Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 47

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                              Даргалагч

Ерөнхий шүүгч                Б.Батзориг

Шүүгчид                          Ц.Амаржаргал

                                                                   Д.Буянжаргал

                    

                              Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Болормаа   оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 04 дүгээр сарын  20-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтны давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Гагаая овогт Баатарын Ганболдод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201618000030 дугаартай, 148/2017/0045/Э индекстэй, 1  хавтас хэргийг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 23-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, 2 дугаар баг 2 дугаар хэсэгт Золбоо гэх найзындаа оршин суудаг,  эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй,

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 1997 оны 7 дугаар сарын     29-ний өдрийн 115 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 9 сарын хорих ял шийтгүүлсэн,

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял шийтгүүлсэн,

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах ял тус тус шийтгүүлж байсан, Гагаая овгийн Баатар Ганболд /РД:МА-75122313/.

 

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Б.Ганболд нь ялтай байх хугацаандаа согтуугаар 2017 оны 01 дүгээр сарын 20-ны орой 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Т.Оюунцэцэгийн автомашины граж буюу агуулах саванд нэвтрэн, тавцантай суурь хөрөө 1 ширхэгийг хулгайлан 546.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулан, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Б.Ганболдод холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 48 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Гагаая овогт Баатарын Ганболдыг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан “Давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар  Гагаая овогт Баатарын Ганболдод эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр  6  сарын баривчлах ял шийтгэж,

3.Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй, эрх хязгаарласан арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурьдаж,

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүлйийн 134.10-т зааснаар  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэн Д.Намжилмаагийн 80.000 төгрөгийн үнэлгээтэй усны тэрэг битүүмжилснийг хүчингүй болгож, уг тэрэгний жинхэнэ эзэмшигч Намжилмаад буцаан олгож,

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Б.Ганболдын цагдан хоригдсон 16 хоногийг эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцож,

6.Шүүгдэгч Б.Ганболдод урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр  зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж,… шийдвэрлэжээ.

 

Ялтан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

…Ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, 546000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн хүндрүүлсэн нь учир дутагдалтай байна. Би 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 тоот шийтгэх тогтоолоор 4 сарын баривчлах ял шийтгүүлж, 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан гэсэн тус тогтоолын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2015 оны 01 дүгээр сард Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр таслагдаж, 4 сарын баривчлах ял авч байсан. Энэ талаарх нотлох баримт хэрэгт ташаарч авагдсан байна. Би 2016 оны 01 сарын 05 буюу 15 гэж бичигдсэн шийтгэх тогтоолд тусгагдсанаар бол яг энэ үед Дархан-Уул аймгийн баривчлах байранд ялаа эдэлж байсан. Иймд энэ талаарх нотлох баримтыг дахин шалгуулж, ял эдэлж байсан газраас хувийн хэрэг материалыг татаж хянуулан бодит үнэнийг тогтоолгох хүсэлтэй байна.

Надад оногдуулсан баривчлах ялыг хөнгөрүүлж өгөхийг тус тус хүсч гомдол гаргаж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 Прокурор А.Энхтуяа давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн  тайлбартаа:

 …Б.Ганболд нь урьд 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ял шийтгүүлсэн ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дах хэсэгт “…Хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш 5 жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй” тохиолдолд ялгүй болно…Улсын дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолд “…Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан агуулах сав гэдэг нь эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай …амбаар, граж зэргийг хамааруулан ойлгоно” гэж заасан, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан, шүүхээс хуульд  заасан ялыг оногдуулсан байх тул ялтны гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэжээ.

 

Тодорхойлох нь:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Б.Ганболд нь ялтай байх хугацаандаа согтуугаар 2017 оны 01 дүгээр сарын 20-ны орой 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Т.Оюунцэцэгийн автомашины граж буюу агуулах саванд нэвтрэн, тавцантай суурь хөрөө 1 ширхэгийг хулгайлан 546.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулан, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүх Б.Ганболдод холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 48 дугаартай шийтгэх тогтоолоор түүнийг “Давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр  6  сарын баривчлах ял шийтгэж, түүний цагдан хоригдсон 16 хоногийг эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан  байна.

 

         Ялтны “...ял хөнгөрүүлж өгнө үү...” гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлын  дагуу хэргийн материалыг бүхэлд нь шинжлэн судлахад:

         Ялтан Б.Ганболд нь ялтай байх хугацаандаа согтуугаар 2017 оны 01 дүгээр сарын 20-ны орой 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Т.Оюунцэцэгийн автомашины граж буюу агуулах саванд нэвтрэн, тавцантай суурь хөрөө 1 ширхэгийг хулгайлан 546.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулан, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Т.Оюунцэцэг /хх-ийн 31-р ху/, иргэний нэхэмжлэгч Д.Намжилмаа /хх-ийн 34-р ху/, гэрч С.Жамсран, Г.Шархүү, Ж.Аригбөх нарын мэдүүлэг /хх-ийн 35-37-р ху/, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Үнэлгээ тогтоох комиссын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 тоо “Эд зүйлийн үнэлгээ тогтоосон акт” /хх-ийн 4-р ху/, Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9-р ху/, Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10-11-р ху/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 20-27-р ху/, ялтан Б.Ганболдын  сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 47-48, 50-51-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, энэ хэрэгт холбогдохоос өмнө хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байсан болох нь мөн хэрэгт авагдсан ял шийтгэлийн тэмдэглэл, шийтгэх тогтоолын хуулбаруудаар  нотлогдсон, хэргийн зйүлчлэл тохирсон, шүүхээс хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байх тул ялтны гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Ганболдын  гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Анхан шатны шүүх  ялтан Б.Ганболдод  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын баривчлах ял шийтгэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 06 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд  ганцаарчлан эдлүүлэх заалтыг шийтгэх тогтоолд заалгүй орхигдуулан шийдвэрлэсэн байна.

 

          Мөн Б.Ганболдод холбогдох эрүүгийн 201718000030 дугаартай хэргийн материалын 65 дугаар талд авагдсан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 46/000072 дугаартай “Иргэний үнэмлэхийн лавлагаа”-нд ялтан Б.Ганболд нь “Баатад” овогтой бөгөөд 1975 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн байх ба Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолд “Гагаая овогт Баатарын Ганболд” гэж ургийн овгийг, мөн “1975 оны 12 дугаар 23-ны өдөр төрсөн” гэж төрсөн өдрийг буруу, ташаа бичсэн байгааг дурьдах  нь зүйтэй.  

Түүнчлэн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолыг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ёсчлон, 2017 оны 05 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд оролцогчдод гардуулан  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх заалтыг,

 мөн ялтан Б.Ганболдын давж заалдах гомдлыг анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан бөгөөд /хх-ийн 157-р хуудас/ гомдлыг  хэргийн оролцогчдод танилцуулах буюу мэдэгдэх ажиллагааг 2017 оны 05 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд хийж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт заасан “Анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд хүргүүлэх…” гэсэн хуулийн заалтыг тус тус зөрчсөн байна.

Анхан шатны шүүх дээр дурьдсан алдаа, зөрчлүүдийг цаашид давтан гаргахгүй байхад анхаарч ажиллах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Ганболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                                      Б.БАТЗОРИГ

                                          ШҮҮГЧИД                                       Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                  Д.БУЯНЖАРГАЛ