаг даргын захирамж, шийдвэргүйгээр хуурамчаар үйлдсэн “Сумын заан” цолны үнэмлэх буюу эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч С.Н, Г.М нар гэм буруутай болох нь гэрч Л.Бы “...би энэ мэдээлэлийн дагуу Сумын баяр наадмын бөхийн үйл ажиллагааг даргалж зохион байгуулсан сумын бөхийн холбооны тэргүүн С.Нийг дуудаж уулзахад “тиймээ би наадмын орой сумын зааны үнэмлэх бичиж өгсөн нь үнэн, тухайн үед Г.М гэдэг залуугийн ээж нь гуйгаад байхаар нь бичээд өгчихсөн юм аа, би энэ алдаагаа даруй залруулна, тухайн залуу хоёрын даваанд уначихсан юм” гэж хэлж байсан. Сумын заан цолны үнэмлэх гаргуулан авсан Г.М гэдэг залуу нь улсын наадмын урьд өдөр нь зохион байгуулсан морины наадам дээр болсон 32 бөхийн барилдаанд түрүүлсэн залуу байсан. Тэр ч утгаараа 7 дугаар сарын 19-ний өдөр гэсэн огноотой бичээд өгсөн байсан, манай сумын бөхийн барилдаан 7 дугаар сарын 20-ны өдөр болсон...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Цын “...Я.Баар С.Нийн гэрийг заалгаж очоод дуудаад хүүхдийнхээ цолыг авмаар байна гэсэн чинь уг нь би өргөмжлөл медаль хоёртой нь цуг өгөх гээд цолны үнэмлэх бэлдсэн байсан юмаа, үнэмлэхийг нь би өөр дээрээ хоосон хадгалаад яах вэ, өргөмжлөл медалиа дагаад эзэндээ очиг гээд Заан цолны үнэмлэх дээр нэрийг нь бичээд өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Я.Бы “.... Г.Мын ээж нь танай бөхийн холбооны даргын гэр аль юм бэ гэхэд нь би урд колонкийн хажууд байдаг гэж хэлсэн тэрнээс биш би хамт очиж Заан цолны үнэмлэх олгуулах талаар гуйсан асуудал огт байхгүй. Манайд наадам дууссаны орой ирж хонохдоо Г.Мын ээж нь хүүгийнхээ заан цолны үнэмлэхийг авчихлаа гэж ярьсан, урд өдөр болсон барилдаан дээр нь түрүүлчихээд байхад залуу бөхөө дэмжээч гэж хэлээд цолыг нь өгөхгүй байхдаа яадгийн гээд үнэмлэхийг нь авчихлаа гэсэн яг нүдээрээ үнэмлэхийг нь хараагүй өгч авалцах үед нь хамт байгаагүй...” гэх мэдүүлэг, гэрч О.Мын”...Гантулгын М гэх залуу Жаргалант сумын наадмаар Батцэнгэл сумаас ирж барилдаад 2 даваанд Жаргалант сумын заан С.Пд унасан байдаг. Гэтэл Г.Мд сумын заан цол олгов гэсэн үнэмлэх өгсөн байсан. Би гайхаад Д.Гэндэнпилээс хэн ийм юм хийдэг юм бэ гэж асуусан чинь засаг дарга Л.Б, бөхийн холбооны тэргүүн С.Н нар ийм юм хийсэн юм шиг байна, үнэмлэх дээр засаг дарга Л.Бы тамга тэмдэг, гарын үсэг байна гэж хэлсэн. Түүнээс хойш би Баянцагаан багийн иргэн Я.Бы гэрт жимс авахаар очихдоо наадмаар танайд ирсэн залуу чинь сумын заан цолны үнэмлэх авчихсан байна, ямар учиртай юм бэ?, хүмүүс гадуур 500,000 төгрөгөөр бичүүлээд авсан гэсэн яриа яваад байна гэхэд Я.Б шууд бичүүлээд авсан юм чинь бодвол мөнгө төгрөг өгсөн юм байлгүй дээ гэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Мийн”... Г.М манай сумын наадамд барилдсан хоёрын даваанд сумын заан Пд унасан талаар мэдэж байна. Харин бөхйин холбооны дарга С.Нийг Г.Мд сумын заан цолны үнэмлэх бичиж өгсөн талаар бол мэдэхгүй дараа нь 8 сард Жаргалант сумын Фейсбүүк групп хаяг дээр тухайн мэдээлэл орсон байсныг хараад мэдсэн. Би Г.Мыг өмнө нь харж байгаагүй ерөөсөө танихгүй. Шигшээ бөхийн барилдаан дээр цол олгох тухай огт яригдаагүй ямар нэгэн захирамж шийдвэр гараагүй барилдаан болж дуусаад л шагнал гардуулаад өнгөрсөн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Сийн “...Сумын заан болсон гэх Г.М гэж залуу тэр наадамд барилдаж түрүүлсэн. Би Г.Мын засуулаар ажилласан. Тухайн наадамд бөхийн цол олгоогүй. Үүнээс хойш нэг хоёр хоногийн дараа болсон сумын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдаж байсан Г.М нь хоёрын даваанд сумын заан Птай барилдаж унасан. Энэ наадамд сумын заан Мөнх-Эрдэнэ гэж бөх хоёр дахь удаагаа түрүүлсэн. Гэтэл 2018 оны 08 сарын 13-ны өдөр байна уу 14-ний өдөр О.М гэсэн твиттер хаягнаас “...манай суманд 500.000 төгрөгтэй ирээд сумын заан цол авч болно шүү...” гэсэн утгатай, Гантулга овогтой Мд сумын заан цол олгосон үнэмлэхний зургийг Архангай аймгийн Жаргалант сумын фейсбүүкийн группт оруулсан байсан. Тухайн үнэмлэх дээр засаг дарга Л.Бы гарын үсэг байхгүй, тамгатай байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, шүүгдэгч С.Нийн эрх олгосон барим бичгийг хуурамчаар үйлдсэн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Г.Мын эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Нийн эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Мын эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүхээс шүүгдэгч С.Нийг эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, шүүгдэгч Г.Мыг эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг нь шүүгдэгч Г.Мыг гэм буруугүй, тус сумын заан цолны үнэмлэхийг огт ашиглаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг шүүх хуралдаанд гаргасан. Баяр наадмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “...Сумын баяр наадамд 64 бөх барилдах бөгөөд үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно...” гэж заасан, харин шүүгдэгч Г.М нь сумын наадамд барилдаж хоёрын даваанд унасан гэх нөхцөл байдал тогтоогддог. Уг сумын наадам дууссаны орой шүүгдэгч Г.М нь ээжийн хамт шүүгдэгч С.Нийн гэрт очиж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сумын заан цолны үнэмлэхийг гуйж авсан талаар шүүгдэгч С.Н мэдүүлсэн бөгөөд уг бичиг баримтыг хуурамч болохыг мэдсээр байж авсан, олон нийтийн сүлжээгээр уг мэдээлэл тарснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд түүний үйлдэл нь бичиг баримтыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийн шинжтэй байх тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч С.Н, Г.М нарт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж зэргийг харгалзан шүүгдэгч С.Н, Г.М нарт торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Н, Г.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан а/69 дугаартай сумын заан цол олгох үнэмлэхийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахаар тус тус шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн С-ийн Н-ийг эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, шүүгдэгч Уовгийн Гын Мыг эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нийг 1000/нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000/нэг сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.Мыг 1000/нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000/нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н, Г.М нар нь шүүхээс оногдуулсан 1000/нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000/нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н, Г.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан а/69 дугаартай сумын заан цолны үнэмлэхийг хэргийн хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.
6. Шүүгдэгч С.Н, Г.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Н, Г.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР