Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2019/ШЦТ/146

 

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Э.Билгүүн

Шүүгдэгч: Д.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дгийн Эд холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн,... суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн ................ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1987 оны 11 сарын 05-ны өдрийн 201 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хорих ялаар, 1991 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 89 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жилийн хорих ял, Нийслэлийн Сонгинохайрхан Жаргалант дүүргийн 1995 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 37 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор мөн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэг, 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 4 жил 6 сар хорих ялаар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1999 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 389 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ялыг 4 жил хорих ялаар, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт  Дгийн Э/РД:АГ/ 

                               Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн ...тоотод Д.Этай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний биеийн цээжний зүүн талын эгэмний доод хэсэгт хутгалж, бие эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

       *Эрүүгийн ..тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Д.Эын өгсөн: 

“...2019 оны 04 дүгээр сарын 21-ний орой 22 цагийн орчим Улаанбаатар хотоос эхнэрийн хамт Архангай аймгийн Ихтамир суманд гэртээ ирсэн. Ирээд удаагүй эхнэртээ бие өвдөөд байна эмнэлэг орчихоод ирье гэж хэлээд гэрээсээ гараад Д.Э ахын гэрээр орж, бид хоёр нэг шил 0,5 литрийн хараа нэртэй архи хувааж уучихаад унтаад өгсөн. Өглөө нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 22-ны 08 цагийн орчим Д.Э орж ирсэн, тэгээд би нэг шил 0,5 литрийн хараа нэртэй архи авч бид гурав хувааж уусан. Д.Э ах унтаад өгсөн, Д.Э бид хоёр согтоод хоорондоо маргасан, нэг нэгнийгээ шоронд байхдаа би овгор, чи банди байсан гэж маргалдаад байж байтал гаднаас В.А нэг шил архитай орж ирсэн. Тэр архийг ууж дуусгасан, В.А уучихаад гараад явсан. Д.Э бид хоёр Д.Э ахын байшингийн гал тогооны өрөөнд цонхны доод талын жижиг модон ширээний урд өөд өөдөөсөө хараад сууж байсан, нөгөө шоронд байснаа ярьж маргаж байтал Д.Э ширээн дээрээс нэг юм авах шиг болоод над руу далайхаар нь би доошоо тонгооход зүүн эгэмний доод талд халуун оргиод явчихсан, би тэгэхэд намайг хутгалсан гэж мэдсэн, тэгсэн Д.Э гараад явсан. Би араас нь гарч эмнэлэг орох гэж явтал замд М.Д ах тааралдаж намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Зүүн талын эгэмний доод талд хутгалуулсан гэмтэлтэй байна. Өөр ямар нэгэн гэмтэл шарх байхгүй. Би ширээн дээр хутга байхыг анзаараагүй. Дотуураа цэнхэр цоохор өнгийн зузаан даавуун цамц, гадуураа хар хөх өнгийн нимгэн куртик, хар саарал өнгийн даавуун өмд, дотуураа нимгэн даавуун хөх өнгийн өмдтэй, түрүүтэй бор өнгийн гуталтай байсан. Д.Э ах том өрөөндөө унтаж байсан, В.А гараад явчихсан байсан. Д.Э бид хоёр л байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Бид хоёр залуу насандаа алдаж онож шоронд 10-аад жил суусан. Тэгээд нэг нутаг болохоор нэгнийгээ залуу байхын сайн мэддэг. Надад одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-28 дугаар тал/ 

 

*Гэрч В.Аийн өгсөн:

“...2019 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг Тээг хороололд байх Д.Э ахтай нэг шил юм хувааж уухаар 0,5 литрийн хараа нэртэй архи авч гэрт нь ороход Д.Э, Д.Э, Д.Э гурав байсан. Намайг ороход Д.Э ах орон дээрээ унтаж байсан. Д.Э, Д.Э хоёр их согтуу хоорондоо маргалдаад байсан миний сонссоноор шорон оронд байсан талаараа ярьж нэгнийгээ доромжлоод хэрэлдэж маргалдаад байсан, би та хоёр одоо боль гэж хэлээд авчирсан шил архиа хувааж уугаад дуусаад би гараад явсан. Намайг гарах хүртэл тэр хоёр хоорондоо маргалдаад үлдсэн. Намайг байхад барилцаж аваагүй. Шоронд би овгор, чи гөлөг байсан гэж хоорондоо маргалдаад байсан. Би Д.Э ахыг хутгалуулахыг хараагүй болохоор хэн хутгалсаныг мэдэхгүй байна. Намайг байхад өөр хүн орж ирээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-30 дугаар тал/ 

 

*Гэрч Д.Яын өгсөн: 

“...Би нөхөр Д.Эын хамт Улаанбаатар хотоос 2019 оны 04 дүгээр сарын 21-ний орой 22 цагийн орчим Архангай аймгийн Ихтамир суманд гэртээ ирсэн. Шөнө 01 цагийн орчим манай нөхөр Д.Э даралт ихсээд байх шиг байна эмнэлэг орчихоод ирье гэж хэлээд гарсан, тэгээд ирээгүй. Маргааш өглөө 10 цагийн орчим сумын эмнэлгээс утсаар яриад манай нөхөр Д.Эыг хутгалуулсан байдалтай эмнэлэг дээр ирсэн гэж хэлсэн. Би эмнэлэг дээр яваад очиход хувцас нь цус болчихсон, хувцасыг нь тайлаад М эмч хутгалуулсан газар нь оёо тавьж байсан. Тэгээд аймаг явах шаардлагатай рентгенд харуулна гээд аймгийн эмнэлэг орсон. Би хүнээс нөхрөө Д.Этай хамт явж байсан гэдгийг сонссон байсан болохоор Д.Эын гэрт очсон тэгэхэд тэдний байшингийн үүдний хэсэг, гал тогооны өрөөний шал нь дээр цус дуссан байсан. Тэгээд би цагдаад Д.Эын гэрт манай нөхрийг хутгалсан юм шиг байна гэж хэлсэн. Зүүн талын эгэмний доод талд Д.Э хутгалсан байсан. Манай нөхөртэй хамт архи уусан гэсэн, эмнэлгээс гараад гэртээ ирсэн байхад нь уулзаад байсан. Хамт архи уусан гэсэн. Өөр зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/ 

 

*Гэрч Д.Эын өгсөн: 

“...2019 оны 04 дүгээр сарын 22-ны шөнө 02 цагийн үед Д.Э манай гэрт буюу Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн Тээг хорооллын 2-01 тоотод нэг шил архитай орж ирсэн, бид хоёр тэр архийг хувааж уугаад унтсан. Өглөө нь Д.Э орж ирээд бид гурав дахин нэг шил архи хувааж уусан. Тэгээд би архиндаа согтоод тасраад унтаад өгсөн. Нэг мэдсэн цагдаа орж ирээд намайг сэрээгээд Д.Эыг хутгалсан гэж авч явсан. Би юу болоод байгааг ойлгоогүй. Тухайн үед хэн хэнтэй хамт байснаа бүгдийг хэлсэн. Тэгсэн Д.Э дээр яваад очиход Д.Э би Д.Эыг хутгалсан гэдгээ хэлсэн. Би хараагүй. Тухайн үед тасраад унтчихсан байсан болохоор юу ч мэдэхгүй байна. Би Д.Э, Д.Э бид гурав л байсан. Намайг унтаж байхад В.А орж ирээд нэг шил архи уучихаад гарсан юм билээ. Манай гэрийн хутга мөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 33-34 дүгээр тал/

 

*Гэрч Б.Мын өгсөн: 

            “...2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 11 цагийн орчим Ихтамир сумын Эрүүл мэндийн төвд Д.Э нь согтуу хувцас нь цусандаа норчихсон орж ирсэн. Би үзлэг хийх гэхэд намайг болон сувилагч нарыг хэл амаар доромжлоод үзүүлэхгүй байсан, би аргадаж нэг үзээд, уурлаж нэг үзээд хувцсыг нь арай гэж тайлахад зүүн талын эгэмний доод талд хагас хөндлөн байрлалтай 1,5 см орчим зүсэгдсэн, гүн нь 2 см орчим шарх гэмтэл учирсан байсан. Д.Э нь би хүнд хутгалуулсан гэж хэлж байсан. Би зүсэгдсэн шарх гэмтэлд нь 2 оёдол тавьж цусыг тогтоогоод, өвчин намдаах тариа, цус тогтоох шингэн зэргийг хийж эмнэлэгтээ 3-аас 4 цаг орчим хэвтүүлж байгаад аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. Үзлэгээр дээрх шарх гэмтлээс өөр ямар нэгэн ил харагдах гэмтэл бэртэл байгаагүй. Эхнэр нь бас ирээд асуухад хэлэхгүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 35-36 дугаар тал/ 

 

           *Гэрч М.Дийн өгсөн: 

“...2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 12 цагийн орчим машинтай гэр рүүгээ харих гэж явтал Д.Э нь намайг зогсоосон, Д.Э та намайг эмнэлэгт хүргээд өгчих би хүнд хутгалуулчихлаа гэж хэлсэн тэгэхэд зүүн талын энгэр нь нил цус болчихсон байсан. Би машиндаа суулгаад сумын эмнэлэгт хүргэж өгсөн. Д.Э би хутгалсан хүнээ мэдэж байгаа гэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-38 дугаар тал/ 

 

          *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 190 дугаартай“...Д.Эын биед зүүн мөрний урд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хатгах, зүсэгдэх үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. Цаашид  ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 51 дүгээр тал/ 

 

           *Яллагдагч Д.Эгийн өгсөн: 

           “...2019 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө төрсөн ах Д.Эын гэрт Д.Э бид гурав хамт архи уусан. Д.Э ах тасраад том өрөөндөө орон дээрээ унтаад өгсөн, Д.Э бид хоёр гал тогооны өрөөнд цонхны доод талын ширээний урд суугаад архи ууж байсан, тэгсэн гаднаас В.А нэг шил архитай орж ирсэн, тэр архийг бид гурав хувааж уугаад дуусахад В.А гараад явсан, тэр үед Д.Э бид хоёр хоорондоо маргалдсан, би Д.Эад миний аав, ээжийн голомтонд ингэж архидаад байж уг нь болохгүй юм даа гэхэд Д.Э одоо байхгүй юм чинь ямар хамаатай юм банди минь гэхээр нь чи намайг шоронд банди байхыг харсан уу гэж муудалцаж, би шоронд овгор товгор байсан гэж хоорондоо маргалдаж байгаад би уурандаа гал тогооны өрөөний тогооны авдар дээр байсан модон иштэй хутгыг аваад Д.Эыг сууж байхад зүүн талын мөр орчим руу нь хутгаараа дүрчихээд хутгаа ширээн дээр тавьчихаад гараад явчихсан. Тэгээд гэртээ хариад унтаж байхад цагдаа ирж намайг авч явсан. Тухайн үед архи уугаад их согтчихсон байсан, хоорондоо маргалдаад би уурандаа тийм зүйл хийсэн. Д.Э бид хоёр байсан өөр хүн байгаагүй. Д.Э ах унтаж байсан болохоор болсон явдлын талаар мэдэхгүй. Би Д.Этай уулзаж уучлалт гуйж бид хоёр хоорондоо тохиролцож учир зүйгээ ололцсон. Би Д.Эад эмчилгээний зардалд 100.000 төгрөг өгөхөөр тохиролцсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 61-64  дүгээр тал/ 

 

*Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 3-8 дугаар тал/ 

*Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл/хх-ийн 14-23 дугаар тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71-72 дугаар тал/ 

*Яллагдагч, хохирогч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 111, 112 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Их тамир сумын Тайхар багийн нутаг Тээг хорооллын 2-01 тоотод иргэн Д.Э нь бусдад хутгалуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.Э үйлдсэн болох нь хохирогч Д.Эын”... Д.Э бид хоёр Д.Э ахын байшингийн гал тогооны өрөөнд цонхны доод талын жижиг модон ширээний урд өөд өөдөөсөө хараад сууж байсан, нөгөө шоронд байснаа ярьж маргаж байтал Д.Э ширээн дээрээс нэг юм авах шиг болоод над руу далайхаар нь би доошоо тонгооход зүүн эгэмний доод талд халуун оргиод явчихсан, би тэгэхэд намайг хутгалсан гэж мэдсэн, тэгсэн Д.Э гараад явсан...” гэх мэдүүлэг, гэрч В.Аийн”...Д.Э, Д.Э хоёр их согтуу хоорондоо маргалдаад байсан миний сонссоноор шорон оронд байсан талаараа ярьж нэгнийгээ доромжлоод хэрэлдэж маргалдаад байсан, би та хоёр одоо боль гэж хэлээд авчирсан шил архиа хувааж уугаад дуусаад би гараад явсан. Намайг гарах хүртэл тэр хоёр хоорондоо маргалдаад үлдсэн..” гэх мэдүүлэг, гэрч Д.Эын”...Нэг мэдсэн цагдаа орж ирээд намайг сэрээгээд Д.Эыг хутгалсан гэж авч явсан. Би юу болоод байгааг ойлгоогүй. Тухайн үед хэн хэнтэй хамт байснаа бүгдийг хэлсэн. Тэгсэн Д.Э дээр яваад очиход Д.Э би Д.Эыг хутгалсан гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Мын”... Би үзлэг хийх гэхэд намайг болон сувилагч нарыг хэл амаар доромжлоод үзүүлэхгүй байсан, би аргадаж нэг үзээд, уурлаж нэг үзээд хувцсыг нь арай гэж тайлахад зүүн талын эгэмний доод талд хагас хөндлөн байрлалтай 1,5 см орчим зүсэгдсэн, гүн нь 2 см орчим шарх гэмтэл учирсан байсан. Д.Э нь би хүнд хутгалуулсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Дийн”... 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 12 цагийн орчим машинтай гэр рүүгээ харих гэж явтал Д.Э нь намайг зогсоосон, Д.Э та намайг эмнэлэгт хүргээд өгчих би хүнд хутгалуулчихлаа гэж хэлсэн тэгэхэд зүүн талын энгэр нь нил цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг, яллагдагч Д.Эгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 190 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Д.Эгийн бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Эгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч Д.Э нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч Д.Э нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Д.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Д.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй хутга 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, яллах дүгнэлтийн удиртгал хэсэгт яллагдагчийн биеийн байцаалтыг бичихдээ аль шүүхийн ямар тогтоолоор урьд ял шийтгүүлж байсныг бичилгүй орхигдуулсан байсанг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Б овогт Дгийн Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

             2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эг 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь шүүхээс оногдуулсан 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

             5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйшйн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй хутга 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

             6. Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

             7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             П.ГАНДОЛГОР