| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2019/0143/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/153 |
| Огноо | 2019-06-07 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2019/ШЦТ/153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Хохирогч: Л.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Алтанчимэг
Шүүгдэгч: Н.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Н-ийн Бд холбогдох ..тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ,,төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ,,, гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ц овогт Нийн Б/РД:АО/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны үеэр Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл баг, Тээлийн ам гэх газраас хохирогч Л.Аын 3 тооны адууг, 2018 оны 04 дүгээр сард 1 тооны адууг тус тус хулгайлж, 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Шүүгдэгч Н.Бгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...2018 оны 04 сарын сүүлээр манай адуунд 1 байдас, 1 үрээ нийлсэн. Манай адуу доошоо буюу намаг, Даш-Овоо гэх газруудаар их явдаг учир манай азарга хураагаад ирсэн байсан. Им, тамга нь мэдэгдэхгүй байсан. Хаврын 1 сар, зуны 3 сар, намарын 3 сар өнгөрөөд би адуугаа тамгалахдаа эзэн нь ирэхгүй болохоор нь өөрийн тамгаараа тамгалсан. 12 сард хохирогч ах ирээд танай адуунд манай 2 тооны байдас байна гэхээр нь би манай азарга хураагаад ирсэн байсан таны адуу мөн бол аваад яв гэж хэлсэн. Тэгсэн хамт явсан 2 адууг нь яасан бэ гэхээр нь би мэдэхгүй гэсэн чинь манай сумын цагдаа дээр аваад очсон. Манай сумын цагдаа Батцэнгэл сумын хэсгийн төлөөлөгчийг дуудсан байсан. Тэгээд Чимэддорж гэдэг байцаагч асуухаар нь би аваагүй ээ манай адуунд байсан юм аа гэсэн чинь Л.А ах тамгалсан юм чинь чиний л буруу би 2 адууг нь төлчих гээд байсан. Тухайн үед цагдаа нар нь ч бас чи төл гээд байсан. Би тэр 2 адууг тамгалсандаа гэмшиж 2 адууг нь төлсөн, түүнээс надад хулгай хийсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
*Хохирогч Л.Аын шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Би 12 сарын 01-нд 3 гүү алдчихаад тэрийгээ хайж явж байхад айлын адуунд миний 2 байдас байсан. Тэгэхээр нь би адууны эзнийг хайж яваад Н.Бтэй уулзсан. Энэ 2 байдас миний байдас байна гэхэд Н.Б тийм би тамгалсан гэж байсан. Цуг явсан 2 адуу нь байхгүй болохоор нь Цэнхэр сумын цагдаа дээр аваад очсон. Тэгээд өдөржин цагдаа дээр байсан, Батцэнгэл сумын хэсгийн төлөөлөгч, Чимэддорж гээд аймгийн байцаагч нар ирсэн. Би Н.Бг чи хийсэн үйлдлээ хэл гэж хэлэхэд хэлэхгүй байгаад байсан. Би хохирлоо төлчихвөл гомдолгүй гэж хэлсэн. Тухайн үед цагдаа нар цуг байсан. Цагдаа нар маргааш нь манай гэрийнхнээс бүгдээс нь мэдүүлэг аваад явсан. Би уг асуудлыг шийдвэрлэгдсэн юм болов уу гэж байсан чинь саяханаас намайг шүүх хуралтай гээд дуудах болсон. Өнгөрсөн жил ган, зудтай мал их тааруу байсан. 04 сарын 20-ны үеэр хүрэн азаргатай адуунаас 3 адуу байхгүй болсон байсан. Адуугаа орой, өглөөгүй л харж байсан. Нэг шөнө л алга болоод хоносон байсан. Үүнээс хойш 10-д хоногийн дараа бас 1 байдас алга болсон. Тэр туранхай малыг хүн хулгай хийгээд аваад явна гэж санаагүй. Тухайн үедээ мал тааруу байсан болохоор эрж хайж чадаагүй. Тэгсэн сүүлд нь амьдаараа айлын адуунд байж байсан. Манайх болон шүүгдэгчийн нутагладаг газар хоёр 30 гаруй км зайтай хүн ирж авахгүй бол унаган адуу адуунаасаа салахгүй..” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 1812006470107 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Л.Аын өгсөн:
“..Би Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл баг, Тээлийн ам гэх газраас 2018 оны 03 дугаар сарын 20-ны үед өөрийн эзэмшлийн сартай хүрэн азаргатай 17 тооны адуунаас хар хүрэн гүү буруу талын чихэндээ ганзага имтэй, зөв талын гуяан дээрээ 58 тоо тамгатай нас нийлсэн бүдүүн гүү, өсгий цагаан бор хээр шүдлэн байдас буруу талын чихэндээ ганзага имтэй, буруу талын ташаан дээрээ 58 тоо тамгатай, хошуу цагаан цавьдар халзан хязаалан үрээ буруу талын чихэндээ ганзага имтэй, зөв талын гуяан дээрээ 58 тоо тамгатай мөн тус оны 04 дүгээр сард халтар азаргатай 14 тооны адуунаас бор хээр шүдлэн байдас буруу талын чихэндээ ганзага имтэй, зөв талын ташаан дээрээ 58 тоо тамгатай адуугаа хулгайд алдсан. Би алдсан гэх адуугаа 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд адууны эрэлд явж байгаад Цэнхэр сумын Н.Б гэх айлаас өөрийн алдсан өсгий цагаан бор хээр шүдлэн байдас буруу талын чихэндээ ганзага имтэй, буруу талын ташаан дээрээ 58 тоо тамгатай, бор хээр шүдлэн байдас буруу талын чихэндээ ганзага имтэй, зөв талын ташаан дээрээ 58 тоо тамгатай 2 тооны адууг зүсээр нь олсон. Мөн миний адуунууд дээр Н.Б өөрийн адууны тамгаа давхарлаж дарж имийг нь өөрчилсөн байсан. Учрыг асуухад Н.Б энэ хавар манай адуунд ирээд нийлсэн байсан, эзэн нь ирэхгүй болохоор нь би өөрийн тамгаар тамгалсан гэж хэлсэн. Би Н.Бгээс энэ 2 адуутай хамт өөр 2 тооны адуу байх ёстой цагдаад хэлж шалгуулая гэхэд, тохироод би хохирлыг чинь барагдуулна гээд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр миний алдсан 4 тооны адууны хоёрыг нь зүсээр нь, нөгөө 2 тооны адууг Н.Б өөрийн адуунаасаа оронд нь 1 адуу өгч, үлдсэн 1 адууны оронд 600.000 төгрөг өгч хохирол барагдуулсан. Тийм учраас би Цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах хүсэлт гаргасан. Н.Б нь миний хохирлыг барагдуулсан учир надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний адууг хулгайлсан этгээдийг олж тогтоон хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар тал/
*Хохирогч Л.Аын дахин өгсөн:
“..Манай алдсан адуу Н.Бгийн адуунд бэлчээрээ болон шуурганд уруудаж нийлсэн асуудал байхгүй. Учир нь манайх Батцэнгэл сумын Дэл багийн нутагт олон жил нутагласан. Манай өөрийн адуу бол нутгийн адуу учраас хол газар болон өөр айлын адуунд бэлчээрээрээ нийлж салахгүй. Тэгээд ч хулгайд алдагдах үедээ их туранхай, хүч тарга муутай байсан. Орой нь адуугаа бөөгнүүлэхэд байсан адуу маргааш өглөө нь байхгүй болсон байсан. Адуу алга болох үеэр ямар нэгэн шуурга болоогүй. Н.Б өөрөө ирж хулгайлсан нь тодорхой. Учир нь манайх хоёр өөр цаг хугацаанд хоёр хоёроор нь нийт 4 тооны адуу хулгайд алдсан. Тэгтэл эдгээр алдсан 4 тооны адууны эхний алдсан 3 тооны адууны 1 нь, дараагийн алдсан 1 тооны адуу нь нийт 2 тооны адуу Н.Бгийн адуунд байсныг би өөрөө зүсээр нь таниад авсан. Н.Б өөрөө миний зүстэй адууны тамгыг баллаад өөрийнхөө тамгаар тамгалан өөрийнхөө адуу болгоод адуундаа ижилсүүлсэн байсан. Н.Б надад ярихдаа миний буруу хохирол төлж барагдуулна гэж хэлээд хохирлыг өөрөө авчирч өгсөн. Н.Бгийн гэр нь Цэнхэр сумын төвд байдаг. Адуу нь Цэнхэр сумын төвийн ойролцоо бэлчээрлэдэг. Манай адуу Батцэнгэл сумын Дэл багийн Тээлийн ам гэх газарт бэлчээрлэж байгаа. Манай малын бэлчээр Н.Бгийн малын бэлчээр хоёр хоорондоо 40 орчим км зайтай. Энэ хооронд хөлөөрөө явсан гэж байгаа бол замд нь олон айл байгаа тэр айлуудаас орж асуухад нэг ч айлаас харсан үзсэн хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,
*Хохирогч Л.Аын дахин өгсөн:
“...Нас нийлсэн хар хүрэн гүү 1, өсгий цагаан хээр шүдлэн байдас 1, цавьдар үрээ 1, нийт 3 адууг 2018 оны 03 сарын 20-ны үед, сүүлд нь өөр азаргатай адуунаас 2018 оны 04 сарын 10-ны үед бор хээр шүдлэн байдас алдсан. Уг 4 тооны адуунууд бүгд унаган, нутгийн адуу, авмал адуу байхгүй. Байдас болон гүүнүүдийг хасдаг азарга гэж байхгүй, адуунаасаа салдаггүй адуунууд байсан. Тус тусдаа адуунуудаас хулгай хийж авчихаад, тамга дарж өөрчилчихөөд өөрсдөө ирж адуунд нийлсэн гэж худал ярьж байна. Хохирол барагдуулсан учир нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр тал/
*Гэрч Л.Гын өгсөн:
“...Би тухайн үед хамт нэг хотонд амьдарч байсан. Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн нутаг Их хүүш, Тээлийн ам гэх газраас 2018 оны 03 дугаар сарын сүүлээр сартай хүрэн азаргатай 17 тооны адуунаас буруу талын чихэндээ ганзага имтэй, зөв талын гуяан дээрээ 58 тоо тамгатай нас нийлсэн хар хүрэн гүү, буруу талын чихэндээ ганзага имтэй, буруу талын ташаан дээрээ 58 тоо тамгатай өсгий цагаан бор хээр шүдлэн байдас, буруу талын чихэндээ ганзага имтэй, зөв талын гуяан дээрээ 58 тоо тамгатай хошуу цагаан цавьдар халзан хязаалан үрээ, мөн тус оны 04 дүгээр сард халтар азаргатай 14 тооны адуунаас буруу талын чихэндээ ганзага имтэй, зөв талын ташаан дээрээ 58 тоо тамгатай бор хээр шүдлэн байдас адуугаа хулгайд алдсан. Би ах Л.Аын хамт адуу хайж явж байгаад 2018 оны 12 дугаар сарын 01-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд Н.Б гэх айлын адуунаас алдсан өсгий цагаан бор хээр шүдлэн байдас, бор хээр шүдлэн байдас 2 тооны адуугаа олж авсан. Тухайн адуунуудын им тамгыг нь өөрчилсөн байсан. Н.Б гэх залуугаас 2 адууныхаа талаар асуухад энэ хавар манай адуунд ирээд нийлсэн байсан, эзэн нь ирэхгүй болохоор нь би өөрийн тамгаар тамгалсан юм гэж хэлсэн. Н.Бгээс энэ адуутай хамт алдсан адуугаа асуухад тодорхой юм хэлээгүй. Миний буруу учраас хохирлыг чинь барагдуулна гээд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр алдсан 4 тооны адууны 2-г нь зүсээр нь, нөгөө 2 тооны адууны оронд хээр хязаалан байдас, 600,000 төгрөгтэй өгсөн байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-22 дугаар тал/
*Гэрч Н.Лийн өгсөн:
“...Би том хүү Л.Аын хамт Дэл багт мал маллаж амьдардаг. Миний хүү Л.А яг хэзээ гэдгийг нь санахгүй байна, 3-4 сарын хооронд 4 тооны адуу алдсан. Эхлээд 3 тооны адуу дараа нь 1 тооны адуу хулгайд алдсан. Алдсан гэх адуунууд нь бор хээр өсгий цагаан шүдлэн байдас, буруу талын ташаандаа 58 тоо тамгатай, буруу чих нь хойноосоо ганзага имтэй, бор хээр шүдлэн байдас, зөв талын ташаандаа 58 тоо тамгатай, буруу чих хойноосоо ганзага имтэй, хар хүрэн гүү, буруу чих нь ганзага имтэй, зөв талын гуян дээрээ 58 тамгатай хамар цагаан цавьдар үрээ, буруу чихэндээ ганзага имтэй, зөв талын гуяндаа 58 тоо тамгатай 4 тооны адуу хулгайд алдсан. 2018 оны 12 сарын 01-нээс 03-ны хооронд миний хүү Л.А адууны эрэлд явж байгаад алдсан 4 тооны адууг Цэнхэр сумын айлаас 2 тооны адууг зүсээр нь олж авсан. 12 сарын 03-ны өдөр алдсан гэх 4 тооны 3-г нь авчирч ирж нэг адууны мөнгийг нь Цэнхэр сумын үл таних нэг залуу авчирч өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-25 дугаар тал/
*Гэрч А.Огийн өгсөн:
“...Манайх 2018 оны 03 сарын 20-ны үед Дэл багийн Тээлийн ам гэх газраас бэлчээрээс нь 3 тооны адуу алдсан. Үүнд баруун талын чих ганзага имтэй, зөв талын гуяндаа 58 тоо тамгатай, нас нийлсэн хүрэн гүү, өсгий цагаан, бор хээр шүдлэн байдас, буруу талын ташаандаа 58 тоо тамгатай, ганзага имтэй, хошуу цагаан цавьдар хязаалан үрээ, ганзага имтэй, зөв төлын гуяндаа 58 тамгатай эдгээр 3 тооны адууг алдсанаас хойш 2018 оны 04 сард бор хээр зүсмийн шүдлэн байдас алдсан, баруун чих ганзага имтэй, 58 тоо тамгатай, тамга нь хаана аа байсныг санахгүй байна. 2018 оны 03 сард алдсан 3 тооны адууны нэгийг буюу өсгий цагаан хээр шүдлэн байдас, 2018 оны 04 сард алдсан бор хээр шүдлэн байдас хоёрыг олсон. Энэ хоёр адуу тус тусдаа алга болсон боловч нэг айлаас хоёулаа олдсон. Хамт алга болсон хоёр адуу олдоогүй. Алдсан 4 тооны адуу адуунаасаа огт салдаггүй байсан. Салгаж л авч явахгүй бол салахгүй. Манайх 6 азарга адуутай. Мал тооллогоор хэдэн адуу тоологдсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар тал/
*Яллагдагч Н.Бгийн өгсөн:
“...2018 оны хавар манай азарганд хураагдаж, манай адуунд ижилсээд зунжин манай адуунд байж байгаад, эзэн нь хайж ирэхгүй байхаар нь 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр адуугаа тамгалахдаа хуучин тамган дээр өөрийнхөө Монгол бичгийн “ХҮ” үсэг тамга дарсан, шийр цагаан хар хээр байдас нь зүүн талын гуяндаа, хээр байдас нь баруун талын хондлой дээрээ дүрс нь мэдэгдэхгүй болсон тамгатай байсан. 2 адууны тамга адилхан яршсан дүрс мэдэгдэхгүй байсан учир дээрээс нь давхарлаж тамгалсан. Өмнө нь хамт алга болсон гээд байгаа 2 адууны талаар мэдэх зүйл огт байхгүй. Тэрнээс хойш 2018 оны 12 дугаар сарын эхээр Н.А гэдэг хүн дүүтэйгээ хамт манайд ирээд адуу хайж явсан чинь танай адуунд манай 2 байдас байна гэхээр нь 2018 оны хавар манай азарга 2 байдас хураагаад ирсэн байна лээ гэж хэлээд мөн бол аваад яв гэж хэлээд дараа нь би өөрөө аваачиж өгсөн. Л.А тухайн үед чи тамгалсан байна, хамт 2 адуу алга болсон төлж өг гэхээр нь тамгалсан нь миний буруу гэж айсандаа 2 адууг нь төлж өгсөн. Өөр ямар нэгэн зүйл байхгүй. Цэнхэр сумын Буйлан багийн нутаг Даш-Овоо гэх газарт бэлчээрлэдэг. Даш-Овоо гэх газар нь сумын төвөөс зүүн зүгт 10 орчим км зайтай, Тээлийн ам нь Даш-Овоо гэх газраас 20 гаран км зайтай байх, нарийн сайн мэдэхгүй байна. Манай адуу бэлчээртээ байж байдаг. Би хулгай хийгээгүй. Л.Ат өгч явуулсан 2 тооны адууны бор хээр зүсмийн шүдлэн байдас, баруун талын хойд хөл өсгий цагаан хар хээр шүдлэн байдас байсан. 2 адуу адилхан 2 чих цуулбар байсан санагдаж байна, тамганы дүрс мэдэгдэхгүй болсон байсан. Манай тэр хавийн айлууд манай адууны талаар сайн мэднэ, гэхдээ 2 байдасны талаар мэдэх хүн байхгүй. Шүдийг нь үзээгүй, гэхдээ дааган сүүлээрээ байсан учир шүдлэн байдас мөн байсан. Би хүлээлгэж өгсөн 2 адуугаа хараад танина. Имийг нь өөрчлөөгүй, тамгыг нь өөрчилсөн. Өөр тамгатай адуу алга болох магадлал өндөр учир алга болчих байх гэж бодоод өөрийнхөө адууны тамгаар ижилсүүлж тамгалсан. 2018 оны 05 сарын хойш 7-8 сарын хугацаанд манай адуунд байсан. Л.А манайд ирээд манай 2 байдас танай адуунд байна гэсэн, тэгэхээр нь би мөн бол та аваад яв гэж хэлсэн. Манайхаас 2 тооны шүдлэн байдас аваад явсан, би шүдлэн байдас, нас нийлсэн хоёрыг хараад ялгана. Манай 2 байдас мөн байна гээд аваад явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 39-41 дүгээр тал/
*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 31 дугаартай: “...Хар хүрэн зүсмийн нас нийлсэн бүдүүн гүү, бор хээр шүдлэн байдас, өсгий цагаан бор хээр шүдлэн байдас, цавьдар халзан хязаалан үрээ бүгд 4 адууны үнэлгээг 2018 оны 03 сарын байдлаар 1.700.000/нэг сая долоон зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 31 дүгээр тал/
*Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд/хх-ийн 5-7 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 47 дугаар тал тал/ зэргийг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 03 дугаар сарын 20-ны үеэр Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл баг, Тээлийн ам гэх газраас иргэн Л.Аын 3 тооны адууг, 2018 оны 04 дүгээр сард 1 тооны адууг тус тус алдагдаж, 1.700.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Н.Б үйлдсэн болох нь хохирогч Л.Аын“...Би Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл баг, Тээлийн ам гэх газраас 2018 оны 03 дугаар сарын 20-ны үед өөрийн эзэмшлийн сартай хүрэн азаргатай 17 тооны адуунаас хар хүрэн гүү буруу талын чихэндээ ганзага имтэй, зөв талын гуяан дээрээ 58 тоо тамгатай нас нийлсэн бүдүүн гүү, өсгий цагаан бор хээр шүдлэн байдас буруу талын чихэндээ ганзага имтэй, буруу талын ташаан дээрээ 58 тоо тамгатай, хошуу цагаан цавьдар халзан хязаалан үрээ буруу талын чихэндээ ганзага имтэй, зөв талын гуяан дээрээ 58 тоо тамгатай мөн тус оны 04 дүгээр сард халтар азаргатай 14 тооны адуунаас бор хээр шүдлэн байдас буруу талын чихэндээ ганзага имтэй, зөв талын ташаан дээрээ 58 тоо тамгатай адуугаа хулгайд алдсан. Би алдсан гэх адуугаа 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд адууны эрэлд явж байгаад Цэнхэр сумын Н.Б гэх айлаас өөрийн алдсан өсгий цагаан бор хээр шүдлэн байдас буруу талын чихэндээ ганзага имтэй, буруу талын ташаан дээрээ 58 тоо тамгатай, бор хээр шүдлэн байдас буруу талын чихэндээ ганзага имтэй, зөв талын ташаан дээрээ 58 тоо тамгатай 2 тооны адууг зүсээр нь олсон. Мөн миний адуунууд дээр Н.Б өөрийн адууны тамгаа давхарлаж дарж имийг нь өөрчилсөн байсан. Орой нь адуугаа бөөгнүүлэхэд байсан адуу маргааш өглөө нь байхгүй болсон байсан. Адуу алга болох үеэр ямар нэгэн шуурга болоогүй. Н.Б өөрөө ирж хулгайлсан нь тодорхой. Учир нь манайх хоёр өөр цаг хугацаанд хоёр хоёроор нь нийт 4 тооны адуу хулгайд алдсан. Тэгтэл эдгээр алдсан 4 тооны адууны эхний алдсан 3 тооны адууны нэг нь, дараагийн алдсан 1 тооны адуу, нийт 2 тооны адуу Н.Бгийн адуунд байсныг би өөрөө зүсээр нь таниад авсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Гын “...Би ах Л.Аын хамт адуу хайж явж байгаад 2018 оны 12 дугаар сарын 01-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд Н.Б гэх айлын адуунаас алдсан өсгий цагаан бор хээр шүдлэн байдас, бор хээр шүдлэн байдас 2 тооны адуугаа олж авсан. Тухайн адуунуудын им тамгыг нь өөрчилсөн байсан. Н.Б гэх залуугаас 2 адууныхаа талаар асуухад энэ хавар манай адуунд ирээд нийлсэн байсан, эзэн нь ирэхгүй болохоор нь би өөрийн тамгаар тамгалсан юм гэж хэлсэн. Миний буруу учраас хохирлыг чинь барагдуулна гээд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр алдсан 4 тооны адууны 2-г нь зүсээр нь, нөгөө 2 тооны адууны оронд хээр хязаалан байдас, 600,000 төгрөгтэй өгсөн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Лийн “...Эхлээд 3 тооны адуу дараа нь 1 тооны адуу хулгайд алдсан. Алдсан гэх адуунууд нь бор хээр өсгий цагаан шүдлэн байдас, буруу талын ташаандаа 58 тоо тамгатай, буруу чих нь хойноосоо ганзага имтэй, бор хээр шүдлэн байдас, зөв талын ташаандаа 58 тоо тамгатай, буруу чих хойноосоо ганзага имтэй, хар хүрэн гүү, буруу чих нь ганзага имтэй, зөв талын гуян дээрээ 58 тамгатай хамар цагаан цавьдар үрээ, буруу чихэндээ ганзага имтэй, зөв талын гуяндаа 58 тоо тамгатай 4 тооны адуу хулгайд алдсан. 2018 оны 12 сарын 01-нээс 03-ны хооронд миний хүү Л.А адууны эрэлд явж байгаад алдсан 4 тооны адууг Цэнхэр сумын айлаас 2 тооны адууг зүсээр нь олж авсан. 12 сарын 03-ны өдөр алдсан гэх 4 тооны 3-г нь авчирч ирж нэг адууны мөнгийг нь Цэнхэр сумын үл таних нэг залуу авчирч өгсөн...”гэх мэдүүлэг, гэрч А.Огийн”... . 2018 оны 03 сард алдсан 3 тооны адууны нэгийг буюу өсгий цагаан хээр шүдлэн байдас, 2018 оны 04 сард алдсан бор хээр шүдлэн байдас хоёрыг олсон. Энэ хоёр адуу тус тусдаа алга болсон боловч нэг айлаас хоёулаа олдсон. Хамт алга болсон хоёр адуу олдоогүй. Алдсан 4 тооны адуу адуунаасаа огт салдаггүй байсан...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 31 дугаартай дүгнэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, шүүгдэгч Н.Бгийн бусдын малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас Н.Бгийн бусдын малыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжпэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Б нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй, түүний өмгөөлөгч М.Алтанчимэг нь хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах санал гаргасан бөгөөд өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүгдэгч Н.Бгийн эхнэр болон түүний адуу малыг сайн мэдэх гэрчээс мэдүүлэг авах нь хэрэгт ач холбогдолгүй байна. Харин мөрдөгчийн хууль бус үйл ажиллагааны талаарх гомдлыг зохих газарт нь хандаж шийдвэрлүүлэх эрхтэй юм. Шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөх үүрэггүй бөгөөд хохирогч Л.Аын “...Манай алдсан адуу Н.Бгийн адуунд бэлчээрээ болон шуурганд уруудаж нийлсэн асуудал байхгүй. Учир нь манайх Батцэнгэл сумын Дэл багийн нутагт олон жил нутагласан. Манай өөрийн адуу бол нутгийн адуу учраас хол газар болон өөр айлын адуунд бэлчээрээрээ нийлж салахгүй. Тэгээд ч хулгайд алдагдах үедээ их туранхай, хүч тарга муутай байсан. Орой нь адуугаа бөөгнүүлэхэд байсан адуу маргааш өглөө нь байхгүй болсон байсан. Адуу алга болох үеэр ямар нэгэн шуурга болоогүй. Манайх хоёр өөр цаг хугацаанд нийт 4 тооны адуу хулгайд алдсан. Тэгтэл эдгээр алдсан 4 тооны адууны эхний алдсан 3 тооны адууны нэг нь, дараагийн алдсан 1 тооны адуу нь нийт 2 тооны адуу Н.Бгийн адуунд байсныг би өөрөө зүсээр нь таниад авсан. Н.Б өөрөө миний зүстэй адууны тамгыг баллаад өөрийнхөө тамгаар тамгалан өөрийнхөө адуу болгоод адуундаа ижилсүүлсэн байсан. Н.Бгийн гэр нь Цэнхэр сумын төвд байдаг, адуу нь Цэнхэр сумын төвийн ойролцоо бэлчээрлэдэг. Манай адуу Батцэнгэл сумын Дэл багийн Тээлийн ам гэх газарт бэлчээрлэж байгаа. Манай малын бэлчээр Н.Бгийн малын бэлчээр хоёр хоорондоо 40 орчим км зайтай...” гэх мэдүүлгийг няцаасан үгүйсгэсэн баримт байхгүй, мөн шүүх хуралдаанд шүүгдэгч нь тухайн 2 тооны адууг хоёр өөр цаг хугацаанд ирсэнийг үгүйсгэхгүй байна. Иймд шүүгдэгч Н.Бг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Хохирогч Л.А шүүх хуралдаанд оролцож шүүгдэгч Н.Б нь хохирол төлбөрийг төлсөн, нэхэмжлэх хохирол төлбөргүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цорс овогт Нн Бг бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бг 260/хоёр зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР