| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2019/0160/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/166 |
| Огноо | 2019-06-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2019/ШЦТ/166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Хохирогч: А.М
Шүүгдэгч: Э.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Э-ийн Н-д холбогдох эрүүгийн ,,, тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ,, суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн .......... гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, С овогт Эийн Н/РД:АЯ/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө 00 цагийн орчим Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо баг, Доод Арбулаг гэх газар гэрт нь иргэн А.Мыг хамар орчим нь цохиж, мөн 2019 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө 00 цагийн орчим Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо баг Доод Арбулаг гэх газар гэрт нь иргэн Д.Быг хутгаар ташаан тус газар нь зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Хохирогч А.Мын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Шөнө намайг унтаж байхад Э.Н орж ирээд Цээрээ, Шарка хоёрыг асуухаар нь мэдэхгүй гэж хэлсэн чинь юуг нь нуугаад байгаа юм гээд намайг зодсон. Миний хамар гэмтсэн. Би хамараа эмчлүүлэх 500.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн,, тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч А.Мын өгсөн:
“...2019 оны 01 сарын 13-ны шөнө 23 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг Доод ар булаг гэх газар байрлах гэртээ унтаж байсан чинь саахалтын Э.Н манайд орж ирээд манай эхнэр Цээгий хаана байгаа вэ гэж асуухаар нь би мэдэхгүй гэтэл Цээгий, Шарка хоёр хамт хаашаа явсан бэ?, та нар яагаад нуугаад байгаа юм бэ гээд намайг барьж аваад цохьсон, би Э.Ныг яаж байгаа юм бэ гээд бариад автал намайг дахин цохиод газар унагааж дээрээс дэвссэн. Тэгээд манай эхнэр Отгонжаргал надаас Э.Ныг холдуулахад манайхаас гараад явсан. Э.Н манай гэрээс гараад манай хажууд байдаг эмээ Д.Бынд унтаж байсан Шарка хочит Г.Быг зодсон байсан. Э.Нд зодуулснаас болоод миний бие өвдөөд байхаар нь Г.Бын хамт сумын төв рүү явж эмнэлэгт үзүүлсэн. Тэр шөнө Э.Н айлд цагаан сараар ул боов хийж өгчихөөд гэртээ харихад нь эхнэр нь байхгүй болохоор айлуудаар асууж яваад манай гэрт орж ирсэн. Тэгээд надаас эхнэрээ асуухаар нь би мэдэхгүй гэтэл эхнэрийнх нь хаана байгааг хэлж өгөхгүй нуугаад байна гэж уурлаад намайг зодсон. Э.Н эхнэрийгээ Г.Бтай хардаад хайгаад явж байсан юм шиг байсан. Миний хамар руу хоёр удаа цохьсон, цээжин дээр хөлөөрөө нэг удаа дэвссэн. Би зүгээр гэртээ амарч байгаад хүнд зодуулсандаа гомдолтой байна, эмчилгээнд гарах бүх зардалаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-13 дугаар тал/
“Хохирогч Г.Бын өгсөн:
“...Би 2019 оны 01 сарын 13-ны шөнө 23 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг Доод ар булаг гэх газар байрлах гэртээ унтаж байсан чинь манай гэрт нэг хүн орж ирээд намайг орон дээрээс татаж унагаад зодсон. Миний толгой дээрээс хөлөөрөө дэвссэн, би зодуулаад хэсэг ухаан алдсан байсан. Тэгээд сэргэсэн чинь манай эмээ босоод гэрлээ асаачихсан хажуу айлын Нараа, Чанцаа хоёр ороод ирсэн байсан, араас нь Алтангэрэл орж ирсэн. Намайг унтаж байхад зодсон хүн бол манай хажуу айлын Э.Н байсан. Эмээгийн харснаар хүн гэрт ороод ирэхээр нь гэрлээ асаасан чинь Э.Н байсан гараараа толгой руу цохиод, хөлөөрөө дэвсээд, хутгаар миний уруул руу хатгасан байсан. Би зодуулаад ухаан алдсан байсан учир миний хаана юугаар цохьсоныг мэдээгүй. Ухаан алдаад сэргэсэн чинь хамар амнаас цус гарсан, толгой бүхэлдээ хөндүүр болчихсон байсан. Э.Н манайд орж ирэхээсээ өмнө манай хотны А.М ахыг зодсон байсан. Тэгээд А.М ах бид хоёр хамт сумын төв рүү явж эмнэлэгт үзүүлсэн. Намайг өөрийнхөө эхнэр М.Цтэй хардаад зодсон юм шиг байсан. Манайд орж ирэхээсээ өмнө намайг өөрийнхөө эхнэртэй хамт яваад алга болчихлоо гээд айлуудаар хайгаад явж байсан гэсэн. Намайг унтаж байхад орон дээрээс татаж унагаад толгой дээрээс хүчтэй цохиж би ухаан алдсан түүнээс хойш намайг юугаар яаж биеийн аль хэсэгт хэдэн удаа цохьсоныг мэдээгүй. Намайг өмнө нь эхнэртэйгээ хардаж байгаагүй, ямар учраас хардсаныг би сайн мэдэхгүй байна. Би гомдолтой байна. Эмчилгээний зардалаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/
*Гэрч Д.Огийн өгсөн:
“...Би 2019 оны 01 сарын 13-ны шөнө 23 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг Ар булаг гэх газар байрлах гэртээ унтаж байсан чинь манай хаалгыг Э.Н тогшоод байсан. Би босоод хаалгаа ойнгойлготол Э.Н манайд орж ирээд манай эхнэр хаана байна гэж нөхөр бид хоёроос асуухаар нь мэдэхгүй гэтэл та нар юугаа нуугаад байгаа юм гэснээ манай нөхөр А.Мыг цохиод газар унагаагаад дээрээс нь дэвссэнээ гараад явсан. Манайхаас гараад Д.Б эмээгийнд ороод Г.Быг унтаж байхад нь оронд нь зодсон байсан. Манай нөхөр Э.Нд зодуулсандаа бие нь өвдөөд Г.Бын хамт сумын төв рүү явж эмнэлэгт үзүүлсэн. А.Мын хамар руу хоёр удаа цохьсон, цээжин дээр нь хөлөөрөө нэг удаа дэвссэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-19 дүгээр тал/
*Гэрч Д.Бын өгсөн:
“...2019 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр байх би 00 цагийн үед гэртээ унтах гээд хэвтэж байсан чинь манайд Э.Н орж ирээд Г.Быг байна уу гэж харчихаад буцаад гараад явсан. Тэгээд удалгүй манай хүү Г.Б орж ирээд орондоо ороод унтсан. Би гэрлээ унтраачихаад байж байсан чинь Э.Н манайд дахин орж ирээд Г.Быг орон дээрээс нь татаж унагаагаад зодсон. Би Э.Ныг пир пар гээд дугараад ороод ирэхэд нь гэрлээ асаасан. Э.Н Г.Бын нүүр рүү өшиглөсөн, би салгаж дийлэхгүй учраас Алтангэрэлийнд ороод Алтангэрэл, Урнаа, Чанцаа нарыг дуудаад эргээд ороход Э.Н гараад явчихсан, Г.Б орныхоо урд уначихсан нүүр амнаас нь цус гарсан байсан. Э.Н манайд орж ирэхээсээ өмнө манай хотны А.М гэх залууг зодсон байсан. А.М, Г.Б хоёр тэр шөнө сумын төв явж эмнэлэгт үзүүлсэн. Маргааш нь учир шалтгааныг сонссон чинь Э.Н өөрийнхөө эхнэрийг Г.Баярбаттай хардаад зодсон гэсэн. Миний харснаар бол Г.Быг орноос татаж унагааж байгаад нүүр рүү нь 2, 3 удаа өшиглөсөн. А.Мыг юунаас болж яаж зодсоныг мэдэхгүй. Г.Быг хутгалаагүй байх, хутгалуулсан шарх байгаагүй, Э.Н хутга барьж орж ирсэнийг би анзаарч хараагүй хүн дуудчихаад эргээд ороод ирсэн чинь орны хажууд хар иштэй хутга байсан. Маргааш нь Э.Нын эхнэр манай хутга байна гээд авсан. Тэгэхээр Э.Н манайд хутга барьж орж ирсэн юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/
*Гэрч М.Уийн өгсөн:
“...2019 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр байх би 00 цагийн үед гэртээ унтаж байсан чинь манай ээж Д.Б орж ирээд Э.Н Г.Быг зодоод болохоо байлаа гээд сандраад намайг дуудсан. Би хүү Алтангэрэлтэйгээ хамт яваад ороход Г.Бын хамар амнаас нь цус гарсан байсан би Г.Баас юу болсныг асуухад юм дугарахгүй байсан. Удалгүй А.Мыг бас зодсон байна гээд манай хотныхон яриад байсан. А.М, Г.Б хоёрыг тэр шөнө М.Ж аваад машинаар сумын төв явсан. Ямар учраас зодуулсныг мэдэхгүй. Э.Н Г.Быг яаж зодсоныг би хараагүй. Г.Бын хамар амнаас нь цус гарсан хавдсан байсан. Хутгалсан асуудал байхгүй байх, нэг талын ташаан толгой хэсэгт нь шалбарсан байсан гэсэн би хараагүй...” гэх мэдүүлэг/хх-н 22-23 дугаар тал/
*Гэрч П.Чын өгсөн:
“...2019 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр байх би 00 цагийн үед гэртээ унтах гээд хэвтэж байсан чинь манай эмээ Д.Б орж ирээд Э.Н Г.Быг зодоод алах гээд байна хурдхан манайд ороодох гээд манай ээж М.У, ах Алтангэрэлтэй хоёртой хамт гэр рүүгээ орсон. Би араас нь орсон чинь Г.Бын хамар амнаас нь цус гарсан хамар нь хавдсан байдалтай байсан. Э.Н Г.Быг зодохоосоо өмнө А.М ахыг бас зодсон байсан. А.М ах, Г.Б хоёр тэр шөнө сумын төв явж эмнэлэгт үзүүлсэн. Г.Быг өөрийнхөө эхнэр М.Цтэй хардаад зодсон юм шиг байсан. Г.Быг зодохоосоо өмнө Г.Быг асуугаад явж байсан. Тухайн үед эхнэр М.Ц нь манайд байж байгаад гэр рүүгээ явсан юм. А.М ахыг яагаад зодсоныг мэдээгүй Г.Бын ташаан толгой хэсэгт нь хутгаар хатгасан юм шиг байсан. Намайг Д.Бадмаагарав эмээгийнд ороход Г.Бын орны урд хар иштэй хутга байсан. Г.Бын ташаан толгой хэсэгт нь өнгөцхөн зүсэгдсэн гэмээр шарх байсан...” гэх мэдүүлэг/хх-н 24-25 дугаар тал/
*Гэрч М.Жын өгсөн:
“...2019 оны 1дүгээр сарын 13ны шөнө гэртээ унтаж байсан чинь Урнаа эгч утсаар яриад манайд хурдан хүрээд ир гэсэн. Би яваад очтол Г.Б Э.Наранжаргалд зодуулсан гээд хамар амнаас нь цус гарсан хамар нь хавдсан байдалтай байсан. Бас А.М ахыг Э.Наранжаргал зодсон гэж байсан. Би машинаа асаагаад А.М ах , Г.Б хоёрыг сумын төвд эмнэлэгт хүргэж өгсөн. А.Мын хамар нь хавдсан байсан, хавирга хугарсан байж магадгүй гэж байсан. Ямар учраас зодуулсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг/хх-н 26 дугаар тал/
*Гэрч М.Цгийн өгсөн:
“...2019 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр байх хэдэн байсныг санахгүй байна. Манай нөхөр Э.Н манай хотны М.Ж ахынд ул боов хийх гээд явсан, би араас нь очтол А.М ахынд орчихсон Э.Насанжагал, А.М, Г.Б гурав архи уучихсан сууж байсан. Би Э.Ныг согтсон болохоор нь одоо гэр рүүгээ харь согтчихоод айлд орж яаж боов хийх юм гэсэн чинь зүгээр гээд байсан. Тэгэхээр нь би түрүүлж гараад харих замдаа Урнаа эгчийнд ороод Чанцаа, Нарангэрэл хоёртой юм яриад нилээн удаан суусан. Тэгтэл Э.Н Г.Быг дуудаад орилоод байсан, сүүлдээ Цээгий гээд намайг дуудаад байхаар нь гарсан. Би Урнаа эгчийнхээс гараад гэр рүүгээ явсан чинь Э.Н миний урдаас ирээд Г.Б та хоёр хаашаа явсан, хаана байсан гээд хардаад байсан. Би уурлаад түрүүлээд гэртээ хариад байж байсан чинь араас ирээд чи Г.Быг хаана нуусан би олж ална гээд байснаа гараад явсан. Тэгээд А.М ахыг гэрт нь орж зодоод дараа нь Г.Быг гэрт нь орж зодсон байсан. А.М ахынд Г.Быг хайж ороод А.М ахыг зодсон гэсэн. Г.Быг хутгалсан асуудал байхгүй байх. Гэхдээ гэрээсээ хар цагаан алаг иштэй хутга авч гарсан тэрийгээ Д.Б эмээгийнд хаясан байсан. Намайг яагаад хардсаныг би ойлгоогүй, Э.Н архи уугаад согтсон байсан. Намайг Урнаа эгчийнд сууж байх хойгуур Э.Н гэртээ ирэхэд би байгаагүй болохоор намайг Г.Бтай хамт алга болчихлоо гэж бодоод хардсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг/хх-н 27-28 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 50 дугаартай дүгнэлтэнд:
“...Д.Бын биед дээд уруулын гадна ба дотор салстад язарсан шарх, духны баруун, зүүн дээд хэсэгт цус хуралт, зулгаралт, зүүн ташаанд зураасан зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр, зүүн ташааны зулгаралт нь ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн ташааны зулгаралт нь биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 30 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 51 дугаартай дүгнэлтэнд:
“...А.Мын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 38 дугаар тал/
*Яллагдагч Э.Нын өгсөн:
“...2019 оны 01 сарын 13-ны шөнө би хотны айл А.Мын гэрт нь Г.Б, А.М нартай хамт архи уусан. Тэр шөнө манайхтай айл байдаг М.Ж ахынх боовоо хийх гэж байсан учир тэднийд ороод гурил зуурч өгчихөөд гэр рүүгээ харьсан чинь манай эхнэр М.Ц гэртэй байхгүй байсан. Би эхнэрийгээ хайгаад буцаад А.М, М.Ж ах, М.У нарынхаар хайгаад олоогүй сүүлдээ эхнэрийгээ Г.Бтай хамт явсан байна гэж бодоод хардсан. Тэгээд А.М ахынд орж Г.Б, М.Ц хоёрыг асуусан чинь мэдэхгүй гээд байсан. Би тухайн үед их согтуу байсан учир А.Мыг худлаа хэлээд Г.Б, манай эхнэр М.Ц хоёрыг нуугаад байна бодоод уурандаа А.Мын нүүр рүү гараараа цохиод, газар унахаар нь нуруун дээр нэг удаа дэвссэн тэгээд эргэж гарч яваад Г.Бын гэрт нь яваад ортол Г.Б орондоо орчихсон унтах гэж байсан, би өмнө гэрээр нь орох үед гэрт байхгүй байсан дараа нь орсон чинь гэртээ унтах гэж байсан. Би их ууралсан байсан учир Г.Быг орноос татаж унагаагаад нүүр рүү нь гараараа цохиод нуруу руу нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд гэр рүүгээ харих гэж байсан чинь М.У эгчийн гаднаас манай эхнэр М.Ц хүрч ирээд бид хоёр гэр рүүгээ харьсан. Би тухайн үед их согтуу байсан учир эхнэрийгээ буруугаар ойлгож Г.Бтай хардсанаас болж А.М, Г.Б нарыг зодсон. Намайг эхнэрээ хайгаад явж байх хойгуур манай эхнэр М.Ц, М.У эгчийнд сууж байсан юм байна лээ. Би А.Мын нүүр рүү нь зүүн гараараа хоёр удаа цохьсон, газар унасан байх үед нь нуруун дээрээс нь нэг удаа дэвссэн. Г.Бын нүүр рүү гараараа нэг удаа цохьсон, орноос нь татаж унагаасан. Газар унасан байх үед нь бөөр хэсэг рүү нь хоёр удаа өшиглөсөн. Би Г.Быг хутгаар айлгах гэж гэрээсээ хутга авч гэрт нь орсон, би Г.Бынд ороод хутгаараа Г.Быг гэмтээсэн зүйл байхгүй. Г.Бын гэрээс гарахдаа хутгаа хаячихаад гараад явсан. Г.Б, А.М нар намайг цохиогүй, миний биед гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 51-54 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 00 цагийн орчим Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо баг, Доод Арбулаг гэх газар иргэн А.М, Г.Б нар нь бусдад зодуулж тэдний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Э.Н үйлдсэн болох нь хохирогч А.Мын ”... Э.Н манайд орж ирээд манай эхнэр Цээгий хаана байгаа вэ гэж асуухаар нь би мэдэхгүй гэтэл Цээгий, Шарка хоёр хамт хаашаа явсан бэ?, та нар яагаад нуугаад байгаа юм бэ гээд намайг барьж аваад цохьсон, би Э.Ныг яаж байгаа юм бэ гээд бариад автал намайг дахин цохиод газар унагааж дээрээс дэвссэн. Миний хамар руу хоёр удаа цохьсон, цээжин дээр хөлөөрөө нэг удаа дэвссэн...” гэх мэдүүлэг, хохирогч Г.Бын ”... Би 2019 оны 01 сарын 13-ны шөнө 23 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг Доод ар булаг гэх газар байрлах гэртээ унтаж байсан чинь манай гэрт нэг хүн орж ирээд намайг орон дээрээс татаж унагаад зодсон. Миний толгой дээрээс хөлөөрөө дэвссэн, би зодуулаад хэсэг ухаан алдсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Огийн”... Би босоод хаалгаа ойнгойлготол Э.Н манайд орж ирээд манай эхнэр хаана байна гэж нөхөр бид хоёроос асуухаар нь мэдэхгүй гэтэл та нар юугаа нуугаад байгаа юм гэснээ манай нөхөр А.Мыг цохиод газар унагаагаад дээрээс нь дэвссэнээ гараад явсан. Манайхаас гараад Д.Б эмээгийнд ороод Г.Быг унтаж байхад нь оронд нь зодсон....” гэх мэдүүлэг, гэрч Д.Бын ”... Би гэрлээ унтраачихаад байж байсан чинь Э.Н манайд дахин орж ирээд Г.Быг орон дээрээс нь татаж унагаагаад зодсон. Би Э.Ныг пир пар гээд дугараад ороод ирэхэд нь гэрлээ асаасан. Э.Н Г.Бын нүүр рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг, гэрч М.Уийн”... Би хүү Алтангэрэлтэйгээ хамт яваад ороход Г.Бын хамар амнаас нь цус гарсан байсан би Г.Баас юу болсныг асуухад юм дугарахгүй байсан. Удалгүй А.Мыг бас зодсон байна гээд манай хотныхон яриад байсан. А.М, Г.Б хоёрыг тэр шөнө М.Ж аваад машинаар сумын төв явсан...” гэх мэдүүлэг, П.Чын”... 2019 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр байх би 00 цагийн үед гэртээ унтах гээд хэвтэж байсан чинь манай эмээ Д.Б орж ирээд Э.Н Г.Быг зодоод алах гээд байна хурдхан манайд ороодох гээд манай ээж М.У, ах Алтангэрэлтэй хоёртой хамт гэр рүүгээ орсон. Би араас нь орсон чинь Г.Бын хамар амнаас нь цус гарсан хамар нь хавдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Жын”... Би яваад очтол Г.Б Э.Наранжаргалд зодуулсан гээд хамар амнаас нь цус гарсан хамар нь хавдсан байдалтай байсан. Бас А.М ахыг Э.Наранжаргал зодсон гэж байсан...” гэх мэдүүлэг, хохирогч нарын биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 50, 51 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Нын 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Э.Ныг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлттэй байна.
Шүүгдэгч Э.Нд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь хохирол төлбөр төлөөгүй гэж мэдүүлсэн байх бөгөөд хохирогч нар нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримт ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй юм. Иймд хохирогч А.М, Д.Б нар нь хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Эийн Ныг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ныг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нд оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйшйн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай
6. Шүүгдэгч Э.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч А.М, Д.Б нар нь өөрт учирсан хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР