Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 531

 

Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, “Б” ХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Налайх дүүргийн Засаг дарга, Налайх дүүргийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийг хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: 

“ Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү эвлэрлийн гэрээг нэг талаас нэхэмжлэгч “Б” ХК, нөгөө талаас хариуцагч Налайх дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг дарга, гуравдагч этгээд “Н” ТББ, гуравдагч этгээд Г.Ш, Ш.Ж нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 68 дугаар зүйлийг удирдлага болгон талуудын зөвшилцөл, харилцан тохиролцоог үндэслэн дараах нөхцөлтэйгээр байгуулав.

1.2 Нэхэмжлэгч “Б ХК-аас Налайх дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргад холбогдуулан Налайх дүүргийн Засаг даргын 2002 онд А/412 тоот захирамжаар 9840 мкв газрыг Г.Шт эзэмшүүлсэн хэсэг, 2005 оны 132 тоот захирамжаар 5000 мкв газрыг  “Н” ТББ –д эзэмшүүлсэн хэсэг болон уг газраас 1400 мкв газрыг Нийслэлийн Засаг дарга 2004 онд 558 дугаар захирамжаар Г.Ш, Ш.Ж нарт өмчлүүлсэн захиргааны актууд нь илт хууль бус болохыг тогтоолгож, компанийн эзэмшил газрын эрхийн гэрчилгээг нөхөн олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, гэрчилгээг нөхөн олгохыг Налайх дүүргийн Засаг дарга, Өмч газрын харилцааны албанд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг талууд эвлэрэн хэлэлцэх харилцааг зохицуулахад энэхүү гэрээний зорилго оршино. 

1.3 Энэхүү гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд зааснаар талууд гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр болох бөгөөд эвлэрлийг шүүхээс баталснаар захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно.

Хоёр. Талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг

2.1 Нэхэмжлэгч “Б” ХК-иас энэхүү гэрээний 1.2-т тусгагдсан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 9672 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг бүхэлд  нь авах шаардлагаас татгалзаж, талууд эвлэрэн хэлэлцэхээр тохиролцсоны дагуу 8 цэг бүхий 5077,1 м.кв газраа дахин баталгаажуулж, гэрчилгээжүүлэн авахаар тохиролцов.

2.2 Гуравдагч этгээд "Н” ТББ нь захирамжаар олгогсон 5000 м.кв /бодит байдал дээр 3746 м.кв/ газрын хэмжээг 1108,5 м.кв багасгаж, нэхэмжлэгч “Б” ХК-д шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 4 цэг бүхий 2637,5 м.кв газрыг баталгаажуулан авахаар харилцан тохиролцов.

2.3 Гуравдагч этгээд Г.Ш /678,15 м.кв/, Ш.Ж /668,34/ нар нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрсдийн өмчлөлд олгогдсон нийт 1355,49 м.кв /захирамжаар 1400 м.кв/ газарт орц, гарц гаргах, нэхэмжлэгч компанийн складны барилгыг газрыг чөлөөлж өгөх зорилгоор өмчилсөн газрын байршлыг “Б” ХК болон “Н” ТББ-ын эзэмшил газрын хооронд газрын хооронд байршуулан нийтэд нь 1106,9 мкв болгон багасгаж баталгаажуулан авахаар харилцан тохиролцов.

2.4 Хариуцагч нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын харилцан тохиролцсоныг хүлээн зөвшөөрч 2004 оны 558 тоот захирамжаар Г.Шт 687,15 мкв, Ш.Жд олгосон 668,34 мкв нийт 1355,49 мкв газар өмчлүүлснийг нийт 1106,9 мкв хэмжээтэй болгон байршлыг кадастрын зургийн дагуу өөрчилснийг захирамж гарган мэдээллийн санд оруулахыг хүлээн зөвшөөрөв.

2.5 Хариуцагч Налайх дүүргийн Засаг дарга, Налайх дүүргийн газрын харилцааны алба нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын зөвшилцлийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч “Б ХК-д 5077,1 мкв газрын, гуравдагч этгээд “Н” ТББ-д 2637,5 мкв газрын эзэмших эрхийг тус тус захирамж гарган баталгаажуулан, гэрчилгээ олгож гэрээнд хавсаргасан кадастрын зургийн дагуу мэдээллийн санд оруулж өгөхөөр тохиролцов.

2.6 Талууд энэхүү гэрээгээр эвлэрэн хэлэлцэж, харилцан тохиролцсоноор цаашид аливаа маргаан үүсгэхгүй.

2.7 Талууд гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг гэрээний аль нэг талаас шаардах эрхтэй.

Гурав. Бусад 

3.1 Талууд гэрээг 6 хувь үйлдэх бөгөөд гэрээний талууд тус бүр нэг хувийг хадгалж, үлдэх хувийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлнэ.

3.2 Энэхүү гэрээнд талуудын өөрсдийн тохиролцож хийлгэсэн эзэмшил, өмчлөлийн газрын эргэлтийн цэг, хэмжээг харуулсан кадастрын зургийг хавсаргах бөгөөд түүний дагуу өөрчлөлт оруулна. ” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

“Б” ХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Налайх дүүргийн Засаг дарга, Налайх дүүргийн Газрын албанд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар нь харилцан тохиролцож, “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулаад, шүүхэд ирүүлсэн байна.

Дээрх эвлэрлийн гэрээний агуулгаас нь үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэгч … хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “... хариуцагч нь … нэхэмжлэгчтэй эвлэрэх, … эрхтэй”, 68 дугаар зүйлийн 68.1-д “…Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “…Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, 68.4-т “…Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасантай нийцсэн байна.

Түүнчлэн тус шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т “Нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.******* болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Ч.*******, Ц.******* нар гарын үсэг зурсан нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгч “Б” ХК нь хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Налайх дүүргийн Засаг дарга, Налайх дүүргийн газрын албатай эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д заасныг баримтлан “Б” ХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Налайх дүүргийн Засаг дарга, Налайх дүүргийн Газрын албанд холбогдох “Б” ХК-иас эзэмшлийнх нь 9672 м.кв газрыг Налайх дүүргийн Засаг дарга 2002 онд А/412 тоот захирамж гарган иргэн Г.Шт эзэмшүүлсэн хэсэг болон дээрх газрын зарим хэсгийг 2004 онд 558 дугаар захирамжаар Г.Ш, Ш.Ж нарт өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын захирамж нь илт хууль бус болохыг тогтоолгож, 1998 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/60 тоот захирамжаар “Б” ХК-д эзэмшүүлсэн аж ахуйн хашааны зориулалттай 9672 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг нөхөж олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, гэрээ, гэрчилгээг нөхөж олгохыг Налайх дүүргийн өмч, газрын харилцааны албанд даалгах, Налайх дүүргийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 132 тоот захирамжийн “Н” ТББ-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч “Б” ХК, хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Налайх дүүргийн Засаг дарга, Налайх дүүргийн Газрын албатай эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 ШҮҮГЧ                                   Л.БАТБААТАР