| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2016/00338/И |
| Дугаар | 411 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 411
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР
2016 оны 11 сарын 21 Дугаар 411 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7-р баг, сумын төвд оршин суух Н.Нармандахын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Нармандахын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэннадмид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Нармандахын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэннадмид шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний дүү Н.Нармандах нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд амьдардаг. Дүү маань өвчний учир байнгын хэвтрийн дэглэмд байдаг юм. Би энэ шүүх хуралдаанд дүү Н.Нармандахыг төлөөлж оролцож байна. Н.Нармандах нь 1980-1991 онуудад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд малчин, ногоочноор ажиллаж байсан. Энэ бүгд хөдөлмөрийн дэвтэрт нь бичигдсэн байгаа боловч Нийгмийн даатгалын хэлтэс нь хөдөлмөрийн дэвтрийг зөрчилтэй дэвтэр байна, ажиллаж байсан байдлыг нь шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэсэн юм. Иймд бичгийн нотлох баримтуудыг үндэслэн 1980-1991 онуудад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд малчин, ногоочноор тус тус ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Дэндэв овогт Норовсүрэнгийн Нармандах нь 1980 оны 05-р сарын 01-ээс 1985 оны 09-р сарыг дуустал Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд малчнаар, 1985 оны 10-р сарын 01-ний өдрөөс 1991 оныг дуустал Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдлийн ногоо бригадад ногоочноор тус тус ажиллаж байсан болох нь Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016 оны 07-р сарын 25-ны өдрийн 182/15 тоот цалингийн лавлагаа /Н.Нармандахын 1980-1985 онуудад малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилт бүхий/, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 08-р сарын 06-ны өдрийн 62 тоот тогтоолын хуулбар /ногоочдын дунд зарласан “Арвин ургацын эзэн” уралдаанд шалгарсан хүмүүсийг шагнасан тухай жагсаалтын 8-т: ногоочин Н.Нармандах/ гэх, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 06-р сарын 25-ны өдрийн 61 тоот тогтоолын хуулбар /арвин ургацын төлөө уралдаанд шалгарсан Н.Нармандахыг 330 төгрөгөөр шагнасан тухай/, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 11-р сарын 12-ны өдрийн 162 тоот тогтоолын хуулбар /ногоочдод удаан жилийн нэмэгдэл олгох тухай хавсралтын 9-т: Н.Нармандах/ гэх, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1991 оны 06-р сарын 27-ны өдрийн 125 дугаар тогтоолын хуулбар /төмс, хүнсний ногооны ажилчдын түрээсийн гэрээг батлах тухай/, гэрч Н.Гончигийн шүүхэд өгсөн: “Н.Нармандах нь 1980-1991 онуудад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдлийн “Чоно-Гол”-ын усалгаатай ногооны бригадад ногоочноор ажиллаж байсан. Мөн аав, ээжийнхээ хамт 2-р бригадад хонь маллаж байсан. Ер нь бол хүнсний ногооны салаанд дийлэнх хувьд нь ажилласан хүн. Цөөхөн жил мал малласан. Би тухайн онуудад ногоо бригадын даргаар ажиллаж байсан хүн. Нармандахын аав Норовсүрэн нь охин Нармандахыг эргэж явна гээд ирдэг байлаа. Нэгдэл хувьчлагдаад өмч хувьчлал явагдах хүртэл ажиллаж байсан. Бид нэг нутаг усанд, нэг баг, бригадад хамт ажиллаж байсан болохоор Н.Нармандахын ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. Би 1962-1997 он хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд тракторчин, дизельчнээр ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Г.Довдондоржийн шүүхэд өгсөн: “Н.Нармандах нь 1980-1991 онуудад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдлийн “Чоно-Гол”-ын усалгаатай ногооны бригадад ногоочноор ажиллаж байсан. Мөн аав, ээжийнхээ хамт 2-р бригадад хонь маллаж байсан. Ер нь бол хүнсний ногооны салаанд дийлэнх хувьд нь ажилласан хүн. 1990-ээд онд нэгдэлд хувьчлагдаад өмч хувьчлал явагдах хүртэл ажиллаж байсан. Бид нэг нутаг усанд, нэг баг, бригадад хамт ажиллаж байсан болохоор Н.Нармандахын ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. Би 1974-1994 онуудад Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдлийн тэжээл үйлдвэрлэлийн бригадын дарга, ерөнхий инженер, нэгдлийн дарга, компанийн захирлаар ажиллаж, нийтдээ Эрдэнэцагаан суманд 20 жил ажил алба хашиж байсан юм” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Дэндэв овогт Норовсүрэнгийн Нармандах нь 1980 оны 05-р сарын 01-ээс 1985 оны 09-р сарыг дуустал Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд малчнаар, 1985 оны 10-р сарын 01-ний өдрөөс 1991 оныг дуустал Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдлийн ногоо бригадад ногоочноор тус тус ажиллаж байсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Н.Нармандах нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Дэндэв овогт Норовсүрэнгийн Нармандах нь 1980 оны 05-р сарын 01-ээс 1985 оны 09-р сарыг дуустал Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд малчнаар, 1985 оны 10-р сарын 01-ний өдрөөс 1991 оныг дуустал Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдлийн ногоо бригадад ногоочноор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Н.Нармандах нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА