Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/00447

 

Б.Бы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 601 дүгээр шийдвэр,

     Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 212/МА2017/00134 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Б.Б

          Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Х холбогдох

    Тушаал хүчингүй болгуулах, жүжигчний ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагчийн гаргасан гомдлоор  шүүгч  Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Н, хариуцагчийн өмгөөлөгч Ч.С, нарийн бичгийн даргад Э.Боролдой  нар оролцов.

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 10 дугаар сард  сонгон шалгаруулалтын үндсэн дээр ажилд орсон. 2017-07- 24-ний өдөр даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Асылбек намайг үндэслэлгүйгээр халсанд  гомдолтой байна.  2017-02- 15-ны өдөр Улсын Их хурлын дарга Баян-Өлгий аймагт ажиллах үеэр  би Б.Асылбек-н талаар  үг хэлсэн. Үнэн үг хэлснийхээ төлөө   ажлаасаа халагдлаа. Миний бие нэг ч удаа ажлын хариуцлага алдаж байгаагүй. Халсан гэх шалтгаан нь “ажлын бус өдөр 1 цагийн бүжгийн бэлтгэл тасалсан” гэжээ. Ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцох зөрчлийг тусгахдаа Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журмыг зөрчсөн юм. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн гэрээний 6.2.12-т “сургуулилт, тоглолт тасалсан” бол ноцтой зөрчилд тооцно гэснийг  зөвшөөрөхгүй.  Дотоод журмын 3.8-н “б”-д “Ажилтан концерт болон тоглолт тасалсан” бол ноцтой зөрчилд тооцохоор заасан байдаг. Үүнд “сургуулилт” тасалсан гэдгийг ноцтой зөрчилд тооцохоор заагаагүй. Нөгөөтээгүүр, намайг наадмын бүжгийн сургуулилалтаас тасалсан гэж ажлаас халсан нь хөдөлмөрийн гэрээг зөрчиж байна. Би бүжигчин биш, бүтэн сайны өдөр ажиллах ёсгүй. Иймд Баян-Өлгийн аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын даргын 2017-07- 24-ний өдрийн 5/36 тоот тушаалыг хүчингүй болгож, жүжигчний ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

    Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Тус байгууллагын даргын 2017-7- 24-ний өдрийн Б/36-р тушаалаар Б.Б нь тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.8-ын б, хөдөлмөрийн гэрээний 6.2.12-т заасан “ажил тасалсан” сахилгын зөрчил гаргасан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3-г үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлан үүрэгт ажлаас чөлөөлсөн. Ингэхээр Б.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон хууль зүйн үндэслэл нь тэрээр 2017-07-10-ны өдөр “Хүннү гүрэн байгуулагдсаны 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн баяр наадамд зохион байгуулах арга хэмжээнүүд”-ийн хүрээнд график ёсоор явагдаж байсан сургуулилтын ажлыг 1 өдөр хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан явдал юм. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.8-ын б хэсэгт “ажлын концерт болон тоглолт тасалсан” учраас хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан юм. Б.Бтай 2017-03-20-ны өдөр хөдөлмөрийн гэрээг сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцон байгуулж, талууд гарын үсгээ зурсан юм. Тухайн хөдөлмөрийн гэрээний 6.2.12-т “Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр цуцална. Үүнд: Зургаа. Гэрээг дуусгавар болгох, цуцлах, 6.2.12. Хүндэтгэх шалтгаангүй сургуулилт, тоглолт тасалсан бол” гэжээ. Иймээс ажилтан Б.Б нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтууд болон түүнчлэн хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Б.Б нь аймгийн наадмын нээлтийн үйл ажиллагаа нь Төв цэнгэлдэх хүрээлэнд 2017-07-11-ний өдрийн 08 цагаас 12 цагийн хооронд үргэлжлэх ёстой. Энэхүү арга хэмжээг бэлтгэл ажлын хүрээнд 2017-07-08-ний өдрийн 10.00-14.00 цагийн хооронд “генералный прогон” арга хэмжээ явагдах ёстой. Гэтэл Б.Б нь 2017-07-08-ны өдрийн 10.00-14.00 цагийн хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнд явагдах генералный прогон арга хэмжээнд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй буюу тэр өдөр ажил тасалж хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан юм. Б.Б нь тус байгууллагад хөдөлмөрлөх явцад ажил тасалсан хэлбэрээр хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь байгууллагын даргын 2017-07-05-ны өдөр баталсан “Хүннү гүрэн байгуулагдсаны 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, ардын хувьсгалын 96 жилийн баяр наадамд зохион байгуулах арга хэмжээнүүд" гэсэн бичиг баримтаар, тус байгууллагын уран сайхны зөвлөлийн 2017-07- 10-ны өдрийн хурлын тэмдэглэл, Төрийн байгууллага-захиргааны зөвлөлийн 2017-07-24-ний өдрийн хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Б.Бы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 601 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-г тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын захирлын 2017 оны  5/36 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Быг Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын жүжигчний ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8-г баримтлан Б.Бы Хөдөлмөрийн гэрээний 6.2.12-ийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү гомдол нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар  Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын санхүүгээс 70.200 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

        Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 212/МА2017/00134 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 601 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

         Хариуцагч хяналтын гомдолдоо: “...Ажил олгогчоос Б.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах болсон хууль зүйн үндэслэл нь ажилтан Б.Б нь 2017-07-09-ны өдөр явагдсан “Хүннү гүрэн байгуулагдсаны 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн баяр наадамд зохион байгуулах арга хэмжээний” генералын прогон буюу сургуулилтын ажлыг 1 өдөр хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр тасалсан явдал юм. Өөрөөр хэлбэл, тус аймагт зохион байгуулагдах улсын баяр наадамд бэлтгэх ажлын хүрээнд 2017-07-09-ний өдрийн 10.00-.14.00 цагийн хооронд аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд генералын прогон арга хэмжээ явагдсан юм. Гэтэл Б.Б нь 2017-07-09-ний өдрийн 10.00-14.00 цагийн хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнд явагдсан генералын прогон арга хэмжээнд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй буюу тэр өдөр ажил тасалж хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан юм. Энэхүү арга хэмжээг тус театрын ерөнхий найруулагч Б.Муратбек найруулсан ба театрын хамт олон нийтээрээ очиж тухайн үед оролцсон юм. Ингэхээр ажил олгогчоос Б.Бы гаргасан ажил тасалсан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан тухай 2017 оны Б/36 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3,  дотоод журмын 3.8-ын “б”, 9.5-ын “г”, Хөдөлмөрийн гэрээний 6.2.6.2.12 дахь хэсэг, тус байгууллагын захиргааны ба уран сайхны зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэсэн нь Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд нийцсэн гэж үзэж байна.  Б.Б 2017-07-28-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Нөгөөтээгүүр ажлын бус амралтын өдөр 1 цагийн бүжгийн сургуулилалт тасалсан маань хөдөлмөрийн гэрээнд сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болохгүй...” гэж дурджээ.  Б.Б нь тухайн өдөр сургуулилалт болно гэдгийг мэдэж байсан ба хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Б.Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасныг  гэрч  М.Естай, Б.Муратбек, М.Ертай, Ж.Сайгүлик нарын мэдүүлэг, дотоод журам, уран сайхны зөвлөлийн 2017-07-10-ны тэмдэглэл, захиргааны зөвлөлийн 2017-07-24-ний өдрийн хурлын тэмдэглэл, 2017-03-20-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2017-07-05-ны өдөр баталсан “Хүннү гүрэн байгуулагдсаны 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн баяр наадамд зохион байгуулах арга хэмжээнүүд” зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Ажил олгогч Б.Бтай 2017-03-20-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6, 6.2, 6.2.12 үндэслэсэн. Энэхүү хөдөлмөрийн гэрээ нь хуулийн хүчинтэй байгаа ба Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчөөгүй гэдгийг анхан шатны шүүхийн шийдвэрээр нотлогдсон. Б.Б хөдөлмөрийн гэрээний   6.2, 6.2.12-ыг зөрчсөн  нь  нотлогдож байхад түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ хууль зөрчөөгүй гэдгийг баталсан мөртлөө маргааны үйл баримтын эсрэг шийдвэр гаргаж байгаа нь хуулийг ноцтой зөрчиж байна. Б.Б жүжигчний ажил томилогдсон гэх боловч  жүжигчнээр томилсон ажил олгогчийн тушаал авагдаагүй байгаа мөртлөө шүүх жүжигчний ажилд эгүүлэн томилох тухай шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчмыг зөрчиж байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүйд тооцож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Б.Б 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, ажил олгогчийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 5/36 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, театрын жүжигчний ажилд эгүүлэн тогтоолгохыг шаарджээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.      

       Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 5/36 дугаар тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, байгууллагын дотоод журмын 3.8-ын “б”, 9.5-ын “г”, хөдөлмөрийн гэрээний 6.2.12, захиргааны ба уран сайханы зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тоглолтын сургуулилт тасалж ноцтой зөрчил гаргасан...” гэж Б.Быг жүжигчний ажлаас   чөлөөлсөн байна.

       Ажил олгогчийн 2017 оны 5/36 дугаар тушаалын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй учир шүүх Б.Бы нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хууль зөрчөөгүй гэж үзлээ. 

      Талууд ямар зөрчлийг ноцтойд тооцох талаар хөдөлмөрийн гэрээндээ нэрлэн заагаагүй тул “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тоглолтын сургуулилт тасалсан...” гэх зөрчлийг “ноцтой” гэж үзэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4 дэх хэсгийн “... ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан...бол гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно...” гэсэн зохицуулалтад нийцэхгүй байна.     

        Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбар бүрийн талаар  дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 601 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 212/МА2017/00134 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисгуай.

        2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ