Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/171

 

                                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Э.Билгүүн

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг 

Шүүгдэгч: Д.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Дгийн Лд холбогдох эрүүгийн ,,,, тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, ,,,, суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Архангай аймгийн.... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ц овогт Дгийн Л/РД:АЯ 

                               Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Л нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний орой 20 цагийн үед Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэр “Алтан цайдам” хүнсний дэлгүүрийн урд талд А.Тыг зодож, түүний бие эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

       *Эрүүгийн 1812003200237 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч А.Тын өгсөн: 

“...Би 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр юм идэх гээд гуанзны хажууд явж байтал Д.Лтэй таарсан. Тухайн үед яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Д.Л гэх хүн намайг Алтан цайдам хоолны газрын гадаа газар мөргүүлж зодсон. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Нэг нутгийн хүмүүс, өөр харилцаа холбоо байхгүй. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Нэг найзын хамт 1 шил архи уусан байсан. Д.Лг архи уусан эсэхийг сайн мэдэхгүй байна. Би согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байсан учир юунаас болж маргалдсан гэдгийг сайн санахгүй байна. Намайг цохиогүй, газар миний толгойг олон удаа мөргүүлсэн. Тэгээд би ухаан алдаж унасан. Миний чихнээс их хэмжээгээр цус гарсан. Алтан цайдам дэлгүүрийн үүдний хэсэгт их хатуу хөрстэй байсан. Тухайн үед миний санаж байгаагаар өөр хүн байгаагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би Д.Лгээс нэхэмжилсэн зардал, мөнгөө авсан тул Д.Лд гомдолгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 13-18 дугаар тал/

 

*Гэрч Т.Бийн өгсөн:

“...2018 оны 05 дугаар сарын 29-ний 20:30 цагийн үед над руу эмнэлгийн эмч залгаад, аав чинь “Алтанцайдам” дэлгүүрийн үүдэнд ухаангүй байна гэж хэлсэн. Би очиход, цагдаа нар ирчихсэн хамгаалалт авчихсан, аав дэлгүүрийн урдхан талд ухаангүй хэвтэж байсан. Аавын чихнээс цус их гарсан байсан. Удалгүй эмнэлгийн автомашин ирээд, аавыг аваад, эмнэлэг орсон. Аав 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр үдээс хойш сэргэсэн боловч, одоогоор болсон явдлыг санахгүй байгаа. Миний аавын бие хүнд байгаа. Аавд эмнэлгээс их олон шингэн хийж байгаа. Аавыг Улаанбаатар хот руу явж, тархины зураг авахуул гэж хэлсэн. Аав одоохондоо болсон явдлаа санахгүй байгаа. Чихнийх нь цус тогтохгүй бага багаар гоожиж байгаа.  Надад өөр ярих зүйл байхгүй. Би гомдолтой байгаа. Цаашид шалгуулж, аавыг зодсон гэх хүмүүст хариуцлага тооцуулмаар байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-20 дугаар тал/ 

 

*Гэрч С.Аын өгсөн: 

“...2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 20:00 цагийн үед манай эмнэлэгт ухаангүй хүн байна гэж дуудлага ирсэн. Би тухайн өдөр жижүүр эмч байсан. Би дуудлагын дагуу “Алтан цайдам” дэлгүүрийн урд талд очтол манай сумын А.Т гэх хүний баруун чихнээс цус гарсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Би очоод, биеийн гадна үзлэг хийхэд, биеийн байдал хүнд, баруун чихний угнаас цус гарч, бүлэгнэсэн байдалтай байсан. Би уг хүнд цус тогтоох эмчилгээ хийгээд, хүзүүний бэхэлгээ хийж, сумын эмнэлэг рүү тээвэрлэж авч явсан.  А.Т ахыг эмнэлэг рүү авч ирээд, их эмчээ дуудсан. Эмчийг иртэл нь тогтоох, өвчин намдаах эмчилгээ хийсэн. Өвчтөний биеийн байдал хүнд хэвэндээ байсан болохоор аймгийн мэдрэлийн эмчээс зөвлөгөө авч, эмчилгээг зааврын дагуу хийсэн. А.Т нь одоо ухаан орсон боловч зовиур ихтэй биеийн байдал хүндэвтэр, уг хүн нь тухайн үеийн юмаа санахгүй байгаа. Толгойн доторх гэмтлийг томографикаар харж байж гэмтлийг нь тодорхойлно. Харин гадна талаас нь харахад, гүрээ хэсэгтээ багалзуурдсан гэмээр хоёр хумсны сорвитой. Духны баруун хэсэгтээ овойж, хүрэнтэж хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/ 

 

*Гэрч Н.Тийн өгсөн: 

“...Би 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 20:00 цагийн үед Өлзийт сумын Хөшөөт багийн Шинэ хорооллын 02-07 тоот дахь гэрээсээ гараад  "Алтан цайдам” мини маркетаас нойлын цаас авах гээд явж байхад “Алтанцайдам” мини маркетын ойролцоо Д.Л нь А.Тын багалзуурыг нэг гараараа шахсан байдалтай зогсож байсан. Би Д.Лг яг аль гараараа А.Тыг шахаж байсныг санахгүй байна. Би Д.Л, А.Т нарыг салгаад, хоёр тийш нь явуулсан. Тэгээд дэлгүүр орж нойлын цаас аваад, гэр лүүгээ ороод эргээд гараад иртэл А.Т ухаангүй дэлгүүрийн гадаа хэвтэж байсан. Хажууд нь Д.Л байсан. Мөн манай нутгийн Л.Б нар зогсож байсан. Би А.Т, Д.Л нарыг ямар учир шалтгааны улмаас муудалцаж, барьцалдаж авсныг мэдээгүй. Намайг нойлын цаас авах гээд дэлгүүр рүү явж байхад тэр хоёр барьцалдаад зогсож байсан.  А.Тыг хэн цохиж унагаасныг би мэдээгүй. Би гэртээ орж, нойлын цаасаа тавьчихаад эргээд гарч ирэхэд, А.Т нь газар ухаангүй хэвтчихсэн. Хажууд нь Л.Б, Д.Л нар байсан. Д.Л А.Т нар л хоорондоо зодолдоод, Л.Б тэр хоёрыг салгах гээд ирсэн гэж надад хэлсэн. Л.Б урдаасаа хойшоо чиглэлтэй “Алтанцайдам” мини маркетийн урдуур машинтайгаа явж байгаад, Д.Л, А.Т нарыг барьцалдаж байхад нь салгах гээд зогссон.  А.Т, Д.Л нар нь архи их уусан, согтуу байсан. Намайг салгахад А.Т, Д.Л нараас архи их үнэртэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-25 дугаар тал/

 

*Гэрч Л.Бын өгсөн: 

            “...Би 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Алтан зуу хийдэд мөргөчихөөд 20:00 цагийн үед сумын төв дэх гэр рүүгээ машинтай явж байхад “Алтанцайдам” мини маркетийн хажуу талд А.Т, Д.Л нар нь бие биентэйгээ барьцалдаад зогсож байсан. Би тэр хоёрын хажуухан талд машинаа зогсоогоод, тэр хоёрыг салгах гээд очих үед Д.Л нь хоёр гараараа А.Тын цээж хэсэг рүү хүчтэй түлхээд унагаасан. Би гүйж очоод салгахад, А.Т нь толгойгоороо газар хүчтэй савж унаад, ухаан алдсан байсан. Би Д.Лг салгаад, холдуулаад эмнэлэг дуудсан. Би А.Т Д.Л нарыг хоорондоо ямар учраас зодолдсоныг би мэдэхгүй. Би машинтайгаа гэр рүүгээ явах замдаа тэр хоёрыг барьцалдаад зогсож байхад тааралдсан.А.Т Д.Л нар л хоорондоо барьцалдаж, бие биенийгээ түлхээд байсан. Тэр хоёроос өөр хүн тэнд байгаагүй. А.Т, Д.Л нь архи их уусан байсан. Тэр хоёроос их архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 35-36 дугаар тал/ 

 

           *Гэрч Д.Эийн өгсөн: 

“...А.Т нь тухайн үед манай эмнэлэгт чихнээс нь цус гарсан байдалтай хүргэгдэж ирсэн гэж сонссон. Тухайн үед дуудлагын эмч С.А очиж анхны тусламж үзүүлсэн. Эмнэлэгт авч ирэхэд би ирж А.Тад эмчилгээг хийсэн. Намайг ирэхэд А.Т ухаангүй баруун чихнээс цус гарсан байдалтай байсан. 21 цагт ирээд хэвтэж 23 цагийн үед бага зэрэг ухаан орж эхэлсэн. Тухайн үед даралт хэвийн байсан. Тархины гэмтэлтэй, суурь яс хугарсан байж болно, тархинд цус хурсан байж болно гэсэн оноштой байсан. А.Т нь манай эмнэлгээс 06 сарын 04-нд Улаанбаатар хот орж эмчлүүлэхээр явсан. Хатуу зүйл дээр толгойгоороо унасан гэж сонссон...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-36 дугаар тал/ 

 

          *Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7438 дугаартай“...А.Тын биед гавлын баруун зулай яснаас доош чамархай яс, хөхлөг сэртэн, чихний суваг дайрсан шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн голомтлог няцрал, тархины тал бөмбөлөгүүдийн таславч болон зүүн талын тенториумын аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тархины гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлээс хамаарна...” гэх дүгнэлт/хх-ийн 40-41 дүгээр тал/ 

 

          *Шинжээч Т.Сийн өгсөн: 

          “...А.Тын биед гавлын баруун зулай яснаас доош чамархай яс, хөхлөг сэртэн, чихний суваг дайрсан шугаман хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин тархины зүүн тал бөмбөлөгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн голомтлог няцрал, тархины тал бөмбөлөгүүдийн таславч болон зүүн талын тенториуллын халзан хальсны доорх голомтлог цус харвалт, баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Дээрх гэмтлүүд нь нэг ба нэг бус удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 72-73 дугаар тал/ 

 

           *Яллагдагч Д.Лгийн өгсөн: 

           “...2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өглөө 08-с 09 цагийн үед Бодонт багаас мотоцикль  унаж Өлзийт сумын Хөшөөт багт ирсэн. Ирээд эгч Нямсүрэнгийн гэрт очсон. Өдөр 12 цагийн үед гэрээс гарч гадуур явж байгаад дүү Чимгээгийнд очиж 20 цаг хүртэл тэнд байж байгаад 20 цагийн үед Алтанцайдам дэлгүүрийн үүдэнд явж байтал А.Т намайг дуудсан. Тэгээд би очиж явтал А.Т хашааны буланд газар унасан байсан. Тэгээд би А.Тыг өргөж босгоод гэр рүү нь хүргэж өгөх гээд явж байгаад бид 2 хамт Аптанцайдам дэлгүүрийн үүдэнд иртэл А.Т миний хоолойг баруун гараараа боосон. Тэгээд зогсож байтал Тунгаа бид хоёрыг салгасан. Тэгээд би явах гэж байтал А.Т миний хоолойноос бариад авахаар би гарыг нь салгаад тэгээд би гэр рүүгээ явж байгаад эргээд хартал хүмүүс ирсэн “хүн уначихлаа” гээд яриад байсан. Би тэр газраа зогсож байсан. Тэгээд намайг сумын цагдаа ирээд аваад явсан. Би А.Т гэх хүнийг танина. А.Ттай ураг төрлийн холбоо байхгүй. Бид нар нэг нутгийн хүмүүс. Бид 2 маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Хувийн таарамжгүй харилцаа байхгүй. Би А.Тыг зодож цохиогүй. Надад А.Тыг зодох шалтгаан байгаагүй. Тухайн үед А.Тыг зодох шалтгаан байхгүй. Тухайн үед А.Т бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би 0.5 литрийн Ерөөл нэртэй 1 шил архийг бат-Эрдэнэ гэх хүнтэй гадаа хувааж уусан. Би А.Ттай архи хувааж уугаагүй. А.Т надтай таарахдаа согтуу байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 51-54 дүгээр тал/ 

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71-72 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

2018 оны 05 дугаар сарын 29-ний орой 20 цагийн үед Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэр “Алтан цайдам” хүнсний дэлгүүрийн урд талд иргэн А.Т нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.Л үйлдсэн болох нь хохирогч А.Тын”... . Д.Л гэх хүн намайг Алтан цайдам хоолны газрын гадаа газар мөргүүлж зодсон. Намайг цохиогүй, газар миний толгойг олон удаа мөргүүлсэн. Тэгээд би ухаан алдаж унасан. Миний чихнээс их хэмжээгээр цус гарсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Бийн”... 2018 оны 05 дугаар сарын 29-ний 20:30 цагийн үед над руу эмнэлгийн эмч залгаад, аав чинь “Алтанцайдам” дэлгүүрийн үүдэнд ухаангүй байна гэж хэлсэн. Би очиход, цагдаа нар ирчихсэн хамгаалалт авчихсан, аав дэлгүүрийн урдхан талд ухаангүй хэвтэж байсан. Аавын чихнээс цус их гарсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Аын”... Би дуудлагын дагуу “Алтан цайдам” дэлгүүрийн урд талд очтол манай сумын А.Т гэх хүний баруун чихнээс цус гарсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Би очоод, биеийн гадна үзлэг хийхэд, биеийн байдал хүнд, баруун чихний угнаас цус гарч, бүлэгнэсэн байдалтай байсан. Өвчтөний биеийн байдал хүнд хэвэндээ байсан болохоор аймгийн мэдрэлийн эмчээс зөвлөгөө авч, эмчилгээг зааврын дагуу хийсэн. А.Т нь одоо ухаан орсон боловч зовиур ихтэй биеийн байдал хүндэвтэр, уг хүн нь тухайн үеийн юмаа санахгүй байгаа...” гэх мэдүүлэг, гэрч Н.Тийн”... “Алтанцайдам” мини маркетын ойролцоо Д.Л нь А.Тын багалзуурыг нэг гараараа шахсан байдалтай зогсож байсан. Би Д.Лг яг аль гараараа А.Тыг шахаж байсныг санахгүй байна. Би Д.Л, А.Т нарыг салгаад, хоёр тийш нь явуулсан. Тэгээд дэлгүүр орж нойлын цаас аваад, гэр лүүгээ ороод эргээд гараад иртэл А.Т ухаангүй дэлгүүрийн гадаа хэвтэж байсан. Хажууд нь Л.Б, Д.Л нар байсан. Д.Л А.Т нар л хоорондоо зодолдоод, Л.Б тэр хоёрыг салгах гээд ирсэн гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Л.Бын”... Би тэр хоёрын хажуухан талд машинаа зогсоогоод, тэр хоёрыг салгах гээд очих үед Д.Л нь хоёр гараараа А.Тын цээж хэсэг рүү хүчтэй түлхээд унагаасан. Би гүйж очоод салгахад, А.Т нь толгойгоороо газар хүчтэй савж унаад, ухаан алдсан байсан. Би Д.Лг салгаад, холдуулаад эмнэлэг дуудсан. Би А.Т Д.Л нарыг хоорондоо ямар учраас зодолдсоныг би мэдэхгүй. Би машинтайгаа гэр рүүгээ явах замдаа тэр хоёрыг барьцалдаад зогсож байхад тааралдсан. А.Т Д.Л нар л хоорондоо барьцалдаж, бие биенийгээ түлхээд байсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хүнд хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7438 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Д.Лгийн бусдын биед халдаж хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Лгийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэж, шүүгдэгч Д.Лг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Д.Л нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан түүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан ялыг хөнгөрүүлж оногдуулах боломжтой гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Д.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Д-гийн Л-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лг 1 /нэг/ жилийн хугацагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал түүнээс нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж түүний эдлэх ялыг 2019 оны 07 сарын 09-ний өдрөөс тоолсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөг, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             П.ГАНДОЛГОР