Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/155

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Мээпам

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн 

Шүүгдэгч: Д.С 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Дийн Ст холбогдох эрүүгийн  тоот хэргийг хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ,, дүүрэгт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Улаанбаатар хотын,,, мужаан ажилтай, ам бүл 3, эхнэр  хүүхдийн хамт Улаанбаатар хот, ,,, тоотод оршин суух хаягтай, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, ............... тоотод тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 70/А дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Хар бат овогт Дийн С/РД:ЕП/ 

 

                      Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

Шүүгдэгч Д.С нь 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн нутаг дэвсгэрт согтуугаар, 44-33 ӨВО улсын дугаартай, Чейзэр маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-а-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 9.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тзэврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн Д.Бгийн жолоодож явсан улсын дугааргүй, улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклыг мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн нутаг дэвсгэрт 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-а, 9.1, 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн улмаас иргэн Д.Бгийн жолоодож явсан улсын дугааргүй, улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклийг мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

*Шүүгдэгч Д.Сын шүүх хуралдаанд мэдүүлсэн:

“...2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр найз Ж.Б бид хоёр найзынхаа хүүхдийг авах гэж Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг руу явж байсан. Тэгээд бид хоёр замдаа 2 шил архи уугаад, өөрийн ухаан мэдрэлээ алдсаны улмаас зам тээврийн осол гаргасандаа маш их харамсаж байна. Одоо манай эхнэр группт байдаг, бие нь их тааруу элэг, нойр булчирхайн хүнд өвчтэй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, надад ял оногдуулж өгнө үү...” гэв. 

 

*Эрүүгийн 1812004440255 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

 

*Хохирогч Б.Бгийн өгсөн: 

“...Би 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Жаргалант багаас Архангай аймгийн Хашаат сум орох гэж гэрээсээ гарсан. Тэгээд ах Гынд очиж бид хоёр Архангай аймгийн Хашаат сумын төв орсон. Бахынд очиж өөрийнхөө мотоциклийг солиод Бахын мотоциклийг унаж Хашаат сумын төвөөс гарах гэж яваад С.А ахтай хамт явсан 2 хүнтэй таараад Хашаат сумын төвийн наадмын талбайн урд 1 шил архи уух гээд зогсож байтал цагаан машинтай үл таних 2 залуу ирсэн. Нөгөө машинтай 2 залуу бид нарыг дайрах шахаад зогссон. Машины хоёр талаар бууж ирээд намайг намайг таних уу, намайг мэдэх үү гээд бид нар дээр ирсэн. Тэгэхээр нь бид нар та хоёр яаж байна хүн дайрлаа ш дээ гэж хэлэхэд өөдөөс хэрэлдээд С.Атэй үл таних 2 залуугийн нэг нь барилцаж авсан. Би тэгээд нөгөө хоёрыг салгах гээд дундуур нь орсон. Тэгээд нөгөө хоёр салсан. Би тэгээд Хашаат сумын төв рүү мотоциклийг унаад явсан. Тэгээд урагшаа явж байтал ард гэнэт машин дуугарах шиг болсон. Тэрнээс хойш юу болсонг санахгүй байна. Би С.А ах, Г, тэгээд танихгүй 2 залуу бид 4 нэг шил архи хувааж уусан байсан. Би Архангай аймгийн Хашаат сумын төвийн наадмын талбайн тэнд С.А, Г тэгээд 2 залуугийн хамт бид 4 нэг шил архи уусан. Би сумын төв рүү мотоциклийн бензин, тамхи авах гэж орсон. Бид нар зодоон цохион хийгээгүй, хоорондоо барилцаж авсан. С.А ахтай машинтай явсан 2 залуугийн нэг нь барилцаж авсан. Үл таних хоёр залуу машинтай бид нарыг дайрах шахаад ирсэн. Тэгэхээр нь бид нар яаж байна та хоёр дайрлаа ш дээ гэж хэлэхэд нөгөө 2 залуу өөдөөс хэрэлдэж маргалдсан. Д.С, Ж.Б нар их согтуу ирсэн. Би их гомдолтой байна. Намайг зүгээр явж байхад миний биед гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-19 дүгээр тал/ 

 

*Гэрч Л.Лгийн өгсөн: 

“...2018 оны 08 дугаар сарын 21-ний орой 19 цагийн орчим би гэртээ хоол хийгээд сууж байтал манай хүүхэд гадаа тоглож байснаа, ээж урд нэг машинтай хүн мотоцикльтэй хүнийг дайрах гээд байна гэхээр нь гараад харсан. Тэгсэн жижиг саарал машинтай хүн улаан өнгийн мотоцикльтой хүнийг араас нь ирээд мөргөж унагаагаад дээгүүр нь гараад явсан. Хүнийг нь дайрсан үгүйг нь сайн мэдэхгүй. Яах аргагүй машин нь овогноод явсан. Тэгээд саарал өнгийн машин нь Эрдэнэтолгойн хажуу замаар ороод явсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Хаанаас гарч ирсэн талаар сайн мэдэхгүй байна. Манай хүүхэд хэлэхээр нь гарч харахад урд машинтай хүмүүс мотоцикльтой хүнийг мөргөж байсан. Мөргөж унагаад дээгүүр нь гараад явчих шиг болсон. Машиныхаа хамар хэсгээр мөргөж унагасан. Би их холоос харсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-21 дүгээр тал/ 

 

*Гэрч А.Агийн өгсөн: 

“...2018 оны 08 дугаар сарын 21-ний оройн 19 цагийн орчим сувилагч Б Эрдэнэтолгойн тэнд хүн машинд дайруулсан байна гэж дуудлага ирсэн. Тэгээд би очсон. Намайг очиход биеийн байдал нь хүнд байсан. Хүнээ үзэхэд эмчилгээ хийж эмнэлэгт тээвэрлэж авчирсан Тухайн хүний биеийн байдлыг үзээд хүчилтөрөгч өгч, эмчилгээ хийж шархыг нь цэвэрлэж боолт хийсэн. Тэгээд ар гэрийнх нь хүмүүс ирээд тухайн хүмүүст биеийн байдлыг нь танилцуулж тээвэрлэхээр шийдвэр гаргасан. Тэгээд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. Биеийн байдал их хүнд байсан. Орчиндоо харьцахгүй, байрлал идэвхгүй, арьс саласт хамар уруулын гурвалжин хөхөлбөр артерийн даралт бага, судасны цохилт их, биеэр халцарсан шархтай өмдөндөө шээсэн байсан. Тэгээд ёолсон байдалтай байсан. Цус тогтоох тариа, өвдөлт намдаах эм, тариа замдаа нэг өвдөлт намдаах тариа хийсэн. Зүүн талын шанаа, хацар, цээжээр хэвлийгээр баруун талын бугалганы гадна тал, баруун талын хөмсөгний дээд хэсэгт зүсэгдсэн шархтай байсан. Зүүн талын нүд хөхөрсөн байсан. Цээжээр дарахад нь их эмзэглэлтэй, баруун талын , 6-р хавирга тэмтэрч үзэхэд хугаралтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23  дугаар тал/ 

 

*Гэрч Н.Оийн өгсөн: 

            “...2018 оны 08 сарын 21-ний өдрийн 16 цагийн орчимд миний нөхөр Б.Б нь тамхи дуусчихлаа гээд өөрийн гэрээсээ Даюун маркийн улбар шар өнгөтэй, улсын дугааргүй мотоциклио унаад ганцаараа Хашаат сумын төв рүү явсан. Тэгээд Б.Б гэртээ ирэхгүй удаад байсан бөгөөд би унтах гээд хэвтэж байтал Б.Бг осолд орчихсон байна гэж надад хэл ирсэн. Би тэр шөнөө Хашаат сумын эмнэлэг дээр очтол Б.Бг эмнэлэгт хэвтүүлсэн тайвшируулах тариа хийж унтуулсан байсан. Би юу болсон талаар асуухад Б.Бг мотоциклио унаад замаар явж байхад нь ар талаас машин хөөж ирээд мөргөж унагаагаад дээгүүр нь гараад явчихсан гэж сонссон. Би тэр яриаг хэн надад хэлснийг одоо санахгүй байна тухайн үедээ самгардсан байсан. Хашаат сумын эмч нар Б.Бгийн биеийн байдал хүнд байна хурдан хугацаанд дараагийн шатлалын эмнэлэгт хүргүүлье гээд Архангай аймгийн эмнэлэгт Б.Бг хүргэж ирсэн. Б.Б одоо Архангай аймгийн эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд эмч нар Улаанбаатар хот руу явуулах шаардлагатай гэсэн. Б.Б амьсгал сайн авч чадахгүй байгаа бөгөөд ойр зуурын ус ууя, шээе гэж хэлж байгаа, өөр юм ярихгүй байгаа. Би ослын талаар юм асуух гэхээр болсон зүйлийн талаар ярьж чадахгүй байгаа. Архангай аймгийн эмч нар хэлэхдээ цээжний хүнд гэмтэл авсан, хавирга хугарсан, уушиг гэмтсэн гуурс тавьсан байгаа гэж хэлсэн бөгөөд даруй хугацаанд хот руу явуулах шаардлагатай гэсэн. Манай нөхрийг дайрсан хүмүүстэй би өөрөө уулзаж яагаад осол гаргасан юм бэ зүгээр байсан хүнийг ийм болгоод гэж хэлтэл тухайн үед жолоо барьж байсан гэх хүн би юу болсныг үнэхээр мэдэхгүй байна, архи ихээр уусан тасарсан байсан юм гэж хэлсэн. Бас хажуу талд нь сууж явсан гэх нэг залуу хэлэхдээ би бас юу ч мэдэхгүй согтуу байсан тухайн ослын талаар юу ч санахгүй байна гэж хэлсэн. Тэгээд манай нөхрийг дайрсан хүмүүс Улаанбаатар хот руу тээвэрлэх машиныг нь бэлдэж өгч байгаа. Тийм болохоор Б.Бг эмчийн хяналтан доор хот руу авч явах гэж байна. Миний нөхөр Б.Б гэрээсээ явахдаа эрүүл явсан. Би нөхөр Б.Бтэй гэр бүл болоод 6 жил болж байна. Тэрнээс өмнө л мотоцикль жолооддог байсан. Миний нөхөр Бат-Очир овогтой Б нь 1983 оны 09 сарын 23-нд Архангай аймгийн Хашаат суманд төрсөн. Бага боловсролтой, цэргийн алба хаагаагүй, Хашаат сумандаа мал маллаж амьдардаг. Бид хоёр 2013 онд гэр бүл болж тусдаа гараад 2 хүүхэдтэй болсон. Том хүүхэд Б.Буяндалай 4 настай, бага хүүхэд Б.Буянцацрал 1 настай. Миний нөхөр Б.Б нь зан байдлын хувьд тайван дөлгөөн зан ааштай, архи уугаад байдаггүй, тамхи татдаг. Хашаат сумандаа мал маллан амьдардаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 33-34 дүгээр тал/ 

 

          *Гэрч С.Аийн өгсөн: 

          “...2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Б.Б, Г нартай Архангай аймгийн Хашаат сумын наадмын талбай орчимд таарсан. Тэгээд Б.Б, Г хоёр аварга Ч.Санжаадамба 1 шил архи өгсөн гээд энийг ууя гэхээр нь би уугаагүй, хөдөө гэр рүүгээ явах ажилтай байсан. Тэгээд Б.Б Г бид гуравыг сууж байхад мотоцикльтой Нарангэрэл бид 3 дээр ирсэн. Тэгээд Нарангэрэл, Б.Б, Г бид дөрвийг сууж байхад хойноос их хурдтай жижиг цагаан өнгийн машин дайрчих шахаад ирэхээр нь бид нар босоод хоёр тийшээ ярагдаж зогссон. Тэгсэн машинаас хоёр залуу бууж ирээд ална гэсэн. Тухайн үед нөгөө хоёр залуу их согтуу байсан. Би тэр 2 залуугийн нэгийг нь таньдаг болохоор чи яаж байгаа юм гэхэд гарандаа аптерка барьсан ална гээд байсан. Тэгээд их сүртэй маргалдаагүй. Би сумын төв рүү орсон. Б.Бтэй маргалдсан, хэрэлдсэн зүйл байхгүй. Тэр хоёрыг нэгийг нь танина Д.С гэдэг. Манай сумын хүн. Нөгөө хүнийг нь танихгүй. Би машины загвар сайн мэдэхгүй болохоор ямарч байсан жижиг суудлын машин явж байсан. Би түрүүлж хөдлөөд сумын төв орсон. Д.С тухайн машиныг жолоодож явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 154-155 дугаар тал/ 

 

*Гэрч Ж.Бгийн өгсөн: 

“...2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Заамар сумын туулын гүүрэн дээрээс Шалаазанд усан буу, дизель ковш, Нордон дээр усан бууны бүх хэрэглэдэг зүйлийг ачуулаад шөнийн 00 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сум руу хөдөлсөн. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Д.Сыг Булган аймгийн Номын булаг гэдэг газар айлд байж бай гэж хэлээд Төв аймгийн Туулын гүүрэн дээрээс хөдөлсөн. 2018 оны 08 дугаар сарын 20-21-нд шилжих шенө 03 цагийн үед Хуягаа гэдэг айлд ирж хоносон. Тэгээд өглөө босоод Туулын гүүрээс ачаа ачуулсан хүмүүстэй Хуягаа гэдэг айлаас хоол хийлгэж нөгөө хүмүүсдээ өгчихөөд хүмүүсээ явуулчихаад Хуягаа гэдэг айлд 2 шил архи уусан. Архангай аймгийн Хашаат сум руу Намнансүрэнгийн хүүхэд Сундуй гэдэг хүүхдийг дизельчингээр авах гэж явахдаа Архангай аймгийн Өгий нуурын баазаас нэрийг сайн мэдэхгүй байна 0,75 нэг шил архи авсан. Тэрийгээ аваад Архангай аймгийн Хашаат сум руу хөдөлсөн. Эынд ирж нөгөө Архангай аймгийн Өгийнуурын баазаас авсан архиа уусан. Тэгээд М.Эынхаас хөдлөөд Б.Сын хүргэн Сайнхүү гэдэг айлд очсон тэндээс гараад Д.Ст би жолоогоо баръя гэсэн чинь би зүгээрээ би баричихна гээд машин бариад явсан. Архангай аймгийн Хашаат сумын хойд талд 4, 5 хүнтэй маргалдсан. Тэгсэн намайг хэн ч юм нэг түлхэж унагаагаад газар хэвтэж байтал Д.С машиндаа хурдан сууя наадуул чинь бид хоёрыг зодох нь байна гээд бид хоёр зугтаасан тэрнээс цааш юмаа санахгүй байна. Нэг сэрсэн чинь Хашаат сумын төвийн баруун ганган дотор машин эргэнд оруулчихсан байсан. Тэгээд хойш урагшаа машинаа ганганаас гаргах гээд хөдөлгөсөн. Тэгээд байж байтал Хашаат сумын цагдаа ирсэн. Хашаат сумын цагдаа ирэхдээ та хоёр хүн дайрсан байна. Тэгэхлээр нь би хүн дайраагүй гэж хэлсэн. Тэгээд би Д.Саас чи хүн дайрсан уу гэж асуухад би хүн дайраагүй санахгүй байна гэсэн. Тэгээд бид хоёрыг Хашаат сумын цагдаа авч явсан. Хэрэг гаргачихаад зугтсан гэдгээ Архангаи аймгийн Хашаат сумын цагдаа ирэхээр нь мэдсэн. Намайг өглөө босоход Д.С Хуягаа хоёр 0,5 граммын архи уугаад 2 хуруу үлдсэн байсан. Тэгээд тэр архинаасаа надад нэг рүнкийг аягалж тэр архи нь дууссан. Дараа Булган аймгийн Дашинчилэн сумын Номын булагын цайны газраас манай найз хүүхэн Болортуяа ивок нэртэй 0.75 грамын архи авчирч өгсөн. Тэгээд Хуягаа Д.С бид 3 хувааж уугаад Архангай аймгийн Хашаат сум руу хөдөлсөн. Намнансүрэн гэдэг найзын хүүхэд Сундуй гэдэг хүүхдийг Архангай аймгийн Хашаат сумаас авах гэж явж байсан. Булган аймгийн Дашинчилэн сумын Номын булаг гэдэг газар Д.С, Хуягаа нартай 1 шил архи уусан. Дараа нь Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант гэдэг газар Эынд Д.С бид хоёр очсон. Тэнд 1 шил архи уусан. Тэндээс гараад Д.Сын хүргэнийд очоод архи уугаагүй удалгүй гараад Архангай аймгийн Хашаат сум руу хөдөлсөн. Архангай аймгийн Хашаат сумын наадмын талбай орчим хүмүүстэй маргалдсан. Д.С таньдаг болоод зогсож уулзсан юм шиг байна лээ. Би яг яах гэж очсонг мэдэхгүй байна. Д.С бид хоёр 2 шил 0.75 граммын архи уусан. Өөр архи уугаагүй. Мотоцикльтой хүнийг дайрсан талаараа мэдэхгүй байна.  Би тээврийн хэрэгсэл жолоодож яваагүй Д.С жолоодож явсан. Д.Сын хүргэн нь хоол хийж байсан. Тэгээд бид хоёрыг хоол идээд яв гэсэн чинь Д.С хоол идэхгүй бид яаралтай ажилтай яваа гээд гараад явсан. Би уг нь тэр хоолноос нь ирчихээд гаръя гэж Д.Ст хэлсэн. Тэгсэн чинь Д.С миний үгэнд ороогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр тал/

 

*Яллагдагч Д.Сын өгсөн: 

“...Би 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өөрийн найз Ж.Бгийн хамт Булган аймгийн Дашинчилэн сумын Номын булаг гэх газар Хуягаа гэх айлд хоёр шил архи уучихаад Архангай аймгийн Хашаат сум руу Ж.Б бид хоёр хөдөлсөн. Тэгээд замдаа явж байгаад Архангай аймгийн Өгийн нуур сумын нуурын дэргэдэх жуулчны баазаас нэг шил архи авсан. Архангай аймгийн Хашаат сумын М.Эынд очиж нөгөө авсан нэг шил архиа уусан. Тэндээс гараад өөрийн хүргэн Сайнаагийнд очсон тэндээс хөдөлсөнөө бүдэг мадаг мэдэж байна. Тэгээд явж байтал нэг мотоцикльтой хүн гэнэт ороод ирсэн. Тэгээд машинаа зүүн гар тал руугаа дартал мотоцикльтой хүнийг шүргэчих шиг болсон. Тэгээд айсандаа машинаасаа буулгүй хөдлөж яваад Хашаат сумын төвийн баруун талын урд /жалга/ зам руу машинтай орсон. Тэгээд автомашинаа гаргах гээд хойшоо урагшаа хөдлөөд байж байтал Хашаат сумын цагдаа Лхагважав гэдэг хүнтэй хамт ирсэн. Тэд Ж.Б бид хоёрыг аваад явсан.  Гэнэт миний унаж явсан машины хажуугаар мотоцикль орж ирээд би шүргэчих шиг болохоор нь би айсандаа болоод зугтсан. Түүнээс би санаатай зугтсан юм байхгүй.  Ж.Б бид хоёр Архангай аймгийн Хашаат сумаас Намнансүрэнгийн хүү Сундуйг авч Архангай аймгийн Цэнхэр сумын Орхоны уурхай дээр ажиллуулах гэж Хашаат сум орсон. Би жолооодож яваж байсан. Булган аймгийн Дашинчилэн сумын Номын булаг гэх газар Хуягаа гэх айлд Ж.Б Хуягаа бид гурав нэг шил архи хувааж уусан. Дараагийн нэг шил архийг дөрвүүлээ уусан. Тэгээд Архангай аймгийн Өгийнуур сумаас авсан архиа Ж.Б бид хоёр хоёулаа хувааж уусан. Ж.Б бид хоёр хоёулаа согтуу байсан болохоор газраа мэддэг учраас би машинаа бариад явъя гэсэн. Тэгээд би машинаа бариад явсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэргсэл жолоодсон миний буруу үүнийг буруу гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Үүнээс үйлдэлтэй хүний биед гэмтэл учруулсандаа би туйлын их гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 94-96 дугаар тал/ 

 

*Яллагдагч Д.Сын дахин өгсөн: 

“...Миний хажуугаар гэнэт мотоцикльтой хүн ороод ирэхээр нь би машины рүлээ зүүн гар тийш нь дартал шүргэчих шиг болсон. Тэгээд би айсандаа шууд явсан. Тухайн үед найз Ж.Б хамт явсан өөр хүн байгаагүй. Би өөрөө Архангай аймгийн Хашаат сумын хүн. Тус хүмүүстэй нутгийн хүмүүс болохоор мэнд мэдэх гэж очсон байх. Түүнээ надад өөр ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Тухайн талбайн хажууд Алтангэрэл, Нарангэрэл, Б, Б.Б нар байсан. Б.Б мотоцикльтойгоо надаас түрүүлж хөдөлсөн эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 172-175 дугаар тал/ 

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 413 дугаартай”...Б.Бгийн биед, баруун талын 1-р хавирганы толгой зөрүүтэй суганы урд шугамаар, 3-р хавирга сэлтэрсэн зөрүүтэй, 4-р хавирга далны шугамаар зөрүүтэй, суганы урд шугамаар зөрүүтэй, 5-р хавирга суганы урд шугамаар зөрүүтэй, 6, 7-р хавирга суганы урд шугамаар зөрүүгүй, зүүн талын 3-р хавирга нугаламын хажуугийн шугамаар зөрүүтэй, суганы шугамаар зөрүүтэй, 4-р хавирга нугаламын хажуугийн шугамаар зөрүүтэй, суганы шугамаар бага зэрэг зөрүүтэй, 5-р хавирга нугаламын хажуугийн шугамаар зөрүүгүй, суганы шугамаар зөрүү ихтэй, 6-р хавирга нугаламын хажуугийн шугамаар сэлтэрсэн зөрүүтэй, суганы шугамаар зөрүүтэй, 7, 8-р хавирга нугаламын хажуугийн шугамаар зөрүүгүй, суганы шугамаар зөрүүгүй, 3-р хавирга мөгөөрсөн хэсгээр зөрүүгүй тус тус хугаралууд, 2 уушигны ар доод хэсэгт няцралт, авчилт, элэгний зүүн дэлбэнд эдэд няцралт, баруун гарын 1-р хурууны 3-р савхны зөрүүтэй хугарал, зулайн ар хэсэгт хуйханд няцралт гэмтлүүд учирчээ. 2 талын олон хавирганы зөрүүтэй болон зөрүүгүй хугарлын улмаас цээжний хөндийд хий, шингэн хуримтлагдсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, дарах, дарагдах, шахах, шахагдах 1 удаагийн үйлчлэлээр үүсчээ. 2 талын олон хавирганы нэг болон хоёрлосон хугарал, түүний улмаас гялтангийн хөндийд хий шингэн хуримтлагдсан гэмтлүүд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар*-ын 3-1-10-д зааснаар амь насанд аюултай хүнд гэмтэлд, 2 уушигны няцралт, элэгний зүүн дэлбэнгийн эдэд няцралт гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар*-ын 3-1-12-д зааснаар амь насанд аюултай хүнд гэмтэлд, баруун гарын 1-р хурууны 3-р савхны хугарал гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар*-ын 2-3-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд, зулайн ар хэсэгт хуйханд няцралт гэмтэл нь * Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. Хүнд гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 35%-иас дээш тогтонги байдлаар, хүндэвтэр гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15-30%-иар тогтонги байдлаар алдагдуулах ба хөнгөн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 45-46 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 50 дугаартай”...Д.Сын гэх цусанд 2.6 промиль спиртийн алкоголь илрэв. Энэ нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 67 дугаар тал/ 

 

*Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 09 сарын сарын 14-ний өдрийн 37 дугаартай”...Жолооч Д.С нь МУ-н ЗХД-ийн 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт, мөн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Б.Отгонжаргалын 2018.09.12-ны 50 тоот дүгнэлтэд Д.Сын гэх цусанд 2,6 промиль спиртийн алкоголь илрэв, энэ нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна гэсэн нь 44-33 ӨВО улсын дугааргаи тээврийн хэрэгслийн жолооч Д.С нь МУ-ийн ЗХД-ийн 2.7-а-д Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүи өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалт мөн дүрмийн 9.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалт, мөн дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Жолооч Д.С нь МУ-н ЗХД-ийн 2.7-а-д Согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үөдээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалт, ЗХД-иин 9 1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалт, мөн дүрмийн 9.2-д жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас уг зам тээврийн осол гарсан гэж дүгнэв. Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлөөгүй байна. Д.С “В” ангиллын 771634 дугаарын жолооны эрхийн үнэмлэхтэй байна. Жич: хуулбарыг хавсаргав. Зам тээврийн осол гарсан гэх газар нь хөдөө хээрийн шороон зам байв...” гэх дүгнэлт /хх-ийн 75 дугаар тал/ 

 

*Хяналтын камерын бичлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 12-14 дүгээр тал

*Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 3-6 дугаар тал/ 

*Зам тээврийн осол гарсан газрын схем зураг/хх-ийн 73-74 дүгээр тал/ 

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 105 дугаар тал/, эд мөрийн баримт зэрэг болно. 

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Д.С нь 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн нутаг дэвсгэрт согтуугаар, 44-33 ӨВО улсын дугаартай, Чейзэр маркийн автомашиныг жолоодож явахдаа иргэн Д.Бгийн жолоодож явсан улсын дугааргүй, улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклыг мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн нутаг дэвсгэрт 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр иргэн Д.Бгийн жолоодож явсан улсын дугааргүй, улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклийг мөргөн авто тээврийн осол гаргаж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.С үйлдсэн болох нь хохирогч Б.Бгийн“...Би тэгээд Хашаат сумын төв рүү мотоциклийг унаад явсан. Тэгээд урагшаа явж байтал ард гэнэт машин дуугарах шиг болсон. Тэрнээс хойш юу болсонг санахгүй байна. Д.С, Ж.Б нар их согтуу ирсэн. Би их гомдолтой байна. Намайг зүгээр явж байхад миний биед гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Лгийн”... Тэгсэн жижиг саарал машинтай хүн улаан өнгийн мотоцикльтой хүнийг араас нь ирээд мөргөж унагаагаад дээгүүр нь гараад явсан. Хүнийг нь дайрсан үгүйг нь сайн мэдэхгүй. Яах аргагүй машин нь овогноод явсан. Тэгээд саарал өнгийн машин нь Эрдэнэтолгойн хажуу замаар ороод явсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Агийн”... 2018 оны 08 дугаар сарын 21-ний оройн 19 цагийн орчим сувилагч Болормаа Эрдэнэтолгойн тэнд хүн машинд дайруулсан байна гэж дуудлага ирсэн. Тэгээд би очсон. Намайг очиход биеийн байдал нь хүнд байсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Оийн “...2018 оны 08 сарын 21-ний өдрийн 16 цагийн орчимд миний нөхөр Б.Б нь тамхи дуусчихлаа гээд өөрийн гэрээсээ Даюун маркийн улбар шар өнгөтэй, улсын дугааргүй мотоциклио унаад ганцаараа Хашаат сумын төв рүү явсан. Тэгээд Б.Б гэртээ ирэхгүй удаад байсан бөгөөд би унтах гээд хэвтэж байтал Б.Бг осолд орчихсон байна гэж надад хэл ирсэн. Би тэр шөнөө Хашаат сумын эмнэлэг дээр очтол Б.Бг эмнэлэгт хэвтүүлсэн тайвшируулах тариа хийж унтуулсан байсан. Би юу болсон талаар асуухад Б.Бг мотоциклио унаад замаар явж байхад нь ар талаас машин хөөж ирээд мөргөж унагаагаад дээгүүр нь гараад явчихсан гэж сонссон...” гэх мэдүүлэг, гэрч С.Аийн “...Тэр хоёрыг нэгийг нь танина Д.С гэдэг. Манай сумын хүн. Нөгөө хүнийг нь танихгүй. Би машины загвар сайн мэдэхгүй болохоор ямарч байсан жижиг суудлын машин явж байсан. Би түрүүлж хөдлөөд сумын төв орсон. Д.С тухайн машиныг жолоодож явсан...” гэх мэдүүлэг, яллагдагч Д.Сын  “...Миний хажуугаар гэнэт мотоцикльтой хүн ороод ирэхээр нь би машины рулээ зүүн гар тийш нь дартал шүргэчих шиг болсон. Тэгээд би айсандаа шууд явсан. Тухайн үед найз Ж.Б хамт явсан өөр хүн байгаагүй.” гэх мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан сиди бичлэг,  хохирогчийн эрүүл мэндэд  хүнд хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 413 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Д.Сын цусанд 2.6 промиль спиртийн алкоголь илэрсэн, энэ нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна гэх  Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 50 дугаартай дүгнэлт, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 37 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Сын согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэг,  авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. 

Иймд шүүгдэгч Д.Сыг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Д.С нь шүүх хуралдаанд хохирогч Д.Бгийн хохиролд түүний эхнэр Н.Оийн Хаан банкны дансаар дамжуулан 5.100.000 төгрөгийг хохиролд шилжүүлсэн баримт, мөн хохирогч Д.Бд эмчилгээ хийлгэсэн, эрүүл мэндийн даатгал төлсөн, эм тариа авч өгсөн нийт 2.022.110 төгрөгийн баримтыг тус тус ирүүлсэн байна. Харин хохирогч Д.Б нь хохирол төлбөр нэхэмжилсэнтэй холбогдуулан баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгч Д.Сыг энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж  дүгнэн хохирогч Д.Б нь цаашид  гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Д.Ст эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, түүний хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон шүүгдэгчийн хувийн байдал болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах боломжтой байна гэж дүгнэв.  

 

Шүүгдэгч Д.Ст хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул эрх хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Д.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди-1 ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6 , 36.8 дугаар зүйлийн 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хар бат овогт Дийн Сыг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч,  хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500/таван зуу/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ст оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ст оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ст оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

           6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.С нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

           7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь тэнссэн, үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож  Эрүүгийн хуульд заасан журмын дагуу ял оногдуулахыг тайлбарласугай.

 

          8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.Ст хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1/нэг/ ширхэгийг хэргийн хугацааг дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.

 

          10. Шүүгдэгч Д.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Д.Б нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй  болохыг тус тус дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

12. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

          

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР