Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/218

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: Н.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нн Ад холбогдох эрүүгийн 1912004940261 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 8, аав, ээж, ах, эгч нарын хамт Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр баг,.............. гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогт Нямлхагвын А/РД:АМ/ 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.А нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Улаанхужир хорооллын гудамжинд О.Мтэй маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж, түүний эрүүл мэндэд, тархи доргилт, хамрын ясны шинэ хугарал, хамрын таславчийн мурийлт, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

        

           *Эрүүгийн 1912004940261 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч О.Мийн өгсөн: 

“...2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг Улаан хужир хороололд гудамжинд явж байх үед Б.Б, Н.А нар нь мотоцикольтой миний хажуугаар өнгөрч гарч явсанаа буцаж мотоцикольтойгоо давхиж ирээд урдуур орж зогсоосон. Тэгэхээр нь би яасан гэж нөгөө хоёроос асуусан чинь Н.А нь надад хандаж чи миний урдаас томорлоо чи яасан том юм гэхээр нь би дахин мотоцикольтойгоо хөдлөөд явсан тэгсэн араас давхиж ирээд Н.А нь миний хоолой хэсгийн цамцнаас зүүн гараараа заамдаж аваад миний зүүн талын шанаа, чих хэсэгт 3 удаа гараараа цохьсон, тэгсэн Б.Б нь Н.Аийг салгасан. Н.А над руу хандаад ална тална гээд л байсан тэгж байснаа Н.А нь миний хамар хэсэгт 1 удаа, баруун талын шанаа руу 4 удаа гараараа цохьсоны дараа хавирч газарт унагаагаад нуруу хэсэг рүү 1 удаа хөлөөрөө өшиглөсөн түүний дараа явцгаасан. Харин Б.Б намайг огт цохиж зодоогүй ба элдэв зүйл яриагүй. Төрөл садангийн харилцаа холбоо байхгүй гэхдээ нэг сургуульд байсан болохоор бүгд нэг нэгнийгээ таниж мэддэг. 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр надаас пиво авч өг гээд нэхэх үөд нь би авч өгөөгүй, тэрэнд юм бодоод намайг цохиж зодсон байх. Мөн намайг өөрт нь томорлоо гэж ахархаад түүнээсээ болж цохиж зодсон байх түүнээс биш бид хоёрын хооронд ямар нэгэн асуудал байхгүй ба сургуульд байхад надаас дээш 4 анги дээр байсан хүүхэд. Н.А намайг зодож байхад Б.Б боль боль гээд салгаад аваад явсан. Анх гэмтэл гарсанаас хойш Улаанбаатар хотод очиж гэмтэл авсан хамартаа мэс ажилбар хийлгэж нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн. Тиймээс нэмэлтээр шүүх эмэнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоход ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би Улаанбаатар хот ирж очсон эм тариа эмчилгээний гарсан бүх зардал болох 2 сая төгрөг авсан тиймээс дахин нэхэмжлэх мөнгөний зүйл байхгүй мөн ямар нэгэн гомдол санал гэхээр зүйл байхгүй тиймээс тухайн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Яагаад гэвэл ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй, мөн хичээл сургууль орсон учраас наашаа цаашаа олон явж чадахгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-8 дугаар тал/ 

 

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оийн өгсөн:

“...2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг Улаан хужир хороололд гэртээ байж байх үед манай хүү гаднаас толгой тархи нь цус болсон гаднаас уйлаад ороод ирсэн тэгээд юу болсон талаар асуухад манай сургуульд өмнө нь сурч байсан Н.А, Б.Б нар нь Улаан хужирын гудамжинд ямар нэгэн шалтгаангүйгээр санаатайгаар миний хүү дээрэлхэж дарамтанд оруулж бие мах бодид нь гэмтэл учруулсан явдал гарсан байсан.  Түүнээс хойш манай хүүхэд учирсан гэмтлээ эмчлүүлэхээр Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгээд ирсэн одоо хамар нь бүрэн эдгэрээгүй байгаа гэхдээ биеийн байдал нь хэвийн сайн байгаа. Манай хүүг зодсон Н.Аийн аав, ээж гэх хүмүүс нь ирж уулзацгаасан ба манай хүүхдийн эмчилгээтэй холбоотой гарсан бүх зардлын мөнгийг бүрэн барагдуулж бидэнд 2 сая төгрөг бэлнээр өгсөн. Манай гэр бүлийн зүгээс Н.Аээс нэхэмжлэх зүйл, ямар нэгэн гомдол санал гэх зүйл байхгүй ба түүний гэр бүл манай хүүхдэд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-12 дугаар тал/ 

 

*Гэрч Б.Бгийн өгсөн: 

“...2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг Улаан хужир гэх хороололд би өөрийнхөө найз Н.Атэй хамт харин О.М ганцаараа мотоцикольтой явцгааж байгаад зөрцгөөсөн тэр үед би О.Мийг нааш ир гэж дуудахад зогсолгүй яваад өгөхөөр нь бид хоёр араас нь очиж зогсоосон. Тэгсэн О.М бид хоёрт хандаад яасан яах гэж байгаа гэхэд би ямар нэгэн зүйл яриагүй тэгээд дахин хөдлөөд явсан. Тэгсэн манай найз Н.А нь эд нар чинь яасан болцон юм бэ гээд араас нь хөдлөх гэхээр нь би яах гэсэн юм гэхэд миний үгэнд оролгүй О.Мийн араас давхиж очиж зогсоогоод мотоциколь дээрээсээ буулгүй зэрэгцэж зогсож байгаад гараараа О.Мөнхдэлгэрийн мөр хэсэг рүү хоёр удаа цохиход О.М яах гээд байгаа пиздаа вэ гэж хэлээд өөрийнхөө мотоциклиос буусан. Тэгсэн Н.А бас буугаад тэр хоёр хоорондоо барьцалдаж авахаар нь би дундуур нь орж салгасан.  Н.А хамар хэсэгт нь нэг удаа цохьсон харин О.М нь хамраа бариад газарт суухаар нь би мотоциклио асаагаад хөдлөөд явсан түүний дараа шууд л миний араас Н.А нь мотоциклио асаагаад хөдлөөд бид хоёр хамт явсан. Би Н.Ад хандаад балай юм шиг хааш нь цохьчихож байгаа гэхэд надад хандаад хамар руу цохих шиг болчихлоо хамраас нь цус гараад үлдлээ гэж надад хэлж байсан түүнээс өөр нарийн зүйл огт яриагүй. Маргах  шалтгаан болоогүй хоорондоо буруу ойлголцоод л маргаан үүсч найз Н.А нь О.Мийг цохиж зодсон. Тэрнээс өөр зүйл огт болоогүй. Би О.Мийг зодоогүй, бүр юу ч хэлээгүй харин тэр хоёр зодолдох гэх үед нь салгасан боловч харин дийлээгүй ийм зүйл болсон. Н.Аийн хэлсэнээр цохьсоны дараа хамраас нь цус гарсан гэсэн. Тухайн асуудал болохоос өмнө 2 хоногийн өмнө бид хоёр О.Мтэй уулзаж түүнийг пиво авч өг гэхэд авч өгч чадахгүй гэж хэлээд явсан. Тэр өдөр бид хоёр уулзаад зогсож байхад О.М нь гараад ирэхээр нь би Н.Ад хандаад дүү нар их том болжээ гэж ярьж байгаад хөдөлсөн. Тэгээд би зөрөхдөө түүнийг дуудсан гэхдээ түүнийг зодож цохих санаа байгаагүй. Найз нөхдийн хувьд хоорондоо хууч хөөрөх үедээ О.Мийг их том болжээ гэж ярьж байсан тэрнээс өөр цохиод зодоод өг гэж гуйсан эсвэл зодуулахаар түүнийг өдөөн турхирсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар тал/ 

 

          *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 400 дугаартай“...Иргэн Тойн овогт Оийн Мийн биед, тархи доргилт, хамрын ясны шинэ хугарал, хамрын таславчийн мурийлт, бүсэлхийн зөөлөн эдийн няцралт, зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлүүд нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт/хх-ийн 34 дүгээр тал/ 

 

          *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 439 дугаартай“...Иргэн Тойн овогт Оийн Мийн биед, тархи доргилт, хамрын ясны шинэ хугарал, хамрын таславчийн мурийлт, бүсэлхийн зөөлөн эдийн няцралт, зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлүүд нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт/хх-ийн 38 дугаар тал/

 

           *Яллагдагч Н.Аийн өгсөн: 

“...2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутагт явж байгаад өөрийн найз Б.Бтай таараад байж байсан чинь О.М нь мотоцикольтой явж байсан тэгсэн Б.Б түүнийг нааш ир гэж дуудаад араас нь очоод зогсоосон. Тэгээд би яваад очих үед О.М нь бид хоёрт хандаад яасан гэж том дугараад байгаа надаа ингэж томрох болоогүй шүү та нар амжихгүй шүү гээд хөдлөөд яваад өгөхөөр нь би уур хүрээд араас нь давхиж очоод зогсоож байгаад мотоцикль дээрээсээ шанаанд нь 1, 2 удаа цохьсон. Тэгсэн намайг заамдаж аваад ална шүү пизда минь гээд мотоциколиосоо буугаад ирэхээр нь нүүрнийх нь хамар хэсэгт урдаас нь нэг удаа цохьчихоод явсан. Намайг явах үед О.М нь газар суусан хамраас нь цус гарч байсан харин би цаашаа яваад өгсөн. Гэхдээ би О.Мэд учруулсан хохиролдоо түүний ар гэрийхэнтэй тохиролцож 2 сая төгрөгийг бэлнээр өгсөн ба одоо  ямар нэгэн гомдол санал гэхээр зүйл байхгүй. Б.Б бид хоёрт хандаад томрохоор нь уур хүрээд цохьсон, тэрнээс биш өөр шалтгаан байхгүй. Би хөдөө ганц гэрээрээ байдаг аав, ээж хоёр Улаанбаатар хот руу байнга явдаг, ах эгч нар сумын төвд ажилтай байдаг учраас малаа ганцаараа хардаг түүнээс өөр хийсэн зүйл байхгүй. Манайх зөвхөн мал маллаж амьдардаг учраас цөөхөн малаа байнга л хариуллага маллагаатай байлгадаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 46-49 дүгээр тал/ 

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар тал/ 

*Яллагдагч, хохирогч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 64, 65 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Улаанхужир хорооллын гудамжинд иргэн О.М нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Н.А үйлдсэн болох нь хохирогч О.Мийн”... Н.А нь надад хандаж чи миний урдаас томорлоо чи яасан том юм гэхээр нь би дахин мотоцикольтойгоо хөдлөөд явсан тэгсэн араас давхиж ирээд Н.А нь миний хоолой хэсгийн цамцнаас зүүн гараараа заамдаж аваад миний зүүн талын шанаа, чих хэсэгт 3 удаа гараараа цохьсон, тэгсэн Б.Б нь Н.Аийг салгасан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бгийн”... Тэгсэн О.М бид хоёрт хандаад яасан яах гэж байгаа гэхэд би ямар нэгэн зүйл яриагүй тэгээд дахин хөдлөөд явсан. Тэгсэн манай найз Н.А нь эд нар чинь яасан том юм бэ гээд араас нь хөдлөх гэхээр нь би яах гэсэн юм гэхэд миний үгэнд оролгүй О.Мийн араас давхиж очиж зогсоогоод мотоцикль дээрээсээ буулгүй зэрэгцэж зогсож байгаад гараараа О.Мөнхдэлгэрийнх мөр хэсэг рүү хоёр удаа цохьсон. Н.А хамар хэсэгт нь нэг удаа цохьсон харин О.М нь хамраа бариад газарт суухаар нь би мотоциклио асаагаад хөдлөөд явсан түүний дараа шууд л миний араас Н.А нь мотоциклио асаагаад хөдлөөд бид хоёр хамт явсан. Би Н.Ад хандаад балай юм шиг хааш нь цохьчихож байгаа гэхэд надад хандаад хамар руу цохих шиг болчихлоо хамраас нь цус гараад үлдлээ гэж надад хэлж байсан түүнээс өөр нарийн зүйл огт яриагүй...” гэх мэдүүлэг, яллагдагч Н.Аийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 400, 439 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Н.Аийн бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Аийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч Н.А нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч О.М, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О нар нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Н.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Н.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Б овогт Нын Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

             2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аийг 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь шүүхээс оногдуулсан 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

             5. Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

             6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             П.ГАНДОЛГОР