Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/00446

 

Ч.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

         2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02454 дүгээр шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2482 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Ч.Г

          Хариуцагч: “Н” ХХК-д холбогдох

     Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 20 сарын хугацааны цалинтай тэнцэх олговорт 24.000.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах, дутуу олгосон цалин хөлсний зөрүүд 11.408.273 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Г, түүний өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

        Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: Би “Осим” брендийн борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа худалдааны зөвлөх, шоп менежерийн ажлыг давхар эрхэлж байсан. 2015 оны 10 дугаар сард шинэ захирал томилогдож ирээд менежментийн багийн хурал хийсэн. Уг хурал дээр бусад захирлууд олон ажлыг давхар сайн хийдэг гэж магтаж байхад шинээр ирсэн Д.Энхсайхан захирал миний ажил үүрэгт хамааралгүй агуулахын тоос шороо, хайрцаг сав янзалсангүй гэх мэт ажил хийхийг шаардсан.  Би 3 хүний ажлыг давхар хариуцаж, ажлаа сайн хийж ирснээ хэлэхэд өргөдлөө өгөөрэй гэсэн.  Олон ажлыг давхар хариуцахад хүндрэлтэй байсан тул 2015-10-15-ны өдөр шоп менежерийн ажлаа хүлээлгэн өгсөн. Тухайн үед надад цалингаа бүтэн өгдөггүй байж шинэ шоп менежер авч ажиллуулсан.  Мөн оны 12-р сараас эхлээд ээлжийн амралтаа биеэр эдлэх хүсэлтийг гаргаж, ээлжийн амралтаа эдэлж дуусаад оны сүүлийн ажлуудыг дуусгахаар ажилласан. 2016-01-02-ноос хойш миний бие өвдөөд ажилдаа очоогүй. Энэ тухайгаа менежерт хэлсэн. Түүнээс хойш ажил хийгээгүй. Манай байгууллага намайг ажиллаж байх хугацаанд эд хөрөнгийн дутагдал гаргасан гэж 2016 оны 1 сараас эхлэн Цагдаагийн байгууллагад шалгуулсан. Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсоны дараа иргэний шүүхээр мөн гаргуулахаар шаардсан. Бид шүүхэд эвлэрсэн бөгөөд ийнхүү иргэний хэрэг хянагдах явцад нотлох баримт бүрдүүлж байхдаа ажил олгогч нь намайг 2016-01- 20-ны өдрөөс ажлаас халсан тушаал гаргасныг мэдсэн. Би хатгалгаа авсан, зүрх судасны хагалгаанд орсон зэрэг өвчтэй байсны улмаас ажилдаа буцаж очоогүй. Миний бие өөрийн хүсэлтээр ажлаас халагдах шаардлага байгаагүй. Учир нь 3 жил ажилласан, хийсэн бүтээсэн ажилтай, групп дотор хүртэл өөр салбарт ажиллах саналыг тавьж байсан. Иймд  “Осим” брендийн борлуулалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардаж байна. Би ажиллах хугацаандаа 2015 оны 01 дүгээр сараас мөн оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд 14 400 000 төгрөгийн цалин авахаас 11 408 273 төгрөг дутуу авсан тул үүнийгээ гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

       Хариуцагч хариу тайлбарт: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Ч.Г манай байгууллагад “Осим” брендийн борлуулагчаар 2013-04- 25-ны өдөр ажилд орж, 2015-01- 02-ны өдрөөс борлуулалтын менежер болсон. Гэхдээ түүнийг 2015-01-02-ны өдөр борлуулалтын менежерээр томилсон баримт манайд байхгүй, хөдөлмөрийн гэрээ байдаггүй. Хэрэгт байгаа гэрээг хэрхэн яаж үйлдэж өгсөн нь тодорхойгүй. Манай гэрээний драфтаас өөр байгаа. Санхүүд ийм гэрээ ирээгүй. Тухайн үед буюу 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 10 дугаар cap хүртэлх хугацаанд бид борлуулалтаар буюу хийснээрээ л цалин авдаг байсан тул үндсэн цалин нэхсэн нь үндэслэлгүй. Үндсэн цалин огт бодож байгаагүй. Хариуцагчийн хувьд өөрийнхөө хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага үндэслэлгүй. Бүтэн 1 жил хагасын хугацаанд ажлаа хийгээгүй байж ажлаасаа халагдсан тухайгаа мэдээгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй. Нэхэмжлэл ямар ч үндэслэлгүйн дээр тухайн гомдлын шаардлагыг гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цагдаагийн байгууллагаар шалгуулсан асуудал нь нэхэмжлэгч тухайн үед сандал хулгайлснаас болсон бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Тиймээс бид иргэний журмаар хохирлоо нэхэмжилж авахаар болсон. Нэхэмжлэгч нь хулгайн хэргээс болж л өөрөө ажлаасаа гарах өргөдлөө өгсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02454 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-т заасныг тус тус баримтлан “Осим” брендийн борлуулалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох,  олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлэх цалин хөлсний зөрүү 11.408.273 төгрөг гаргуулах тухай Ч.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Ч.Г тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, түүнээс цалингийн зөрүү шаардсан нэхэмжлэлдээ төлсөн 197 482 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2482 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02454 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Нэхэмжлэгч нь дутуу олгосон цалингийн зөрүү шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг 2017-05- 26-ны өдөр, харин ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2017-07- 25-ны өдөр тус тус гаргаснаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1, 129.2-т  заасан гомдол гаргах 1, 3 сарын хугацаа тус тус хамаарах бөгөөд нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнийг мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан өдрөөс хойш хуульд заасан дээрх хугацааны дотор гомдлын шаардлагаа гаргаагүй гэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2 дахь хэсэгт “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан. Нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүлээн аваагүй, хариуцагч хүлээлгэж өгсөн талаарх нөхцөл байдал нотлогдоогүй болно. Хуулиар хүлээн авсан өдрөөс хойш гэж тодорхой зохицуулсан байхад нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч нь өвчний улмаас 1 жил 5 сарын хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй гэж амбулаториор эмчлүүлэгчдийн карт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч нэртэй бичгийн баримтуудыг ирүүлсэн байх боловч ямар өвчний улмаас хэдий хугацаанд хаана ямар эмчилгээ хийлгүүлсэнтэй холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дэх хэсэгт заасан шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан болох нь тодорхойгүй буюу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага түүний тайлбар, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1-т заасан журмын дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хэргийн материалд мэс засалд орсон, хүүхэд харсан, ямар өвчтэй байсан тухай  баримт  байгаа. Үүнийг шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн, нэхэмжлэгч нь ажил олгогчийн дарамтын улмаас өвчтэй байсныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй бол өөр ямар шалтгааныг хүндэтгэн үзэх шалтгаан гэх вэ. Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

      Ч.Г нь “... ажил олгогч 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр үндэслэлгүйгээр 01/03 дугаар тушаал гаргаж ажлаас халсан...” гэж марган, 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны  олговрыг цалин хөлсний зөрүү 11.408.273 төгрөгийн хамт гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг шаарджээ. /хх 1, 49/

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “...ажилтан Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн байна. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

       Нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Ч.Г шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 4 шаардлага тавьсан байхад шүүх эдгээр шаардлага тус бүрийн талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байна. 

       Тодруулбал, шүүх нэхэмжлэлээс “ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлагын талаар  дүгнэлт хийгээгүй тул ажил олгогчийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01/03 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн эсэхийг шүүх тогтоогоогүй, шийдвэр  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.     

       Талууд ажил олгогчийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн  01/03 дугаар тушаал, түүний үндэслэлийн талаар мэтгэлцээгүй тул хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т нийцэхгүй юм.

       Түүнчлэн, шүүх нэхэмжлэгч гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхдээ уг хугацааг сэргээн тогтоох үндэслэл байгаа эсэх талаар дүгнэлт хийгээгүй нь дутагдалтай болжээ. 

       Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана. Энэ   хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно.

       Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглэвэл зохих зүйлийг хэрэглээгүйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулаагүй байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчжээ.

       Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

        Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Ч.Ггийн шаардлага тус бүрийн талаар дүгнэлт хийж, хөдөлмөрийн маргааны талаар гомдол гаргах хугацаа өнгөрсөн эсэх, өнгөрсөн бол сэргээх үндэслэл байгаа эсэхийг тогтоосны эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02454 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2482 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

     2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ