| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2335000000231 |
| Дугаар | ХШТ/2025/100 |
| Огноо | 2025-10-08 |
| Зүйл хэсэг | 21.5.2., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 10 сарын 08 өдөр
Дугаар ХШТ/2025/100
Д.Д-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Ч.Хосбаяр, Б.Цогт, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, цагаатгагдсан этгээд Д.Д, нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/82 дугаар цагаатгах тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ДШМ/28 дугаар магадлалтай, Д.Д-д холбогдох 2335000000231 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлээр 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Д.Д, 1971 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, **** ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** аймгийн **** сумын **** дугаар баг, **** тоотод оршин суудаг, /РД:****/
Цагаатгагдсан этгээд Д.Д нь эрүүгийн 2335000000188 дугаартай хэргийн оролцогч Ч.О-тэй өмгөөлөл хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа **** аймгийн **** сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт **** гэх газрын зам дагуу байрлах “****” ХХК-ийн шатахуун түгээх станцын замын эсрэг талд саарал өнгийн “****” загварын **** УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр эрүүгийн 2335000000188 дугаартай хэргийн гэрч Г.Т-г зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан, мөн үргэлжилсэн үйлдлээр **** аймгийн **** сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах **** төвийн нэг давхарт байрлах өөрийн ажлын өрөөнд 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Н.О-ийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Прокурор Ц.Нэргүй хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу, өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч байна. ...анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болох тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй Н.О-ийн гэрч хохирогчоор өгсөн 3 удаагийн мэдүүлгийг зөрүүтэй байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.
Хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж үзэхэд шүүгдэгч Д.Д нь эрүүгийн хэргийн холбогдогч Ч.О-ээр тухайн хэргийн хохирогч Н.О-ийг дуудуулж, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр **** аймгийн **** сумын ** дугаар багийн нутаг байрлах “****” төвийн 1 давхарт байрлах өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө гэсэн хаягтай өрөөнд уулзаж, урьд хохирогчоор өгсөн мэдүүлгээс буцах, мэдүүлгээ өөрчлөх талаар ятгасан нөхцөл байдал тогтоогдсон. Хохирогчид хууль бусаар нөлөөлж, ятгасан нь хохирогч Н.О-ийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хохирогчоор дахин өгсөн мэдүүлгээр тодорхой болсон байх бөгөөд хяналтын камерын бичлэгээр шүүгдэгч Д.Д нь өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө гэсэн хаягтай өрөөнд оруулж уулзсан нөхцөл байдал хөдөлбөргүй тогтоогдсон. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт гэрч Н.О-ийн 2023 оны 08 дугаар сарын 03, 2023 оны 08 дугаар сарын 29, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрүүдэд хохирогчоор удаа дараа өгсөн мэдүүлгээс өмгөөлөгч Д.Д-тэй уулзсан гэх хэсгийг дурдсан байх бөгөөд хохирогчид хэрхэн нөлөөлж, ятгасныг дурдаж бичээгүй, тухайн хэсгийг няцаасан үгүйсгэсэн нөхцөл байдлыг дүгнэж чадаагүй байна.
Өөрөөр хэлбэл, анхан шүүх хохирогч Н.О-ийн дээрх 3 удаагийн мэдүүлэгт ноцтой ямар зөрүү гарсан болох тухайн мэдүүлгийн зөрүү нь хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгч Д.Д-г цагаатгах үндэслэл байгааг тодорхой, ойлгомжтой байдлаар дүгнэж чадаагүй байна. Гэрч Г.Т нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байсан гэрч бөгөөд дээрх хэргийг анхан шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч Ч.О-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход гэрч Г.Т-ын мэдүүлгийг үнэлж, дүгнэсэн байдаг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Д-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ гэрч Г.Т-ын өгсөн “...би суутал 50 гаран насны эрэгтэй хүн байсан бөгөөд өөрийгөө өмгөөлөгч Д.Д байна гэж хэлсэн. Тэгээд Д.Д өмгөөлөгч “чиний анхны өгсөн мэдүүлэг чинь 2 дахь мэдүүлгээсээ өөр байна, чи мэдүүлгээ буцаагаад дахин мэдүүлэг өгчих мэдүүлэг өгөхдөө Ч.О-ийг Н.О-тэй бэлгийн харьцаанд орсон эсэхийг мэдэхгүй байна гэж хэлээд мэдүүлгээ өг” гэж гуйсан. Тэгэхээр нь би “мэдүүлэг дахин өгөхгүй гэж хэлтэл чи 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр миний ажил дээр ирж уулзаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлгийг үнэлэхгүйгээр шүүгдэгч Д.Д, гэрч Г.Т нарын уулзсан цаг хугацааны хувьд зөрүүтэй, бичиг үсэг мэддэггүй болох нь тогтоогдсон, өөрийн өгсөн мэдүүлэг үнэн зөв тусгагдсан эсэхийг магадлах эрхийг хэрэгжүүлэх боломжийг олгоогүй гэсэн үндэслэлүүдээр гэрчийн мэдүүлгийг үгүйсгэж, шүүгдэгч Д.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь үндэслэлгүй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Д.Д-ийн хууль бус үйлдэл буюу Ч.О-ийн үйлдсэн хүчиндэх гэмт хэргийн бодит байдлыг өөрчлөх зорилгоор гэмт хэрэг үйлдсэн Ч.О-ээр дамжуулан хохирогч Н.О-тэй өөрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх өрөөнд, гэрч Г.Т-тай тээврийн хэрэгсэл дотор уулзаж, улмаар урьд хохирогч, гэрчээр өгсөн мэдүүлгийн өөрчлүүлэхээр ятгасан идэвхтэй үйлдэл хийсэн нөхцөл байдал хөдөлбөргүй тогтоогдсон. Шүүгдэгч Д.Д нь хуульч, өмгөөлөгч болохын хувьд өөрийн хийж буй үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж санаатайгаар хохирогч, гэрч нарт нөлөөлж ятгасан энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасан үндэслэлээр эсэргүүцэл бичив” гэжээ.
Прокурор Г.Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд танилцуулсан дүгнэлтдээ: “Д.Д-д холбогдох хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тодруулсан байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. Гол үндэслэл нь хэргийг бодит байдалтай нийцээгүй учраас хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн байгаа. Миний бие прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож, дараах дүгнэлтийг гаргаж байна. Эргүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн тухайд гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны дагуу оролцох эрхэд хөндлөнгөөс халдаж үнэн бодит мэдүүлэг, дүгнэлт гаргахад нөлөөлөх гэсэн аливаа оролдлогоор төгсөх буюу ямар нэг үр дагавар үүссэн байхыг шаардаагүй, тусгай субъект үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр өмгөөлөгч нөлөөлсөн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчлах хэрэг байна. Прокуророос цагаатгагдсан этгээд Д.Д-г нотлох баримтад тулгуурлан буруутгасан гол үндэслэл нь гэрч, хохирогч нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэмт хэргийг өмгөөлөгч үйлдсэн гэдэг үндэслэлээр буруутгасан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгч өөрийн үйлчлүүлэгчид холбогдох хэргийн хохирогч гэрчид өмнөх мэдүүлгээ үгүйсгэсэн агуулгатай дахин мэдүүлэг өгүүлэхээр ятгасан талаарх яллах талын нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийлгүйгээр хэрэгт зөвхөн гэрч, хохирогчтой уулзсанаас өөр үйл баримт тогтоогдоогүй мэт дүгнэлт хийсэн. Шүүгдэгч Д.Д нь хүчиндэх гэмт хэргийн яллагдагчид өмгөөллийн туслалцаа үзүүлж байхдаа тус хэргийн хохирогчид хандан “өмнө нь уурласандаа худал мэдүүлэг өгсөн” гэж үгүйсгэн дахин мэдүүлэг өгөхийг, мөн тухайн хэргийн цор ганц гэрч болох Г.Т-г Ч.О-ийг Н.О-тэй бэлгийн харьцаанд орсон эсэхийг мэдэхгүй байна гэж дахин мэдүүлэг өгөхийг хэлж нөлөөлөх мэдүүлэг өгч нөлөөлөх үйлдэл хийсэн тухай гэрч Н.О, Г.Т, Д.Ш нарын мэдүүлгийн хэрэгт хамраалтай, ач холбогдолтой, няцаан үгүйсгэсэн талаар дүгнэлт хийлгүй шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна гэж дүгнэсэн. Тийм учраас цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн прокурорын дүгнэлтийг гаргаж байна.” гэв.
Цагаатгагдсан этгээд Д.Д шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “Миний холбогдсон хэрэгт гэрч, хохирогч нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор нэгд хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх замаар, хоёрт шан харамж амлаж өгч байж мэдүүлгийг өөрчлүүлж, ятгах үйлдэл хийхийг шаардаж байгаа. Ятгах гэдэг үйлдэл бол үзэл бодлоо өөрчилж байгаа, худал мэдүүлэг өгч байгаа, хуулийг зөрчиж байгаа учраас нэг удаагийн уулзсан уулзалтаар бол ятгах гэдэг хэргийг төгсгөх боломжгүй. Миний хэрэг дээр гэрч Ч.О ятгасан үйлдэл байгаагүй гэдгийг хэлээд байгаа боловч прокурор итгэхгүйгээр намайг 3 жил шалгаж байгаа асуудал байгаа. Ятгасан гэж хэлж байгаа хэрэгт шүүх гурван удаагийн мэдүүлэг зөрүүтэй байна гэж дүгнэлт хийсэн. Бичиг үсэг мэдэхгүй хүнийг би өмгөөлөгч авъя гээд байхад нь өмгөөлөгчгүй байцаагаад тэр байцаалтаараа намайг буруутгасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн учраас шүүх түүнийг үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн байгаа. Би нэг зүйлийг маш сайн мэдэж байгаа би арван жил өмгөөлөгч хийж байгаа учраас хүнийг ятгаж худал мэдүүлэг өгч энэ хэргийг өөрчлөх ямар ч боломжгүй гэдгийг мэдэж байгаа учраас надад ятгасан зүйл байхгүй. Анхан болон давж заалдах шатны шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн цагаатгагдсан этгээд Д.Д-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзлээ.
2.Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч, прокурор, дээд шатны прокурорын гомдол, эсэргүүцлээр хэргийг хянан хэлэлцдэг.
Харин тус шүүх нь хоёр шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй болно.
3.Цагаатгагдсан этгээд Д.Д-д холбогдох эрүүгийн хэрэгт хяналтын журмаар прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 624 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэснийг Эрүүгийн хуулийн эрх зүйн хэм хэмжээний бүтэц дэх урьдчилсан нөхцөл буюу бүрэлдэхүүн хэсгүүдийг задлан шинжилж, түүнийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэхийг магадлан судлах замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах хүрээнд хянадаг.
Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах гэдэгт анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн нэг зүйл, заалтыг, эсхүл эрүүгийн эрх зүйн онол, шүүхийн практикт тогтсон ойлголт, тодорхойлолт, нэр томьёог өөр өөрөөр тайлбарласан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, эсхүл хууль хэрэглээний талаар хоёр шатны шүүх зөрүүтэй шийдвэрлэсэн байдлыг хэлнэ.
Үүнээс гадна шүүхийн шийдвэр нь зөвхөн хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэсэн байх ёстой буюу хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх учиртай.
Хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны шаардлага хангагдана.
Үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон байх ёстой.
Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинжийг нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно.
4.Яллагдагч, шүүгдэгч гэм буруутай, эсхүл буруугүй гэдгээ нотлох үүрэггүй бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл нь таамаглалд үндэслэж болохгүй, нотлох баримтыг нөхөх бүх боломж дууссан тохиолдолд зөвхөн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нягтлах замаар шалган үнэлж гэмт хэргийн шинжийг үгүйсгэж, цагаатгаж шийдвэрлэх нь шударгаар шүүлгэх эрхийг бүрдүүлэгч чухал хэсэг юм.
Цагаатгагдсан этгээд Д.Д-г прокуророос “Эрүүгийн 2335000000188 дугаартай хэргийн оролцогч Ч.О-тэй өмгөөлөл хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа **** аймгийн **** сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт **** гэх газрын зам дагуу байрлах “****” ХХК-ийн шатахуун түгээх станцын замын эсрэг талд саарал өнгийн “****” загварын **** УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр эрүүгийн хэргийн гэрч Г.Т-г, үргэлжилсэн үйлдлээр мөн сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах **** төвд байрлах өөрийн ажлын өрөөнд 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Н.О-ийг тус тус зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан” гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Дээрх яллах дүгнэлтэд дурдсан үйл баримтыг цагаатгагдсан этгээд Д.Д “...Н.О, Г.Т нарыг мэдүүлгээсээ буцчих, тэг, ингэ гэж гуйгаагүй. Мэдүүлгээс буцах ч боломж байхгүй гэдгийг мэднэ. Буцаад худал мэдүүлэг өглөө гэж бодоход ял шийтгэл авна. Би үнэхээр ятгаж байгаа бол урт удаан хугацаанд, олон удаагийн уулзалт болсны дараа тухайн хүмүүсийн худал мэдүүлэг өгөөд авах ялаас нь илүү өндөр хэмжээний зүйл амлаж байж л мэдүүлгээс нь буцааж болох байх. Н.О, Г.Т нарт мөнгө амласан, өгсөн зүйл байхгүй, нэг удаа уулзсан, дахин уулзаагүй. Миний зүгээс холбогдсон хэргийг хийгээгүй...” гэх байдлаар өмнөх шатны шүүхүүдэд гэм буруугийн асуудлаар маргасаар иржээ.
5.Анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан гэрч Г.Т-ийн мэдүүлэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолгооны шаардлага хангаагүй, хохирогч Н.О-ийн мэдүүлэгт Д.Д өмгөөлөгч тэдэнд мэдүүлгээ өөрчлөхийг санал болгосон гэх агуулга бүхий мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй гэж ерөнхий байдлаар дүгнэсэн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй байна.
Тодруулбал, анхан шатны шүүх “цагаатгагдсан этгээд Д.Д гэрч Г.Т-тай 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр **** аймгийн **** сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт **** УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор уулзсан гэж яллаж байгаа боловч цаг хугацааны хувьд зөрүүтэй, гэрчээс мэдүүлэг авахаас өмнө хэргийн материалыг оролцогчид танилцуулахгүй, хэргийн материалтай танилцаагүй өмгөөлөгч, гэрч ямар мэдүүлэг өгсөн талаар мэдэх боломжгүй тул гэрчтэй уулзах шаардлага үүсэхгүй, энэ үйл явдал 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр, эсхүл тухайн өдрөөс хойш болсон” гэж дүгнэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар нь гагцхүү прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагддаг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй, шүүх хуралдааны явцад нотолдог болохыг зохицуулан хуульчилсан байхад үүнийг анхан болон давж заалдах шатны шүүх анхааралгүй орхигдуулсан байна.
Түүнчлэн, гэрч Д.Ш, Ж.Ө, Ч.О нарын мэдүүлэг шүүгдэгч Д.Д, гэрч Г.Т нар уулзсан болохыг нотлохоос бус гэрчид нөлөөлсөн болохыг нотолсон баримт биш, 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэрч Г.Т-г зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэх үйл баримт тогтоогдоогүй гэж дээр дурдсан үйл баримтын цаг хугацаа үгүйсгэхүйц өөр дүгнэлт хийсэн нь логик уялдаагүй, ойлгомжгүй болжээ.
6.Гэрч Г.Т-ийн “өөрийгөө бүрэн дунд боловсролтой” гэж, Ч.О-д холбогдох эрүүгийн хэрэгт “4 дүгээр анги төгссөн” гэсэн мэдүүлгүүдийг анхан шатны шүүх үндэслэж шүүх хуралдааны даргалагчаас хэргийн материалаас тодорхой хэсгийг уншуулсан байдал, уг шүүх хуралдааны явцад өгсөн түүний мэдүүлэг зэрэг шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй, түүнийг “бичиг үсэг мэддэггүй” гэж хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар тогтоогдсон үндэслэлээ хоёр шатны шүүх заагаагүй, няцаан үгүйсгээгүй байна.
Ч.Од холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон эсэх, хэрэв шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тохиолдолд тухайн хэргийн хохирогч Н.О, гэрч Г.Т нарын мэдүүлгийг шүүхээс хэрхэн үнэлсэн болохыг тодруулах шаардлагатай.
Энэ нь цагаатгагдсан этгээд Д.Д-ийн үйлдэл өмгөөлөгчийн хууль ёсны үйл ажиллагааны хүрээнээс хальж, гэрч, хохирогчийн үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны, шударга явагдах харилцаанд нөлөөлсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийхэд ач холбогдолтой болно.
7.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/82 дугаар цагаатгах тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ДШМ/25 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хяналтын журмаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хангасугай.
2. Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Ч.ХОСБАЯР
Б.ЦОГТ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ