| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2019/0251/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/248 |
| Огноо | 2019-11-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2019/ШЦТ/248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч: О.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Оын Гэд холбогдох эрүүгийн ,,, тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1,, суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хүүхдийн 10-р цэцэрлэгийн жижүүр ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Архангай аймгийн ........ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Оын Г/РД:АЕ/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч О.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвис” бааранд иргэн Б.Пын хамар тус газар нь мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн ,,, тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Б.Пын өгсөн:
“...2019 оны 11 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн орчимд найз нарын хамтаар Арвис бааранд орсон. Тухайн өдөр тэмцээн болоод би ерөнхий шүүгчээр ажилсан ба уг тэмцээн дуусаад Эрдэнэбуулган сумын Засаг даргын жуух бичгээр шагнагдсан. Тэгээд би Арвис бааранд очиж өөрийн хамаатнаас машины түлхүүр авах санаатай орсон. Тэгээд бааранд ороод текны урд алхаж явж байтал урдаас нэг залуу ирж байсан. Тэр залуу миний хажуу талаар гарах үедээ намайг мөрөлчихсөн тэгэхээр нь би тэр хүнд хандаж яасан ахаа та намайг таньдаг юм уу гэж асуусан чинь тэр О.Г гэх ах яасан гэнээ ахын дүү гээд намайг хүзүүдээд бариад авсан. Тэгсэн надтай хамт явж байсан Н.Э болон бусад хүмүүс ирээд бид хоёрыг салгасан, тэгээд би цаашаа явж байтал тэр залуу миний араас ирээд намайг заамдаж аваад миний хамар руу нэг удаа толгойгоороо мөргөсөн тэр үед миний хамарнаас цус гарсан. Тэгээд би шууд баарнаас гарч яваад гадаа эргүүл хийж явсан цагдаа нар дээр очоод болсон асуудлын талаар хэлж мэдэгдсэн. Тэгээд цагдаа нар О.Г бид хоёрыг дагуулаад цагдаа дээр ирсэн. Тухайн үед миний хамар далийчихсан байсан. Хамраа дарж үзсэн чинь яс нь байхгүй болчихсон юм шиг мэдэгдэж байсан. Миний биед учирсан дээрх хөнгөн зэргийн гэмтлийг О.Г гэх залуу миний нүүр хамар орчимд нэг удаа мөргөж учруулсан. Тухайн үед Н.Э гэх залуу хамт байсан өөр хэн хэн байсан талаар сайн мэдэхгүй байна. Тэнд олон хүмүүс байсан. О.Г гэх залуу их согтуу байдалтай ганцаараа явж байсан. Би О.Г гэх хүнийг танихгүй урьд өмнө харж байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-8 дугаар тал/
*Хохирогч Б.Пын дахин өгсөн:
“...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбоотой материал байхгүй. Би энэ хэргийг хурдан түргэн шийдүүлмээр байна. О.Г миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан, бид сайн дураараа эвлэрсэн. Би О.Гээс эмчилгээний зардал 1.500.000 төгрөг бэлнээр авсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 9-10 дугаар тал/
*Гэрч Н.Эгийн өгсөн:
“...2019 оны 11 дүгээр сарын 02-ны орой Эрдэнэбулган сумын аварга шалгаруулах тэмцээн болоод манай баг түрүүлээд шүүгчээр ажиллаж байсан Б.П ах бид нар бөөндөө гарч ирээд хоол унд идчихээд байж байтал Б.П ах түрүүлээд гараад явсан. Бид нар хоол идчихээд Арвис бааранд орохоор болоод 23 цагийн орчимд Арвис бааранд орсон. Тэгсэн Б.П ах баарны текны хажууд О.Г гэх залуутай маргалдаад байсан. Тэгэхээр нь би очоод салгасан, тэгсэн О.Г гэх залуу нь Б.Пын араас ирээд заамдаж аваад татаж ирээд хамар руу нь нэг удаа мөргөчихсөн. Тэгсэн Б.Пын хамараас цус гараад нойлын өрөө рүү орсон. Удалгүй цагдаа орж ирээд О.Г, Б.П нарыг аваад явсан. Тухайн үед Б.Пын хамар нь гэмтсэн байсан хамарнаас нь цус гараад байсан. Өөр гэмтэл бэртэл гэх зүйл байгаагүй. Б.П ах архи уугаагүй эрүүл байсан ер нь архи уудаггүй. Харин тэр О.Г гэх залуу архи уусан байсан. Хэр согтуу байсан талаар нь мэдэхгүй. Б.Пын биед учирсан гэмтлийг О.Г гэх залуу мөргөж учруулсан. Б.П өөр хүнтэй зодоон хийгээгүй. Б.П хэн нэгэнд огт гар хүрээгүй. Хамар руугаа мөргүүлээд тэгээд цагдаад мэдэгдэнэ гээд л явсан. Б.П тухайн үед ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-16 дугаар тал/
*Гэрч Х.Бын өгсөн:
“...2019 оны 11 дүгээр сарын 02-ны орой найз О.Гийн хамтаар Арвис бааранд орсон. Бааранд орохоос өмнө бид 2 нэг шил архи хувааж уусан байсан. Тэгээд бааранд орж ирээд хүний 2 лааз пиво уугаад сууж байсан тэр үед манай найз нэг их согтоогүй байх шиг байсан. Тэгээд хэсэг хамт сууж байгаад О.Г тамхи татах гээд гараад явсан би сандал дээр суугаад үлдсэн. Тэгэхэд нэг харсан чинь О.Г хэдэн залуучуудтай хамт бөөгнөрөөд зогсож байхаар нь яасан юм бол гэж бодоод очсон чинь Б.П гэх залуугийн хамараас цус гарчихсан О.Г би энэ залууг мөргөчихлөө гээд Б.П нь цагдаа дуудсан гээд зогсож байсан удалгүй цагдаа ирээд аваад явчихсан. Ийм л асуудал болсон. Б.П гэх залуугийн хамарнаас нь цус гарчихсан зогсож байсан өөр гэмтэл бэртэл гэх зүйл харагдаагүй. Б.П архи уугаагүй эрүүл байсан хамт явж байсан найз нар нь Б.П гэх залууг архи уудаггүй гэж байсан. Харин манай найз О.Г гэх архи уусан байсан. Б.П гэх залуугийн хамар руу манай найз О.Г мөргөсөн гэсэн. Намайг очих үед тэр залуугийн хамараас цус гараад зогсож байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-18 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 523 дугаартай“...Б.Пын биед, тархи доргилт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар орчмын зөөлөн эдэд няцралт, цус хуралт гэмтлүүд учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1- д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 21 дүгээр тал/
*Яллагдагч О.Гийн өгсөн:
“...2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн найз Х.Бтай хамт Арвис бааранд сууж байгаад гарч тамхи татах гээд явж байгаад Б.П гэх залуутай мөрлөлцөөд түүнээсээ болж маргалдсан. Тэгээд хэрүүл маргаан хийж байгаад би тэр Б.П гэх залууг барьж аваад нэг удаа түүний хамар руу мөргөхөд тэр залуугийн хамраас цус гараад Б.П гарч гүйгээд цагдаа дагуулаад ороод ирсэн. Тэгээд цагдаа дээр ирж саатуулагдсан. Тухайн үед ийм л асуудал болсон. Б.П гэх залуутай үүдэнд мөрөөрөө мөрлөлцөөд маргалдсан. Хэрүүл маргаан хийж байгаад Б.Пыг нэг удаа мөргөчихсөн. Би нэг удаа толгойгоороо түүний хамар руу мөргөсөн, өөр байдлаар гар хүрч цохиж зодоогүй. Б.Пын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би учруулсан. Би тухайн үед архи уусан согтуу байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 31-34 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар тал/
*Яллагдагч, хохирогч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 41, 42 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвис” бааранд иргэн Б.П нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд тархи доргилт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар орчмын зөөлөн эдэд няцралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч О.Г үйлдсэн болох нь хохирогч Б.Пын”... Тэгсэн надтай хамт явж байсан Н.Э болон бусад хүмүүс ирээд бид хоёрыг салгасан, тэгээд би цаашаа явж байтал тэр залуу миний араас ирээд намайг заамдаж аваад миний хамар руу нэг удаа толгойгоороо мөргөсөн тэр үед миний хамарнаас цус гарсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Эгийн”... О.Г гэх залуу нь Б.Пын араас ирээд заамдаж аваад татаж ирээд хамар руу нь нэг удаа мөргөчихсөн. Тэгсэн Б.Пын хамараас цус гараад нойлын өрөө рүү орсон. Удалгүй цагдаа орж ирээд О.Г, Б.П нарыг аваад явсан. Тухайн үед Б.Пын хамар нь гэмтсэн байсан хамарнаас нь цус гараад байсан...” гэх мэдүүлэг, гэрч Х.Бын”... О.Г хэдэн залуучуудтай хамт бөөгнөрөөд зогсож байхаар нь яасан юм бол гэж бодоод очсон чинь Б.П гэх залуугийн хамраас цус гарчихсан О.Г би энэ залууг мөргөчихлөө гээд Б.П нь цагдаа дуудсан гээд зогсож байсан удалгүй цагдаа ирээд аваад явчихсан...” гэх мэдүүлэг, яллагдагч О.Гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 523 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч О.Гийн бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч О.Г нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч Б.П нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч О.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Оын Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гийг 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г нь шүүхээс оногдуулсан 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР