Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 1221

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/04386 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХ-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                              ХХХХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч              ХХХХ                  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга              Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ХХХ нь надаас 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 3 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлж авсан. ХХХ нь зээлээ хугацаандаа төлөхгүй удаа дараа нэхүүлж байж 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 500 000 төгрөг өгсөн. Мөн 2015 оны 12 дугаар сарын 25-ний өдөр миний Хаан банкны дансанд 600 000 төгрөгийг шилжүүлсэн тул одоо 2 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаасаа төлсөн 600 000 төгрөгийг хасаж 2 400 000 төгрөг нэхэмжилнэ гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ХХХ нь ХХХХ аас 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр мөнгө зээлж авсан, гэхдээ 3 500 000 төгрөг аваагүй, 500 000 төгрөг зээлж авсан. Уг зээлээс 1 100 000 төгрөгийг төлсөн одоо төлвөл 400 000 төгрөг л төлөх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХХаас 2 400 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХХ ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ХХХаас 53 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХХ ад олгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ давж заалдах гомдолдоо: ...Хариуцагч талын зүгээс ХХХХ аас мөнгө аваагүй зээлээгүй гэж маргаагүй. Харин 3 500 000 төгрөг биш 1 500 000 төгрөгийг авсан гэдгээ шүүхэд өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдааны үед ч удаа дараа хэлж байсан. ХХХ нь 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 500 000 мянган төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 2-ны өдөр 500 000 мянган төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 600 000 мянган төгрөгийг бэлнээр болон дансаар 3 удаа мөнгөн шилжүүлэг хийж нийт 1 600 000 төгрөгийг шилжүүлж зээлээ бүрэн төлж барагдуулсан. 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн баримтыг хариуцагч тал анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй тус баримтан дээр гарын үсэг зураагүй , огт үзэж хараагүй баримтыг шүүх бодит үнэнд нийцсэн, үнэн зөв гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Мөн шүүх талуудын хооронд мөнгө өгсөн, авсан эсэх үйл баримтын талаар маргаж байгаа тохиолдолд хэргийг шийдвэрлэх явцдаа бодит нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг шийдсэн гэж үзэж байна. Учир нь мөнгө өгсөн, авсан гэдгийг нотлох баримт байхгүй ХХХХ нь 3 500 000 хаанаас, хэзээ авч ХХХ-т өгсөн болохыг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байдаг. Хариуцагч ХХХ нь 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр ХХХХ аас 1 500 000 төгрөг зээлж авахдаа болон дараа нь ямар нэгэн баримт үйлдээгүй. Харин 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн өөрийн гараар бичиж, гарын үсгээ зурсан гэх баримтын хувьд бол огт мэдэхгүй хараагүй болно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 3 500 000 төгрөт биш 1 500 000 төгрөгийг зээлсэн гэдгээ шүүх хуралд ирүүлсэн хариу тайлбар болон хүсэлт, шүүх хурал дээр удаа дараа хэлж байсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл 25.2.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэж байна. Дээрхи бүгдээс харахад анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Мөн нотлогдсон гэж үзсэн нөхцөл байдал нь бодит байдал дээр тоггоогдоогүй, шүүхийн шийдвэрт дурьдсан дүгнэлт нь нотлох баримтанд тулгуурлаагүй болно. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

            Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХаас зээлийн гэрээний үүрэгт 2 400 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 400 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч, зээлсэн мөнгөний үнийн дүн тохирохгүй байна тайлбар гарган маргажээ.

 

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалттай нийцжээ.

 

            Талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх тул зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгө ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг гэрээгээр тохиролцсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

            Хэргийн 3 дугаар талд “ХХХ би ХХХХ аас 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 3 500 000 төгрөгийг зээлж авсан болно. Үүнээс 500 000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр эргүүлж өгсөн. Үлдэх 3 000 000 төгрөгийг 2015 оны 11 сард эргүүлж төлнө” гэсэн бичгийн баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байх бөгөөд уг баримтад ХХХ гарын үсгээ зурсан байна.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тухайн бичгийн баримтад зурагдсан гарын үсэгт маргаагүй болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүх хуульд заасан журмын дагуу явуулж, эрх үүргийг нь тайлбарлан, мэтгэлцэх эрхээр нь хангажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаагүй үйл баримтын буюу бичгийн нотлох баримтад зурагдсан гарын үсэг өөрийнх нь мөн эсэх талаар талаар давж заалдах гомдолдоо дурьдаж байгааг хүлээн авч үнэлэх боломжгүй байна.

 

            Хариуцагч ХХХын гарын үсгээ зурж үйлдсэн баримт нь 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд уг өдрийн байдлаар 3 500 000 төгрөгийн зээлээс 500 000 төгрөг төлөгдсөн гэж дүгнэх боломжтой байна. Иймд зээлийн үлдэгдэл төлбөр 3 000 000 төгрөгөөс 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлөгдсөн болох нь бичгийн баримтаар нотлогдож буй 600 000 төгрөгийг хасч үлдэх 2 400 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

 

Иймд анхан шатны шүүх тухайн баримтыг үйлдсэний дараа 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн ХААН банкны дансанд ХХХаас 600 000 төгрөг шилжиж орсныг зээлийн төлбөрөөс хасч тооцсныг буруутгах үндэслэлгүй байна.  

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ-ын давж заалдах гомдлыг хүлээн авч хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/04386 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар заалдах гомдол гаргахдаа ХХХоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                 Д.БАЙГАЛМАА

 

                                                                                           Ц.ИЧИНХОРЛОО