| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2202006070015 |
| Дугаар | ХШТ/2025/94 |
| Огноо | 2025-10-01 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар ХШТ/2025/94
Д.О, Г.О нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Батцэрэн, Ц.Оч, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч П.Батбүрэн, Ц.Дэлгэрням, А.Шинэгэрэл, нарийн бичгийн дарга П.Доржнамбар нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/272 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ДШМ/620 дугаар магадлалтай, Д.О, Г.О нарт холбогдох 2202006070015 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батбүрэн, Ц.Дэлгэрням, А.Шинэгэрэл нарын гомдлоор 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Д.О, 1966 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, багш арга зүйч мэргэжилтэй, **** дүүргийн **** дугаар **** ажилладаг, ам бүл 2, нөхрийн хамт **** дүүргийн **** дүгээр хороо, **** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ****/,
2. Г.О, 1996 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, **** дүүргийн **** нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт **** дүүргийн **** дугаар хороо, **** хотхоны **** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ****/,
урьд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 862 дугаар шийтгэх тогтоолоор автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, 3 хүний амь нас хохироосон гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан.
Шүүгдэгч Д.О нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/182 дугаар захирамжаар **** дүүргийн ****-ийн ****-ээр томилогдон ажиллаж байхдаа тус ****-ийн нягтлан бодогч Г.О-тай бүлэглэн Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.1-д “өөртэй нь хамаарал бүхий этгээдийн өмнө”, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэснийг тус тус зөрчиж, **** дүүргийн 2022 оны төсөвт тус дүүргийн ****-ийн урсгал засварын ажилд 51,611,000 төгрөг тусгагдсаны дагуу тус цэцэрлэгээс 2022 оны 05-08 дугаар сард урсгал засварын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа техникийн тодорхойлолт боловсруулаагүй, үнийн санал аваагүй, ерөнхий шаардлагыг хангасан эсэхийг магадлалгүйгээр өөрийн хамаарал бүхий нөхөр Б.Э-ийн “****” ХХК-тай гэрээ байгуулах хууль бус үүрэг даалгаврыг Г.О-д өгч, улмаар байгуулсан гэрээг батлан гарын үсэг зурж, өөрийн нөхөр болох Б.Э-ийн “****” ХХК-ийн арилжааны банкин дахь дансаар дамжуулан 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлэн авч өөрт эдийн давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,
Шүүгдэгч Г.О нь Нийслэлийн **** дүүргийн ****-ийн эрхлэгчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байхдаа эрхлэгч Д.О-тэй урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.1-д “өөртэй нь хамаарал бүхий этгээдийн өмнө”, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйл 7.1.7-д “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх гэснийг тус тус зөрчиж, **** дүүргийн 2022 оны төсөвт тус дүүргийн 16 дугаар цэцэрлэгийн урсгал засварын ажилд 51,611,000 төгрөг тусгагдсаны дагуу тус цэцэрлэгээс 2022 оны 05-08 дугаар сард урсгал засварын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа техникийн тодорхойлолт боловсруулаагүй, үнийн санал аваагүй, ерөнхий шаардлагыг хангасан эсэхийг магадлалгүйгээр Д.О-ийн хамаарал бүхий нөхөр болох Б.Э-ийн “****” ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 2022/06 дугаар худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, улмаар тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Д.О нь уг гэрээнд гарын үсэг зурж батлан өөрийн нөхөр болох “****” ХХК-ийн захирал Б.Э-т 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлж өөртөө эдийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Г.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, прокуророос шүүгдэгч Д.О-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 болгож өөрчилж, шүүгдэгч Д.О-ийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч П.Батбүрэн, Ц.Дэлгэрням, А.Шинэгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдалд үнэн зөв, бодитой дүгнэлт хийж чадаагүй, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан цагаатгах талын нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн, няцаасан талаар шийтгэх тогтоолд тусгалгүй, дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг зөрчсөн ба энэ нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлтэй байхад давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ өмгөөлөгчийн тайлбар, дүгнэлтэд үндэслэн 5,000,000 төгрөгийн дүнтэй хэлцэл нь ТБОНӨХБАҮХАТХ-д заасан шууд худалдан авах хэлцэлд хамаарах талаар, шууд худалдан авах хэлцэлд техникийн тодорхойлолт боловсруулахгүй талаар, ерөнхий шаардлага гэх хууль зүйн ойлголт нь 2022 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан ТБОНӨХБАҮХАТХ-д байгаагүй, шинээр батлагдсан 2023 оны хуульд анх удаа тусгагдсан зохицуулалт болох талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №2022/06 дугаартай худалдах-худалдан авах гэрээ нь хуульд нийцсэн талаар шийтгэх тогтоолд дурдсан боловч Д.О-ийг ашиг сонирхлын зөрчилтэй хэлцэл хийж, гэрээний дагуу мөнгийг шилжүүлэн авснаар өөртөө эдийн давуу байдал бий болгосон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс Д.О нь ашиг сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн гэх асуудлыг хүлээн зөвшөөрдөг, энэ талаар шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн удаа дараа тогтвортой мэдүүлж, дээрх гэрээг байгуулснаараа бусдад, эсхүл өөртөө давуу байдал бий болгосон асуудал байхгүй, харин ч зах зээлийн үнэ цэнээс илүү чанартай ажил үйлчилгээ хийж гүйцэтгүүлсэн гэх талаар тайлбарлаж, цагаатгах байр сууринаас мэтгэлцсэн. Харин шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан ашиг сонирхолын зөрчилтэй хийсэн гэх дүгнэлт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл биш, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т “...нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх” дахь хэсэг, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн ... албан хаагчид сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэх заалтын дагуу Төрийн албан хаагчийн сахилгын зөрчил гэж үзэх үндэслэлтэй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалт, дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №24 дугаартай тогтоолын дагуу Д.О-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Шинэгэрэл хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “...анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмыг ноцтой зөрчсөн. ... Д.О-ийн хувьд өөрийн хамаарал бүхий нөхрийн компанитай гэрээ байгуулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэвч энэхүү үйлдэл хийгдэх болсон шалтгаан, тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан үзвээс цэцэрлэгт сайн чанарын паркетан шал, хямд үнээр хийлгэхээр зорьсон нь “Ашид билгүүн” ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээ болон цэцэрлэгт хийгдсэн 200 м.кв бүхий паркетан шалын өмнөх ба дараах зураг буюу одоогийн байдлаас харахад тодорхой харагдаж байна. Шүүх уг гэмт хэргийн субъектив шинжийг тодорхойлохдоо “...шунахай санаа зорилго, …хэн нэгний ивээлд багтах зэрэг хувийн бусад сэдэлтээр үйлдсэн, ...хор уршгийг ухамсарласан, ...урьдчилан мэдсэн, ...зориуд хүсэж үйлдсэн...” хэмээсэн атлаа Д.О-ийн үйлдэлд ямар нэгэн шунахай санаа зорилго, зориуд хүсэж үйлдсэн нь эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байхад гэмт хэрэгт тооцсон нь Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмыг зөрчиж байгаа төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан “...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэснийг зөрчиж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Давж заалдах шатны шүүх нь гэрч П.Т-н шүүхийн хэлэлцүүлэгт “...4,500,000 төгрөгийг наадмын өмнө бэлнээр авсан...” гэсэн мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтаар нотлогдоогүй бөгөөд өмнө нь өгсөн мэдүүлэг нь гэрч Ш.Ц-ийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул түүнийг үнэлэх нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой гэж үзсэн. Гэвч Ш.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг нь “...2022 оны ямар ч гэсэн эрхлэгч 08 дугаар сарын 01-ний өдрөөс нярваар ажиллаж байна, Д.О 2022 оны 08 дугаар сард паркетан шалаа аваарай портероор очиж байгаа” гэж утсаар мэдэгдэж ярьсан нь П.Т-н мөнгө хэзээ хүлээж авсантай давхар нотлогдож байгаа зүйл тогтоогдохгүй буюу тодорхой бус байна. ...П.Т-н шүүхийн хэлэлцүүлэгт “4,500,000 төгрөгийг наадмын өмнө бэлнээр авсан ба 08 дугаар сард паркетан шалны ажлыг хийж гүйцэтгэсэн” гэж мэдүүлснийг дүгнэвэл Ш.Ц-ийн мэдүүлгээр 08 дугаар сард паркетан шалны ажлыг хийж гүйцэтгэсэн нь давхар нотлогдож байна. Түүнчлэн Б.Э нь “****” ХХК-ийн дансанд орсон 5,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь данс руу шилжүүлэн авч, тус мөнгөнөөс 4,200,000 төгрөгийг Д.О-ийн данс руу шилжүүлж, улмаар Д.О нь тус 4,200,000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан хэмээн үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. 2015 оны Эрүүгийн хуулиар тус хэргийг хэлбэрийн буюу хохирол үл шаардах байдлаар хуульчилсан нь хууль хэрэглээний хувьд хэт өргөн байдлыг бий болгосон. Тухайлбал, нийтийн албан хаагч өөрт олгогдоогүй эрхийн хүрээнд олон нийтэд тустай үйлдэл хийсэн нь түүний эрхийн асуудал биш учир мөн л хуульд заасан “бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал үүсгэсэн” гэх нөхцөлийг үүсгэх боломжтой байна.
Д.О-ийн хувьд П.Т-д урьдчилж мөнгө өгсөн, нөхрийнхөө компани руу мөнгө шилжүүлсэн гэх үйлдлүүд нь өөрт олгогдоогүй эрхийн хүрээнд хийсэн олон нийтэд тустай үйлдэл гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул тус хэргийн хууль хэрэглээний хэт өргөн байдлыг бий болгохоос сэргийлж, Д.О-т холбогдуулан Эрүүгийн хууль хэрэглэж ял шийтгэл оногдуулах биш, харин захиргааны эсвэл дотоод хяналтын арга хэмжээгээр шийдвэрлэх нь шударга ёсны бөгөөд хууль зүйн зарчимд нийцнэ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т хэсэгт заасны дагуу хоёр шатны шүүхийн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, Д.О-т холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батбүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “...Д.О нь бэлэн мөнгөөр, түргэн шуурхай, чанартай худалдан авалт хийх үүднээс өөрийн нөхөр болох Б.Э-ийг гуйж түүний компани руу 5,000,000 төгрөг шилжүүлж, 4,500,000 төгрөг гаргуулан хажуу цэцэрлэгт засвар хийж байсан “Т” ХХК-ийн захирал П.Т гэж хүнийг гуйж 4,500,000 төгрөг өгөөд паркетин шалыг суулгуулсан. Тус компани нь суутган авсан 5,000,000 төгрөгөөс 454,545.45 төгрөгийг НӨАТ-т суутгуулсан байна. Энэ үйлдэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1-д заасныг зөрчсөн үйлдэл боловч Д.О-ийн хувьд өөрийн хариуцан удирддаг цэцэрлэгийн эрх ашгийг хохироосон, цэцэрлэгийн ашиг сонирхлын эсрэг, харш үр дагавар бий болгосон зүйл байхгүй бөгөөд мөн өөртөө болон өөрийн нөхрийн компанид давуу байдал олгоогүй байна. Иймд Д.О-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэм хэргийн шинжгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан гэм буруугүйд тооцох зарчим тулгуурлан үйлчлүүлэгч Д.О-ийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй захиргааны зөрчилд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Д.О-ийг албан тушаалын байдлаа ашиглан өөртөө давуу байдал бий болгосон гэж үзвэл уг үйлдэл нь Авлигын эсрэг хуулийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”; 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн зөрчилд тооцогдож тус хуулийн 33.1.2-т зааснаар сахилгын зөрчил хүлээх боломжтой.
Сүхбаатар дүүргийн Боловсролын газраас Д.О-т Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцсон байдаг. Энэ нь нэг зөрчилд Эрүүгийн болон сахилгын зөрчлийг давхардуулан оногдуулах нөхцөлийг бий болгосон. Д.О-ийн хувьд өөрийн хамаарал бүхий нөхрийн компанитай гэрээ байгуулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч энэ үйлдлээрээ өөрт болон бусдад давуу байдал олгоогүй, гэмт хэргийн улмаас хохирол учраагүй бөгөөд хор уршиг нийгэмд үүсээгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү.” гэв.
Прокурор Г.Эрдэнэ шүүх хуралдаанд танилцуулсан хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэн шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон гэж дүгнэсэн. ...шүүгдэгч нь цэцэрлэгийн урсгал засварт зориулагдсан хөрөнгөөс 5,000,000 төгрөгийг өөртөө авч ашиглахын тулд өөрийн хамаарал бүхий этгээд болох нөхрийнхөө компанитай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, мөнгийг гарган улмаар өөрийн дансанд авч нийт 66 удаагийн гүйлгээний 62 удаагийн гүйлгээгээр тодорхой хэсгийг, тодорхой хугацаанд ашиглаж захиран зарцуулсан үйлдэл хийсэн нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Тодруулбал, түүний мөнгийг гарган авч захиран зарцуулсан нь түүний гэм буруугийн санаа зорилгыг шууд тогтоож өгч байна. Шүүгдэгч засварын ажлыг дараа нь нөхөж хийсэн явдал нь түүний гэм бурууг бүхэлд нь болон хэсэгчлэн үгүйсгэх үндэслэл болохгүй. Харин энэ байдал нь хэргийн хохирол нөхөн төлсөнтэй холбоотой асуудлыг дүгнэхэд ач холбогдолтой асуудал гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч П.Батбүрэн, Ц.Дэлгэрням, А.Шинэгэрэл нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзлээ.
2.Энэ хэргийн шүүгдэгч нарт холбогдох хэргийн үйл баримтад мөрдөн шалгах ажиллагаа бүрэн явагдсан, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тогтоосон, тэдний гэм бурууг хянан хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт авагдсан байна.
Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
3.Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.
Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох учиртай. Дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог болно.
4.“Эрх мэдэл, албан тушаалаа урвуулах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон...” үйлдэл байхаар хуульчилжээ.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгох бөгөөд өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны эрх ашгийн эсрэг ажилласан гэмт санаа, зорилгыг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад дүгнэлт хийх замаар тодорхойлох боломжтой байдаг юм.
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субъектив тал нь шууд санаатай хэлбэрийг шаарддаг буюу албан тушаалтан нь хууль бус үр дагаврыг урьдчилан мэдэж, хүссэн байх ёстой.
5.Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэвэл Г.О нь Д.О-ийн хамаарал бүхий “****” ХХК-тай байгуулах гэрээнд гарын үсэг зурсан үйл баримт тогтоогджээ.
Цагаатгагдсан этгээд Г.О “****” ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 2022/06 дугаар худалдах-худалдан авах гэрээнд гарын үсэг зурах үед гэрээ, санхүүгийн баримтад тухайн компанийн хувьцаа эзэмшигч, албан тушаалтны мэдээлэл тусгагдаагүй, уг мэдээллийг мэдээгүй, мэдэх боломжгүй байснаас гадна Д.О-ийн хамаарал бүхий нөхөр болох Б.Э-ийн компани болохыг мэдэх үүрэг бүхий албан тушаалтанд хамаарахуйц гэж дүгнэх хууль боломжгүй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2022 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Захиалагч энэ хуулийн 8.1.2-т заасан босго үнээс бага төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг энэ хуулийн 7.1 дэх хэсэгт заасан журмыг мөрдөхгүйгээр шууд худалдан авч болно” гэж заасан тул Г.О нь “****” ХХК-тай гэрээ байгуулахдаа дээрх хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.
“****” ХХК-тай худалдах-худалдан авах гэрээнд цагаатгагдсан этгээд Г.О гарын үсэг зурсан үйлдэлд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн субъектив шинж болох санаатай сэдэл, зорилго тогтоогдоогүй, Д.О-тэй үйлдлээрээ санаатай нэгдэж хамжигчаар оролцсон талаар дүгнэлт хийхэд нотлохуйц баримтгүй тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
6.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь зарим тохиолдолд нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашигласан, төрийн албан хаагч хууль дээдлэх, шударга ёсыг эрхэмлэх, төрийн албанд иргэдийн итгэлийг алдахуйц үйлдэл гаргахгүй байх, ил тод байдал, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх ёс зүйн зарчмыг зөрчсөн мэт харагдаж болох ч бодит байдалд зохион байгуулалтын алдаатай шийдвэр, хувийн ашиг сонирхолд тулгуурлагүй, ашиг олох, эсхүл өөртөө болон бусдад давуу байдал бий болгох санаа агуулаагүй, хийж буй үйлдэл нь бодит мэдээлэл, судалгаанд үндэслэлгүй ашигтай гэж төсөөлсөн байхаас гадна бодит хохирол, хор уршиг учраагүй байдаг.
Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг нь өөрт болон бусдад хууль бус давуу байдал бий болгох зорилгоор эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байх, ингэснээр хохирол учруулсан байхыг шаарддаг.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” байхаар зохицуулан заасан болно.
Хууль тогтоогч Эрүүгийн хуулиар гэмт хэргийг тодорхойлсон ч нийгмийн аюулын хэмжээ болон бодит хор уршигийг харгалзан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан шинжээс хамаарч хэт хатуу шийтгэлээс сэргийлэх зорилгоор бодит нөхцөл байдлыг үнэлж, уян хатан /дискрецион/ шийдвэр гаргах эрхийг шүүхэд олгосон байна.
Энэхүү заалтыг шүүх хэрэглэхдээ бодит үр дагавар, хуулийн зохицуулалтын утга хоёрыг ялгаж үзэх бөгөөд гэмт хэргийн шинж, бодит аюулын хоорондын ялгааг тодорхойлох замаар үйлдэл, эс үйлдэхүйн агуулга, түүний нийгмийн аюулын хэмжээ, учруулсан хор уршиг, бусдын эрхийг зөрчсөн хохирлын хэмжихүйц байдал, нийгэмд үзүүлэх үр дагавар, тухайн этгээдийн зан байдлын хэмжээ хязгаарыг ялгах шалгууртайгаар үйлдэл, үр дагаврыг ялган шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх учиртай.
Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх боловч гэм буруутай этгээдийн үйлдлийн шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, гэм буруугийн хэлбэр, сэдэлт, санаа зорилго, гэмт үйлдэл болон түүний үр дагаварт хандаж буй сэтгэхүйн хандлага нь бодит агуулгаар шийдвэр, үйлдэлд нөлөөлсөн байх ойлголтыг илэрхийлнэ.
8.Шүүгдэгч Д.О нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байхдаа урсгал засварын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа техникийн тодорхойлолт боловсруулаагүй, үнийн санал аваагүй, ерөнхий шаардлагыг хангасан эсэхийг магадлалгүйгээр өөрийн хамаарал бүхий нөхөр Б.Э-ийн “****” ХХК-тай гэрээг батлан гарын үсэг зурж, тус компанийн дансанд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлэн, 4,200,000 төгрөгийн авсан байна.
Харин Д.О 4,500,000 төгрөгийг “Тэ” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Т-д бэлнээр өгч, П.Т нь тухайн мөнгөөр паркетан шал худалдан авч суурилуулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хураагдсан санхүүгийн баримт, гэрэл зураг, гэрч нарын мэдүүлгээр нотлогджээ.
9.Аливаа гэмт хэргийн нийгэмд аюултай шинжийг тодорхойлдог нэг үндсэн хэмжүүр бол гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан бодит хохирол юм.
Хохирол нь гэмт хэргийн улмаас үүсч буй алдагдал, гарз, сүйтгэл, хөнөөл бөгөөд эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн тодорхой этгээдийн хувьд түүнд бий болсон эдийн болон эдийн бус сөрөг үр дагавар ба тооцон хэмжиж болохуйцын зэрэгцээ тухайн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үүссэн шалтгаант холбоог заавал агуулсан байдаг.
Шүүгдэгч Д.О мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд өгсөн мэдүүлгээрээ уг гэрээг байгуулсан, “****” ХХК-иас мөнгө шилжүүлэн авсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн боловч “хувийн ашиг сонирхлын зорилго агуулаагүй, ажил хийгдэх зорилгоор гэрээ байгуулсан” гэж мэдүүлсэн байна.
Энэ хэрэгт авагдсан нотлох баримтаар төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан, зохиомол хомсдол бий болгох замаар бараа, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх үнийг зориудаар өсгөсөн, улсын төсвийн, тоног төхөөрөмжийн угсралтад шаардлага хангаагүй бараа, бүтээгдэхүүн ашиглах замаар төсөвт өртгийг бүрдүүлж хөрөнгө завшсан үйл баримт нотлогдоогүй болно.
Дээрх тогтоогдсон үйл баримтаас үзвэл шүүгдэгч Д.О үйлдэл хэлбэрийн хувьд өөрийн албан тушаалын байдлыг ашиглаж хамаарал бүхий этгээдтэй гэрээ байгуулсан, гэрээнд тусгагдсан мөнгийг хууль бусаар авсан нь гэмт хэргийн шинжийг агуулахуйц байгаа боловч эрүүгийн хэрэг үүсгэж шалгахаас өмнө буюу 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн засварын ажлыг бүртгэж авсан буюу бодит байдлаар цэцэрлэгийн паркетан шалыг худалдан авч, угсарсан нь цэцэрлэгийн төсөвт болон төрийн өмчид бодит хохирол, хор уршиг учраагүй, нийгмийн аюулын шинж илрээгүй, хөрөнгө нь зорилтод зориулалтаар зарцуулагдсан байна.
10.Шүүгдэгч Д.О цэцэрлэгийн урсгал засварын төсөвлөгдсөн хөрөнгөөс паркетан шал худалдан авч, угрсах зорилгоор худалдан авах ажиллагааны журам зөрчин өөрийн хамаарал бүхий нөхөр Б.Э-ийн компанийн дансанд шилжүүлсэн 5,000,000 төгрөг нь Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлийн тайлбарт заасан үлэмж хэмжээнд хүрэхгүй буюу төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн обьектив талын шинжийг агуулаагүй болохыг дурдах нь зүйтэй.
11.Шүүгдэгч Д.О нийтийн албан тушаалтан албан тушаалтны хувьд ажил хэргийн буруу шийдвэр гаргаж техникийн тодорхойлолт боловсруулаагүй, үнийн санал аваагүй, ерөнхий шаардлагыг хангасан эсэхийг магадлалгүйгээр өөрийн хамаарал бүхий нөхөр Б.Э-ийн “****” ХХК-тай гэрээг батлан гарын үсэг зурсан ч уг шийдвэр нь ажил үүргийн хүрээнд гарсан буруу ойлголт, зохион байгуулалтын доголдолтой холбоотой, нийтийн болон байгууллагын ашиг сонирхолд бодит хохирол учруулаагүй, хөрөнгө нь зорилтод зориулалтаар зарцуулагдсан зэргээс дүгнэвэл гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, хэн нэгний хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй гэж үзнэ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, А.Шинэгэрэл, П.Батбүрэн нарын “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. ... гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгах...” гэсэн гомдлыг үндэслэлийг хэрэгсэхгүй болгож, “...өөрт болон бусдад давуу байдал олгоогүй, гэмт хэргийн улмаас хохирол учраагүй бөгөөд хор уршиг нийгэмд үүсээгүй...” гэх утга бүхий хяналтын журмаар гаргасан гомдол хангахаар тогтов.
Иймд шүүгдэгч Д.О-ийн үйлдэл гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, хувийн байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй тул гэмт хэрэгт тооцохгүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “гэмт хэрэгт тооцохгүй” үндэслэлээр прокуророос шүүгдэгч Д.О-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/272 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ДШМ/620 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ХОСБАЯР
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Ц.ОЧ
М.ПҮРЭВСҮРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ